Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 119

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Ж.А,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.М,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны нээлттэй хийсэн хуралдаанаар

........... аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овгийн Ж. А-д холбогдох 2028001640128 дугаартай эрүүгийн хэргийг ..... оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 05-нд ........... аймгийн ......... суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ........... аймаг ........... сум 2 дугаар баг .......тоотод оршин суух, урьд Зүүн-Баян гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 75 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял, мөн шүүхийн 1988 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2, 113 дугаар зүйлийн 1, 276 дугаар зүйлийн 3-т зааснаар нийт 5 жил 6 сар хорих ял, ........дүүргийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 17 жил хорих ял шийтгүүлсэн, Харчин овгийн Ж.А, регистрийн дугаар.............

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Ж.А нь ..... оны 06 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........... аймгийн ........... сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт А.Мтай маргалдан, чээжний ар хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн ..... оны 08 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........... аймгийн ........... сумын 4 дүгээр баг .............. тоотод А.М-тай маргалдан, зүүн чихэнд нь хутгаар зүсэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би М-тай архи уугаад муудалцсан. ..... оны 06 дугаар сарын 07-ны өдөр Малчны хорооллын тал дээр архи ууж сууж байгаад хоорондоо маргалдаад дал руу нь хутгалсан. Дараа нь  ...........тоот хашаанд оршин суух Г гэх айлд архи уугаад зүүн чихний ард хэсэгт нь хутганы араар цохиход зүсэгдсэн байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

..... оны 06 дугаар сарын 07-ны өдөр тал дээр архи уусан. Шүүдэгч нэг хүнд сайн юм шиг байгаа. Тэр хүн нь О нэртэй байх, гэхдээ сайн мэдэхгүй байна. Энэ хүнтэйгээ намайг хардаад тухайн үед тэр хүнтэй холбоод  муудалцсан юм шиг байсан. Шоронгийн асуудлаа яриад хутга гаргаад ирсэн. Хаанаас гаргаж ирснийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хутга барьчихсан сууж байсан. Тухайн үед согтуу байсан ба хутгалуулчихаад босох гэж тийчилж байхад өөрөө бос гээд яваад өгсөн. Найз руугаа залгаад ууж байгаад Аэд хутгалуулчихлаа, ирээд аваач гэж хэлээд эмнэлэгт хүргэгдэн хагалгаа болон эмчилгээ хийлгэсэн. ..... оны 08 дугаар сарын 08-ны өдөр айлд ууж байгаад согтсон байсан учир намайг зүссэнийг мэдээгүй, сүүлд гэрч нарын хэлснээр л сонсож мэдсэн. Цагдаа ирж шүүгдэгчийг аваад явсан ба гэмт хэрэг гарсан газрын зураг авсан гэж хэлсэн. Бид хоёр архи хамт уугаад дэмий юм байна гэж бодсон. Дал руу хутгалахад уушги руу орсон. Тухайн үед нь мэдээгүй явж байгаад дараа нь эмчид үзүүлэхэд боолт хийлгэхгүй яасан юм гэж хэлсэн. Тухайн үед эмчилгээний мөнгийг авсан. Хагалгаа хийж цус аваад тэр мөнгийг нь гаргуулж авсан. Цаашдаа гайгүй гэж хэлсэн. Хохирол гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч А.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “........ оны 06 дугаар сарын 07-ны өдөр би хуучин танил А гэх хүнтэй хамт аймгийн зүүн хойд тал дээр сууж байгаад 1 шил архи 1 ширхэг 2,5 литрийн савтай пиво хувааж уусан, тэгээд архи дуусаж байхад А-тэй шоронгийн талаар ярьж байгаад муудалцаж хэрэлдсэн тэгсэн чинь А гэнэт миний араас нуруу руу хутгалчих шиг болсон тэгээд А зугтаагаад явчихсан би нэг мэдэхэд эмнэлэг дээр байж байсан яаж ирснээ санахгүй байгаа ухаан санаа орон гаран болсон байсан. А гэдэг хүн намайг араас хутгалчихсан, тухайн үед бид хоёр шоронд ингэдэг тэгдэг гэх мэт зүйл ярьж байсан тэгээд муудалцсан байх гэж бодож байна өөрөөр намайг хутгалах шалтгаан байхгүй гэжээ. /хх-7-8/,

Гэрч А.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “........ оны 06 сарын 07-ны өдөр би А гэх хүнтэй хамт аймгийн зүүн хойд тал руу гарч 1 шил архи, 1 ширхэг том савтай пиво хувааж уусан тэгээд архи дууссан дараа А-тэй муудалцаж байснаа санаж байгаа тэгсэн чинь А миний нуруу руу хутгалчих шиг болсон тэгээд А зугатаагаад явчихсан би нэг мэдэхэд эмнэлэг дээр байж байсан гэжээ. /хх-9/,

Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... ..... оны 06 сарын 07-ны өдөр 18 цагийн үед би гэртээ байж байтал манай байрны таньдаг найз болох М надруу утасаар яриад би тал дээр байна хүнд хутгалуулчихлаа ирээд аваадах гэсэн тэгээд би хаана байгааг нь асуусан чинь аймгийн зүүн хойно тал дээр гэсэн тэгээд би машинтайгаа яваад зүүн хойшоо тал руу гарсан чинь М өмнөөс ганцаараа алхаад ирж байсан тэгээд очиж уулзсан чинь М их согтуу А муу пизда намайг хутгалсан би тэрнийг олж ална гээд байсан тэгээд шархыг нь харсан чинь ар нуруунд зүүн далны хавьд нь жаахан газар зүсэгдчихсэн тэрнээс нь жаахан цус гарсан байсан тэгээд би эмнэлэгт хүргэсэн чинь эмч нар цагдаад мэдэгд гэхээр нь би шууд цагдаа руу ярьж дуудлага өгсөн юм. гэжээ. /хх-10-11/,

........... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ..... оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 362 дугаартай дүгнэлтэд: А.М-гийн биед чээжний ар зүүн хэсэг дэх хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-15/,

Яаралтай түргэн тусламжийн хуудсанд “ А.М нь хүнд хутгалуулсан гэх зовиуртай /хх-20-21/,

Яллагдагч Ж.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..... оны 06 дугаар сарын 07-ны өдөр би найз М-тай хамт аймгийн зүүн хойно Нисэх хорооллоос хойш тал дээр архи ууж байгаад хоорондоо маргалдсан тэгээд М намайг басаж доромжлоод элдвээр хэлээд байхаар нь би халаасандаа байсан хутгаар М-ийн зүүн талын далны хавьд нь хутгалчихаад явчихсан юм...би тэр хутгыг гэртээ юм хийж байгаад цамцныхаа халаасанд хийснээ мартаад аваад явсан байсан тэгээд тал дээр М-тэй архи ууж байхдаа хутга байгааг мэдсэн юм. Тэр хутга жижгэвтэр шар эрээн иштэй хутга байсан...бид 2 тал дээр 0.750 литрийн архи хувааж ууж дуусгасан, 2-лаа согтсон..” гэх мэдүүлэг /хх-25/,

........... аймгийн Цагдаагийн газарт өмгөөлөгч авахгүй талаараа гаргасан хүсэлт /хх-26/,

........... сумын 2 дугаар багийн Засаг даргын Ж овогтой А нь ам бүл 1 оршин суудаг нь үнэн болно гэх тодорхойлолт /хх-29/,

........... аймгийн ......... сумын Ерөнхий боловсролын сургуулийн Ж.А нь 1975-1983 онд суралцаж байсан нь үнэн болно гэх тодорхойлолт /хх-30/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-31/,

Шүүгдэгч Ж-ын харилцах банкнуудаас авсан лавлагаанууд /хх-32-38/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39, 93/,

........... аймаг дахь цагдаагийн газрын ..... оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 41а/1163 тоот эрүүгийн хэргийн төв архивд явуулсан албан бичиг /хх-40/,

Эрүүгийн хэргийн төв архивын ..... оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2735 тоот албан бичиг /хх-41/,

...................дүүргийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-42-44/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай ..... оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 26 тоот Прокурорын тогтоол /хх-49/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-54-59/,

................ тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-60/,

Хохирогч А.М нь драгер багаж үлээлгэх гэсэн боловч чадваргүй байсан болно гэх согтуурал шалгасан тэмдэглэл /хх-62/,

Шүүгдэгч Ж.А-г эрүүлжүүлсэн талаарх тэмдэглэл бүртгэл /хх-64/,

Эд мөрийн баримтаар хутга 1 ширхэгийг тооцсон тогтоол /хх-67/,

Хохирогч А.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “..... оны 08 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн үед хоолны материал аваад ..........тоотод байдаг Г-ын гэрт очсон юм тэгэхэд Г, эхнэр Т-тайгаа хамт байж байсан. Тэгээд бид нар шил архи хувааж ууж байхад А ирсэн. Тэгээд би өмнөх орой нь архи уусан байсан болохоор тэр үед нэг шил архи уугаад тасарчихсан юу болсныг мэдээгүй нэг сэргэхэд өглөө болчихсон Гын гэрт унтаж байсан тэгээд миний зүүн чих өвдөөд байхаар нь харсан чинь зүүн талын чихийг голоор нь сэтэлчихсэн байсан. Тэгээд юу болсныг асуухад Т өчигдөр А чиний чихийг хутгаар зүсчихсэн тэгээд цагдаа нар ирээд А-г авч явсан гэж хэлсэн. Би өөрөө юу болсныг санахгүй байгаа, архи уугаад тасарчихсан байсан. ..... оны 06 дугаар сарын 07-ны өдөр А бид хоёр хамт архи ууж байгаад миний нуруу руу хутгалж гэмтээж байсан тэр нь эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байнаа юм гэжээ.  /хх-69-70/,

Гэрч Ө.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Манай эхнэр Т бид хоёр гэртээ байж байтал өглөө 09 цагийн үед М ганцаараа ирсэн. Т, М бид гурав гэрт байсан нэг шил архиа хувааж уугаад байж байтал М хоол хийж иднэ гээд гэрээсээ авсан гэх жижиг бөөрөнхий мах өгсөн тэрүүгээр нь хоол хийсэн тэгж байхад А гаднаас ганцаараа ирсэн тэгээд бид нар архиа хувааж уугаад хоол идсэн тэгээд юм ярьж байтал М А нар хоорондоо нэгнийгээ чи урьд нь муудалцсан гэх утгатай юм ярьж байсан тэгж байснаа А гэнэт л хутга аваад Мгийн зүүн чихийг зүсчихсэн тэгээд бид нар эмнэлэг дуудах гэж байтал цагдаа нар ирсэн гэжээ. /хх-75-76/,

Гэрч О.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Г бид хоёр гэртээ унтаж байтал өглөө эрт М ганцаараа ирсэн тэгээд хоол хийх мах авч ирсэн хоол хийгээд өг гэхээр нь би хоол хийсэн тэгэхэд Г, М 2 нэг шил архи байсныг задалж уусан. Тэр архинаас нь би бас уусан. Тэгээд өдөр нь А ганцаараа ирсэн. Тэгээд бид нар архиа хувааж уугаад хоол идээд дуусгасан тэгээд би хоолны тогоо, аягаа угаагаад гэрийн хойд талд сууж байсан. М А хоёр хоорондоо нэгнийхээ дээр гарах гээд би том атаман шоронд ингэж тэгж байсан гэж муудалцаж байснаа гэнэт М нь яая чих чих аллаа гээд арагшаа хэвтсэн. Тэгэхээр нь харсан чинь зүүн чихнээс нь цус гарч байсан тэгэхэд А гартаа хутга барьсан байснаа гэрийн зүүн хаяа руу шидчихсэн тэгээд өөр зодоон болоогүй байж байсан чинь цагдаа нар ирсэн гэжээ. /хх-79-80/,

........... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ..... оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 452 дугаартай дүгнэлтэд: А.М-ийн биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, зүүн чих, чамархайн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Хуйхны язарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, зүүн чих, чамархайн зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-82/,

Шинжээч С.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ..... оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 452 дугаартай шинжээчийн дүгнэлтэд  А.М-ийн биед учирсан тархины доргилт, хуйхны язарсан шарх гэмтлүүд нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой эдгээр гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамарна, зүүн чих, чамархайн зүсэгдсэн шарх гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-86/,

Яллагдагч Ж.А-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: ..... оны 08 дугаар сарын 08-ны өдөр 11 цаг өнгөрч байхад ...........тоотод байрлах Г-ын гэрт Г, М, Т нар архи уугаад хоол идэж байсан тэгээд би тэд нартай нийлээд 1 шил 0.750 литрийн архийг уусан тэр архи нь дуусаагүй байхад М, Г, Т нар их согтсон байсан. М юм ярьж байхдаа би шоронд байхдаа атамануудыг бүгдийг нь зодож байсан чамайг ч бас зодсон гэж яриад миний хажууд зэрэгцээд гэрийн зүүн талд сууж байхдаа хөлөөрөө миний зүүн мөр рүү өшиглөсөн. Тэгээд дахин зүүн талын өвдөг рүү өшиглөсөн тэгэхээр нь миний уур хүрээд хажуу  талд гал тогтооны шкафны дэргэд газар байсан хар иштэй иш нь салж хугарах гэж байгаа хутгыг аваад хутганы үзүүрийн ар талаар М-ын зүүн шанаа хавь руу цохичихсон чинь зүүн чихийг зүсээд цус гарсан тэгээд би дахиж Мтай хэрэлдэж муудалцаагүй, эмнэлэг рүү авч явъя гэсэн чинь М хэвтээд байсан тэгж байтал цагдаа нар ирсэн гэжээ. /хх-89-90/,

Шүүгдэгч  Ж.А-ын ........... аймгийн Цагдаагийн газарт гаргасан өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлт /хх-94/,

Шүүгдэгч Ж.А-ын прокурорт гаргасан “Ж.А миний бие нь иргэн А.М-тай маргалдаж ......06.07-нд, ......08.08-нд биед нь хөнгөн гэмтэл хутгаар учруулсан нь үнэн. М бид хоёр тохиролцоод эмчилгээний зардалд 300.000 төгрөг өгсөн. Гомдол санал байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-99/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж ..... оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай Прокурорын тогтоол /хх-102/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэл /хх-100-101/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.А-ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ж.А-ын  нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ж.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж ..... оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 үндсэн нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Ж.А-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.А нь ..... оны 06 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........... аймгийн ........... сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт А.М-тай маргалдан, чээжний ар хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн ..... оны 08 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........... аймгийн ........... сумын 4 дүгээр баг .................тоотод А.М-тэй маргалдан, зүүн чихэнд нь хутгаар зүсэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.А-ын үйлдлийн улмаас хохирогч А.М-ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь тус тус хөнгөн гэмтэл болох нь ........... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ..... оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 362 дугаартай “...А.Мгийн биед чээжний ар зүүн хэсэг дэх хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-15/, ........... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ..... оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 452 дугаартай “...А.М-ийн биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, зүүн чих, чамархайн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Хуйхны язарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, зүүн чих, чамархайн зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-82/-үүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.А, хохирогч А.М нар нь гэмт хэрэг үйлдэгдэх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь гэрч Б.Э, Ө.Г, О.Т нарын мэдүүлэг болон хохирогч А.М, шүүгдэгч Ж.А нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, болсон үйл явдлыг санахгүй байгаа талаараа мэдүүлсэн мэдүүлэг, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл /хх-64/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх62/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч, хохирогч хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өмнөх хорих ял эдлэж байсан үйл явдлыг ярьж маргалдсанаас болсон гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Ж.А үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, ........... аймгийн Прокурорын газарт гаргасан “Яллагдагч Ж.А миний бие хохирогч А.М-д 300.000 төгрөг төлсөн. Одоо хохирогч гомдол саналгүй болсон, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа  тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-99/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ж.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. 

Шүүгдэгч Ж.А нь Прокуророос санал болгосон 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.А нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Мд эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлж барагдуулсан  болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч А.М нь шүүх хуралдаанд “ Бүсийн оношилгоо эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн хохирол төлбөрийг эмнэлгээс нэхэмжилж байгаа тул 1.014.920 төгрөгийг шүүгдэгч Ж.А-с нэхэмжилж байна...” гэсэн хүсэлтийг нотлох баримтаар нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Ж.А тус хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрч нэг сарын дотор төлөхөө илэрхийлсэн учир шүүгдэгчээс дээрх хохирол төлбөрийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Ж.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүс ч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба  шүүгдэгч Ж.А нь хохирогч А.М-н бие эрх чөлөөнд халдаж, хутгаар хутгалж, зүсэж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүс ч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.А-н хувийн байдлын тухайд 53 настай, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,  урьд ял шийтгүүлж байсан зэрэг болох нь хэрэгт авагдсан хувийн байдлыг тодорхойлсон  нотлох баримтуудаар  тогтоогдож байна.  

Шүүгдэгч Ж.А”-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор байна.

Иймд шүүгдэгч Ж.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Улсын яллагч шүүгдэгч Ж.А-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах  ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан  прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.А оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад 1014920 төгрөгийн төлөх төлбөртэй,  хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар өнгийн бариултай, үзүүр хэсэг мурийсан, бариулын төмөр хадаас унасан эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар ........... аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.А өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Ж.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай, үзүүр хэсэг мурийсан, бариулын төмөр хадаас унасан нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар ........... аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч Ж.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Ж.А нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.М-д хохирол төлбөрт 300.000 /гурван зуун наян мянга/  төгрөг төлсөн болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар  шүүгдэгч Ж.А-с эмчилгээ, ор хоногийн хохирол төлбөр 1.014.920 /нэг сая арван дөрвөн мянга есөн зуун хорь/ төгрөгийг гаргуулан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд  хохирогч, иргэний нэхэмжлэгч Б овгийн А.М /........... аймаг ........... сум 1 дүгээр баг ............тоот, регистрийн дугаар .............../-д олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор ........... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ж.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