Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 328

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

   Нэхэмжлэгч: “С ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

   Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын улсын байцаагч Б.Т , Б.Н нарт холбогдох

   Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 243052 дугаар актын Тогтоох хэсгийн хоёр дахь заалтын 2010 оны 3,711,956,900.07 мянган төгрөгийн, 2011 онд 1,840,110,972.94 мянган төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөөгүй зөрчилд 558,689.0 мянган төгрөгийн татвар, 167,606.7 мянган төгрөгийн торгууль, 171,773.6 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М , хариуцагч Б.Т , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А , Ж.О , прокурор Ч.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ” ХХК-ийн захирал С.Ганбат болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , өмгөөлөгч Г.М  нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2001 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж, санхүүгийн тайлан тэнцэл, орлого зарлагын бүртгэлээ хуулийн дагуу хөтөлсөөр ирсэн.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс манай компанийн 2010 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх явцад НӨАТ-ийн падаантай холбоотой асуудал гарсан учраас манай компани шалгуулахаар Цагдаагийн байгууллагад гаргасан. Эрүүгийн цагдаагийн газраас манай хүсэлтийг хянан үзээд “Нэмэгдсэн өртөгийн албан татварын пааантай холбоотой олон хэрэг гарсан учир Татварын улсын байцаагчийн дүгнэлт гарсны дараа шалгана” гэсэн хариу өгсөн юм.

Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Т , Б.Н нар манай компанийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж дуусаад 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 242384 тоот акт бичиж 580,5 мянган төгрөгийн торгууль тавьсныг нь хүлээн зөвшөөрч төлсөн.

Харин “С ” ХХК нь 2010 онд 45 аж ахуйн нэгжид нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичиж, борлуулалт хийсэн орлого болох 3,711,956,900 мянган төгрөгийг Санхүү болон орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвараас зайлхийсэн” гэсэн 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 240016 тоот дүгнэлт гаргасныг нь манай компани хүлээн зөвшөөрөөгүй учраас Цагдаагийн байгууллагад хандан Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж, хэд хэдэн удаа шинжээч томилон дүгнэлт гаргуулсан боловч хэрэгтнийг олж, хариуцлага хүлээлгэхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Дүүргийн Татварын хэлтсээс болон манай компанийн зүгээс “буруутай этгээдийг олж тогтоон, хариуцлага тооцуулах” тухай хүсэлтийг гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 996 тоот тогтоолтой хэргийг сэргээж, дахин шалгуулж байсан удаатай. Гэвч цагдаагийн байгууллага буруутай этгээдийг олж чадаагүй.

Дээрх асуудлаас үүдэн НӨАТ-ын падаантай холбоотой хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор компанийнхаа 2011 оны санхүүгийн баримт бичигт татварын шалгалт хийлгэхээр Татварын байгууллагад албан ёсоор хандан хүсэлтээ гаргасан.

Хүсэлтийн дагуу шалгаад “танай компанитай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварын 44 ширхэг падааны 1867937.9 мянган төгрөгийн мэдээллээс 13ш хөндлөнгийн мэдээлэлд тодруулга авч, 4500 мянган төгрөгийн мэдээллийг өмнө гаргасан 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 240016 тоот дүгнэлттэй нэгтгэн нийт 5,593,884,000,00 төгрөгийн зөрчилтэй байна” гэж тайлбарлан 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 243052 тоот акт үйлдэн 899.085.100.0 төгрөгийн нөхөн татвар ногдуулахаар шийдвэрлэснийг нь манай компани үл зөвшөөрөн Татварын маргаан таслах зөвлөлд хандсан.

Гэтэл Нийслэлийн Татварын маргаан таслах зөвлөл өнөөдрийг хүртэлх хугацаанд буюу бараг 5 жилийн туршид “шалгаж байна”, “тодруулах асуудал байна” гэсээ нийт 6-7 удаа хуралдахдаа тоймтой шийд гаргахгүй хүлээлгэсээр байсан бөгөөд манай компанийн асуудлыг бидэнд хэлэлгүй, өөрийн санаачлагаар Татварын Ерөнхий Газрын маргаан таслах зөвлөлд шилжүүлсэн байсан.

Нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн хурлын шийдвэрийг ч бидэнд гардуулж өгөөгүй байсаар ТЕГ-ын Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэхдээ манай компанийг буруутган 724,144,331,80 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Манай байгууллагад хийсэн шалгалтыг Татварын байцаагч Б.Н ахалж

243052 тоот актаар их хэмжээний төлбөр тавихдаа НӨАТ-ын падаантай холбоотой асуудалд мөрдөн байцаалт явуулж хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянзүрх дүүргийн прокурорын газрын 996 тоот тогтоолыг үл тоон өөрийн хахууль нэхсэн үйлдлээ нуухын тулд манай компанийг “өөрсдөө санаатайгаар хуурамч баримт үйлдэн, их хэмжээний татвараас нуугдсан” гэж буруутгасан.  

Өмнө нь татварын байцаагч Б.Н хүүхдийнхээ сургалтын төлбөрийг манайхаас төлүүлэх гэхээр нь дүргүйцэн “мөнгө өгөхгүй” гэж маргалдаж байсан удаатай. Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч анхнаасаа манай компанийг буруутган их хэмжээний торгууль төлбөр тавих сонирхолтой байсан талаар бид удаа дараа шат шатны байгууллагад нь мэдэгдэж байсан.

Татварын байцаагч Б.Н манай компанийн буруутайг “хөндлөнгийн эх үүсвэрээр нотолсон” гэдэг боловч хууль зүйн үндэслэлтэй ямар нэгэн нотлох баримт, мэдээлэл байхгүй, судалгаа хийж, баримт цуглуулаагүй атлаа Татварын хууль болон холбогдох журам, заавраа санаатайгаар зөрчин ихээхэн хэмжээний торгууль тавьсан. Тухайлбал асуудалтай гэх НӨАТ-ын падаануудын дугаар нь Татварын байгууллагаас манай компанид олгосон падааны дугаартай тохирохгүй байсан, жагсаалт гаргасан аж ахуйн нэгжүүдтэй манай компани НӨАТ-ын худалдан авалт, борлуулалт хийж байгаагүй. Урьд өмнө нь сонсож мэдэхгүй, хамтран ажиллаж байгаагүй иргэн, аж ахуйн нэгжүүд байсан.

            НӨАТ-ын падаанд бичигдсэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хил гаалиар оруулж ирж байсан эсэх, бусдаас худалдан авалт, таталт хийж байсан эсэх зэргийг судалж үзээгүй байж манай компанийг барилгын материал худалдан борлуулдаг мэтээр хийсвэр дүгнэлт хийж, ажилдаа хайнга хандсанд гомдолтой байна.

            Түүнчлэн Татварын улсын байцааг ч нар 2011 оны НӨАТ-ын падааны жагсаалтыг үндэслэн дүгнэлт бичиж шалгуулах ёстой атал ихээхэн хэмжээний торгуулийн дүн бүхий акт тавьж, хэрэгтнүүдийг шалгах ажиллагааг тасалдуулж, хугацаа алдсанаас манай компанийн эрх ашгийг илтэд дордуулсан.  Учир нь : Манай падааныг хуурамчаар хийсэн гэх аж ахуйн нэгжүүд нь бусад байгууллагын падааныг ч гэсэн ашигласан болох нь Цагдаагийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдоод холбогдох хариуцлагаа хүлээн улсад учруулсан хохирлоо төлсөн байсан. Зарим нь бүр ял шийтгэгдээд явсан. Гэтэл хугацаа алдсанаас тэдгээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд хуулийн байгууллагаас зугатах боломж гаргаж өгсөн гэж үзэж байгаа.

            Асуудлыг нарийн шалгаж, хууль бус баримт үйлдэн татвараас зугтсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн буруутай үйл ажиллагааг олж тогтоон, тэдэн хариуцлага хүлээлгэхийн оронд манай компанийг буруутган, хийгээгүй үйлдэлд хэлмэгдүүлж олон жилийн турш чирэгдүүлэн “Борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөөгүй гэх зөрчилд хариуцлага ногдуулах нь хууль зүйн үндэслэлтай байна” гэж дүгнэн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан “Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүргээ биелүүлээгүй гэж үзсэн.

            Гэтэл манай компани хэзээ ч барилгын материал худалдан ашиг олж байгаагүй учир олоогүй орлогоо тодорхойлж, татвар төлөх боломжгүй төдийгүй НӨАТ-ын падааныг хуулбарлан олшруулсан гэдгийг нь цагдаагийн байгууллагын шинжээчийн дүгнэлтээр нотолж, компани болон холбогдох ажилтнуудыг гэм буруугүй болохыг нотолсоор байхад Татварын байгууллагаас илтэд буруутгаж байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

            45 аж ахуйн нэгжтэй холбоотой НӨАТ-ын падааны асуудлыг бид өөрсдөө мэдээгүй байсан учраас мэдсэн дороо буюу 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1-126 тоот албан бичгээр уг асуудлыг шалгуулахаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хандан “... дээрх барилга угсралтын компаниудад олгосон НӨАТ-ын падаан нь Татварын хэлтсээс авсан манай дугаарын падаан биш байгаа тул компанийн нэрийг ашиглан хууль бус үйлдэл хийж байгаа этгээдийг хайж Татварын байцаагчтай хамтран ажилласан боловч илрүүлж чадаагүй тул уг этгээдийг олж тогтоон, хариуцлага хүлээлгэж өгнө үү ...” гэсэн албан бичгийг өгсний дагуу ажиллагаа хийгдэж байсан.

            2011 оны 09 сарын 26-ны өдрийн 240016 тоот ДҮГНЭЛТИЙН тухай: Дээрх 242384 тоот акт гарсны дараа Татварын байцаагч Б.Т , Б.Н нар 2011 оны 09 сарын 26-ны өдөр 240016 тоот Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж манай компанийг 2010 оны 45 аж ахуйн нэгжид нэмэгдсэн өртгийн падаан бичиж, борлуулалт хийсний орлого 3,711,956,9 мянган төгрөгийг санхүүгийн анхан шатны тайлан тэнцэлд тусгаагүй, татварт ногдох орлогод тооцоогүй, татвар төлөөгүй гэж үзэн Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “...33.2.6 Татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэл хийлгэхээр дүгнэлт бичих: ..” гэсний дагуу Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж, цагдаагийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзлээ.. гэсэн байсан.

            Энэ дүгнэлт гарч байх үед Татварын байцаагчийн хүсэлтээр бус манай компанийн хүсэлтээр Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хийгдэж НӨАТ-ын падаантай холбоотой хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж, прокурор хяналт тавьж байсан.

            Манай компанийн зүгээс энэ гэмт хэрэгтнийг илрүүлэх талаар өөрөөс шалтгаалах бүхнийг хийсэн ба өөрсдийн олсон мэдээллээ Цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байсан. Тухайлбал: Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст 2011 оны 11 сарын 24-ний өдөр 1/216 тоот албан бичгээр... компанийн нэрээр НӨАТ-ын хуурамч падаан ашигласан хэрэгт падаан авсан “Төгсгүрэн” ХХК болон түүний захирал Д.Болд нь одоо Баянзүрх дүүргийн татварын хэлтэст шалгагдаж байна, мөн “Алтайн хангай бүрд” ХХК нь хэргийн хамсаатнаа зааж өгсөн байх тул шалгаж өгнө үү гэх мэтээр мэдээлэл өгч, шалгуулж байсан удаатай.

            Манай компани өөрийн нэр хүндээ сэвтээсэн, хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй тул гэм буруутныг олох гэж ихээхэн чармайсан боловч Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 996 тоот Прокурорын тогтоолоор Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

            Баянзүрх дүүргийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 243052 тоот актын тухай: НӨАТ-ын падаантай холбоотой дээрх асуудал гарснаас хойш манай компани 2011 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалдаа анхаарал тавьж, шалгалт хийлгэх хүсэлтийг Татварын хэлтэст хүргүүлснээр дахин шалгалт хийж 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 243052 тоот актаар гаргасан 2011 оны 6994,6 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг тайланд тусгаагүйтэй холбоотой гаргасан 1,015,8 төгрөгийн торгууль алдангийг зөвшөөрч байна.

            Мөн дээр дурдагдсан НӨАТ-ын падаантай холбоотой 2010 оны зөрчил дээр 2011 оны 1874932,5 мянган төгрөгийн зөрчил нэмэгдсэн 2010, 2011 оны зөрчлүүд болох нийт 5,593,884,0 мянган төгрөгийн зөрчилд 899,085,1 мянган төгрөгийн нөхөн төлбөр, алданги торгуулийг төл гэсэн акт гарсан.

            Эрүүгийн хэргийн Цагдаагийн байгууллагаас шалгаж байх үед Шүүхийн шинжилгээний хүрээлэн 2-3 удаа шинжээчээр ажиллахдаа эх баримт байхгүй, хуулбар хувиудаас дүгнэлт гаргах боломгүй байна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байсан.

            Татварын судалгаагаар гарч ирсэн, тухайн НӨАТ-ын падаануудын дугаар нь Дүүргийн татварын хэлтсээс манайд олгосон падааны дугаартай тохирохгүй байсан атлаа манай компанийн санхүүгийн тэмдэг дарагдсан байсан учраас өөрсдийн зүгээс шалтгаалах бүхий л арга хэмжээг авч, өөрсдөө хүсэлт гарган шалгуулсан боловч Дүүргийн прокурорын газраас “С ” ХХК гэмт хэрэгт оролцсон нь нотлогдоогүй буюу “Нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй” гэсэн үндэслэлээр манай компанид холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг дахин хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

            Хэн нэгэн этгээдийн манай компанийн нэр, санхүүгийн тэмдгийг дуурайлган хийсэн хууль бус үйлдлийн хариуцлагыг бид хүлээх үндэслэлгүй байхад татварын байцаагч Д.Н асуудлыг анхнаас  нь илүү няхуур шалгах хүсэлгүй, хувийн сонирхол гаргаж байсан ба биднийг хэл амаа доромжлон, гэмт хэрэг үйлдсэн гэж илтэд гүтгэн “НӨАТ”-ын падаан бичигдсэн борлуулалтыг хийж, олсон орлогоо татвараас нуусан буруутай” гэж хууль, журмаас давсан, эрх мэдлээ хэтрүүлсэн дүгнэлт хийж, акт торгууль тавьсанд гомдолтой байна.

            НӨАТ-ын падааны судалгаагаар гаргаж ирсэн, манайхаас барилгын материал худалдан авсан гэх нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг судлан үзвэл бүгд барилгын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд байсан ба тэдгээр аж ахуйн нэгжүүдтэй манай компани хэзээ ч НӨАТ-ын худалдан авалт, борлуулалт хийж, ямар нэг хэлбэрээр бизнесийн харилцаанд орж хамтран ажиллаж байгаагүй, огт мэдэхгүй, харьцаж байгаагүй аж ахуйн нэгжүүд байсан талаар Татварын байцаагчид мэдэгдсэн. Энэ  талаар шалгах боломж нь татварын байцаагчид нээлттэй байсан.

            Тэгээд ч тухайн падаанд бичигдсэн барилгын материал, бараа бүтээгдэхүүнийг манай компани худалдан борлуулж байгаагүй, хил гаалиар оруулж ирээгүй, бусдаас худалдан авалт, таталт хийж байгааагүй, компанийн харилцах дансууд болон кассанд тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан зарлагын болон борлуулсан орлогын баримт мэдээлэл огт байхгүй байгааг Татварын улсын байцаагч нар сайн мэдсээр байж торгууль тавьсан.

            Дээрх асуудлыг хянан шалгасан Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаар тоот тогтоолын Үндэслэх хэсэгт : ... “С ” ХХК-ийн НӨАТ-ын падаанаар худалдан авалтын хасалт хийсэн гэх нийт 60 аж ахуйн нэгжийн хяналт шалгалтын мэдээллийг татварын албаны бүртгэл мэдээллийн сангаас үзэхэд 7 аж ахуйн нэгжийн хяналт шалгалтын мэдээлэлд “С ” ХХК-ийн НӨАТ-ын хий бичилттэй гэх падааны зөрчилд хариуцлага тооцсон нь хяналт шалгалтын “Fisher” программ дахь мэдээлэл болон татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтээр нотлогдож байна.

            Татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан нийт 5,586,889,400,00 төгрөгийн зөрчлийн дүнгээс илүү тооцсон болон дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааны зөрчлийн дүн болох 775,654,990,00 төгрөгийн зөрчилд ногдуулсан төлбөрийг Татварын маргаан таслах зөвлөлөөс хассан.

            Иймд хууль зөрчин, татвараас нуугдсан тэдгээр аж ахуйн нэгжүүдийн илт хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн байж болзошгүй татварыг манай компаниар төлүүлэхээр их хэмжээний торгууль тавьж, хэлмэгдүүлж байна гэж үзэж байгаа тул Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 243052 дугаар актын Тогтоох хэсгийн хоёр дахь заалтын 2010 оны 3,711,956,900.07 мянган төгрөгийн, 2011 онд 1,840,110,972.94 мянган төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөөгүй зөрчилд 558,689.0 мянган төгрөгийн татвар, 167,606.7 мянган төгрөгийн торгууль, 171,773.6 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Б.Т , Б.НаранТ , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунсүрэн, Э.А  нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд “С ” ХХК нь гаргасан нэхэмжлэлтэй танилцан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь заалтыг үндэслэн дараах тайлбарыг гаргаж байна.

            Татвар төлөгчийн 2650444 тоот регистрийн дугаартай “С ” ХХК-нд холбогдуулан 2010 оны үйл ажиллагаа, татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 24/11/1810 тоот томилолтын дагуу татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг удирдлага болгон хяналт шалгалтын ажлын хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар нийт 45 аж ахуйн нэгжид борлуулалт хийсэн орлог болох 3,711,956,9 мянган төгрөгийг санхүүгийн болон татварын тайланд тусгаагүй зөрчил үйлдсэн байж болзошгүй гэж 240016 дугаар Татварын улсын байцагчийн дүгнэлт үйлдэн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

            “С ” ХХК –нд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Уг шалгалтын явцад 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Шинжээчийн 776/783 тоот дүгнэлт гарсан бөгөөд үүнд “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нэхэмжлэл, хорон хувь баримтуудын хэвлмэл хуудсыг хуулбарлан олшруулах аргаар хэвлэсэн гэх шинж илрээгүй нь харьцуулах шинжилгээнд загвар ирүүлээгүй байх тул хуурамч эсэхийг тогтоох боломжгүй байна” гэж дүгнэсэн.

            2012 онд эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

            Иймд уг шийдвэрт үндэслэн татвар төлөгчийн 2010-2011 оны татварын ногдуулалт төлөлтөд татварын хяналт шалгалт хийх тасгийн даргын олгосон томилолтын дагуу хяналт шалгалт хийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 243052 дугаар Татварын улсын байцаагчийн акт үйлдсэн. Шалгалтаар 5,593,884,0 мянган төгрөгийн зөрчилд илэрсэнд Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт “... дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн заалтыг үндэслэн Татварын улсын байцаагчийн акт бичсэн...

            “С ” ХХК нь 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 243052 дугаар актыг үл зөвшөөрөн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл болон Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл нь 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хуралдан 46 дугаар тогтоолоор Татварын улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэж үзсэнийг Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/130 дугаар тушаалаар баталгаажуулсан.

            Хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 240113007 тоот томилолтыг үндэслэн “С ” ХХК-ний санхүүгийн баримт материал болон тус компанитай холбоотой хөндлөнгийн мэдээллийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн “Эрсдэл статистик”-н тасгаас гаргаж өгсөн хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн хяналт шалгалтын ажиллагааг Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Н нь ахлаж ажил үүргийн хувиарийн дагуу хөндлөнгийн мэдээллийг ашиглан тус аж ахуйн нэгжийн зөрчлийн тооцооллыг Б.Н байцаагч хийж, Татварын улсын байцаагч Б.Т  би тус компанийн цалин хөлс болон төлөлтийг тооцоолол хийсэн.

            Тус компанид бичигдсэн хяналт шалгалтын актын дүнг хөндлөнгийн мэдээлэлтэй дахин тулгалт хийх явцад Татварын улсын байцаагчийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 243052 тоот актаар 2011 онд 1,874,932,500.0 төгрөгийн зөрчил бичигдсэн боловч хяналт шалгалтын актын мэдээллийг хөндлөнгийн мэдээлэлтэй дахин тулгалт хийх явцад анх бичигдсэн актын дүнгээс зөрчлийн дүн 34,821,527.06 төгрөгөөр дутуу зөрж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Прокурор Ч.А шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Татварын улсын байцаагчийн үйлдсэн актын үнийн дүн дээр нэхэмжлэгч компанийн зүгээс маргаж байгаа. Прокурорын зүгээс татварын улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь тухайн үед эрүүгийн хэргийн материалтай ч танилцсан ба хураагдсан падаануудыг харьцуулан шинжээч дүгнэлт гаргасан. Эрүүгийн хэрэгт “С ” ХХК-ийн санхүүгийн дардсыг хурааж авсан байсан. Дардсыг хураагдсан падаануудтай харьцуулсан шинжилгээ хийсэн. Өмнө нь бас хийсэн ба сая дахин шинжилгээгээр падаанууд дээр дарагдсан дардас “С ” ХХК-ийн хураагдсан дардсуудтай тохирч байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт тухайн дардастай тохирч байгаа дугаартай падаанууд нь 2 дугаар заалтад бичигдсэн падаануудтай тохирсон. Хүмүүсийн өгсөн гар бичмэлүүд тухайн дардасны загвартай ижил байсан.

            Дардастай уялдуулж маргаантай падаанд гарын үсэг зурсан байна гэж шинжээчийн дүгнэлтийн 3 дугаар хэсэгтээ байгаа. Өөрөөр хэлбэл хурааж авсан 6 падаан нь “С ” ХХК-иас хурааж авсан дардастай тохирсон. 2222, 2226 дугаартай падааныг бичсэн хүний гарын үсгийг шинжлүүлэхэд мөн таарсан. Өөрөөр хэлбэл 2640, 2674 дугаартай падааныг бичсэн хүн 2222, 2226 дугаартай падааныг бичсэн байна гэж гарсан. 6544, 2642 дугаартай падааныг хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг таарч байгаа. 0061, 6353 дугаартай падааныг хүлээн авсан хүний гарын үсэг ижил байдаг. Дээрх байдлуудаас харвал “С ” ХХК-иас хурааж авсан тэмдэгнийн загвартай бүрэн тохирсон. Харин “С ” ХХК-ийн нягтлан бодогч байсан хүний гарын үсэгтэй харьцуулсан шинжилгээ хийлгээгүй.

            Эдгээрээс дүгнэлт хийвэл “С ” ХХК нь хуурамч падаан ашигласан гэж үзэх үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч компаниас хурааж авсан дардас нь энэ компанийн санхүүгийн хөдөлшгүй баримт байх ёстой. Зарим падаанууд нь олдохгүй байгаа ч дээрх шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “С ” ХХК нь Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 243052 дугаар актын[1] Тогтоох хэсгийн хоёр дахь заалтын 2010 оны 3,711,956,900.07 мянган төгрөгийн, 2011 онд 1,840,110,972.94 мянган төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөөгүй зөрчилд 558,689.0 мянган төгрөгийн татвар, 167,606.7 мянган төгрөгийн торгууль, 171,773.6 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

             Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн дээрх актаар тогтоосон зөрчил болон төлбөрийн дүнг багасгаж, 775,654,990,00 төгрөгийн зөрчилд ногдох 174,940,768.20 төгрөгийн төлбөрийг хасч, 4,818,229,010.00 төгрөгийн зөрчилд 481,822,941.00 төгрөгийн нөхөн татвар, 240,771,520.50 төгрөгийн торгууль, 106,500.00 төгрөгийн алданги, 1,443,370.30 төгрөгийн хүү, нийт 724,144,331.80 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна[2].

            Татварын улсын байцаагчийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 0240016 дугаар дүгнэлтээр 2010 онд 45 аж ахуйн нэгжид нэмэгдсэн өртгийн падаан бичиж, борлуулалт хийсэн орлогыг санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, аж ахуйн нэгжийн орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулан төлөөгүй 3,711,956.9 мянган төгрөгийн зөрчлийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар дүгнэлт бичжээ[3].

