| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00106/И |
| Дугаар | 158 |
| Огноо | 2017-02-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 158
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 075 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай одоо Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны 1 дүгээр хороо 1 дүгээр хэсэг 1 тоотод түр оршин суух, 50 настай, эмэгтэй, одоо Дулаанхаан тосгоны ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн сургалтын менежер ажилтай Боржигин овогт Лувсанцэрэнгийн Сувдаагийн /МЗ-66123109/ нэхэмжлэлтэй:
“Ажилласан байдал тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Л.Сувдаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Сувдаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 1988 онд сургуулиа төгсөөд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн пионерийн зөвлөлийн томилолтоор Хүдэр сумын 8 жилийн дунд сургуульд пионерийн ахлах удирдагчаар томилогдон ажилласан. Олон хүүхэдтэйгээр тэтгэвэрт гарах гэтэл хэдийгээр миний ажилласан байдлын талаар “Хөдөлмөрийн дэвтэр”-т бичилт бүрэн хэмжээгээр хийгдсэн боловч заавал ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаал хэрэгтэй болно гэсэн учраас шүүхэд ажилласан жил тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл пионерийн ахлах удирдагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Сувдаа нь “...намайг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл пионерийн ахлах удирдагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл пионерийн ахлах удирдагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн 453688 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн 2 дугаар талд авагдсан “Ажлын тухай мэдээ”-нд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 8 жилийн дунд сургуулийн пионерийн ахлах удирдагчаар ажилласан талаарх бичилт, Хүдэр сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 38 дугаартай “Цалин тогтоолгох тухай”, 1990 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаартай “Ажил хариуцуулах тухай”, 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаартай “Хичээл заалгах тухай”, 1991 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 26 дугаартай “Цалин нэмэх тухай”, 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай “Багш нарыг цалинжуулах тухай” тушаалуудын хуулбарууд, гэрч П.Мягмарсүрэн, Д.Уранбилэг, З.Цогцагаан нарын шүүхэд Л.Сувдаагийн ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Л.Сувдааг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл пионерийн ахлах удирдагчаар ажилласан байдлыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Лувсанцэрэнгийн Сувдааг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл пионерийн ахлах удирдагчаар ажилласан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА