Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 04

 

  Т.Б, Д.Т, Ү.А

 нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Сүхгомбо, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

  Шүүх хуралдаанд:

  Нарийн бичгийн дарга                     Г.Эрдэнэбат

  Прокурор                                          Л.Мөнхбаяр

  Шүүгдэгч нарын өмгөөлөгч             М.Энхтуяа, З.Нямсүрэн, Ө.Батболд

  Шүүгдэгч                                          Т.Б, Д.Т нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 210 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Т, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдол, прокурор Л.Мөнхбаярын бичсэн эсэргүүцлээр Т.Б, Д.Т, Ү.А нарт холбогдох эрүүгийн 201511000319 дугаартай хэргийг 2018 оны 1 сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Х овогт Тын Б, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1980 оны 3 сарын 12-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Ч сумын .... багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б овогт Дгийн Т, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1969 оны 3 сарын 01-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг ..... тоотод оршин суух, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан, ял шийтгэлгүй, 69 хувийн группэд байдаг,

Шүүгдэгч Х овогт Үн А, Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1979 оны 6 сарын 25-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, 17 настай хүүхдийн хамт Дорнод аймгийн Ч сумын ..... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, өвчний учир эмнэлгийн хяналтанд байдаг,

 

1. Шүүгдэгч Т.Б нь танхайн сэдэлтээр, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн нутаг, “Зүүн бүрд” гэх газар орших Т.Бийн гэрт унтаж байсан хохирогч Д.Тийг өшиглөж, зүүн нүдийг нь сохолсон  хэрэгт;

2. Шүүгдэгч Д.Т нь дээрх хэргийн мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хохирогчоор мэдүүлэхдээ “би бие засахаар гэрээс гарахдаа босгонд хөл алдаж унаад довжоонд цохиж нүдээ гэмтээсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн хэрэгт;

3. Шүүгдэгч Ү.А нь дээрх хэрэгт 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “...Б, Б хоёрыг гараад явсны дараа Т ах нилээн халамцуу араас нь гарсан юм. Удалгүй Т ах орж ирээд уначихлаа гэж хэлсэн. Т ахын зүүн талынх нь нүдний хэсгээр шороо болон цус болчихсон байсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяр шүүгдэгч Т.Бын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтаар, шүүгдэгч Д.Тийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгээр,  шүүгдэгч Ү.Агийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгээр тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 210 дугаар цагаатгах тогтоолоор:

1/Шүүгдэгч Т.Б, Д.Т, Ү.А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож;

2/ Т.Б, Д.Т, Ү.А нарыг цагаатган, хэргийг прокурорт буцааж, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй бөгөөд шүүгдэгч нар цагдан хоригдоогүй болохыг дурдан;

3/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хохирогч Д.Тийн гаргасан 6,724,900 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж;

4/ шүүгдэгч Д.Тийн  3,500,000 төгрөгийн үнэ бүхий 22-31 ДОА улсын дугаартай Аксент маркийн автомашин, шүүгдэгч Ү.Аийн  80,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг С1 гар утас, шүүгдэгч Т.Бын 32,500,000 төгрөгийн газар өмчлөх эрхийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэжээ.

 Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолдоо: Шүүх Т.Быг үндэслэлгүйгээр цагаатгасанд гомдолтой байна. Хохирогч Д.Т нь 2014.11.20-нд Т.Бд нүдээ өшиглүүлснээс хойш хаван бууж, зовхи нээгдсний дараа буюу 10 гаруй хоногийн дараа анх эмчид үзүүлж гэмтэл авснаа мэдсэн. Түүнээс хойш эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэсэн боловч үр дүнд хүрээгүй. Шүүх 6 сарын дараа шинжээчийн дүгнэлт гаргуулсан эргэлзээ төрүүлж байна гэсэн. Шинжээчийн дүгнэлт хэзээ ч гарч болно, харин эмнэлэгт үзүүлсэн цаг хугацаа болон гэрчийн мэдүүлгээр хэрэг болсон цаг хугацаа тодорхой байгаа. Т.Бд өшиглүүлснээр энэ гэмтлийг авсан гэдэг нь карт дээрх үзлэгийн тэмдэглэл, хохирогч Д.Тн өөрийнх нь мэдүүлэг, гэрч Рина, Эрдэнэбат, Наранцэцэг нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдсон. Харин яллагдагч Т.Б нь өөрийгөө гэм буруутай гэж нотлох албагүй учир юу гэж мэдүүлж байж болно. Мөн түүний төрсөн эцэг Т, дүү Т.Б, эхнэр С нар нь яллагдагчийн эсрэг мэдүүлэг өгөхгүй нь ойлгомжтой. Гэтэл шүүх энэ талаар зөв дүгнэж чадаагүй. Шүүх Д.Тийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгч чадаагүй, мэдүүлэг нь тогтворгүй, зөрүүтэй гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн. Д.Т өөрөө хохирсон, өшиглүүлсэн нөхцөл байдлаа тодорхой хэлсэн. Харин эмчилгээний зардлыг нь төлнө гэсэн Т.Бын үгэнд хууртаж нэг л удаагийн мэдүүлэгтээ “бүдэрч унасан” гэж өгсөн. Т.Б, түүний эхнэр Б нар нь гэрч Ү.Аг вагоноос тосч аван гэртээ хонуулаад худал мэдүүлэг өгүүлж, Д.Тт 1.0 сая төгрөг өгсөн гэдэг нь нотлогдсон. Мөнгө төгрөг өгнө гэж амлаж 1.0 сая төгрөг өгсөн гэж байгаа он сар өдөр нь Бийн банкнаас мөнгө авсан цаг хугацаагаар нотлогдсон. Мөн вагоноос тосож аваад очсон байрыг Ү.Агаар таньж олуулах ажиллагаа хийсэн. Шүүх энэ бүх баримтыг үнэлээгүй. Шүүх хэргийг цагаатгах гол үндэслэлийг “шинжээчийн дүгнэлт зөрүүтэй” гэх байдлаар дурджээ. Гэтэл шинжээчийн дүгнэлт зөрүүтэй учраас дараагийн дүгнэлтийг гаргуулсан. Шинжээчдийн эцсийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, дахин дүгнэлт гаргуулъя гэж яллагдагч, түүний өмгөөлөгч нар хүсэлт гаргаагүй. Шинжээчийн дүгнэлтүүд Д.Тийн нүдэнд учирсан гэмтлийн талаар зөрөлдөөгүй, харин гэмтлийн зэргийг тогтоох аргачлалыг хэрэглэх болон гэмтлийг үнэлэх үнэлэмж л зөрүүтэй байсан. Гэтэл шүүх шинжээчдийн дүгнэлт зөрүүтэй гэсэн үндэслэлээр Т.Бын үйлдлийг хэрэгсэхгүй болгож хохирогчийн эрхийг зөрчсөнд гомдолтой байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Хохирогч Д.Т давж заалдах гомдолдоо: Шүүх яллагдагч Т.Бын өөрийгөө хамгаалж хаацайлсан, гэр бүлийнхэнтэйгээ хуйвалдсан хуурамч мэдүүлэг болон үгүйсгэгдсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, харин миний болоод гэрч Ү.А, Рина нарын үнэн зөв мэдүүлэг, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн эцсийн дүгнэлтийг үгүйсгэсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. 2014.11.20-ны үдээс хойш оройхон Баттөмөрийнд газраар унтаж байхад Баттөмөрийн ах Б санаатайгаар танхайрч миний зүүн нүдэнд шууд өшиглөн сохолсон. Маргааш нь намайг айлд байхад ирээд уучлал гуйгаад явсан. Би хаван хавдар арилсны дараа эмчид үзүүлж нүд гэмтснийг мэдсэн. Тэгээд Улаанбаатар явахад мөнгө хэрэгтэй болж Бд хэлэхэд болно, бүтнэ гээд таг алга болсон. Цагдаад өгсний дараа Т.Б, түүний аав Т нар уулзаж “бүдрээд унасан гэж хэлээд хэргээс мулталвал Б 1,500,000 төгрөг, аав нь 5,000,000 төгрөг өгье” гэсэн. Ингээд надаар худал хэлүүлсний дараа эхнэр Б нь 1.0 сая төгрөг Төрийн банкнаас аваад надад өгсөн. Намайг нүдэндээ өшиглүүлээд орь дуу болж байхад Т.Бн дүү Б, найз Г нар гаднаас орж ирээд Быг сугадаад гарсан. А, С нар гэрт эрүүл байсан. Ийм илэрхий хэргийг шүүх эргэлзэж байна гэж хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Л.Мөнхбаяр эсэргүүцэлдээ: Хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1. Хохирогч Д.Тийн “Т.Б нь гэрт орж ирээд шууд миний зүүн нүд рүү өшиглөсөн. Нүднээс устай шингэн зүйл их хэмжээгээр гоожсон. Хувцсаараа нүдээ дараад машинаа асаагаад Аг дагуулаад сумын төв рүү явсан. Сумын төвд Эд жин тавьж 2 хоносон. 2014.12.10-нд Оюундэлгэр гэх эмчид үзүүлэхэд нүдний болор хагараад торлог нь сэтэрсэн учраас хот руу хагалгаа хийлгэхээр яв гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/;

2. Гэрч Д.Оюундэлгэрийн “Д.Т нь 2014.12.10-нд сарын өмнө зүүн нүдээ өшиглүүлсэн гэж ирсэн. Урьд нь Д.Т ирж үзүүлж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/;

3. Гэрч Т.Этын “Т ах манайд унтаж байхдаа зүүн талынхаа нүдэн дээр нойтон алчуур тавьчихсан байсан. Баагий /Б/ гэх танай сумын залууд өшиглүүлчихлээ гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/;

4. Гэрч Ц.Нийн “манай нөхөр Д.Т нь 2014.11.23-ны орой гэртээ ирээд айлд унтаж байхад нь гаднаас хүн өшиглөчихлөө гээд нүдэндээ хавантай ирсэн. Юм харж чадахгүй нүднээс нь шингэн шар нулимс шиг зүйл гоожоод байсан. Чойбалсан сумын Б гэх хүнд өшиглүүлсэн гэж хэлсэн. Эхний долоо хоногт нүдэн дээрээ жин тавьсан. Дараа долоо хоногт тархиар нь өвдөөд юм харахгүй байна гэхээр нь эмнэлэгт үзүүлсэн. Д.Тгийн нүд урьд нь зүгээр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/;

5. Гэрч Г.Ргийн “харанхуй болсон хойно Д.Т ах, Ү.А эгч хоёр ирсэн. Д.Т ахын зүүн талын нүд нь хөхөрч хавдаад юм харж чадахгүй болсон байхаар нь асуухад хүнд өшиглүүлсэн гэж байсан. Маргааш нь манай нөхөрт танай сумын Баагий /Б/ гэх залууд өшиглүүлсэн гэж хэлсэн. Б гэдэг залуу манайд орж ирээд Т ахад хандан дүүгээ уучлаарай, муухай юм боллоо гэж хэлэхээр нь би тэр залууд чи хүний нүд рүү ямар айхтар өшиглөсөн юм бэ гэхэд харин тиймээ уучлаарай эгчээ гэж хэлчихээд гараад явсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 240-242, цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэг/;

6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч нарын 2016.12.15-ны өдрийн 1552 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 186-189/;

7. Хохирогч Д.Тийн 2015.07.16-ны өдрийн “бие засах гэж гарахдаа босгонд хөл алдаж нүүрээрээ ойчсон” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/;

