Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 203

 

2020/ШЦТ/203

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.А даргалж,  

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э хөтлүүлж

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгч: Н.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Л овогт Н-н М-д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ажилгүй, ам бүл 1, Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Зоо гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Л овогт Нн М /РД:/,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.М нь 2020 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутаг, Түмэнсант хорооллын 03-11 тоотод суух хохирогч А.Нын гэрт нэвтэрч улаан түрийвчтэй 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг хулгайлан, түүнд 305.000 /гурван зуун таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Хохирогч А.Нын өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай баг, сумын төвийн урд Нарийны ам гэх газар айлд очиж байж байгаад 2020 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн үед гэртээ иртэл манай байшингийн урд цонхыг хагалаад, хулгай орж унтлагын өрөөнд эхнэрийн гоо сайханы шүүгээнд байсан улаан өнгийн түрүүвчтэй бэлэн мөнгө алга болсон байсан. Өөр эд зүйл зүгээр байсан. Тэгээд сумын цагдаад дуудлага өгсөн. Миний хулгайд алдсан түрүүвчинд бэлнээр 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг байсан. Уг түрүүвчний содон шинж тэмдэг нь улаан өнгөтэй хажуу талдаа жижиг оосортой, онгойдог хэсэгтээ бөөрөнхий хээ угалзтай, түрүүвч дотор талд бэлнээр 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би гомдолтой байна. Алдсан мөнгө, түрүүвчээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 хуу/,

Гэрч Г.Сгийн өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нөхөр А.Нын хамт Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай баг, сумын төвийн урд Нарийн гэдэг газарруу хүүхдүүдийн хамт яваад тэнд байж байгаад 2020 оны 05 дугаар сарын 20-ны шөнө гэртээ иртэл манай байшингийн урд цонхыг хагалсан байсан. Тэгэхээр нь нөхөр бид 2 гэртээ ороод эд зүйлээ харчихаад, хойд өрөөний гоо сайханы ширээн дотор байсан улаан түрүүвчтэй мөнгөө хартал байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Манай цонхыг юугаар хагалсныг мэдэхгүй, ойр хавьд нь ямар нэгэн зүйл байхгүй байсан. Түрүүвчинд бэлнээр 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг байсан. Өөр ямар нэгэн эд зүйл алга болоогүй, мөнгө л алга болсон байсан. Түрүүвчтэй мөнгийг гэрийн хойд өрөөнд, миний гоо сайхны хэрэгсэл байдаг шүүгээний дээд өрөөнд хийсэн байсан. Бид хөдөө явахдаа бэлэн мөнгөө тоолоод шүүгээнд хийсэн байсан. Биднийг хөдөө явахад манай хүүхдүүд хамт байсан, мөнгийг шүүгээнд хийхэд гаднаас ямар нэгэн хүн байгаагүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай гэрт хамгийн сүүлд Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багт байдаг Н овогтой М орж ирээд манай нөхрөөс 10.000 /арван мянга/ төгрөг өгөөч гэж гуйгаад, аваад явсан. Манай гэрт мөнгө байгаа эсэхийг Н.М мэдэж байгаа. Яагаад гэвэл шүүгээнээс мөнгө авч өгөхийг харсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 хуу/,

Гэрч Г.Сгийн дахин өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нөхөр А.Нын хамт Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай баг, сумын төвийн урд Нарийн гэдэг газарруу яваад тэнд байж байгаад манай нөхөр А.Н 2020 оны 05 дугаар сарын 19-ний өглөө гэрээ харчихаад галаа түлчихээд хүүхдийн хувцас аваад ирнэ гэж хэлээд явсан, удалгүй буцаж ирсэн. Манай нөхөр А.Н Хангай сум орчихоод ирэхдээ Н.М ирж надаас 10.000 /арван мянга/ төгрөг аваад явлаа. Мөнгөний оронд галын түлээ хагалуулсан гэж надад хэлсэн. Би нөхрийн хамт хөдөөнөөс иртэл манай гэрт хулгай орсон байсан болохоор нөхөр А.Наас Н.Мод мөнгө авч өгөхдөө хаанаас авч өгсөн юм гэж асуухад А.Н хойд өрөөнд байсан шүүгээнээс авч өгсөн, тухайн үед Н.М хараад зогсож байсан гэж байсан. Миний цалин буугаад би цалингаасаа 290.000 /хоёр зуун ерэн мянга/ төгрөг хадгалуулсан. Тэр мөнгөр манай нөхөр мал худалдан авах гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/,

