Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 1073

 

 

 

 

 

 

 

 

  2020          10             06                                               2020/ШЦТ/1073

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Н,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н ,  

Улсын яллагч С.О,    

Шүүгдэгч Б.П түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар : 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт Б-гийн П-д холбогдох 2003 00000 0329 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын тосны инженер мэргэжилтэй, “Наран Петролиум” ХХК-д агуулахын нярав ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 12-04 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. С овгийн Б-гийн П, регистрийн дугаар /................../,  

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.П нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд “Toyota Harier” маркийн 98-65 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын 12 дугаар гудамжны 04 тоот гэрийнхээ хашаа руу орохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам,орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчин аюулгүй,байдалаа хангаагүйгээс 1 нас 5 сартай П.Амин-Эрдэнийг дайрч, амь нас хохирсон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахь нохтлох баримтуудаар тогтоогдож байна.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь :  

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.П нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд “Toyota Harier” маркийн 98-65 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын 12 дугаар гудамжны 04 тоот гэрийнхээ хашаа руу орохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам,орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас П.А-ийг дайрч, амь насыг нь хохироосон болох нь:  

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн :...тухайн осол болсон зам нь шороон, өгсүүр, хуурай, суурингийн доторх, чөлөөтэй, тогтуун зурвасгүй, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-9-13/,     

- цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт: Талийгаач П.Амин-Эрдэнийн цогцост хийсэн шинжилгээгээр баруун дагз, чамархай, суурийн баруун их далавч, суурийн хонхор хамарсан нийлмэл сэлтэрсэн хугарал, зулайн 2 талын орой хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун чамархайн дэлбэнгийн няцрал, бүх хэсгийн хуйх 2 талын чамархайн хуйханд тархмал цус хуралт, дух, баруун сарвуу, баруун хацар, хамар, зүүн хацар, шанаа, эрүүнд зулгаралт, духанд язарсан шарх, зүүн хацар, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал  гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд авто ослын үед үүсэх боломжтой /хх-43-46/,  

- хууль ёсны төлөөлөгч Ж.Н гийн: “...2020.08.20-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад би уг нь хүүхдүүдтэйгээ хамт байж байгаад гэр рүүгээ орсон, 16 цаг өнгөрч байхад байшингаасаа гарахад манай нөхөр хашаан дотор машинаа оруулчихсан, бага охин П.Амин-Эрдэнийг гартаа тэвэрчихсэн...“хүүхэд харж байхгүй яасан юм бэ дайрчихлаа шүү дээ” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-23-24/,

- жолоодох эрхийн лавлагаа /хх-69/,   

- шүүгдэгч Б.П ...2020.08-20-ны өдөр  09 цагын орчим аав Бямбаагийн хамт өөрийн эзэмшлийн “Toyota Harier” маркийн 98-65 УБЕ улсын дугаартай машинтайгаа гарсан...Намайг гудамжаар машинтайгаа ороод хашаа руугаа ойртож байх үед манай хашааны хаалгыг манай том хүү 5 настай Амармэнд  нь онгойлгож байсан...Тэгэхээр нь би урагшлаад явтал машины зүүн хойд талын дугуй нэг юман дээгүүр гарах шиг болсон...машинаасаа буугаад хойгуур нь тойроод очтол машины бага охин Амин-Эрдэнэ биеийн хэсэг нь доошоогоо, толгой нь зүүн зүг рүү харсан байдалтай газарт хэвтэж байсан гэх мэдүүлэг /хх-95/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.     

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан техникийн шинжээч үзлэгийн тэмдэглэл худал үйлдсэн, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.    

Иймд шүүгдэгч Б.П-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-дэх заалтыг зөрчсөний улмаас иргэн Б.Амин-Эрдэнийн амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо мөрдөн байцаалт /хх-24/, шүүх хуралдаанд мэдүүлжээ.  

  

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :        

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх ба тус гэмт хэргийг анх удаа үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5  дүгээр зүйлийн 1 дэх хэсгйин 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.      

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, “Наран петролиум” ХХК-д агуулахын нярав ажилтай болон түүний амьдрал ахуйн болон хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт цугларсан /х-27-27, 30, 32, 72-84, 87, 99/ байна.      

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвжавын тээврийн хэрэгсэл жолоодох B ангилалын эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.      

Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох түр эрхийг 3 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулсан тул Б.П-ын “жолооны түр үнэмлэх”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдах нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :     

 

1. Шүүгдэгч Б.П-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ыг тээврийн хэрэгсэл жолоодох B ангилалын эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суух газраа өөрчилвөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.          

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.       

6. Шүүгдэгчийн “жолоодох эрхийн түр үнэмлэх”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.     

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.   

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР