Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 813

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Баярцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01548 дугаар шийдвэртэй, Б.Баярцэцэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ хууль бус явагдсаныг тогтоох, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Оюунтунгалаг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр, Р.Энхтайван,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч Б.Баярцэцэг, ээж Ж.Долгор, зээ дүү нар болох Г.Төмөр, Г.Дөлгөөн нарын хамтын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 22-59 тоот үл хөдлөх хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчиж төлбөр төлөгчийн хууль эрх зүйн мэдлэггүйг далимдуулан төлбөр авагч талд илт үйлчлэн хууль бус үйл ажиллагаа явуулсан.

Дээрх үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг албан ёсоор төлбөр төлөгчид хүргүүлэхгүйгээр явуулсан ба 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №3/3314 тоот хоёр дахь дуудлага худалдааны мэдэгдлийг үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн хурлын дараа нөхөж гардуулахыг оролдсон.

2005 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр төлбөр төлөгчөөс төлбөртөө төлсөн 4 800 000 төгрөгийг төлбөр авагчид хуульд заасан хугацааны дотор хүлээлгэн өгөх буюу төлбөр авагчийн дансанд байршуулалгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 74 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчиж, 2005 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд хууль бусаар өөрийн мэдэлд байлгасан.

Уг мөнгийг нөхөр О.Зоригтбаатарын бусдад төлөх төлбөрт шилжүүлнэ гэж эргүүлэн олголгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны комиссын санал болгох хуралд миний бие оролцож эхний дуудлага худалдааны мэдэгдлийг авсан, хоёр дахийг аваагүй 2005 оны 1 дүгээр сарын 28-нд өгсөн мөнгийг төлбөр авагчид өгсөн бол асуудал өөрөөр шийдвэрлэгдэх байсан талаар хэлж, ажиллагаа хууль бус явагдсан болохыг мэдүүлсэн.

Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааг хаацайлан төлбөр авагчид үйлчилж байрыг шилжүүлж шийдвэрлэсэн. Мөн О.Зоригтбаатар бусдад өр төлбөртэй тул Б.Баярцэцэгт зөрүү мөнгийг олгох боломжгүй гэсэн тайлбар хэлж бүхэлдээ суутгагдсан гэж ойлгуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй байхад хууль бусаар дуусгавар болгосон.

Төлбөр төлөгч болон бусад өмчлөгч нарын үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар төлбөр авагчид шилжүүлэх шийдвэр гаргасан атлаа 4 800 000 төгрөгөөс 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 485 тоот төлбөрийн баримтаар 960 000 төгрөгийг О.Зоригтбаатарын төлбөрт шилжүүлэн авсан боловч үлдэгдэл 3 840 000 төгрөгийг эргүүлэн олгоогүй, энэ мөнгө хаана ямар байдлаар хадгалагдаж байгаа, хэн нэг нь ашигласан эсэх зэрэг байдал тодорхойгүй болж миний хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөн хувийн хэргийг хаасан.

Дээрх мөнгө О.Зоригтбаатарын өрөнд суутгагдаагүй, яасан нь мэдэгдэхгүй байсан тул Шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргасан боловч хуулийн дагуу шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл, 4 800 000 төгрөгийг О.Зоригтбаатарын өрөнд суутгасан гэсэн атал нийт 807 200 төгрөг төлсөн нь тогтоогдсон. Иймд тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, 4 800 000 төгрөгийн асуудал шийдвэрлэгдээгүй тул уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргах хугацааг сэргээх зэрэг гомдол бүхий шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1246 дугаар шийдвэрээр Б.Баярцэцэгээс 14 801 990 төгрөг гаргуулж Боловсрол сан орлёнок ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Б.Баярцэцэг нарын хамтын өмчлөлийн орон сууцыг битүүмжлэн хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар шинжээчээр үнэлгээ хийлгүүлэн албадан дуудлага худалдаа явуулсан. Гэвч үнийн санал ирээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар төлбөр авагчид шилжүүлсэн.

Төлбөр төлөгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тус бүрийн явцыг мэдэгдэж байсан бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж байгаагүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.Баярцэцэгийн яриад байгаа 4 800 000 төгрөгийн асуудлыг сайн мэдэхгүй. Шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч Б.Баярцэцэг, О.Зоригтбаатар нарын хувийн хэрэгт үзлэг, нэгжлэг хийхэд би байсан. 2005 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэлийн данснаас мөнгө шилжүүлэх тухай баримтаар 4 800 000 төгрөг бэлнээр гарч байгаа нь харагдаж байгаа ч уг мөнгийг буцааж хэнд олгосон талаар баримтгүй. Энэ талаар үүнээс өөр хэлэх тайлбар алга гэжээ.

 

Шүүх: 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 87 дугаар зүйлийн 87.3, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар Б.Баярцэцэгийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1246 дугаар шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ хууль бус болохыг тогтоож, уг ажиллагаа дууссан тухай тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдол гаргах хугацааг сэргээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч Б.Баярцэцэг 2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэртэй 2005 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолтой ажиллагааны талаар 11 жилийн дараа шүүхэд гомдол гаргаж, шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн актыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор гаргах ёстой бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт ахлах гүйцэтгэгчийн акт байхгүй. Энэ шийдвэрийг гүйцэтгэх явцад олон ажиллагаа явагдсан, тухайлбал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх, төлбөр төлөгчийг дуудан ирүүлэх, мэдэгдэл өгөх, хугацаа олгох, дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэх, шүүхийн шийдвэрт заасан орон сууцыг битүүмжлэх, үнэлүүлэх, хураах зэрэг хуульд заасан ажиллагаа явагдсан.

Шүүх эдгээрийг нягтлан үзэж хууль зөрчсөн ажиллагааг нь олж хүчингүй болгох байтал бүхэлд нь хүчингүй болгосон. Шийдвэрт нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан талаар мэдсэн, энэ талаар гомдол гаргаагүйг дурдсан. Зөвхөн тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны асуудлыг авч үзэх байтал төлбөр төлөгч Б.Баярцэцэгийн маргаан бүхий 4 800 000 төгрөгийг түүний нөхөр, 65 000 000 төгрөгийн төлбөртэй  О.Зоригтбаатарын асуудалтай холбогдуулж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Мөнгө тушаасан эзэн О.Зоригтбаатар өнөөдрийг хүртэл тушаасан мөнгөө буцааж авах талаар яриагүй байгаа. Иймд энэ асуудлыг Б.Баярцэцэг биш О.Зоригтбаатарын төлбөрт тооцох эсэхийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нараас нь тодруулж шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Нэгэнт шүүхийн шийдвэрт дурдсан барьцааны орон сууцыг хураан авч дуудлага худалдаа явуулж зарагдаагүй учир зөрүү мөнгийг төлбөр авагчаас гаргуулан орон сууцыг төлбөр авагчид шилжүүлсэн ажиллагаанд хууль зөрчсөн асуудал байхгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Баярцэцэг нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ хууль бус явагдсан болохыг тогтоох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдол гаргах хугацааг сэргээлгэх гомдол бүхий нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хэргийн оролцогчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан эрхийн дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэх үндэслэлээр “төлбөр төлөгч Б.Баярцэцэгт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэгт үзлэг хийлгэх” хүсэлт гаргасныг шүүх 2014 оны 10 дугаар сарын 13-ны хангаж шийдвэрлэсэн байна. /2хх 3-5/

 

Хэрэгт 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Үзлэг хийсэн тухай тэмдэглэл авагдсан байх боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй гэж үзнэ. Хуулийн дээрх заалтаар хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд үзлэг хийх ажиллагааг шүүх хийх, хөндлөнгийн 2-оос доошгүй гэрч байлцуулах талаар зохицуулжээ.

 

Гэтэл уг ажиллагаа хуульд заасан журмын дагуу буюу шүүгчийн эрх хэмжээнд хийгдсэн гэж үзэхгүй. Тодруулбал, үзлэг хийсэн тэмдэглэлийг ямар албан тушаалтан хөтөлсөн эсэх тодорхой бус, шүүгч үзлэг хийхэд оролцсон гэх үндэслэлгүй, хөндлөнгийн зөвхөн 1 гэрчийг байлцуулж түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь хэсэгт зааснаар эрх үүрэг, хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулах ажиллагааг хийгээгүй байна.

 

Нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хуульд заасан дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүн таслах эрхгүй этгээд хэрэгжүүлж, хуулиар тогтоосон журам зөрчигдсөн байхад уг үзлэгийн тэмдэглэлд дурдагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тус бүрийн талаар шүүх дүгнэлт хийж, шийдвэрийн үндэслэлээ болгожээ.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ хууль бус явагдсан эсэх, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт, түүний үр дагавар болон хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан шийдвэр гүйцэтгэлийн явцад үе шаттай хийгддэг олон ажиллагааны аль нь ямар хуулийг хэрхэн зөрчсөн талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. .

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01548 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО                                                                

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА