Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2022/0286

 

 

 

“А-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, гуравдагч этгээд Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ар,

Нэхэмжлэгч: “А-О” ХХК,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Гуравдагч этгээд: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3-т заасан “2114934 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай, Өлгий сумд байрлах 2101: төрийн захиргааны байгууллагын зориулалттай 1549 м.кв газар”-ын, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 39 дүгээр тогтоолын 1-т заасан “төрийн байгууллагын гарааш, зочид буудал, төрийн албан хаагчдын орон сууц барих зориулалтаар эзэмшүүлэх гэж өөрчлөлт оруулж, шинэчлэн баталсан Өлгий сумын барих зориулалтаар эзэмшүүлэх гэж өөрчлөлт оруулж, шинэчлэн баталсан Өлгий сумын 5 дугаар багт байрлах 2114934 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай 1549 м.кв талбайтай газар”-ын, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/233 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн 1549 м.кв газрын “А-О” ХХК-ийн 2 автомашины гараашны доорх 71 м.кв талбайтай газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, “А-О” ХХК-ийн 2 автомашины гараашийн доорх 71 м.кв талбайтай газрыг тус компанид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах”,

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 5 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, Т.А нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 110/2021/0049/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 5 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.7, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “А-О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3-т заасан “2114934 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай, Өлгий сумд байрлах, 2104: төрийн захиргааны байгууллагын зориулалттай 1549 м.кв газар”-ын, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 39 дүгээр тогтоолын 1-т заасан “төрийн байгууллагын гарааш, зочид буудал, төрийн албан хаагчдын орон сууц барих зориулалтаар эзэмшүүлэх гэж өөрчлөлт оруулж, шинэчлэн баталсан Өлгий сумын 5 дугаар багт байрлах 2114934 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай  1549 м.кв талбайтай газар”-ын, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/233 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн 1549 м.кв газрын “А-О” ХХК-ийн 2 автомашины гараашны доорх 71 м.кв талбайтай газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох “А-О” ХХК-ийн 2 автомашины гараашны доорх 71 м.кв талбайтай газрыг тус компанид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Нэхэмжлэгчийн талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх “А-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн маргаан хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүйгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлага болох ““А-О” ХХК-ийн 2 автомашины гараашны доорх 71 м.кв талбайтай газрыг тус компанид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон асуудлыг дараах хууль зүйн үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

2007 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах зүйлийг хориглоно”, 10.1.2-д “Техникийн нөхцөлийн зөвшөөрөл бүрдэлгүй газар олгох” гэж зохицуулсан ба нэхэмжлэгч “А-О” ХХК нь автомашины гарааш барих зориулалтаар газар эзэмших тухай техникийн нөхцөлийн зөвшөөрөлд тухайн үед ажиллаж байсан холбогдох эрх бүхий албан тушаалтнууд болон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т зааснаар аймгийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд аймгийн Засаг дарга, мөн уг асуудлаар санал өгөх эрхтэй этгээд болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга нар тус тус гарын үсэг зурсан, улмаар нэхэмжлэгч компаниас 2 автомашины гарааш барьж, одоо хүртэл буюу 15 дахь жилдээ ашиглаж байгаа тогтоогдсон нөхцөл байдал.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргана”, 32.5-д “Хүсэлт түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж заасан. “А-О” ХХК-аас Баян-Өлгий аймгийн Засаг даргад 2007 ны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13 тоотоор, 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 08 тоотоор, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар тоотоор уг автомашины 2 гараашны талбайн газрыг эзэмшүүлэх тухай хүсэлтээ тухайн үед ажиллаж байсан аймгийн Засаг дарга нарт гаргаж байсан. Гэтэл аймгийн Засаг даргуудаас тухайн хүсэлтүүд нь шаардлага хангаагүй, эсхүл газар эзэмшүүлэхээс татгалзсан талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн үйл баримт тогтоогдоогүй нөхцөл байдал.

Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Газар чөлөөлүүлэх, албадан нүүлгэхэд цагдаагийн байгууллага дараах үүрэгтэй”, 59.1.1-д “Хууль, гэрээнд заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангаж” гэж тус тус заасан. Ингэхээр өнгөрсөн 15 жилд “А-О” ХХК нь зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан гэж эрх бүхий байгууллагаас уг 2 автомашины гараашийг албадан нүүлгэх шийдвэр гаргасан тухай үйл баримт тогтоогдоогүй нөхцөл байдал.

Анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ийнхүү хэрэгсэхгүй болгосон үндэслэлд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 33.1.2-д заасан шаардлагуудыг хангаж чадаагүй гэсэн дүгнэлт нь тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, газрын асуудал эрхэлсэн холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагаанд хамааралтай учраас 2 автомашины гараашийн газрыг эзэмшүүлэх тухай хүсэлт гаргагч “А-О” ХХК-ийн ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байгаагүй гэж үзэж байна. Иймээс дээр дурдсан Газрын тухай хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон асуудал нь бодит байдалд нийцэхгүй байна. Ер нь шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоход нэхэмжлэгчийн буруутай ажиллагаа нь заавал тогтоогдсон байх ёстой гэж үзэж байна. Ингэхээр үе үеийн Засаг дарга нарын эс үйлдэхүйгээс болж “А-О” ХХК-ийн 2 автомашины гараашийн газрыг хууль ёсоор эзэмших эрх ноцтой зөрчигдөж байгааг анхан шатны шүүх хууль зүйн хувьд дүгнээгүй явдалд гомдолтой байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 5 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан “А-О” ХХК-ийн 2 автомашины гараашны доорх 71 м.кв талбайтай газрыг тус компанид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

3.Гуравдагч этгээд талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Манай байгууллагын албаны барилга нь 1956 онд ашиглалтад орсон цаашид ашиглалтын хугацаа дуусаж байгаа тул шинээр барилга барих зайлшгүй шаардлага гарсны улмаас шинээр албаны барилга барих газар олгож өгөх хүсэлтийг аймгийн Засаг даргад гаргасан.

Улмаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолоор батлагдсан 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолыг үндэслэн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшил газрын баруун талд залгаа байрлалтай 1549 м.кв газрыг аймгийн Засаг даргын Тамгын газарт төрийн захиргааны байгууллагын зориулалтаар газар эзэмшүүлэх тухай аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/223 дугаартай захирамж гарч, захирамжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, газрын кадастрын зургийг үйлдүүлэн, газрын улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулж авсан.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэнэ”,

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэсэнтэй нийцсэн гэж үзэж байна.

Мөн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 5 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч “А-О” ХХК нь Өлгий сумын 5 дугаар багт байрлах “Таван богд зочид буудлын барилгын талбайн болон ойр орчмын 744 м.кв газрыг эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байгаа бөгөөд эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд “А-О” ХХК нь 970 м.кв биш 744 м.кв газар эзэмших эрхтэй болох нь тогтоогдож байх тул 2 автомашины гарааш байрлаж буй газар нь эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн 970 м.кв газарт багтаж байсан” гэх тайлбар нь үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй” гэжээ.

Эдгээрээс үзэхэд аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/223 дугаар захирамж нь “А-О” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй болно. Харин уг нийтийн эзэмшилд байсан газарт “А-О” ХХК нь дур мэдэн автомашины гарааш барьсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 5 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд талуудаас гомдол гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, дараахь үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.  Үүнд:

1.Нэхэмжлэгч “А-О” ХХК-иас Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон тус аймгийн Засаг дарга нарт нарт холбогдуулан дараахь шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ:

-Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3-т заасан “2114934 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай, Өлгий сумд байрлах 2101: төрийн захиргааны байгууллагын зориулалттай 1549 м.кв газар”-ын “А-О” ХХК-ийн 2 автомашины гараашны доорх 71 м.кв талбайтай газарт холбогдох хэсгийг хүчингүй болгох,

-Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 39 дүгээр тогтоолын 1-т заасан “төрийн байгууллагын гарааш, зочид буудал, төрийн албан хаагчдын орон сууц барих зориулалтаар эзэмшүүлэх гэж өөрчлөлт оруулж, шинэчлэн баталсан Өлгий сумын барих зориулалтаар эзэмшүүлэх гэж өөрчлөлт оруулж, шинэчлэн баталсан Өлгий сумын 5 дугаар багт байрлах 2114934 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай 1549 м.кв талбайтай газар”-ын “А-О” ХХК-ийн 2 автомашины гараашны доорх 71 м.кв талбайтай газарт холбогдох хэсгийг хүчингүй болгох,

-Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/233 дугаар захирамжаар “аймгийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн 1549 м.кв газар”-ын “А-О” ХХК-ийн 2 автомашины гараашны доорх 71 м.кв талбайтай газарт холбогдох хэсгийг хүчингүй болгох,

-“А-О” ХХК-ийн 2 автомашины гараашийн доорх 71 м.кв талбайтай газрыг тус компанид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах”.

2.Нэхэмжлэгч компаниас  “өөрийн компанийн өмчлөлийн “Таван богд” зочид буудлын хойд талд байрлах 2 авто машины гараашийг компанийн хөрөнгөөр 2007 онд барьж ашиглаж байгаа,  2 гараашийг барихдаа 2007 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах зүйлийг хориглоно”, 10.1.2-д “Техникийн нөхцөлийн зөвшөөрөл бүрдэлгүй газар олгох” гэж зохицуулсны дагуу  автомашины гарааш барих зориулалтаар газар эзэмших тухай техникийн нөхцөлийн зөвшөөрөлд тухайн үед ажиллаж байсан холбогдох эрх бүхий албан тушаалтнууд аймгийн Засаг дарга, холбогдох байгууллагаас гарын үсэг зурсны дагуу 2 гарааш барьж, 15 жил ашиглаж байгаа, тухайн үеэс газрыг эзэмших хүсэлтээ гаргаж байсан, хүсэлтэд шийдвэрлээгүй, хүсэлт гаргагчийн ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байгаагүй, эзгүй газрыг ашиглаагүй, зочид буудлын эзэмшилд хамаарах 970 м.кв газарт багтаж байгаа газарт гарааш барьсан, гараашийг буулган, газрыг чөлөөлөх мэдэгдэл хариуцагчаас ирүүлж байгаагүй” гэж маргадаг.

3.Хариуцагч нараас “маргаан бүхий актууд нь хууль зөрчөөгүй, Газрын тухай хуулиар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглодог, аливаа этгээд дур мэдэн эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр эзэмшилгүй газарт барилга байгууламж барих эрхгүй”, харин гуравдагч этгээдээс “нэхэмжлэгчээс газар эзэмших, ашиглах хүсэлт гаргаж байсан нотлох баримт хэрэгт авагдаагүй, маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр газрыг ашиглаж байсан нь хуульд нийцээгүй” гэж тус тус маргажээ.

4.Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 32 дугаар тогтоолоор[1] иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг нэгдүгээр, төсөвт байгууллагад эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг хоёрдугаар, ойжуулалт хийх зориулалтаар шинээр эзэмшүүлэх газрын байршил хэмжээг гуравдугаар хавсралтаар тус тус баталж, тус тогтоолын 2 дугаар хавсралтын 3 дугаарт Өлгий сум дахь 2114934 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай 2101:төрийн захиргааны байгууллагын зориулалттай 1549 м.кв газар гэж тусгагджээ.

5.Мөн Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 39 дүгээр тогтоолоор дээрх 32 дугаар тогтоолын[2] 2 дугаар хавсралтын 3-д заасан Өлгий сумын 5 дугаар багт байрлах 2114934 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай 1549 м.кв талбайтай газрыг төрийн захиргааны байгууллагад эзэмшүүлэх зориулалтаар гэснийг төрийн байгууллагын гарааш, зочид буудал, төрийн албан хаагчдын орон сууц барих зориулалтаар эзэмшүүлэх гэсэн өөрчлөлтийг оруулжээ.

6.Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/223 дугаар захирамжаар Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшил газрын баруун талд залгаа байрлалтай 1549 м.кв газрыг тус аймгийн Засаг даргын Тамгын газарт төрийн захиргааны байгууллагын зориулалтаар 40 жилийн хугацаатай олгосон.

7.Дээрх захирамжийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт 0000025345 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг[3] олгож, Баян-Өлгий аймгийн Газрын албанаас иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг[4] байгуулжээ.

8.Баян-Өлгийн аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн  А/72 дугаар захирамжаар “А-О” ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 342 дугаар захирамжаар эзэмшиж байсан 708 м.кв эзэмшил газрыг 744 м.кв болгон нэмэгдүүлж, гэрчилгээ олгосон[5].

9.Нэхэмжлэгч  “А-О” ХХК-ийн газрын эзэмших гэрчилгээтэй 744 м.кв хэмжээтэй газар нь үйлчилгээний зориулалттай газар бөгөөд байршлын хувьд маргаан бүхий гарааштай залгаа байршилгүй, тусдаа байршилтай, уг 744 м.кв газарт маргаан бүхий гараашийн 71 м.кв газар хамааралгүй гэдэг нь шинжээчийн дүгнэлт, шинжээчийн хэмжилт хийсэн схем зураг[6], сансрын зураг[7] зэрэг баримтуудаар тогтоогдов.

