Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 790

 

 

 

 

 

 

 

 

    2020        09           03                                      2020/ШЦТ/790

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч/хохирогч Ч.Г , Д.Д

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Д, Ч.Г нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005021581232 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт 0000 тоотод оршин суух, урьд
  • Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 03-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Д.Д /РД:аа00000000/.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч.Г /РД:Жа0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 0000 тоотод хохирогч Ч.Г тай маргалдан, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед нь халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, уруулд язарсан шарх, зулгаралт, хамар зүүн хацарт зулгаралт, зүүн бугалга, тохой, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ч.Г  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 0000 902 тоотод хохирогч Д.Д тай маргалдан, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед нь халдаж эрүүл мэндэд нь “доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, зүүн бугалга, шууны цус хуралт, дух, баруун шилбэний зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Г  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Г  мэдүүлэхдээ: “2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр манай найз гэрт ирж хоносон. Маргааш нь Д.Д  өглөөний 10 цагийн үед гэрээс гарч яваад орой 16-17 цагийн үед гэртээ ирсэн. Тухайн үед би найзтайгаа 1 шил архи хуваагаад ууж байтал Д.Д  манай найзыг гэрээс яв гээд хөөж эхэлсэн. Тухайн үед гадаа их халуун байсан, мөн манай найз жирэмсэн байсан тул би “жирэмсэн хүнийг яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд бид хоёрын дунд маргаан гарсан. Энэ үед би өөрийн ээж рүүгээ болон Д.Д-ын дүү рүү нь залгаж дуудсан. Би Дэмиддавгын нүүр рүү нь цохиж, Д.Д  намайг гэрээсээ зайл гээд хаалгаар түлхсэн” гэв.

 

Хохирогч Д.Д мэдүүлэхдээ “2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Ч.Г гийн найз манай гэрт ирж хоносон. Маргааш өдөр нь би найзыг нь гэртээ харь гэж хэлсэн. Үүнээс болж Ч.Г  бид хоёрын дунд маргаан гарч, намайг хэл амаар доромжилж, манай дүүг ээжтэйгээ хамт дуудсан. Удалгүй ээж нь манай дүүтэй хамт ирсэн. Би Ч.Г г хаалгаар түлхсэн тул унахдаа хаалга мөргөсөн байх. Удалгүй цагдаа нар ирсэн.” гэв.

 

        Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Очир хотхоны 78а байрны 902 тоотод хохирогч Ч.Г тай маргалдан, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед нь халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, уруулд язарсан шарх, зулгаралт, хамар зүүн хацарт зулгаралт, зүүн бугалга, тохой, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ч.Г  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 0000 тоотод хохирогч Д.Д тай маргалдан, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед нь халдаж эрүүл мэндэд нь “доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, зүүн бугалга, шууны цус хуралт, дух, баруун шилбэний зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Ч.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр манай гэрт миний найз болох М  ганцаараа ирж хоносон ба маргааш өдөр нь Д.Д  бид хоёр 0,5 литрийн хэмжээтэй архи хуваагаад уучихсан юм. ...Мядагмаа миний үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Тэгтэл Д.Д  дүүгээ өмөөрөөд миний нүүр лүү 2 удаа алгадаад гэрээс гар зайл гээд хөөж байгаад нэг удаа түлхэхэд би газар унахдаа гэрийнхээ хаалганы хүрээг нүүрнийхээ зүүн хэсгээр мөргөөд нүдээ гэмтээчихсэн юм. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гадуур явж байгаад гэртээ иртэл манай хамтран амьдрагч Ч.Г , найз бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй Мөөгий гэх найзтайгаа одоо хэмжээ, нэрийг нь санахгүй байна нэг шил архи уугаад сууж байсан. Би тэр хоёрын ууж байсан архинаас 2-3 татаад Мөөгий гэх эмэгтэйд “чи урд шөнө манайд хоносон одоо гэрлүүгээ яв” гэж хэлсэн. Тэр үед Ч.Г  “одоо гадаа халуун байна, жоохон байж байгаад сэрүүн орохоор яваг” гэсэн. Тэгэхээр нь би “хамаагүй одоо яв” гээд хэлсэн чинь Ч.Г  надад уурлаад над руу дайраад эхэлсэн. Тэр үед би Ч.Г гийн өөдөөс хэдэн үг хэлээд маргаад байж байтал Ч.Г  өөрийнхөө ээжийг дуудсан. Бас манай дүү Мядагмааг дуудсан. ...Ч.Г  над руу бүр дайраад болохгүй хоёр гараараа миний нүүр орчим цохих гээд гараараа самардаад байхаар нь би эхлээд зүүн гараараа нүүрээ хаагаад байж байтал Ч.Г  над руу дайраад болохгүй байхаар нь би Ч.Г г баруун гараараа надаас хол бай гээд түлхсэн. Би Ч.Г г түлхээд өөрөөсөө холдуулсан боловч дахиад над руу дайраад байхаар нь чи хүртэл яв гээд Ч.Г г дахин дахин түлхсэн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22 дугаар хуудас,

