Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 42

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч Д.Ганбатын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Ганбат, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 Хүсэлт гаргагч Д.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрт 1985 оноос 1993 оны 09 дүгээр сар хүртэл ажиллаж байсан. Би АММБ-д кразын жолоочоор ажиллаж байсан.  Аавын бие муудаад хоёр гурван удаа Баянхонгор аймаг явсан. Сүүлдээ ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллаж байсан 08 жилийн хугацаагаа тогтоолгох хүсэлтэй байна. Ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдээгүй байсан...” гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Ганбат нь Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын  тушаалаар 1985 оны 11дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус комбинатын авто баазад жолоочоор ажилд орсон бөгөөд 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл  тасралтгүй ажиллаж байсан гэж тайлбарлаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар Д.Ганбат нь 1985 оны 11 дүгээр сарын 01-ээс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 01-ээс 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл  хугацаанд  Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Хөтөлийн цемент шохойн комбинат, Цемент шохойн Компанийн харъяа Авто машин механизмын баазад жолоочоор ажиллаж байсан болох нь 1985 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 574 дугаартай тушаал /хх-6/,  Д.Ганбатын 1992 онд ээлжийн амралтаа авсан болохыг нотолсон 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Цемент шохойн компанийн харъяа Авто машин механизмын баазын даргын  82 тоот тушаал, тушаалын хавсралт /хх-10/, Д.Ганбатад 1992 оны 09 дүгээр сарын 08-аас 22-ны өдрийг хүртэл 14 хоногийн чөлөө олгосон Цемент шохойн компанийн харъяа Авто машин механизмын баазын даргын  109 дугаартай тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөтөлийн Цемент Шохой ХК-ны архивт хадгалагдаж байгаа Д.Ганбатад холбогдох 1985-1992 оны цалингийн баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэл/хх-19-20/ зэргээр тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Д.Ганбатыг 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс  1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Хөтөлийн цемент шохойн комбинат, Цемент шохойн компанийн харъяа Авто машин механизмын баазад жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх нотлогдохгүй байгаа 1987 онд холбогдох ажилласан байдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Ганбатын  анх ажилд орсон Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Хөтөлийн цемент шохойн комбинат нь хэзээ Цемент шохойн компани болсон нь тодорхойгүй энэ талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч шүүхэд ирүүлээгүй  бөгөөд 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр   Цемент Шохойн Компани байсан болох нь тус өдөр гаргасан  109 дугааратй /хх-9/ тушаалаар тогтоогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Ганбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс  1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Хөтөлийн цемент шохойн комбинат, Цемент шохойн Компанийн харъяа Авто машин механизмын баазад жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг  тогтоож, үлдэх нотлогдохгүй байгаа 1987 онд холбогдох ажилласан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Ганбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор хүсэлт гаргагч Д.Ганбат шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Ганбат, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.НАРАНТУЯА