Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 750

 

 

 

 

 

 

 

   2020          08              18                                       2020/ШЦТ/750

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Э,

шүүгдэгч Ш.У, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

гэрч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт С Э, Б овогт Шын У нарт холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, геодизи зураг зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ************/, Т овогт С-н Э,

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, “С” эмийн санд ажилладаг, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Яргайтын ****** тоотод оршин суух, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /регистрийн дугаар **************/, Б овогт Ш-ын У.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, *** байрны гадна авто зогсоолд авто машины зогсоолоос үүссэн маргааны улмаас иргэн Ш.Угийн үснээс зулгааж, толгой тус газар нь цохиж, биед нь тархи доргилт, баруун алга, зүүн гарын дунд хуруу, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Ш.У нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, *** байрны гадна авто зогсоолд авто машины зогсоолоос үүссэн маргааны улмаас иргэн С.Э-гийн үснээс зулгааж, толгой тус газар нь цохиж биед нь зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи, доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр машины зогсоол дээр иртэл хоёр машин байрлуулах хэмжээний том зогсоол байсан. Тухайн үед утас барьсан нэг хүн зогсоолын хажуу талын боржуур дээр зогсож байсан. Би машинаасаа юм буулгах гээд хүүхдээ дуудсан байсан. Хавтаст хэрэгт авагдсан 8 ширхэг зурагнаас тодорхой харагдана гэж бодож байна. Зогсоол дээр ирэх үед би Угийн биед ойртоогүй. Би зогсоолд машинаа тавих гэтэл У гэдэг хүн ирээд эгчээ наад зогсоол дээр манай нөхөр машинаа тавина гэж хэлэхээр нь эгч нь удахгүй, машинаасаа хоёр хайрцагтай юм буулгаж өгчихөөд юманд явах гэж байна гэж хэлсэн. Гэхдээ Угийн нөхрийн машин ирэхэд багтах хэмжээний зай байсан. Тэгээд учирлаад хэлтэл хөгшин согтуу авгай минь зайлаач гэж харааж, миний машиныг 3 удаа хүчтэй өшиглөсөн. Би тухайн үед айсан. Машинаасаа буухгүй сууж байтал У ирээд ахин машины урд гупер рүү өшиглөсөн. Тэгтэл миний машины урд гупер унасан. Машинаасаа буугаад гуперээ янзалж байхад ирэнгүүтээ хөгшин авгай минь чамайг мэднэ, одоо сошиал орчинд зургийг чинь тавина гээд эрээ цээргүй зургийг минь авсан. Би юу гэж согтуу машин барих юм бэ гэж хэлсэн. Мөн гар утсыг нь аваагүй, утасных нь камер хэсгийг л хаасан. Гэтэл гэнэт У намайг үсдсэн. Би хамгаалах зорилгоор хариу үйлдэл хийж мөн адил үснээс нь зулгаасан. Зууралдаад байж байтал нүүрний хажуу хэсгээр нойтон зүйл мэдрэгдээд байхаар нь хартал цус гойжсон байсан. Удалгүй цагдаа ирээд бид хоёрыг авч явсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.У мэдүүлэхдээ: 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 30 минутын орчимд дэлгүүр орчихоод гарч ирээд нөхөртөө зогсоол аваад зогсож байсан. Тэнд нэг машины зогсоол байсан. Яагаад хоёр машины зогсоол байсан гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Тухайн газар явган хүний зам хаагаад том чулуу тавьсан байсан. Нөхөртөө зогсоол авчихлаа гэж утсаар хэлээд удаагүй байж байтал Э гэдэг хүн цагаан приус 20 маркийн машинтай миний хөл хавьцаа тулж ирээд намайг зайлаач гичий минь гэж хэлсэн. Би тухайн үед та ямар бүдүүлэг юм бэ, энд машин зогсох гэж байна гэж хэлтэл машинтай миний хөлд маш ойр зайд тулж зогссон. Тэгэхээр нь би дайрах гэж байна гэж бодоод хойшоо хоёр алхам ухарсан. Эгчээ намайг дайрлаа шүү гэж хэлж байхдаа нөхөртэйгөө утсаар ярьж дуусаагүй байсан. С.Э миний зургийг аваад байна гэж хэлээд над руу дайрсан. Миний гар утсыг булаах гэж оролдоход та миний утсаар яах гэж байгаа юм бэ гэж хэлсэн. Гэтэл үгийн зөрүүгүй миний утсыг аваад газар савсан. Дараа нь шууд миний үснээс зулгаагаад доош нь дарсан. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах зорилгоор мөн үснээс нь зулгаасан. Би гар утсаараа Э гэдэг хүний толгой хэсэг рүү цохисон гэдгээ санаж байна. Би газраас утсаа авчихаад Этай дахиад зууралдаж эхэлсэн. Энэ эгч намайг зодож байхдаа тавь гичий минь гэж хараагаад зогсож байсан. Удалгүй манай нөхөр ирж бид хоёрыг салгасан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Т мэдүүлэхдээ: “...хэрэг гарсан гэх өдөр би машинаа тавих гээд очтол С.Э гэх эмэгтэй манай найз охин Ш.Уг үсдсэн байдалтай байж байсан тул би тэднийг салгасан. Тухайн үед оршин суугч нар байсан. Ш.Угийн үс нь унасан, толгой нь хавдсан байсан ба гар утас нь газар унасан байсныг Ш.У авч байсан. Би Ш.У, С.Э нарыг зодолдож байхад салгах гэж оролдохдоо машины хажууд С.Эгийн хоолойноос багалзуурдаж татсан зүйл байхгүй. Намайг салгаж байхад Ш.У С.Эгийн толгой хэсэг рүү цохьсон асуудал байхгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгсөн С.Э-гийн:

“...миний араас нэг хүн хоолойноос боогоод авсан. Тэгээд би эргээд хартал өндөр биетэй залуу та яаж байна аа гээд зогсож байсан. Тэгэхээр нь би нөгөө залууг та нар харин яагаад байгаа юм гэж хэлээд зогсож байтал миний хүзүүг дагаад нэг зүйл урсаад байхаар нь үзтэл миний толгойн баруун шанаа хэсэгт хагараад цус гарч байсан. Тухайн эмэгтэй миний толгойг утсаараа цохиж хагалсан байсан... Миний тархи доргиж толгойн баруун талын шанаа хэсэгт хагарч нэг оёдол тавиулсан. Би гэмтлийн эмнэлэгт оёдол тавиулж боолт хийлгэсэн. Өвчин намдаах эм, үрэвслийн эсрэг эм авч уусан. Толгойн томографийн зураг 120.000 төгрөгөөр хийлгэж, нийт 170.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн, гомдолтой байна. ... “ гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-рт/,

 

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгсөн Ш.У-гийн: “...миний гарт байсан гар утсыг булааж авсан. Би нөгөө эгчээс утсаа авах гээд булаацалдсан боловч дийлээгүй. Тэгтэл тэр эгч миний гар утсыг газарт шидчихсэн. Тэгээд нөгөө эгч намайг үсдэж аваад толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд би үсдүүлчихсэн чигээрээ явган сууж утсаа газраас аваад нөгөө эгчтэй буцаж барьцалдаж аваад байж байтал манай нөхөр ирээд нөгөө эгч бид хоёрын дундуур орж салгасан. Тэгтэл нөгөө эгчийн толгойноос нь цус гарчихсан байсан. Тэр эгч надтай маргалдаад бид 2 зууралдаж байхад би тэр эгчийг цохисон байх гэж бодож байна. Тэр эгч намайг үснээс зулгааж толгой руу хатуу юмаар цохиж зодсон. Би нөгөө эгчийг над руу өшиглөх байх гэж бодоод гараараа нүүрээ хамгаалсан. Тэгтэл миний гар шалбарчихсан байсан... Миний толгой хөдөлсөн, гар хуруунууд шалбарч хөхөрсөн байсан. Би гэмтлийн эмнэлэгт толгойгоо үзүүлж толгойн томографийн зураг авахуулж, тархины цусан хангамж сайжруулах эм, тариа авч хэрэглэсэн. 40.000 орчим төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Баримт нь байгаа.... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-рт/, 

 

гэрч Э.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 20-21 цагийн орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо ** байрны гадаа би дэлгүүр орчихоод машинаа зогсоолд байрлуулах гээд эхнэртэйгээ хамт гарсан. Манай эхнэр Ш.У машины зогсоол дээр намайг хүлээгээд үлдсэн бөгөөд би Ш.Угийн зогсож байсан газар машинаа байрлуулах гээд ирэх үед Ш.У үл таних 40-50 орчим насны эмэгтэйтэй зууралдаад харилцан үсдэлцсэн байдалтай, үл таних эмэгтэй нь Уг дээрээс нь дарчихсан байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг эхнэрээсээ холдуулсан. Тэгтэл тэр эмэгтэй намайг чи хоолой боолоо гээд гомдолтой гээд байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-рт/,

 

гэрч П.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 13-6 байрны орчимд явж байтал улаан цамцтай эмэгтэй /С.Э, бас бэлтгэлийн хувцастай нэг эмэгтэйн /Ш.У/ үснээс зулгайгаад доош нь дарчихсан байсан. Нөгөө үсдүүлсэн эмэгтэй нь үсдэж байсан эмэгтэй рүүгээ сарвалзаад тухайн хоёр эмэгтэйн хоёулангийнх нь үс сэгсийсэн байсан. Тэгээд би тэр үедээ энэ хөгшин эмэгтэй арай залууханаа зодож өгч байна даа гэж бодоод өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. Ш.Угийн биед тархи дорилт, баруун алга зүүн гарын хуруу, баруун шуунд зуулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мнэдийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 42-43-рт/ гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ** дугаартай дүгнэлтэд:

1. С.Э-гийн биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мнэдийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. /хх-ийн 42-43-рт/ гэжээ.

 

Хохирлын баримт /хх-ийн 12-рт/,

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн компьютер томографийн шинжилгээний хариу /хх-ийн 44-рт/,

“Н”-ийн компьютер томографийн шинжилгээний хариу /хх-ийн 47-49-рт/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81, 108-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 67, 97-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66, 96-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Э нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13а байрны гадна иргэн Ш.Угийн үснээс зулгааж, толгой тус газар нь цохиж, биед нь тархи доргилт, баруун алга, зүүн гарын дунд хуруу, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ш.У нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13а байрны гадна иргэн С.Эгийн үснээс зулгааж, толгой тус газар нь цохиж биед нь зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи, доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн дээрх бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ш.У-гийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэрч П.О-гийн мэдүүлэгт шүүгдэгч С.Э нь миний үйлчлүүлэгч Ш.Угийн дээр нь гараад зодож байсан гэсэн байдаг. Ш.Угийн С.Эд түрүүлж гар хүрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн шинжгүй ба өөрийгөө хамгаалах зорилгоор хийсэн аргагүй хамгаалалт тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэх хүсэлтийг хүлэн авах үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.

 

Шүүгдэгч нар байрны гаднах авто машины зогсоолоос үүссэн маргааны улмаас харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан, хэн аль нь хүний харилцаанаас үүсэх харилцаа хандлагаа ухамсарлахгүй маргалдан зодолдож бие биедээ гэмтэл үүсгэн эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлджээ.  

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Э, Ш.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч С.Э, Ш.У нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч С.Э, Ш.У нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  шүүгдэгч С.Э нь хавтаст хэрэгт 132.800 /нэг зуун гучин хоёр мянга найман зуун/ төгрөгийн баримт авагдсан байх тул шүүгдэгч Ш.Угаас 132.800 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ш.У нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Эгаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Ш.Уд 1300  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг мөн шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Т овогт С Э, Б овогт Ш-ын У нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Э-д 600  /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Ш.У-д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Эд оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Ш.У-д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Э, Ш.У нар нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д тус тус зааснаар шүүгдэгч Ш.Угаас 132.800 төгрөгийг гаргуулж хохирогч С.Эд тус олгож, шүүгдэгч Ш.У Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар цаашид  гарах хохирол, хор уршгаа шүүгдэгч С.Эгаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э, Ш.У нарт авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