10.Маргаан бүхий 2 автомашины гарааш байрлаж байгаа 71 м.кв талбайтай газар нь гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн 2114934 дугаартай 1549 м.кв газартай бүхэлдээ давхацсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр[8]  тогтоогдож байна.

11.Дээр дурдсан үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд  маргаан бүхий 2 гарааш байрлах 71.4 м.кв газар нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгүй, тус 2 гараашийн газрыг “А-О” ХХК-д эзэмшүүлж, ашиглуулахаар хуульд заасан эрх бүхий этгээдийн захирамж, шийдвэр гарч байгаагүй гэж үзэхээр байна.

12.Газрын тухай хуулийн  3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” гэж, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана.”,

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.”,

Газрын тухай хуулийн  33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг...   тухайн шатны Засаг дарга гаргана”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар...   газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...”, 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг...-ын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж тус тус заажээ.

 

13.Дээр дурдсан хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд, Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч, Монгол Улсын иргэн төрийн өмчийн газрыг ашиглах, эзэмших эрхийг олж авахдаа Газрын тухай хуульд заасан журам, нөхцөлийн дагуу  хүсэлт гаргаж, эрх бүхий Засаг даргын шийдвэр, гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглах, газрыг зөвхөн эрхийн гэрчилгээний үндсэн эзэмшиж, ашиглах, гэрчилгээгүй бол эзэмшиж, ашиглахыг хориглохоор зохицуулжээ.

14.Өөрөөр хэлбэл, газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг тухайн шатны Засаг дарга шийдвэрлэж, гаргасан шийдвэрийг үндэслэн эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулснаар Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хууль ёсны газар эзэмшил, ашиглалт үүснэ.

15.Гэтэл “А-О” ХХК-ийн гарааш барьсан 71.4 мкв газрыг “А-О” ХХК-д эзэмшүүлж, ашиглуулахаар эрх бүхий тухайн шатны Засаг даргын шийдвэр гарсан, “А-О” ХХК нь маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээтэй бөгөөд газар эзэмших, ашиглах гэрээг эрх бүхий этгээдтэй байгуулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдохгүй байтал нэхэмжлэгч компаниас маргаан бүхий газарт гарааш /барилга байгууламж/ барьж ашиглаж байжээ.

16.Аливаа этгээд хуульд заасан эрх бүхий этгээдийн газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар шийдвэр гарч байгаагүй, эрхийн гэрчилгээгүй газар эзэмшиж, ашиглаж байсан бол үүнийг хууль бус эзэмшил, ашиглалт, хууль ёсоор газар эзэмших, ашиглах эрхийг олж аваагүй гэж үзэх тул нэхэмжлэгч компанийг  маргаан бүхий 2 гараашийн газрыг эзэмших, ашиглах эрхтэй байсан гэж үзэх үндэслэлгүй юм.

17.Иймд нэхэмжлэгч компаниас хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаагүй маргаан бүхий газрыг оролцуулан гуравдагч этгээдэд 1549 м.кв газрыг төрийн захиргааны байгууллагын барилгын зориулалтаар олгохоор шийдвэрлэсэн, мөн газрын байршил хэмжээг тогтоож, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан маргаан бүхий актуудыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэх заалтад нийцээгүй, бусдын хууль ёсны дагуу олж авсан эзэмшил, ашиглалтын газартай давхцуулан газар эзэмших эрхийг гуравдагч этгээдэд олгосон гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

18.Нэхэмжлэгч “А-О” ХХК-иас 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “2007-2015 онуудад гражыг ...барьж ашиглаж байсан...Гэтэл 2021 оны 02 дугаар сарын ...газар зохин байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлахад уг газрыг ЗДТГ-ын мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна...олон жил ашиглаж байсан газрыг объект байсаар атал эзэнгүй хууль бус газар мэтээр хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой...уг шийдвэрийг эргэн харж...газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс хасаж шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэсэн хүсэлтийг[9] Баян-Өлгий аймгийн Засаг даргад гаргаж байсан, уг хүсэлтэд Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2021 оны 05 дугаар сарын 249 дүгээр албан бичгээр[10] нэхэмжлэгч компанид хариу хүргүүлжээ.

19.Хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2021 оны 12 дугаар сарын  28-ны өдрийн 602, 603 дугаар албан бичгүүдээр[11] ““А-О” ХХК-иас маргаан бүхий 2 гараашны газрыг эзэмших талаар ...ямар нэгэн хүсэлт гаргаагүй”, “2007-2021 он хүртэл “А-О” ХХК нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт маргаан бүхий 144 м2 газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах хүсэлт ирүүлж байгаагүй” гэсэн хариуг шүүхэд хүргүүлж байсан, мөн гуравдагч этгээдээс “нэхэмжлэгч компанийг маргаан бүхий 2 гараашийн газарт хүсэлт гаргаж байгаагүй” талаар шүүх хуралдаанд тайлбарласан зэргээс үзэхэд зөвхөн  нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “нэхэмжлэгч компаниас Баян-Өлгийн аймгийн Засаг даргад хандан гаргасан албан бичгүүд”-ийг[12] үндэслэн “2007 оны 11 дүгээр сар, 2013 оны 07 дугаар сар, 2020 оны 05 дугаар сард уг 2 автомашины гараашны талбайн газрыг эзэмших хүсэлтээ тухайн үеийн аймгийн Засаг дарга нарт гаргаж байсан гэх үйл баримтууд тогтоогдож байгаа” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийн үндэслэл тогтоогдохгүй байна.

20.Түүнчлэн хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ““Алтан Орда” ХХК-ийн гараашны эзэмшиж байсан газрын байршлын зураг” гэх баримтыг хуульд заасан эрх бүхий этгээдээс нэхэмжлэгч компанид газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэр, хуульд заасан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээтэй адилтгах баримт бичиг гэж үзэх үндэслэлгүй.

21.Дээр дурдсан нөхцөл байдлаас дүгнэхэд, нэхэмжлэгч компаниас гаргасан маргаан бүхий 2 автомашины гараашийг эзэмших, ашиглах хүсэлтийг хариуцагчаас шийдвэрлээгүй, татгалзсан хариу өгөөгүй болон нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах хүсэлтээ шийдвэрлүүлэх эрх зөрчигдсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

22.Хариуцагчаас албадан нүүлгэх шийдвэр гаргаагүй, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэр гаргах үйл ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа “А-О” ХХК-ийг оролцуулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, шийдвэр гаргахад ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулаагүй зэрэг үндэслэлээр нэхэмжлэгчийн хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэр, гэрчилгээгүйгээр газрыг эзэмшиж, ашиглаж байсан үйлдлийг зөвтгөх, энэ үндэслэлийн дагуу маргаан бүхий актуудыг хууль бус гэж үзэх, нэхэмжлэгчийг маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмших, ашиглах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг мөн хүлээн авах үндэслэлгүй юм.

23.Эдгээр үндэслэлээр маргаан үйл баримтыг буруу дүгнэж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн зарим шаардлагыг ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээд талаас гаргасан давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 5 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 34.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А-О” ХХК-иас  Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон тус аймгийн Засаг дарга нарт нарт холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3-т заасан “2114934 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай, Өлгий сумд байрлах 2101: төрийн захиргааны байгууллагын зориулалттай 1549 м.кв газар”-ын, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 39 дүгээр тогтоолын 1-т заасан “төрийн байгууллагын гарааш, зочид буудал, төрийн албан хаагчдын орон сууц барих зориулалтаар эзэмшүүлэх гэж өөрчлөлт оруулж, шинэчлэн баталсан Өлгий сумын барих зориулалтаар эзэмшүүлэх гэж өөрчлөлт оруулж, шинэчлэн баталсан Өлгий сумын 5 дугаар багт байрлах 2114934 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай 1549 м.кв талбайтай газар”-ын, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/233 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн 1549 м.кв газрын “А-О” ХХК-ийн 2 автомашины гараашны доорх 71 м.кв талбайтай газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, “А-О” ХХК-ийн 2 автомашины гараашийн доорх 71 м.кв талбайтай газрыг тус компанид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунцэцэгийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 62 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 27 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 192 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 193 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 72, 73 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 103-108 дахь тал

[7] Хэргийн 2-р хавтас 39-41 дэх  тал

[8] Хэргийн 1-р хавтас 103-104 дэх талууд

[9] Хэргийн 1-р хавтас 6 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 9 дэх тал

[11] Хэргийн 1-р хавтас 173-174 дэх тал

[12] Хэргийн 1-р хавтас 54-56 дахь тал