Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/211

 

2020/ШЦТ/211

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э хөтлүүлж,

Улсын яллагч: Б.Б 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А, 

Шүүгдэгч: Р.Ө нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бн овогт Р-н Ө-д холбогдох  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ....... аймгийн .......... сумын .........багийн “О.....” гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Р-н Ө, /РД:АЮ/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Р.Ө нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ..........аймгийн ................сумын ........... багийн нутагт хохирогч Ц.Цтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь баруун хацар яс, хацрын нумны шугаман, зүүн талд эрүүний ясны сэртэнгийн салсан хугарал, баруун гайморын хөндийн гадна хананы хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Ц.Цын өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ............. аймгийн хохирогчоор шүүх хуралд оролцох ажилтай байсан байсан тул шүүх рүү дуудагдсан. Ингээд нутгийн дүү Н гэх хүнийг гуйгаад 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр аймаг орсон. Ингээд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралд оролцоод тэр оройдоо аймгаас гарсан бөгөөд аймгаас гарахад Н бид хоёр нэг мотоциклтой харин Р.Ө, А.Э гэх хоёр залуу нэг мотоцикльтой цуг гарсан юм. Архангай аймгийн төвөөс гараад засмал замаас буугаад бид зогсож би өөрийн өвөрт байсан хараа нэртэй 0.5 литрийн савлагаатай архиа гаргаж бид дөрөв хувааж уугаад хөдөлсөн. Архангай аймгийн Батцэнгэл сумын төвд ирээд 0.75 литрийн савлагаатай архи хувааж уугаад бид согтоод тэндээ хоносон байсан. Маргааш өглөө нь босоод явах гэтэл Н мотоциклийнхоо түлхүүрийг олохгүй байсан. Ингээд Батцэнгэл сумын төв рүү нь Э, Ө хоёроор чирүүлж засварын газар очоод мотоциклио засварлуулж байх хооронд нь манай найз тааралдаж надад 0.75 литрийн савлагаатай ерөөл нэртэй архи авч өгөөд бид дөрөв голын эрэг орж тэр архийг хувааж уусан. Ингээд байж байтал Ө 0.5 литрийн савлагаатай ерөөл архи гаргаж ирээд хувааж уусан. Ингээд архи ууж дуусаж байх үед Ө намайг адууны хулгайн хэрэгт гүтгэж эхэлсэн. Бид хорондоо маргалдаж байтал Ө намайг цохиж унагаад, хоёр нүдийг нь ухаад хаячихъя гээд хуруугаараа хоёр нүд рүү хатгаад байсан. Тэгээд ахин нэг удаа цохих үед нь би ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд намайг явъя гээд Э гэх залуу дуудаж байсан. Ингээд би босоод ирэх үед Н хажууд байгаагүй Нын мотоциклийг Ө жолоодож Н дээр очсон. Ингээд Н бид хоёр Ө, Э нараас шууд салаад явсан. Тэндээсээ шууд Архангай аймгийн Өлзийт суманд ирээд хоночихоод, маргааш өглөө нь бие өвдөөд байхаар нь эмнэлэг орж үзүүлэхэд манай сумын эмч Улаанбаатар хот явж 3 дугаар шатлалын эмнэлэгт үзүүл гэж зөвлөсөн. Ингээд би 2020 оны 06 дугаар сарын 27-нд Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлж зүүн талын доод эрүүний ясандаа хагалгаа хийлгэсэн. Мөн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд гэртээ ирсэн. Тэр үед Н, Э Ө бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Миний зүүн талын эрүүний яс хугарсан, баруун хацрын яс хугарсан байсан. Өөр гэмтлээ би сайн мэдэхгүй байна. Миний өвчтөний карт дээр эмч тодорхой бичсэн байгаа байх гэж бодож байна. Намайг адууны хулгайн хэрэгт гүтгээд байсан, тэр асуудлаас болж намайг зодсон байх. Н Э нар намайг зодож цохиогүй, ганцхан Ө гэх залуу намайг зодсон. Архи ууж байхад Батцэнгэл сумынх гээд үл таних нэг залуу ирж Этай уулзаад явсан юм. Яг зодоон цохион болох үед тэр залуу байгаагүй, өмнө явчихсан байсан. Би гомдолтой байна. Зүгээр байж байгаад хүнд зодуулж бие, эрүүл мэндээрээ хохирсон, мөн эмчилгээ хийлгэхэд гарсан зардлаа яаралтай Р.Өаас гаргуулж авмаар байна. Учир нь би хүнээс мөнгө зээлж эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-10 хуу/,

Хохирогч Ц.Цын дахин өгсөн: “...Тухайн үед би Р.Өыг цохиж, зодоогүй. Р.Ө намайг зодоод, би ухаан алдаад унасан байсан. Нэг мэдэхэд А.Э гэх залуу намайг явъя гээд дуудаад би сэргэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/,

Гэрч Ч.Нын өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 24-ны өдөр манай нутгийн ах Ц.Ц надтай хамт Архангай аймаг яваад ирье, ах нь аймагт шүүх хуралд орох ажил байгаа юм гэж гуйгаад би хамт Архангай аймаг ороод 2020 оны 06 дугаар сарын 25-нд Ц.Ц ах шүүх хуралд орчихоод бид хоёр тэр өдрөө аймгийн төвөөс гарсан. Аймгийн төвөөс гарах үед Архангай аймгийн Хайрхан сумын иргэн А.Э, Р.Ө нар бид хоёртой хамт гарсан. Би өөрийн эзэмшлийн ногоон өнгийн нүүдэлчин маркийн мотоциклио жолоодож Ц.Ц ах миний ард сундалдаж суугаад, А.Э, Р.Ө хоёр бас нэг мотоциклд сундалдаж суугаад бид дөрөв хамт аймгаас гарсан. Ингээд засмал замаас салах үед зогсож Ц ах өврөөсөө нэг шил хараа нэртэй 0.5 литрийн савлагаатай архи гаргаж ирээд бид дөрөв хувааж уугаад хөдөлсөн. Ингээд Архангай аймгийн Батцэнгэл сумын төвд ирээд Хараа нэртэй 0.75 литрийн савлагаатай архи хувааж уугаад наадмын талбайнх нь ард талд согтоод унтаад өгсөн. Би тэр гурваас арай жаахан хол зайнд очиж унтаад маргааш өглөө нь босоод явах гэтэл би мотоциклийнхоо түлхүүрийг хайгаад олоогүй. Ингээд Ц.Ц ах бид хоёр А.Э, Р.Ө нараас гуйгаад Батцэнгэл сумын төв рүү мотоциклио чирүүлж ороод мотоциклио засаж асаагаад гарах гэж байгаад бид дөрөв ярилцаж байгаад гол орж архи уугаад явъя гэж яриад голын эрэг дээр очиж Ц.Ц ах нэг шил 0.75 литрийн савлагаатай ерөөл нэртэй архи, Р.Ө нь ерөөл нэртэй 0.5 литрийн савлагаатай нэг шил архи гаргаж бид дөрөв дээр нэмээд Батцэнгэл сумын нэг залуу нэмж ирээд тавуулаа 2 шил архи хувааж уусан. Архиа дуусч байх үед би голын эрэг дээр голын усанд хөлөө угаачихаад буцаад ирэх үед Ц.Ц ах болон Р.Ө нар гэнэт хоорондоо маргалдаж Ө нь Ц.Ц ахыг зодож эхэлсэн. Намайг салгах гэтэл Э нь намайг ойртуулаагүй намайг зодох гээд байсан. Тэгээд би зугтаагаад Батцэнгэл сумын төвд айлын гадаа байж байхад миний араас миний мотоциклийг Р.Ө жолоодож надад авчирч өгөөд би Ц.Ц ахыг ардаа суулгаж аваад шууд Өлзийт сум руу явсан Р.Ө, А.Э нар хаашаа явсныг нь би мэдэхгүй. Намайг харж байхад Р.Ө нь Ц.Ц ахын нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа цохиод газарт унагаж байгаад ахиж нэмж зодоод байсан намайг салгах гэхэд А.Э нь намайг зодох гээд байсан ингээд би зугтаасан намайг зугтааснаас хойш яаж зодож цохисныг нь би мэдэхгүй. Ц ах бид хоёр Өлзийт сум руу ирж явах замд Ц ах бие өвдөөд байна ёо ёо ёо гээд яваад байсан Өлзийт сумын төвд ирж хоноод маргааш өглөө нь эмнэлэг орж үзүүлэхэд эмч нь Ц.Ц ахыг яаралтай Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлсэн ингээд маргааш нь Ц.Ц ах Улаанбаатар хот явсан. Яг ямар гэмтэл учирсныг нь би мэдэхгүй Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа. Миний бие зүгээр ямар нэгэн гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Учир нь миний бие зүгээр байгаа. Ө, Э, Ц ах бид дөрөв байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/,

Гэрч Д.О-н өгсөн: “...Ц.Ц нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын төвийн хажууд голын эрэг дээр Архангай аймгийн Хайрхан сумын иргэн Р.Ө гэх залууд зодуулсан. Би 2020 оны 06 дугаар сарын 30-наас 2020 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө хэсгийн төлөөлөгч, сумын хэв журмын цагдаа хоёрын хамт Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багт байх Р.Өыг гэрээс нь аваад явж байхад Р.Ө хэсгийн төлөөлөгчтэй юм ярьж яваад би Ц ахтай хулгайд алдсан адуунаасаа болж маргалдаж зодолдсон юм. Би Ц ахыг шанаанд нь хэд хэдэн удаа цохиж зодсон. Өөрөөр их зодоогүй юм гэж ярьж байхыг нь би автомашин жолоодож явахдаа сонссон. Тэгэхээр Р.Ө нь Ц ахын эрүүний ясыг хугалсан гэж бодож байгаа. Тухайн үед машин дотор Ц ахын хүү Б машинд унтаж явсан мөн сумын хэв журмын цагдаа Ө.Ц явсан. Хэсгийн төлөөлөгч явсан, би байсан, Р.Ө байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/,

Р.Өын гэрчээр өгсөн: “...Би энэ удаад мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/,

Р.Өын гэрчээр дахин өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 26-ны орой Архангай аймгийн төвөөс Хайрхан суманд байх гэртээ харих гээд явж байсан. Би тухайн өдөр Ц.Цтай уулзсан. Архангай аймгийн төвөөс 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хамт гараад замдаа Батцэнгэл сумын төвийн хажууд хамт хоносон. Тухайн үед Ц, Н, Э нар архи ууж их согтоод явж чадахгүй болоод тэнд хоносон юм. Ингээд 2020 оны 06 дугаар сарын 26-ны өглөө босоод явах гэтэл Н нь мотоциклийнхоо түлхүүрийг олохгүй мотоциклио асааж чадахгүй байна гээд Э бид хоёрыг Батцэнгэл сумын төв рүү чирээд оруулаад өгөөч гэж гуйгаад Э бид хоёр бүсээр нь чирч сумын төв оруулж өгөөд байж байтал Цын найз нь гэх хүн таараад Ц ахад ерөөл нэртэй 0.75 литрийн савлагаатай архи авч өгөөд явсан. Би бас ерөөл нэртэй 0.5 литрийн савлагаатай архи аваад бид дөрөв гол орж авсан архиа уусан. Архи уугаад дуусаж байхад нь би хоёр жилийн өмнө алдаж байсан адууныхаа талаар асуухад би тэр адууг чинь аваагүй. Ц, А хоёр авсан тухайн үед миний мотоциклийг аваад найм хоног яваад ирсэн хаашаа явсныг нь би мэдэхгүй гэж хэлсэн. Гэтэл Н гэгч нь хажуугаас та нар ч гэсэн хулгайч биз дээ гэхээр нь би Нт хандаж би чамаас юу хулгай хийсэн юм гэж яриад байж байтал Ц нь зодолдох гээд байгаа бол хоёулаа зодолдъё гээд босож ирээд миний цээж рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би хөлийг нь барьж авч унагаагаад зүүн мөр хэсэгт нь нэг удаа цээж хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Мөн толгой, зүүн тал хэсэгт нь нэг удаа цохисон. Гэтэл Э хажуугаас боль гээд ирээд салгах үед нь би босохдоо зүүн шанаа хэсэгт нь алгаараа дараад боссон юм. Ингээд бид хоёр зодолдохоо больж, учраа олоод салаад явсан өөр ямар нэгэн зодоон болоогүй. Тухайн үед Э, Н болон Батцэнгэл сумын иргэн гээд нэг танихгүй залуу байсан, өөр хүн байгаагүй. Хулгайд алдсан адууны талаар яриад сууж байтал гэнэт зодолдох гээд байгаа бол хоёулаа зодолдъё гээд босож ирээд миний цээж хэсэгт өшиглөсөн, ингээд зодоон болсон юм. Тухайн үед Ц ах бид хоёр хоёулаа архи уусан байсан. Тэгэхдээ би бага уусан байсан. Тухайн үед би мотоцикль жолоодож явсан болохоор их уугаагүй юм. Би болсон асуудлаа санаж байгаа, өөрийн үйл хөдлөл хэлсэн ярьсан зүйлсээ бүгдийг нь мэдэж байгаа. Тухайн үед их согтсон хүн байгаагүй. Өөрөөр намайг цохиж зодоогүй. Цээж хэсэгт өшиглөөд одоо миний цээж хэсэгт өвдөөд байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно. Тухайн үед Э нь хэн нэгэн хүнтэй хэрэлдэж маргалдсан асуудал гаргаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 хуу/,

Гэрч А.Эын өгсөн: “...Би энэ удаад мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,

Гэрч А.Эын дахин өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 26-нд Архангай аймгийн төвөөс Хайрхан суманд байх гэртээ харих гээд Р.Өын хамт явж байсан. Архангай аймгийн төвөөс 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ц Н нар нэг мотоциклтой харин Р.Ө бид хоёр нэг мотоциклтой хамт замд гараад Батцэнгэл сумын төвийн хажууд хамт хоносон тухайн үед бид дөрөв архи уугаад согтоод архи ууж байсан газраа хоносон байсан. Ингээд 2020 оны 06 дугаар сарын 26-ны өглөө босоод явах гэтэл Н нь мотоциклийнхоо түлхүүрийг олохгүй мотоциклио асааж чадахгүй байна гээд Ө бид хоёрыг явах гэтэл Ц нь та хоёр хамт архи ууж хоночихоод одоо мотоцикль асахгүй байхад хаяж явах гээд байгаа юм уу гээд байхаар нь Ө бид хоёр Батцэнгэл сумын төв рүү чирээд сумын төв оруулж өгөөд байж байтал Цын найз нь гэх хүн таараад Ц ахад ерөөл нэртэй 0.75 литрийн савлагаатай архи авч өгөөд явсан Гэтэл Ө бас ерөөл нэртэй 0.5 литрийн савлагаатай архи аваад бид дөрөв гол орж авсан архиа уусан архи уугаад дуусаж байхад нь Ө хоёр жилийн өмнө алдаж байсан адууныхаа талаар яриад Ц чи миний адууг хулгайлсан гээд Ц нь би чиний адууг аваагүй гээд хэрүүл эхэлсэн. Ингээд хэрэлдэж байгаад Ө нь Цыг цээж хэсэгт нь хоёр удаа өшиглөсөн яг хаана нь өшиглөснийг нь би сайн харж чадаагүй нэг удаа толгой хэсэгт цохисон яг толгойны хаана нь цохисныг би харж амжаагүй ингээд зодолдож байхад нь би очиж салгахад тэр хоёр зодолдохоо больж учраа олоод салаад явсан өөр ямар нэгэн зодоон болоогүй. Тухайн зодоон болох үед Ө, Ц, Н бид дөрөв байсан өөр хүн байгаагүй. Тухайн зодоон болох үед байсан гэх танихгүй хүн яг зодоон болох үед байгаагүй. Зодоон болохоос өмнө ирээд архи хийж өгсөн чинь амсчихаад архи уулгүй яваад өгсөн. Тухайн үед Ц нь Өыг зодоогүй хэрэлдэж сууж байгаад гэнэт Ө нь Цыг зодсон. Ц нь Өыг зодож цохиж амжаагүй. Н, Ө, Ц бид дөрөв бүгд архи уусан тэгэхдээ тийм их согтоогүй байсан бүгдээрээ. Би хэн нэгэн хүнтэй хэрэлдэж маргалдсан асуудал гаргаагүй харин Цыг Ө зодож байхад нь би салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/,

Гэрч Д.Мын өгсөн: “...Миний бодлоор Р.Ө нь харьцааны соёлтой, хүмүүстэй их зөв харьцдаг, хүнд тусархуу залуу гэж боддог. Өмнө нь 10 жил ял эдэлж байгаад гарч ирсэн учраас сайн хүмүүждэг гэж бодож байгаа. Хоригдож байгаад гарч ирснээс хойш хүнтэй муудалцаад зодолдож байна гэж сонсогдоогүй. Ер нь их томоотой болсон гэж бодож байгаа. Тэрээр Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багт мал маллаж амьдардаг. Төрийн албанд ажиллаж байгаагүй. Цэргийн алба хаасан талаар мэдэхгүй байна. Одоо Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай баг, Оорцог гэх газар аав, ээж болон хүүхдийнхээ хамт амьдардаг. Р.Ө тэр бүр архи уугаад байдаггүй. Хааяа нэг уусан тааралдаж байсан. Уусан үедээ ч гэсэн хүнтэй зөв боловсон харьцдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/,

Гэрч О.Агийн өгсөн: “...Манай хадам ах Р.Ө нь зан байдлын хувьд төлөв даруу зантай, хүнтэй их зөв харьцдаг ер нь нутгийн хүмүүстэй их эв найртай байдаг хүн юм. Би Р.Ө ах надтай согтуу таарч байгаагүй харин хүмүүсийн ярьж байгаагаар бол хааяа нэг архи уудаг юм шиг байгаа юм. Надтай согтуу таарч байгаагүй болохоор архи уусан үедээ ямар зан авиртай хүн гэдгийг нь би мэдэхгүй. Тэрээр 1991 оноос 1994 он хүртэл Архангай аймгийн 2 дугаар сургуульд суралцаж байгаад сургуулиас гарсан гэж байсан тэрнээс хойш мал мал маллаж амьдарч байгаа хүн юм 2005-2015 оны хооронд хорих ангид хоригдож байгаад гарч ирсэн одоо Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багт мал маллаж амьдарч байгаа. Манай хадам ах Р.Ө нь цэргийн алба хаагаагүй. Одоо Р.Ө нь Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Оорцог гэх газар аав, ээж, болон нэг хүүхдийнхээ хамт амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/,

Р.Өын яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед Архангай аймгийн Өлзийт сумын хэсгийн төлөөлөгч Ш.Г-д Ц.Ц ахыг шанаа хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон. Өөрөөр цохиж, зодоогүй гэж ярьсан нь үнэн. Тухайн үед санаанд ороогүй тэгээд ярьчихсан юм. Яг үнэн гэвэл гэрчээр өгсөн мэдүүлэг минь үнэн. Тухайн үед би Архангай аймгийн Өлзийт сумын хэсгийн төлөөлөгч Ш.Гунгаад Ц.Ц ахыг шанаа хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон өөрөөр цохиж зодоогүй гэж ярьсан маань үнэн тухайн үед санаанд ороогүй тэгээд ярьчихсан юм. Яг үэн гэвэл би гэрчээр мэдүүлэг өгөх үедээ хэлсэн зүйлс маань үнэн юм. Би Ц.Цын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Э-н дугаартай дүгнэлтээр Ц.Цын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэлт гарсан байсан би тэр дүгнэлттэй танилцсан би тэр шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа би гаргасан үйлдэлдээ Ц.Ц ахаас уучлалт гуйсан удахгүй эмчилгээний зардал мөнгийг нь төлж барагдуулна гэж хэлсэн байгаа. Ц.Ц ах намайг нэг удаа цээж хэсэгт өшиглөсөн өөрөөр цохиж зодоогүй би шинжээч эмчид үзүүлсэн миний биед гэмтэл тогтоогдоогүй. Би Ц.Ц ахаас уучлалт гуйсан хохироыг нь барагдуулах талаар ярилцсан байгаа удахгүй хохиролыг нь барагдуулна. Би буруу зүйл хийсэн гэдгээ ухамсарлаж байна тиймээс энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-82 хуу/,

Хохирогч Ц.Цын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай дүгнэлтэнд 

1. Ц.Цын биед баруун хацар яс, хацрын нумны шугаман, зүүн талд эрүү ясны сэртэнгийн салсан хугарал, баруун гайморын хөндийн гадна хананы хугарал, тархи доргилт, хоёр нүдний алимны гадна, дотно булангийн цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдээр үүсгэгдэнэ.

3. баруун хацар яс, хацрын нумны шугаман, зүүн талд эрүү ясны сэртэнгийн салсан хугарал, баруун гайморын хөндийн гадна хананы хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 38-40 хуу/,

Хохирогч Ц.Цын ГССҮТ-д үзүүлсэн талаарх хуудас /хх-ийн 42 хуу/,

Хохирогч Ц.Цын “Лазер Мед” эмнэлэгт компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн талаарх хариу, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-44 хуу/,

Р.Өын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай “Р.Өын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 49 хуу/,

Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай тодорхойлолтууд /хх-ийн 52-53 хуу/,

Архангай аймгийн Хайрхан сумын Татварын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай тодорхойлолт /хх-ийн 54 хуу/,

Архангай аймгийн Хайрхан сумын Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаартай тодорхойлолт /хх-ийн 55 хуу/,

Б овогт Р-н Ө /РД:/-ийн иргэний үнэмлэхний талаарх лавлагаа /хх-ийн 59 хуу/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 хуу/,

Р.Ө-н өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын -ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 65-74 хуу/,

Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 83-84 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Р.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Р.Ө нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр .......... аймгийн ........... сумын . ................багийн нутагт хохирогч Ц.Цтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь баруун хацар яс, хацрын нумны шугаман, зүүн талд эрүүний ясны сэртэнгийн салсан хугарал, баруун гайморын хөндийн гадна хананы хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Р.Ө үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Цын өгсөн: “...Бид хорондоо маргалдаж байтал Ө намайг цохиж унагаад, хоёр нүдийг нь ухаад хаячихъя гээд хуруугаараа хоёр нүд рүү хатгаад байсан. Тэгээд ахин нэг удаа цохих үед нь би ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд намайг явъя гээд Э гэх залуу дуудаж байсан. ...Ингээд би 2020 оны 06 дугаар сарын 27-нд Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлж зүүн талын доод эрүүний ясандаа хагалгаа хийлгэсэн. ...Тэр үед Н, Э Ө бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Миний зүүн талын эрүүний яс хугарсан, баруун хацрын яс хугарсан байсан. Өөр гэмтлээ би сайн мэдэхгүй байна. Миний өвчтөний карт дээр эмч тодорхой бичсэн байгаа байх гэж бодож байна. Намайг адууны хулгайн хэрэгт гүтгээд байсан, тэр асуудлаас болж намайг зодсон байх. Н Э нар намайг зодож цохиогүй, ганцхан Ө гэх залуу намайг зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-10 хуу/,

Хохирогч Ц.Цын дахин өгсөн: “...Тухайн үед би Р.Өыг цохиж, зодоогүй. Р.Ө намайг зодоод, би ухаан алдаад унасан байсан. Нэг мэдэхэд А.Э гэх залуу намайг явъя гээд дуудаад би сэргэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/,

Гэрч Ч.Нын өгсөн: “...Архиа дуусч байх үед би голын эрэг дээр голын усанд хөлөө угаачихаад буцаад ирэх үед Ц.Ц ах болон Р.Ө нар гэнэт хоорондоо маргалдаж Ө нь Ц.Ц ахыг зодож эхэлсэн. Намайг салгах гэтэл Э нь намайг ойртуулаагүй намайг зодох гээд байсан. ...Намайг харж байхад Р.Ө нь Ц.Ц ахын нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа цохиод газарт унагаж байгаад ахиж нэмж зодоод байсан. Намайг салгах гэхэд А.Э нь намайг зодох гээд байсан. Ингээд би зугтаасан. Намайг зугтааснаас хойш яаж зодож цохисныг нь би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/,

Гэрч Д.О-н өгсөн: “...Р.Ө хэсгийн төлөөлөгчтэй юм ярьж яваад би Ц ахтай хулгайд алдсан адуунаасаа болж маргалдаж зодолдсон юм. Би Ц ахыг шанаанд нь хэд хэдэн удаа цохиж зодсон. Өөрөөр их зодоогүй юм гэж ярьж байхыг нь би автомашин жолоодож явахдаа сонссон. Тэгэхээр Р.Ө нь Ц ахын эрүүний ясыг хугалсан гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/,

Гэрч А.Эын дахин өгсөн: “...Ө хоёр жилийн өмнө алдаж байсан адууныхаа талаар яриад Ц чи миний адууг хулгайлсан гээд Ц нь би чиний адууг аваагүй гээд хэрүүл эхэлсэн. Ингээд хэрэлдэж байгаад Ө нь Цыг цээж хэсэгт нь хоёр удаа өшиглөсөн яг хаана нь өшиглөснийг нь би сайн харж чадаагүй нэг удаа толгой хэсэгт цохисон. Би хэн нэгэн хүнтэй хэрэлдэж маргалдсан асуудал гаргаагүй. Харин Цыг Ө зодож байхад нь би салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/, 

Р.Өын яллагдагчаар өгсөн: “...Би Ц.Цын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Э дугаартай дүгнэлтээр Ц.Цын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэлт гарсан байсан. Би тэр дүгнэлттэй танилцсан. Би тэр шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа би гаргасан үйлдэлдээ Ц.Ц ахаас уучлалт гуйсан удахгүй эмчилгээний зардал мөнгийг нь төлж барагдуулна гэж хэлсэн байгаа. Би буруу зүйл хийсэн гэдгээ ухамсарлаж байна тиймээс энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-82 хуу/,

Хохирогч Ц.Цын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7672 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-40 хуу/,

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Өын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.   

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан байхыг ойлгоно гэж заасан байх бөгөөд хохирогч Ц.Цын биед биед баруун хацар яс, хацрын нумны шугаман, зүүн талд эрүү ясны сэртэнгийн салсан хугарал, баруун гайморын хөндийн гадна хананы хугарал, тархи доргилт, хоёр нүдний алимны гадна, дотно булангийн цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдээр үүсгэгдэнэ. Баруун хацар яс, хацрын нумны шугаман, зүүн талд эрүү ясны сэртэнгийн салсан хугарал, баруун гайморын хөндийн гадна хананы хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7672 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Р.Өын үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.  

Иймд шүүгдэгч Р.Өыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 90 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Хохирогч Ц.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хохирлоо бүрэн төлүүлсэн тул ямар нэгэн гомдол саналгүй /хх-ийн 89 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Р.Өын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Р.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Өад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Өад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                           

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Рийн Өыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Өыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Өад оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ө нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ц.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Өад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар  гардан авсан өдрөөс хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйл заасны дагуу хүргүүлснээс хой ш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Өад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ОТГОНЦЭЦЭГ