Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 06

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Прокурор Л.баяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Хохирогчийн төлөөлөгч *******, ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн төлөөлөгч *******, *******, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлуудаар *******д холбогдох эрүүгийн 201711000194 дугаартай хэргийг 2018 оны 1 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ээж 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ******* овогт *******ын ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь -Оросын Хувь Нийлүүлсэн “Улаанбаатар Төмөр Зам” Нийгэмлэгийн түмэн тасгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг “” гэх газар байсан 450 метр төмөр зам, нэг иж бүрдэл суман шилжүүлгийг өөрийн өмч мэтээр бусдад итгэл үнэмшил төрүүлэн, хуурч мэхлэх аргаар авч бусдад зарж борлуулан тус нийгэмлэгт 25,855,867 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Энхбаатар шүүгдэгч *******ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч *******ийг бусдад үнэмшил төрүүлэн, хуурч мэхлэх замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож;

2/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж;

3/ Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч;

4/ Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар *******д тэнсэгдсэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэн;

5/ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эс гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд 25,855,867 төгрөгийг гаргуулан хохирогч -Оросын Хувь Нийлүүлсэн “Улаанбаатар Төмөр Зам” Нийгэмлэгт олгож;

6/ Шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдан, *******ийн иргэний үнэмлэхний лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр тогтоож;

7/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдан, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн төлөөлөгч *******, ******* нар давж заалдах гомдолдоо: Шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр гомдолтой байна. Үүнд:

1/ Вендо ХХК-аар хөрөнгийн үнэлгээ хийлгэсний зардал болох 80,000 төгрөгийг хэрэг бүртгэлтийн явцад “Улаанбаатар төмөр Зам” нийгэмлэгээр төлүүлсэн атлаа уг мөнгийг шүүгдэгч *******эс гаргуулаагүй орхисон нь буруу байна. Нөгөөтэйгүүр, үнэлгээний тайланд “Худалдагч худалдан авагч хоёр хоёулаа хэлцэлд сайн дураараа оролцож гадны аливаа шахалт дарамтгүйгээр хөрөнгийг мөнгөөр эсвэл түүнтэй адилтгах зүйлээр худалдан авсан үнийг баримжаалан тооцоолсныг хөрөнгийн зах зээлийн үндэслэлтэй өртөг гэнэ. Бид үнэлэгдэж буй бараа бүтээгдэхүүний өртгийг тогтооход энэхүү жишиг үнийг баримжаалав” гэж тодорхойлсон атлаа хавтас хэрэгт байгаа “******* нь зөвхөн суман шилжүүлгийг 17,000,000 төгрөгөөр ХХК-д худалдсан, мөн ХХК нь ХХК-д 275 метр замыг нэг суман шилжүүлгийн хамт 157,000,000 төгрөгөөр барих гэрээ хийсэн” зэрэг нөхцөлүүдийг харгалзаагүй бодит бус үнэлгээ хийсэн байна.

2/ Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 556 дугаар шүүгчийн захирамжаар товлосон мөртлөө бидэнд мэдэгдэлгүйгээр мөн өдрөө хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-т заасан нөхцөл бололцоогоор хангаагүй.

3/ -Оросын Хувь Нийлүүлсэн “Улаанбаатар Төмөр Зам” Нийгэмлэгийн даргаас тус эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр *******, ******* нарыг томилсон итгэмжлэл хүчин төгөлдөр байсаар атал хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг танилцуулаагүй, энэ талаар баримт байхгүй байхад шүүх хурлыг хийсэн.

4/ “Улаанбаатар Төмөр Зам” Нийгэмлэгээс нарын нэр бүхий ажилтнуудад холбогдуулан гаргасан гомдлоор үүссэн тус эрүүгийн хэрэгт нэр бүхий ажилтнуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хэрхэн шийдвэрлэсэн талаархи шийдвэрийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 2-т заасан журмыг зөрчсөн үйлдэл болсон. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолдоо: “Вендо” ХХК-ийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. ийн төмөр замыг барихдаа өмнө ашиглагдаж байсан рейс төмөр, суман шилжүүлэг, эд анги, дэр модыг ашигласан болох нь баримтаар нотлогдсон. Гэтэл бүгдийг 100 жил ашиглагдах ёстой, түүнээс 1999 онд ийн төмөр замыг ашиглалтанд орсноос хойших 18 жилийн элэгдлийг хасаж тооцон үнэлгээ гаргасан нь үндэслэлгүй болсон. Иймд хохирол төлүүлэх заалтыг хүчингүй болгож, хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр хэлэлцэхгүй орхиж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор Л.баяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

*******д холбогдох хэргийн мөрдөн байцаалт болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарахад сөргөөр нөлөөлсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй байна.

Хэргийн материалаас үзвэл хохирогчийн төлөөлөгч ******* 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлэг гаргахдаа “ийн ачилт буулгалтын 450 метр зам, 1 ком суман шилжүүлгийн материалын үнийн тооцоог 35,299,458 төгрөг гэж тодорхойлсон. Энэ мөнгийг буруутай этгээдүүдээс нэхэмжилнэ. Мөн уг замыг сэргээх ажлын зардлын тооцоо 11,648,061 төгрөгийг нэмж нэхэмжилнэ” гэсэн байна /2-р хх-ийн 156-р тал/. Мөн 2-р хавтаст хэргийн 174-р талд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн огноотой, Улаанбаатар Төмөр Замын түмэн Тасгийн тэмдэгтэй, 450 метр зам, 1 ком суман шилжүүлгийн материалын үнийн тооцоо гэх баримтад хуулж авсан төмөр замын материалуудыг жагсаан нийт үнийг 35,299,458 төгрөгөөр тодорхойлсны дотор суман шилжүүлгийн үнийг 7,800,000 төгрөгөөр тусгажээ. Ингэхдээ модон дэр, сумын дүнз гэх модон эдлэлүүдийн үнийг ширхэгээр, төмөр эдлэлүүдийн үнийг тонноор тодорхойлсон байна. Эд зүйлийн үнэлгээ нь тусгай мэргэжил шаардах асуудал учраас мөрдөн байцаагч хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээч томилсон тогтоолд хохирогч талаас гаргаж өгсөн дээрх үнэлгээг “үнийн талаархи эзэмшигчийн санал” гэсэн хэсэгт тусгасан байна. /3-р хх-ийн 69-р тал/. Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний мэргэжилтнүүд модон эдлэлийг ширхэгийн үнээр, төмөр эдлэлүүдийг тонны үнээр зах зээлийн ханшаар үнэлж нийт 25,855,876.4 төгрөгөөр үнэлсэн байна. /3-р хх-ийн 72-79-р хуудас/. Улмаар прокурор дээрх үнэлгээг үндэслэн яллагдагчаар татах тогтоолын хохирлын үнийн дүнд хамаарах хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулан, хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлджээ.

Гэвч энэхүү үнэлгээний материал, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан прокурорын тогтоолыг хохирогч талд танилцуулаагүй байна. Хохирогчийн төлөөлөгч 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хэргийн материалтай танилцсан байх боловч үнэлгээний талаархи шинжээчийн дүгнэлт үүнээс хойш буюу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гарсан, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах прокурорын тогтоол 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гарснаас үзэхэд тэрээр үнэлгээний талаархи шинжээчийн дүгнэлт, тайлан, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан прокурорын тогтоолтой танилцаагүй байна. /3-р хх-ийн 133-р тал/

Мөн анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяагийн гаргасан хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, үнэлгээтэй холбоотой дахин шинжээч томилох шаардлагатай эсэх зэрэг асуудлыг хэлэлцэхдээ хохирогчийн төлөөлөгчид шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн талаар мэдэгдээгүй, хохирогч талыг оролцуулаагүй байна.

Шинжээчийн дүгнэлт, хэргийн зарим материалыг хохирогч талд танилцуулаагүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч талыг оролцуулаагүй явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан шинжээчийн дүгнэлттэй танилцах хохирогчийн эрх, 27.7 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлтийг танилцуулах журам, 32.1 дүгээр зүйлд заасан хавтаст хэргийн материалтай танилцуулах журам, 33.1 дүгээр зүйлд заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах журмыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэхүү зөрчил нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарахад дараах байдлаар сөргөөр нөлөөлжээ. Тухайлбал, шинжээчийн дүгнэлт, хэргийн зарим материалыг хохирогч талд танилцуулаагүй байхад шүүх “Хохирогчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд Вендо ХХК-ийн гаргасан үнэлгээтэй санал нийлэхгүй байна.Улаанбаатар Төмөр Зам Нийгэмлэгт 46,947,519 төгрөгийн бодит хохирол учирсан гэж маргаж байгаа боловч уг үнэлгээний компаний гаргасан үнэлгээ болон яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан тогтоолд гомдол гаргасан талаархи нотлох баримт хэрэгт байхгүй байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Мөн шүүгдэгч ******* нь нэг иж бүрэн суман шилжүүлгийг 17,000,000 төгрөгөөр бусдад зарсан байтал /1-р хавтас хэргийн 53-т/ хохирогчид 5,879,400 төгрөгөөр тооцож буцаан төлөх шийдвэр гарч байгаа нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг гэмт этгээдэд үлдээх үр дагаварт хүргэсэн, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүнийг үнийг гэмт этгээдээс заавал гаргуулж байх зарчим алдагдахад хүрсэн байна.

, , нарыг сэжигтнээр татсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг /3-р хх-ийн 34-36-р тал/ хохирогч талд мэдэгдсэн баримт хэрэгт байхгүй байна. Прокурорын уг шийдвэр нь , , нарын хувьд хэрэг бүртгэлтийн хэргийг хааж буйтай нэгэн адил үр дагавар үүсгэсэн байх тул энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хохирогч талд мэдэгдэн, гомдол гаргах эрхийг нь хангах ёстой юм.

Дээр дурдсан үндэслэлээр хохирогчийн төлөөлөгч *******, ******* нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөний улмаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяагаас гаргасан “хохирлыг иргэний журмаар хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД Б.СҮХГОМБО

Л.НАРАНБАЯР