Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 798

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/00163 дугаар шийдвэртэй, “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Отгондашид холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 26 150 758 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтайван, С.Бямбацэцэг,

Хариуцагч С.Отгондаш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус банк нь 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 08 тоот зээлийн болон барьцааны гэрээг хариуцагчтай байгуулж 50 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 21.6 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баян цагааны 9 дүгээр гудамж 17а тоот 85,25 м.кв талбайтай Ү-2201015731 гэрчилгээтэй, 000051336 дугаар бүртгэлтэй хувийн сууц болон 18636315723076 нэгж талбарын дугаартай 615,22 м.кв талбай бүхий Г-2201001599 улсын бүртгэлийн 000030218 гэрчилгээний дугаартай газар, 58-35 УНБ улсын дугаартай FV50JUZ520160 арлын дугаартай, 04-99 УНР улсын дугаартай, GRS1825028365 арлын дугаартай, 65-77 УН улсын дугаартай 120825264А арлын дугаартай тээврийн хэрэгслүүдийг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болно.

Гэвч зээлдэгч 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс үндсэн зээл 29 756 444 төгрөг, хүү 19 689 334 төгрөг төлсөн ба үндсэн зээл болон зээлийн хүүний үлдэгдлийг графикийн дагуу төлөөгүй байна. Иймээс зээлдэгч С.Отгондашаас барьцаа хөрөнгө болон бусад орлого, хөрөнгөөс өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй үндсэн зээл 20 243 555 төгрөг, зээлийн хүү 4 922 669 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 984 533 төгрөг, нийт 26 150 758 төгрөгийг тус банкинд гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч С.Отгондашаас 26 150 758 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288 704 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч С.Отгондашаас 288 704 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

С.Отгондаш миний бие Капитал банкнтай 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 08 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг зээлж хэвийн төлөлттэй явж байгаад 2016 оны өвөл бизнесийн үйл ажиллагаа доголдож төлөх боломжгүй байдал үүссэн. Гэвч мөнгөтэй болсон үедээ төлдөг байсан бөгөөд Капитал банк 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Мэдэгдэл өгсөн ба уг мэдэгдэлд үндсэн зээл 12 963 922 төгрөг, зээлийн хүү 894 813 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95 500 төгрөг гэсэн байсан. Банкны эдийн засагчтай уулзахад үндсэн зээлээ төл гэсэн. Түүнээс хойш 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 2 400 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2 500 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэл гаргасан талаар огт хэлээгүй, шүүхээс мэдэгдэх хуудас ирэхэд мэдсэн, нэхэмжлэл гаргаснаас хойш 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 2 200 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 2 000 000 төгрөг төлсөн.

Гэтэл анхан шатны шүүх надаас 26 150 758 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэлийг хүлээн авсныхаа дараа Капитал банктай уулзаад хариу тайлбараа өгөх гэтэл шүүгчийн туслах 14 хоногийн хугацаа хэтэрсэн гээд аваагүй. Тэгээд би Сэлэнгэ аймгийн Найрамдал суманд ажлаар 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр явсан үеэр шүүх хуралдаан зарлагдсан байсан бөгөөд мэдэгдэх хуудсыг хүлээн аваагүй байхад авсан мэтээр гарын үсгийг зурсан байсан. Мэдэгдэх хуудас дээрх гарын үсэг минийх биш. Би утасны сүлжээ байхгүй газар байсан бөгөөд сумын төвд очоод охинтойгоо утсаар ярихад “шүүх хуралтай гэж ээждээ хэлээрэй” гэж хүн ярьсан талаар хэлсэн. Би маргааш нь Сэлэнгэ аймгийн төвд очоод шүүгчийн туслахтай ярихад “өнөөдөр шүүх хурал болно” гэж хэлсэн бөгөөд очиж амжихгүй талаар хэлэхэд “тэр хамаагүй шүүх хурал болно, та ирж оролцох ёстой, хойшлуулах боломжгүй” гэсэн. Шүүх миний хуульд заасан эрхээ эдлэх боломж олгоогүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч С.Отгондашаас зээлийн гэрээний үүрэгт 26 150 758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эсэх болон татгалзлаа илэрхийлсэн хариу тайлбар ирүүлээгүй гэх үндэслэлээр шүүх уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэжээ.

Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн гэж үзсэн боловч хариуцагч энэ талаар мэдэгдээгүй, баримтад гарын үсэг зураагүй, хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэж давж заалдах гомдол гаргасан байна.

Хуулийн дээрх заалтаар шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлэх журмыг тогтоон, шаардлагатай тохиолдолд утас болон бусад хэлбэрээр мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байхаар зохицуулжээ.

2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр болох шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн мэдэгдэх хуудас нь шүүгчийн гарын үсэггүй, уг мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хүний гарын үсэг гэх хэсэгт “Отгондаш” гэсэн нэр бүхий бичвэр байгаа зэргээс үзвэл шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй байх бөгөөд түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай зөрчилдөж байна.

Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэл болон шийдвэрийн огноо зөрүүтэй, хэргийн баримтаар нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлага гаргаагүй байхад хүсэлт шийдвэрлэх шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт уг шаардлагаасаа татгалзсан гэх агуулгаар тодорхойлж нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Отгондаш хэрэгт авагдсан нотлох баримттай огт танилцаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох зэрэг хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримт болон хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч С.Отгондашийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/00163 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288 704 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Т.ТУЯА