Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 05

 

 Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга                      Г.Эрдэнэбат

            Прокурор                                           С.Ариунаа

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                    М.Энхтуяа

            Шүүгдэгч                                            Б.Б нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох эрүүгийн 1721001390083 дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1991 оны 11 сарын 30-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “У” салонд үсчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 1-7 насны 2 хүүхдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын  дүгээр баг .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт Бийн Б.

Шүүгдэгч Б.Б нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Онцгой байдлын алба”-ны урд талын зам дээр 2017 оны 8 сарын 26-ны өдрийн орой 20 цагийн орчимд 06-69 УНЗ улсын дугаартай “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Мг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаа шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Х овогт Бийн Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж;

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж;

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Б.Баас 3357455 /гурван сая гурван зуун тавин долоон мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөг гаргуулан хохирогчийн төлөөлөгч Д.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны 30000000 /гучин сая/ төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600000 /зургаан зуун мянга/ төгрөг, түлшний зардлын тооцооны алдаанаас илүү бодсон 151200 төгрөг /нэг зуун тавин нэгэн мянга хоёр зуу/ нийт 30751200 /гучин сая долоон зуун тавин нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс битүүмжилсэн 6000000 /зургаан сая/ төгрөгийн үнэ бүхий “Тоёота королла” маркийн 06-69 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 700 м2 газрын түүнд оногдох хэсгээс хохирлыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авч;

Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины шил арчигчны резин 1 ширхэг, Тоёотой компани никел лого 1 ширхэг зэргийг устгаж, шүүгдэгчийн эзэмшлээс 06-69 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 700 м2 газраас түүнд оногдох хэсгийг битүүмжилсэн Прокурорын 2017 оны 10 сарын 03-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид, жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “... Миний бие хийсэн хэргийн гэм буруугаа хүлээж, харамсаж байгаа, хохирлын баримтаар нотлогдсон гэсэн хэсгийг төлсөн. Мөн би шүүхэд хохирлыг төлнө гэдгээ удаа дараа хэлж байсан. Шүүхээс надад 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хөнгөрүүлж өгнө үү. Би шүүхийн шийтгэх тогтоолоор төлөхөөр шийдвэрлэсэн мөнгийг төлсөн. Хохирогч нараас чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгаа. Миний ар гэрт 1-7 насны 2 хүүхэд, өнөө маргаашгүй төрөх эхнэр маань үлдэж байгаа. Энэ бүхнийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өөрчилж өгнө үү. Ялыг минь тэнсэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Бд заавал хорих ял оногдуулах шаардлагагүй байсан. Шүүгдэгч анхан шатны шүүх хуралд ч гэм буруугаа хүлээж, хохирлоо төлсөн байсан. Цаашид ч гарах хохирлыг төлнө гэдгээ амлаж байсан. Хэрэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр үйлдэгдсэн бөгөөд замын хөдөлгөөний дүрэмд заасан зөрчлийг зорчигчид ямар байдлаар зөрчсөн болохыг шинжээчийн дүгнэлтэд тусгасан. Хохирлын талаарх бичиг баримтын бүрдэл дутуу, эргэлзээ төрүүлэхүйц нотлох баримт байна гэдгийг өмгөөлөгч миний бие шүүхэд хандаж санал болгож, баримтыг бүрдүүлсний дараа төлж болох юм гэсэн санал тавьсан. Гэтэл хохирол төлөөгүй гэж 1 жил 6 сарын хорих ял оногдууллаа. Хувийн байдлын хувьд огт архи хэрэглэдэггүй, маш төлөв томоотой, гэр бүлтэй 2 хүүхэдтэй, эхнэр нь 1 сард төрөх гэж байгаа үсчний ажил хийдэг. Иймд шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан төлбөрийг төлж барагдуулсан, чин сэтгэлээсээ харамсаж, гэмшиж байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг тэнсэж өгнө үү” гэжээ.

Прокурор С.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогч гомдолгүй гэж байгаа болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэхэд татгалзах зүйлгүй гэв.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх Б.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

            Шүүгдэгч Б.Б нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Онцгой байдлын алба”-ны урд талын зам дээр 2017 оны 8 сарын 26-ны өдрийн орой 20 цагийн орчимд 06-69 УНЗ улсын дугаартай “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Мг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дурдвал: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн төлөөлөгч Д.Эы мэдүүлсэн: “Д.М миний төрсөн ах бөгөөд манай ах надтай хамт амьдардаг байсан юм. Хэрэг болдог өдөр буюу 2017 оны 08 сарын 26-ны өдөр 15 цагийн орчимд гэрээсээ гараад хажуу айл руу орсон. Би 18 цагийн орчимд ахыг дуудаад  “Бороо орох гэж байна, гэртээ ор”  гэж хэлэхэд удахгүй орлоо гэж хэлэхэд хажуу айлын Ш гэх хүн “Дүү чинь дуудаад байна” гэж дуугарч байсан. ... Хажуу айл руугаа орж асуухад түрүүхэн гараад явсан гэхээр нь ахынхаа утас руу залгасан боловч холбогдох боломжгүй байсан. ...Гайхаад хүлээж байхад гаднаас цагдаагийн алба хаагч нар орж ирээд осолд орсон гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

Хохирогчийн төлөөлөгч Д.Эны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2017 оны 8 сарын 26-ны орой манай ах хажуу айл руу орохоор явсан. Тухайн үед эхлээд бага зэргийн бороо орж байснаа сүүлдээ бороо их ороод эхлэхээр нь хажуу айлын хүнээс ахыг асуутал байхгүй гараад явсан гэж хэлсэн. Тэгээд гэртээ хүлээнгээ ахын дугаар руу залгахад утас дуудсан хэрнээ авахгүй байсан. Удаагүй манай гэрт хоёр цагдаа орж ирээд ахын өмссөн хувцасыг нь хэлж “энэ хүн танайд байдаг уу” гэж асуухад тухайн өдөр ахын өмсөж явсан хувцас мөн байсан тул тэр хоёр цагдаа намайг дагуулж явсан. Очоод хартал ах мөн байсан. ... Өнөөдрийн байдлаар Бс 8640000 төгрөг авсан байгаа. Одоо үлдэгдэл 4800655 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

 Гэрч Э.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...06-69 УНЗ улсын дугаартай “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгслийг манай нөхөр Б.Б бариад зүүнээс баруун тийшээ чигтэй төв замаар Онцгой байдлын урд талд явж байхад гэнэт юм мөргөх шиг чимээ гараад би хүн мөргөчихлөө гэж хэлээд айгаад машинаас буухгүй сууж байхад манай нөхөр бууж хараад ослын тэмдэг тавиад түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй түргэн тусламж ирээд тухайн хүнийг аваад явсны дараа цагдаагийн ажилтнууд ирсэн. Тэр үед 40-50 км цагийн хурдтай л явж байсан байх. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...” /хх-ийн 46/ гэх мэдүүлгүүд,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны “... Талийгаач нь их тархины баруун зүүн дух, зулайн урд хэсэг, бага тархины дээд болон ар хэсэг, уртавтар тархи, гүүр хэсэг тойрсон зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, гавлын ясны зулайн баруун хэсгээс урагш баруун нүдний ухархайн дээд хана гавлын урд хонхорлуу үргэлжилсэн шугаман хугарал гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь 1-р бүлгийн харьяаллын цустай байна. Талийгаачид хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд 1.2 промилли процент спиртийн алкоголь илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэг болно гэх 2017 оны 9 сарын 08-ны өдрийн 83 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт ” /хх-ийн 63-69/,

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн "Явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д ”Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота королла маркийн 06-69 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д ”Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.1-д ”Жолооч хөдөлгөөний эрчим замын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Замын болон цаг агаарын нөхцөлд хөдөлгөөний үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг тохируулж яваагүйгээс осол гарах шалтгаан болсон гэж үзлээ. Тоёота королла маркийн 06-69 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээс ослын үед тоормосны мөр илрээгүй байх тул аргачлалын дагуу хурдыг тогтоох боломжгүй байна. Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвөөс жолоочийн цахим сангийн лавлагаа авахад /ЖЯ91113039/ регистрийн дугаартай, Б овогтой Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. Материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Тоёота королла маркийн 06-69 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэсэн 2017 оны 9 сарын 12-ны өдрийн 36 дугаартай дүгнэлт /хх-ийн 52/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-15/, Зам тээврийн ослын схем зураглал, акт /хх-ийн 16-17/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-73/, Хохирогчийн төлөөлөгчийн хохирол нэхэмжилсэн талаарх баримтууд /хх-ийн 99-170, задгай 18 хуудас баримт/, Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 84-85/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна.

Шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл бүхий нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчигдөөгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бгийн гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт  хэрэг үйлдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулжээ.

Гэвч шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн өмгөөлөгч Т.Энхболдын шүүхэд ирүүлсэн “... Өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй ярилцахад түүний анх удаа санамсар болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, уг хүн нь төлөв томоотой, дахин давтан гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэж ойлгож улмаар цаашид хууль ёсны төлөөлөгч миний ар гэрт дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэж итгэж түүнд оногдуулсан хорих ялыг зааавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй. Иймд дээрх нөхцөлүүдийг харгалзан ...хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбар, тус шүүх хуралдаанд оролцсон прокуророос “...Б.Бд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэхэд татгалзах зүйлгүй” гэсэн тайлбар, дүгнэлт зэргийг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлуудыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой гэж үзэв.

Энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авч хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэг, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Бийн Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Бийн Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 6 дахь заалтуудыг бүхэлд нь, мөн 7 дахь заалтаас << шүүгдэгчийн эзэмшлээс 06-69 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 700 м2 газраас түүнд оногдох хэсгийг битүүмжилсэн Прокурорын 2017 оны 10 сарын 03-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсэн хэсэг >>-ийг тус тус хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “Оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас нийт 71 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг шүүхийн танхимаас нэн даруй сулласугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.НАРАНБАЯР                         

                  ШҮҮГЧИД                                                С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                   Ж.ДОЛГОРМАА