Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 327

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

   Нэхэмжлэгч: Б.Ө ы нэхэмжлэлтэй, 

   Хариуцагч: ЧДЗД д холбогдох

   Нэхэмжлэлийн шаардлага: “ЧДЗД ын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/466 дугаар захирамжийн Ж.Б т холбогдох хэсгийн Б.Ө ы өмчлөлийн газартай давхцаж буй газрын хэмжээгээр хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б , хариуцагч хариуцагч ЧДЗД ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ө , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б  нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ө  болон түүний төрсөн аав Б.Б  нар нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 78 дугаар гудамж, 802 тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий  газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалттайгаар, 1972 оноос хойш өнөөдрийг хүртэл хууль ёсоор өмчлөн амьдарсаар ирсэн. 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус газрыг Б.Б гаас өөрийн төрсөн хүү Б.Ө д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, Г-2202000173 дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас авсан.

Гэтэл манай газрын болон хашааны хойд талын айл болох Ж.Б  нь газрын маань хойд хэсгээс ойролцоогоор 1м 53см зайд дотогш нэвтрэн хашаагаа ахиулан барьж, шаардлага тавьж байсан боловч шаардлагыг маань хүлээн авахгүй байсан ба Ж.Б  нь 2017 оноос эхлэн “манайх албан ёсны бичиг баримттай, энэ хэсэг газар манай эзэмшлийн газар” гэж  мэдэгдэх болсон. Үүний дагуу нэхэмжлэгч миний зүгээс Нийслэлийн Засаг даргад албан ёсоор 2017 оны 09 дүгээр сард хандахад 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/3712 дугаар албан бичгээр хариу өгсөн бөгөөд иргэн Жанчивдорж овогтой Б т тус газрыг өмчлөгч миний газартай давхардуулан ЧДЗД ын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/466 дугаар захирамжаар эзэмшүүлсэн болохыг мэдсэн.

Иймд 1972 оноос хойш эзэмшиж, өмчилсөн газрын тодорхой хэсэгтэй давхцуулан үндэслэлгүйгээр Ж.Б т газар эзэмшүүлсэн байх тул ЧДЗД ын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/466 дугаар захирамжийн Жанчивдорж овогтой Б т холбогдох хэсгийн Б.Ө  миний өмчлөлийн газартай давхцаж буй газрын хэмжээгээр хүчингүй болгож өгнө үү.

Тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаа тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан ийнхүү нэхэмжлэлээ гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Г.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Б гийн нэхэмжлэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сурагчийн 78 дугаар гудамж 882б хаягын дугаартай 300 м.кв талбай бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн а/466 дугаар захирамжаар иргэн Жанчивдоржын Б т иргэний ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б д тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, сурагчийн 78 дугаар гудамж 882 хаягын дугаартай 700 мкв талбай бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2003 оны 322 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна.

Дүүргийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3 “Монгол Улсын  иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх” гэж заасны дагуу, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 “энэ хуулийн 21.2.3-т тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”-д заасны дагуу өөрийн эрхлэх асуудлын хүрээнд бүрэн эрхийн хүрээнд 2014 оны А/466 дугаар захирамжаар иргэн Ж.Б т 300 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн.

Дээрх газруудыг дүүргийн Газрын албаны мэдээллийн сангаас шүүн үзэхэд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”-д заасныг зөрчөөгүй бөгөөд ямар нэгэн давхцалгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ЧДЗД ын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/466 дугаар захирамжийн Ж.Б т холбогдох хэсгийн Б.Ө ы өмчлөлийн газартай давхцаж буй газрын хэмжээгээр хүчингүй болгуулах” [1]  нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 7946 дугаар захирамжаар иргэн Ж.Б ыг гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. Гэвч  иргэн Ж.Б  2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Монгол улсын хилээр гарсан болох нь Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2-5а/514 дүгээр лавлагаагаар[2] нотлогдож байна.  

Иймд гуравдагч этгээд Ж.Б ыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Нийслэлийн Засаг даргын 2003 оны 322 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сурагчийн 78 дугаар гудамж, 882 тоот дугаартай 700 мкв

талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэн Б.Б д эзэмшүүлж, 2003 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр тус газрыг өмчлүүлж шийдвэрлэжээ.[3] Иргэн Б.Б  тус газрыг өөрийн төрсөн хүү Б.Ө д бэлэглэсэн байх ба 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 000343266 дугаар гэрчилгээгээр[4]  нэхэмжлэгч Б.Ө ы өмч болсон байна.

ЧДЗД ын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/466 дугаар захирамжаар Жанчивдорж овогтой  Б т Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 78-882б тоотод ахуйн зориулалттаар 300 м.кв газрыг эзэмшүүлжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс иргэн Ж.Б т эзэмшүүлсэн газар нь миний хүүгийн өмчлөлийн газрын хойд хэсгээр давхцаж байгаа тул давхцсан хэсгээр газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгохоор маргаж байна.

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 128/ШЗ2018/0500 дугаар захирамжаар[5] Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг шинжээчээр томилжээ.

Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд[6] “... нэгж талбарын 18642317003214 дугаар бүхий 700 м.кв талбайтай газар нь иргэн Б.Ө  /РД:71022018/-ийн нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр

Нэгж талбарын 18+42317005231 дугаар бүхий 293.13 м.кв талбайтай газар нь иргэн Ж.Б  /РД:71051175/-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр тус тус бүртгэлтэй байна. Дээрх мэдээллийн сангийн зурган мэдээлэлд давхцалгүй бүртгэгдсэн байна.

            ... Ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнг Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2017 оны 04 дүгээр сарын зурган мэдээлэлтэй давхцуулахад

            Иргэн Ж.Б  нь бодитойгоор хашаалан эзэмшиж буй 287.4 м.кв талбайтай газар нь нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд 293.13 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн газрын хил заагаар хашаалаагүй байх ба иргэн Ө ы өмчилж буй /нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн/ 700 м.кв талбайтай газартай байршлын хувьд 21.95 м.кв талбайгаар давхцаж байна.

            Иргэн Б.Ө  нь бодитойгоор хашаалан эзэмшиж буй 692.26 м.кв талбайтай газар нь нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд 700 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн /өөрийн өмчилж буй/ 700 мкв талбайтай газрын хил заагаар хашаалаагүй байх ба иргэн Ж.Б ын эзэмшиж буй /нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн/ 293.13 м.кв талбайтай газартай байршлын хувьд 2.09 м.кв талбайгаар давхцаж байна” гэжээ.  

Шинжээчийн дүгнэлтээс харвал нэхэмжлэгч Б.Ө  болон гуравдагч этгээд Ж.Б  нарын газар нь газрын албаны мэдээллийн санд буюу кадастрын зургийн хувьд өөрөөр хэлбэл ЧДЗД ын захирамжаар давхцалгүй байна. Харин нэхэмжлэгч Б.Ө  болон гуравдагч этгээд Ж.Б  нар нь өөрсдийн кадастрын зургийн хэмжээгээр бус кадастрын зурагт заасан хэмжээгээр бариагүйгээс дээрх маргаан үүсэх үндэслэл болжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гарган, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.3 дахь заалтад “Монгол Улсын иргэд өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийн 21.5.3 дахь заалтад “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.1 дэх заалтад “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заажээ. ЧДЗД  нь өөрийн эрх хэмжээний хүрээнд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/466 дугаар захирамжийг гаргасан байх тул ЧДЗД ын буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна.

Иймд “ЧДЗД ын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/466 дугаар захирамжийн Ж.Б т холбогдох хэсгийн Б.Ө ы өмчлөлийн газартай давхцаж буй газрын хэмжээгээр хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч Б.Ө  нь газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.1 дэх заалтад тус тус зааснаар “ЧДЗД ын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/466 дугаар захирамжийн Ж.Б т холбогдох хэсгийн Б.Ө ы өмчлөлийн газартай давхцаж буй газрын хэмжээгээр хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, шинжээчийн зардалд урьдчилан төлсөн 479,491 /дөрвөн зуун далан есөн мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулсугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ӨЛЗИЙЖАРГАЛ


[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 67 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 36 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн  70 дугаар хуудас

[6] Хавтст хэргийн 98-106 дугаар хуудас