            Уг дүгнэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 21131419 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна[4].

Уг хэрэгт шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжилгээнд 20 ширхэг хорон хувь нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг “С ” ХХК-иас хураан авсан дугуй тэмдэг, тэмдгийн дардасны загвар, падааны судалгааг өгчээ[5].

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 776/783 дугаар, 2012 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 2268 дугаар шинжээчийн дүгнэлтүүд гарсан байна[6].

Үүний дараа мөрдөн байцаагчийн 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолоор “С ” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан В.Эрдэнэсувд, Б.ОтгонТ  болон иргэн Н.ЭнхТ , нарын гар бичвэрүүдийг харьцуулсан шинжилгээнд өгчээ[7].

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 03/1216 дугаар албан бичгээр шинжлэгдэж буй баримтуудын эх хувийг ирүүлээгүй гэсэн үндэслэлээр шинжилгээ хийхээс татгалзсан байна[8].

Улмаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 996 дугаар тогтоолоор 2011 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн эрүүгийн 21131419 дугаартай хэргийг сэжигтэн “С ” ХХК-ийн захирал С.Ганбат, нягтлан бодогч В.Эрдэнэсувд нар нь НӨАТ-аас санаатай зайлсхийж, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ[9].

            Үүний дараа Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч нар 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 243052 дугаар актаар тус компанид төлбөр ногдуулжээ.

Татварын улсын байцаагч ийнхүү нэхэмжлэгч хуулийн этгээдэд төлбөр ногдуулахдаа хөндлөнгийн мэдээлэл буюу татварын байгууллагын нэгдсэн мэдээллийн сангаас “С ” ХХК-иас НӨАТ-тай худалдан авалт хийсэн гэж бүртгэгдсэн мэдээллийг үндэслэсэн байна.

            Татварын улсын байцаагч “С ” ХХК-ийг нийт 111 ширхэг[10] НӨАТ-ын падаан бичиж, борлуулалт хийсэн орлогыг санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, аж ахуйн нэгжийн орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулан төлөөгүй гэж акт тавьсан бөгөөд үүнээс 2010 онд “Төгсгүрэн” ХХК-д холбогдох 002862691, 002862536, 007216704, 002862543, 002862637, “Хаанзаа” ХХК-д холбогдох 002862685, “Билэгт хаан” ХХК-д холбогдох 00286254512, “Жинст өргөө” ХХК-д холбогдох 002862673, “Б Собт” ХХК-д холбогдох 2970057, 2011 онд “Ханын материал” ХХК-д холбогдох 7216728, “Түмэн харш” ХХК-д холбогдох 8362826, “Төгсгүрэн” ХХК-д холбогдох 7216723 дугаартай нийт 12 ширхэг НӨАТ-ын падаантай холбогдох хэсгийг Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлөөс хүчингүй болгожээ.

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШЗ2018/1081 дугаар захирамжаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон прокурорын хүсэлтээр 26 ширхэг падааныг шинжлүүлэхээр дахин шинжээч томилсон.

            Улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр 16-ны өдрийн 1847 дугаар шинжээчийн дүгнэлт гарчээ[11]. Дүгнэлтэд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн падаануудын хэвлэмэл бичвэрийн байрлал, үсгийн фонд, хэмжээ нь ижил байна.
  2. 000272222, 000272226, 007216544, 002970060, 002862674, 002862590, 002862672, 002862637, 002862742, 002862543, 007216704, 002862619 дугаартай падаануудын ... гар бичвэрүүдийг нэг хүн, 003546353, 000272221, 002862511, 002862684, 002862680, 002862514, 002862681, 002862682, 002862720, 002862563, 007216714 дугаартай падаануудын ... гар бичвэрүүдийг нэг хүн бичсэн байна.

Харин 007216544, 002862742 дугаартай падаануудын “Хүлээлгэн өгсөн” хэсэгт байх гарын үсгүүдийг нэг хүн, 000272226, 000272222 дугаартай падаануудын “Хүлээлгэн өгсөн” хэсэгт байх гарын үсгүүдийг нэг хүн, 007216714, 002862720, 002862682, 002862681, 002862514, 002862680, 002862684, 002862511, 00272221, 003546353 дугаартай падаануудын “Хүлээлгэн өгсөн” хэсэгт байх гарын үсгүүдийг нэг хүн, 002862543, 00216704 дугаартай падаануудын “Хүлээлгэн өгсөн” хэсэгт байх гарын үсгүүдийг нэг хүн, 007216714, 000272221, 000272222, 000272226 дугаартай падаануудын “Хүлээлгэн авсан” хэсэгт байх гарын үсгүүдийг нэг хүн, 002862514, 002862684, 003546353, 002862511 дугаартай падаануудын “Хүлээн авсан” хэсэгт байх гарын үсгүүдийг нэг хүн, 002862543, 007216704 дугаартай падаануудын “Хүлээн авсан” хэсэгт байх гарын үсгүүдийг нэг хүн, 002970061, 002970060 дугаартай падаануудын “Хүлээн авсан” хэсэгт байх гарын үсгүүд нэг хүн, 00286268, 002862681 дугаартай падаануудын “Хүлээн авсан” хэсэгт байх гарын үсгүүд нэг хүн зурсан байна.

  1. 000272222, 000272226, 007216544, 002970061, 002970060, 003546353, 000272221 дугаартай падаанууд дээрх тэмдгийн дардсууд харьцуулах загварт ирүүлсэн тэмдгийн дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирно.
  2. Шинжилгээнд ирүүлсэн падаануудын хэвлэмэл бичвэрийн байрлал, үсгийн фонд, хэмжээ нь ижил, оффсет хэвлэлээр хэвлэгдсэн, падааны дугаар хэт ягаан Т ны гэрэлд өдөөгдөх нууцлалтай, өндөр хэвлэлээр хэвлэгдсэн, бүхэлд нь болон дугааруудыг энгийн хэрэглээний хэвлэн олшруулах төхөөрөмж ашиглаж хуулбарлаж хэвлэсэн хуурамч гэх шинж тэмдэг илрэхгүй байна. Харин “Огноо, Борлуулагчийн нэр, Бүртгэлийн дугаар, Худалдан авагчийн нэр, Бүртгэлийн дугаар, Бараа ажил үйлчилгээний нэр, Бүгд үнэ, Бараа ажил үйлчилгээний үнэ, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Нийт дүн, Хүлээн авсан, Хүлээлгэн өгсөн” хэсгүүдэд нөхөх хэлбэрээр бичсэн гар бичвэрүүд нь хорон хувь байна.
  3. 000272222, 00272226, 007216544, 002970061, 002970060, 003546353, 000272221 дугаартай падаанууд дээрх тэмдгийн дардсууд бараар дарагдсан.
  4. Харин 002862674, 002862590, 002862672, 002862637, 002862511, 002862684, 002862680, 002862514, 002862681, 002862682, 002862720, 002862563, 002862547, 002862742, 007216714, 007216711, 002862543, 007216704, 002862619 дугаартай падаанууд дээрх тэмдгийн дардас нь хэвлэн олшруулах төхөөрөмж ашиглан хуулбарлаж, хэвлэсэн хуурамч дардас байна гэжээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтээс үзвэл нийт 26 падааны 19 падаан дээрх дардас нь хуурамч дардас гэж тогтоогдсон байх тул үүнийг нэхэмжлэгч “С ” ХХК-ийг борлуулалт хийсэн гэж үзэх боломжгүй байна.

Мөн “С ” ХХК-ийн нягтлан бодогч нарыг буруугасан, өөрөөр хэлбэл тэдний гарын үсэг, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээрх бичгийн хэв, гарын үсэгтэй тохирч байгаа эсэх талаар шинжээчийн дүгнэлт байхгүй тул прокуророос “С ” ХХК-ийн дардас дарсан баримт дээрх бичгийн хэв бусад падаанууд дээрх бичгийн хэвтэй тохирч байгаа тул “С ” ХХК-ийн ажилтнуудын буруутай үйлдэл байна гэсэн тайлбар хүлээж авах боломжгүй.

Харин 000272222, 00272226, 007216544, 002970061, 002970060, 003546353, 000272221 дугаартай 7 ширхэг падаанууд дээрх тэмдгийн дардсууд харьцуулах загварт ирүүлсэн тэмдгийн дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирно,...бараар дарагдсан гэсэн дүгнэлтээс үзвэл “С ” ХХК өөрийн санхүүгийн дардсаа эдгээр баримтууд дээр даржээ.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ, 18.1.10 нэр, хаяг, тамга, тэмдэг...бусдад ашиглуулан татвараас зайлсхийх боломж олгохгүй байх гэсэн хуульд заасан үүргээ “С ” ХХК хэрэгжүүлээгүй байх тул татварын улсын байцаагчийн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.6 дахь заалтад заасан бүрэн эрхийн хүрээнд мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт зааснаар акт бичсэн нь хуульд нийцжээ.

Иймд дээр дурдсан 2010 оны 7 ширхэг падаанд холбогдох Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 243052 дугаар актаар тогтоосон 553,708,644.04 төгрөгийн зөрчилд 55,370,864.4 төгрөгийн нөхөн татвар, 27,685,432.21 төгрөгийн торгууль, 166,112.59 төгрөгийн хүү, нийт 83,222,409.21 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч төлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна:”, 74.2.”Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.”, 74.3.Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.” гэж зааснаас үзвэл хүү, торгууль, алданги нь захиргааны шийтгэл байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Хууль тогтоомж зөрчиж, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хүчин төгөлдөр болсон ... захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрээр тогтоогдсон байна” гэж тус тус заажээ.

Иймд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 243052 дугаар акт нь дээрх хугацаанд хамаарч байх тул 7 падаанд холбогдох 27,685,432.21 төгрөгийн торгууль, 166,112.59 төгрөгийн хүү, нийт 27,851,544.8 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж шүүх шийдвэрлэлээ.

Үлдэх 73 ширхэг падааныг хариуцагчаас шаардахад харьяа татварын байгууллагуудаас гарч ирэхгүй байгаа талаар баримт[12] болон тайлбарыг шүүхэд гаргасан, Татварын ерөнхий газрын 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11/2831 дүгээр албан бичгээр[13] “...үлдсэн 88 ширхэг НӨАТ-ын падааны талаар лавлагаа олдсонгүй, бүртгэлгүй байна” гэсэн албан бичиг хэрэгт авагдсан, татварын хэлтсийн архиваас нэхэмжлэгч “С ” ХХК-ийн НӨАТ-ын падааныг шүүж үзэхэд дээрх падаанууд байхгүй байна.

Түүнчлэн одоогоос 6 жил хагасын өмнө цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэргийг шалгаж байх хугацаандаа эдгээр баримтуудыг олж авч чадаагүй /олох ажиллагаа хийгдээгүй/[14], татварын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хариуцагч болон прокуророос уг баримтыг гаргаж өгөх боломжгүй талаар тайлбарыг шүүх хуралдаанд удаа дараа өгсөн, нэхэмжлэгч “С ”  ХХК барилгын материалыг гадаадаас худалдан аваагүй гэсэнтэй хариуцагч маргаагүй бөгөөд Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс “С ” ХХК-д 2006-2012 онуудад олгосон падааны жагсаалтаас үзэхэд эдгээр 73 ширхэг падаан байхгүй байна[15].

Татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.1, 29.1.2 дахь заалтад зааснаар татвар төлөгчөөс тайлбар, лавлагаа гаргуулан, татвар төлөгчтэй харилцаж худалдан авалт хийсэн гэх 45 аж ахуйн нэгжээс баримт гаргуулалгүй, дан ганц хөндлөнгийн мэдээлэлд үндэслэсэн нь учир дутагдалтай, 73 ширхэг падаанд холбогдох зөрчлийг хэн гаргасныг бүрэн тогтоож чадаагүй ажээ.

“Иймд “С ” ХХК-ийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 243052 дугаар актаар тогтоосон 4,264,520,366.02 төгрөгийн зөрчилд ногдох 426,452,076.6 төгрөгийн нөхөн татвар, 213,192,588.29 төгрөгийн торгууль, 1,277,257.71 төгрөгийн хүү, нийт 640,921,922.6 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

“С ” ХХК 55,370,864.4 /тавин таван сая гурван зуун далан мянга найман зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн нөхөн татвар төлөх хууль зүйн үндэслэлтэй.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.6, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Татварын ерөнхий хуулийн Татварын ерөнхий хуулийн /2013 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан/ 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.10, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.1, 29.1.2, 29.1.6, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 243052 дугаар актаар тогтоосон 4,264,520,366.02 төгрөгийн зөрчилд ногдох 426,452,076.6 төгрөгийн нөхөн татвар, 213,192,588.29 төгрөгийн торгууль, 1,277,257.71 төгрөгийн хүү, нийт 640,921,922.6 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 553,708,644.04 төгрөгийн зөрчилд 55,370,864.4 төгрөгийн нөхөн татвар, 27,685,432.21 төгрөгийн торгууль, 166,112.59 төгрөгийн хүү, нийт 83,222,409.21 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 243052 дугаар актаар тогтоосон 27,685,432.21 төгрөгийн торгууль, 166,112.59 төгрөгийн хүү, нийт 27,851544.8 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлсүгэй.
  3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авссан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 


[1] 1-р хавтаст хэргийн 17-18-р хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 115-120-р хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 137-138-р хуудас

[4] 21131419 тоот хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн 1-р хуудас

[5] Шинжээчийн дүгнэлтээс

[6] 1-р хавтаст хэргийн 34-42-р хуудас

[7] 21131419 тоот хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн 144-151-р хуудас

[8] 1-р хавтаст хэргийн 43-р хуудас

[9] 1-р хавтаст хэргийн 44-45-р хуудас

[10] Татварын улсын байцаагчаас гаргасан 99 падаан дээр маргаан таслах зөвлөлөөр төлбөрийг хүчингүй болгосон 12 падаан нийт 111 падаан, 2-р хавтаст хэргийн 103-105-р хуудас,

[11] 2-р хавтаст хэргийн 23-55-р хуудас

[12]  2-р хавтаст хэргийн 89-97 дугаар хуудас  

[13] 2-р хавтаст хэргийн 4-р хуудас

[14] 21131419 тоот хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн материалд өөр НӨАТ-ын падаан    байхгүй, үүнийг олох ямар нэгэн ажиллагаа хийгээгүй.

[15] 1-р хавтаст хэргийн 42-р хуудас