 

Гэрч Г.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 15-ны өглөө унтаад сэртэл Ч.Г гийн нөхөр хэзээ гарч явсаныг мэдэхгүй гараад явчихсан байсан. Тэгээд Ч.Г  бид хоёр дэлгүүрээс 500 граммтай нэртэй архи аваад би хоёр хундага татаад байж байтал гаднаас Д.Д  ороод ирсэн. Тэгээд тэр хоёр үлдсэн архийг хуваан ууж дуусгасан. ...Ч.Г  намайг өмөөрч Д.Д тай маргалдаад эхэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаж байгаад эхлээд Ч.Г  баруун гараараа Дэмиддавгын нүүр орчим нэг удаа цохисон. Харин тэрний дараа Д.Д  аль гараараа гэдгийг мэдэхгүй нэг гараараа зөрүүлээд Ч.Г гийн нүүрэнд нь нэг удаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7095 дугаартай шинжээчийн:

“...1. Ч.Г гийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, уруулд няцарсан шарх, зулгаралт, хамар, зүүн хацарт зулгаралт, зүүн бугалга, тохой, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 33-34 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7222 дугаартай шинжээчийн:

“...1. Д.Д-ын биед доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, зүүн бугалга, шууны цус хуралт, дух, баруун шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 37-38 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ч.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Миний хувьд найз М ыг явуулахгүй гэж жижиг зүйлээс болж Д.Д тай маргахдаа биед нь халдаж гэмтэл учруулсан асуудалдаа харамсаж байна. Дахин ийм алдаа гаргахгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 84 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Д.Дэмиддавгын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед Ч.Г гийн найз М ыг гэртээ харь гэж хэлэн Ч.Г  маргаж, биеэ барьж чадахгүй биед нь халдаж гэмтэл учруулсан явдал болсонд маш их харамсаж байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 91 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 41, 52 дугаар хуудас/, асап сангийн лавлагаа /хэргийн 49-51, 68-76/, “Голомт банк” ХХК-с ирүүлсэн шүүгдэгч Ч.Г гийн 0000000 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 46-47 дугаар хуудас/, “Хаан банк” ХХК-с ирүүлсэн шүүгдэгч Д.Д-ын 0000000 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 60-66 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Дэмиддавгын шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 95-97 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 111, 112 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 113-115 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 116-117 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ч.Г , Д.Д нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хууль зүйн хувьд гэм буруугийн санаатай үйлдлээр харилцан бие биенийхээ биед халдаж, түлхэж, цохин улмаар харилцан бие биедээ гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Г , Д.Д нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон цохиулснаас үүдэлтэй хохирогч нарт хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

        Тиймээс шүүгдэгч Ч.Г , Д.Д нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Уг хэргийн улмаас хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар харилцан бие биедээ гомдол саналгүй гэх бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 111, 112 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв.

 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Г , Д.Д нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд нь тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нар улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Г , Д.Д нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ч.Г , Д.Д нарт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Г , Д.Д нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Д, Ч.Г нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г , Д.Д нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Г , Д.Д нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО