Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 161

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Д.Очирбатын /Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв/ нэхэмжлэлтэй:

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй 1 дүгээр багт оршин суух, 58 настай, эмэгтэй, одоо “Баян-Ундарга” ХХК-ний захирал Боржигон овогт Ёндонгийн Саранцэцэгт /МА-59121209/ холбогдох

“Оюутнуудын ургац хураалтанд ажилласны хөлс 1.370.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд уншин сонсгосон Сэлэнгэ аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Д.Очирбат шүүхэд гаргасан нэхэмжлэлээс:

“Баян-Ундарга” ХХК-ийн захирал Ё.Саранцэцэг нь манай сургуульд хүсэлт тавьж намрын ургац хураалтын ажилд оюутан сурагчдыг ажиллуулах тухай гэрээ байгуулсан юм. Тус гэрээний дагуу манай оюутан суралцагчид 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тус тус ажилласан юм. Гэтэл “Баян-Ундарга” ХХК-ний захирал Ё.Саранцэцэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй оюутнуудын ажлын хөлсний үлдэгдэл 1.370.000 төгрөгийг одоо хүртэл өгөхгүй байгаа болно. Бид тус компанид удаа дараа албан бичиг хүргүүлсэн боловч төлбөр төлөгдөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. “Баян-Ундарга” ХХК-ийн захирал Ё.Саранцэцэгээс 1.370.000 төгрөгийг гаргуулж манай сургуульд олгож өгнө үү. Бид тус мөнгийг суралцагчиддаа олгоно гэжээ.

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Ё.Саранцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас:

Тус компаний намрын ургац хураалтын 2016 оны 09 дүгээр сарын 16-наас 10 дугаар сарын 21-ний хооронд тариан талбайд МСҮТ-ийн хүүхдүүд ажиллуулсан ба энэ хугацаанд удирдан ажиллуулсан тус сургуулийн багш н.Чойжоо нь тус компаний захирал Ё.Саранцэцэгээс 150.000 төгрөг бэлнээр, 389.000 төгрөг бараа материалаар авч өөрт оногдох 600.000 төгрөгийн цалингаа авсан болно. Иймд тус сургуулиас нэхэмжилсэн 1.350.000 төгрөгийн үлдэгдэл 750.000 төгрөг сурагчдын цалинг 01 дүгээр сарын 20-ны өдөр албан ёсоор шилжүүлж өгнө гэжээ.

Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хүсэлтээс:

Хариуцагч “Баян-Ундарга” ХХК-ний тайлбарыг багш С.Ганцоожид танилцуулахад багш С.Ганцоож нь 600.000 төгрөгийг сургуульд эхэлж төлөөд дараа нь тус компаний захиралтай уулзаж үнийн талаар зөрүүтэй байгаа асуудлаар тусад нь шийдвэрлүүлнэ гэсэн тул манай нэхэмжлэлийг дуусгавар болгож өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн /захирал Д.Очирбат/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг гэх “Баян-Ундарга” ХХК-ний захирал Ё.Саранцэцэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: “...“Баян-Ундарга” ХХК-ийн захирал Ё.Саранцэцэг нь манай сургуульд хүсэлт тавьж намрын ургац хураалтын ажилд оюутан сурагчдыг ажиллуулах тухай гэрээ байгуулсан юм...манай оюутан суралцагчид 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тус тус ажилласан юм. Гэтэл “Баян-Ундарга” ХХК-ний захирал Ё.Саранцэцэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй оюутнуудын ажлын хөлсний үлдэгдэл 1.370.000 төгрөгийг одоо хүртэл өгөхгүй байгаа болно...“Баян-Ундарга” ХХК-ийн захирал Ё.Саранцэцэгээс 1.370.000 төгрөгийг гаргуулж манай сургуульд олгож өгнө үү...” гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна. Учир  нь:

Зохигчдын хооронд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Оюутан суралцагчдыг ажиллуулах тухай” гэрээ хийн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан харилцаа үүссэн байх бөгөөд гэрээндээ ажлын хөлсний талаар тодорхой заагаагүй байгаа боловч зохигчдын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд суралцагчдын ажилласан хөлсний талаар зохигчид хоорондоо тохиролцсон гэж үзэх боломжтой юм.

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа:”... Тус компаний намрын ургац хураалтын 2016 оны 09 дүгээр сарын 16-наас 10 дугаар сарын 21-ний хооронд тариан талбайд МСҮТ-ийн хүүхдүүд ажиллуулсан ба энэ хугацаанд удирдан ажиллуулсан тус сургуулийн багш н.Чойжоо нь тус компаний захирал Ё.Саранцэцэгээс 150.000 төгрөг бэлнээр, 389.000 төгрөг бараа материалаар авч өөрт оногдох 600.000 төгрөгийн цалингаа авсан болно...” гэсэн байгаа нь тухайн үедээ нийт 600.000 төгрөгний ажлын хөлсийг суралцагчдыг удирдаж байсан багшид нь өгсөн гэж үзнэ. Хариуцагчаас хэрэг хяан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид 750.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгийн орлогын ордерын тасалбар, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар мэдүүлгүүдээр нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 600.000 төгрөгийг багш С.Ганцоожтой тооцоо хийхээр татгалзсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн зохигчдыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэн хариуцагчаас 750.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 22.550 төгрөгний тал хувь буюу 11.275 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг “Баян-Ундарга” ХХК-иас 1.370.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зйүлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тмэдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 11.275 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.  

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

              4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

             5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.СОЁЛМАА