8. Гэрч Ү.Агийн 2015.07.08-ны өдрийн “Т ах нилээн халамцуу гараад эргэж орж ирэхдээ зүүн нүднийх нь хэсгээр цус, шороо болчихсон байсан. Ах нь уначихлаа гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/;

9. Сэжигтэн Ү.Агийн «2015.07.07-нд Бын эхнэр над руу утсаар яриад “Т, Б хоёр хоорондоо тохирсон. Та ирээд Тийг Б цохиогүй гээд хэлээд өгчих” гэсэн. Намайг галт тэрэгнээс Б эхнэртэйгээ хамт тосож уулзсан. Би Т ахтай хамт уулзъя гэсэн. Т ах ирээд “бид хоёр тохирсон. Чи цагдаад Быг намайг цохиогүй гээд хэлчихвэл цагдаагаас салах гээд байна” гэхээр нь би худал мэдүүлэг өгсөн» гэх мэдүүлэг /хх-ийн 136-137/;

10. Сэжигтэн Д.Тийн «Б над руу өдөр бүр утсаар ярьж, хэргээс салгаад өгөөч, эмчилгээний зардлыг чинь өгье гэсний дагуу түүний хэлсэн үгээр байцаалт өгсөн. Надад 1.0 сая төгрөг өгсөн» гэх мэдүүлэг /хх-ийн 138-139/. Шүүх эдгээр нотлох баримтуудыг  хэрхэн үнэлж байгаа, ямар нотлох баримтуудаар няцаагдаж байгаагаа тодорхой заагаагүй. Шүүх хэргийн бодит байдлыг анхаарч үзээгүй, бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Т.Б, Д.Т, Ү.А нарт холбогдох хэргийн үйл баримтын талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, тодруулбал, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүйн улмаас цагаатгах тогтоол үндэслэлгүй болжээ.

Шүүх хохирогч Д.Тийн “бие засах гэж гарахдаа босгонд хөл алдаж нүүрээрээ унасан” гэх мэдүүлэг, гэрч Ү.Аийн “Т ах нилээн халамцуу гараад эргэж орж ирэхдээ зүүн нүднийх нь хэсгээр цус, шороо болчихсон байсан. Ах нь уначихлаа гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Т.Б, гэрч Ц.С нарын мэдүүлгийг үндэслэл болгон  прокурорын дүгнэлтийг няцаах буюу эргэлзээтэй гэж дүгнэхдээ “Д.Т, Ү.А нар нь дээрх мэдүүлгээ худал болохыг хүлээн зөвшөөрч, худал мэдүүлэг өгснийхөө төлөө эрүүгийн хариуцлагад татагдсан, гэрч Т.Б, Ц.С нар нь гэр бүл, төрөл садны холбоотойн улмаас шүүгдэгч Т.Бтай нэг ашиг сонирхолтой, түүнчлэн босгонд бүдэрч унаад нүдээ сохолсон гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй” зэрэг дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

Шүүх “шинжээч нарын дүгнэлтүүд зөрүүтэй” гэж дүгнэхдээ Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 1551 тоот дүгнэлт нь өмнөх дүгнэлтүүдээс үүдсэн эргэлзээг арилгах зорилгоор хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүн болохыг анхаараагүй байна.

 Түүнчлэн анхан шатны шүүх гэрч Т.Э, Ц.Н, Г.Р нарын мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлыг хэрхэн үнэлсэн талаараа цагаатгах тогтоолд дурдаагүй нь дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй гэж үзэхэд хүргэв.

Дээр дурдсан үндэслэлүүдээр прокурор Л.Мөнхбаярын эсэргүүцэл, хохирогч Д.Т, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 210 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Т.Б, Д.Т, Ү.А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.НАРАНБАЯР                         

                  ШҮҮГЧИД                                                   Б.СҮХГОМБО

                                                                                      С.ОЮУНТУНГАЛАГ