Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 1074

 

 

 

 

 

 

 

 

2020            10            06                                       2020/ШЦТ/1074

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Н,            

Улсын яллагч Г.Я,  

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С.Г-д холбогдох 2008 02234 1315 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Зүүн баян суманд төрсөн, 30 настай, яс үндэс халх, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантекникч, засварчин мэргэжилтэй, Орон сууц нийтийн аж ахуй удирдах газарт дуудлагын засварчин ажилтай, ам бүл -5 эцэг, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчидын Г11-216 тоотод оршин суух, урьд 2011 оны 06 дугаар сарын 21-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэпг зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож байсан, Б  овогт С-гийн Г  регистрийн дугаар ЕП90052934.

Холбогдсон хэргийн талаар :   

Шүүгдэгч С.Г нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо АОС 3-216 тоотод иргэн Г.Г-тай маргалдан улмаар эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь :    

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :    

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч С.Г 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 3-216 тоотод иргэн Г.Г-тай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :    

- хохирогч Г.Г-гийн:...2020.05.15-ны өдөр С , Г , А , Т бид нар 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво хувааж ууцгаасан…мөн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Амины орон сууцны 3-216 тоотод очиж дахиад нэг том пиво аваад ууцгааж байтал Г  нь манай нөхөр Төгс-Эрдэнийг хэл амаар доромжлоод агсам тавиад байхаар нь би чи юу гээд байгаа юм бэ гээд би Г той хэрэлдсэн…Гэтэл Г  миний ардаас гарч ирээд миний зүүн талын бөөр хэсэг рүү цохисон...намайг унахад Г  үсдэж байгаад нүүр толгой хэсэг рүү гараараа цохиод байсан...С  гарч ирээд Г  бид хоёрыг салгасан.../хх-10, 25-26/,

- гэрч Х.А-гийн:”...Тухайн үед Г нөхөр Т-ийг өмөөрөөд Г той маргалдсан ба Г бид хоёр гадаа үүдний довжоон дээр сууж байтал Г  гарч ирээд бөөр рүү нь нэг удаа өшиглөж урагш унагаагаад үснээс нь зулгаагаад хөлрүү нь өшиглөсөн...С г дуудаж салгуулсан....гэх мэдүүлэг/хх-27/,

- шинжээчийн дүгнэлт:...Г.Г-гийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт, тархи доргилт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гах цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-35-36/,

- шүүгдэгч С.Г гийн “..Би Г-гийн ардаас бөөр рүү нь 1 удаа өшиглөөд урагшаа унахаар нь би үснээс нь зулгааж байгаад хөл рүү нь өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-73- 76/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.        

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч, шинжээч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрчээ. 

Иймд шүүгдэгч С.Г г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тухай мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн /х-26, 83/, шүүгдэгч нь хохирогчид 200.000 төгрөг өгсөн тухайгаа мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.    

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                 

Шүүгдэгч С.Г нь урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссан буюу суллагдсан баримтууд байх тул /х-14, 55-57/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5  дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.   

Шүүгдэгч нь ам бүл 5, эцэг, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Орон сууц нийтийн аж ахуй удирдах газарт дуудлагын засварчин ажилтай зэрэг түүний хувийн байдалд хамаарах нотлох баримт тус хэрэгт /х-41, 47, 50, 53, 61/ авагдсан байна.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгчийн хувийн байдал, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 нэгжийг 1000 төгрөгөөр тооцон 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.              

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь  заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :   

     

1. Шүүгдэгч С.Г г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.              

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч С.Г г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.        

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Г-д оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг С.Г-д мэдэгдсүгэй.       

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.      

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч С.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ :                            Г.ГАНБААТАР