Гэрч Г.Гын өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хангай сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал Н.М архи уучихсан согтуу айлд орох гэж явж байсан. Тэгэхээр нь урд өмнө Нынд хулгай орж бэлэн мөнгө алга болсон болохоор уулзаад юм асуухаар сэжигтэй байхаар нь өрөөнд оруулж ирээд та А.Нынд орсон уу, хамгийн сүүлд хэзээ очсон бэ гэтэл би 2020 оны 05 дугаар сарын 20-ны орой харанхуй болж байхад очсон гэж хэлсэн. Тэгэхээр нь түрүүвчтэй мөнгө авсан талаар асуусан чинь улаан түрүүвч гаргаж ирсэн. Тэгээд дотор нь байсан мөнгө хаана байна гэсэн чинь дотор талын өмднийхөө халааснаас гаргаж ирээд би байшинд орсон гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрөөс хэдэн төгрөг байгаа талаар асуутал 216,081 төгрөг гаргаж ирсэн. М надад хэлэхдээ цохны шилийг гараараа цохисон чинь хагарсан, тэгээд би орсон гэсэн. Тухайн үед Н.М ганцаараа согтуу явж байсан ба улаан арьсан түрүүвч, бэлнээр 216,081 төгрөг байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/,

Гэрч С.Агийн өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр намайг гэртээ байхад Н.М өдөр ганцаараа орж ирээд байж байгаад би ажилтай болоод гэрээсээ гараад явахад Н.М хамт гарч ирээд би ажилруугаа яваад Н.М айлд очно гэж хэлээд явсан. Маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 20-ны өглөө 06 цагийн үед хашаанд унтаж байгаад ирлээ, хөлдөх гэж байна гэсээр орж ирсэн. Тэгээд өмсөж явсан өмдний халааснаас бэлэн мөнгө гаргаж ирээд Цгоос мөнгө авсан гээд надаар мөнгө тоолуулсан. Тэгээд би мөнгийг нь тоолж өгсөн. Тоолж байхад гурван зуу гаруй мянган төгрөг байсан. Тэгээд би 20.000 /хорин мянга/ төгрөг зээлээч гэтэл надад 20.000 /хорин мянга/ төгрөг авч өгсөн. Тэгээд Н.М гарч яваад нэг сэнгүүр нэртэй 2.5 л пиво дэлгүүрээс аваад орж ирээд надтай хамт хувааж уугаад дуусгаад гараад явсан. Би өөр зүйл мэдэхгүй байна. Н.М нь өөрийн өмсөж явсан өмдний халааснаас 300 гаруй мянган төгрөг гаргаж ирсэн түрүүвч байгаагүй. Ц гэдэг эгчээсээ бэлэн мөнгө авсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/,

Гэрч С.Агийн дахин өгсөн: “...Н.М нь Ц гэдэг хүнээс мөнгө авсан гээд бэлэн мөнгө гаргаж ирсэн. Тэгээд би 20.000 /хорин мянга/ төгрөг зээлчих гэтэл та энэ мөнгийг тоолоод өг гэхээр нь би авч үзээд сайн тоолоогүй. Багцаагаар 300.000 /гурван зуун мянга/ гаруй төгрөг байна гэж бодсон. Тухайн үед 20.000 /хорин мянга/ дэвсгэрт нилээд олон харагдаж байсан. Би тухайн үед урд шөнө нь архи уусан болохоор бие өвдөөд байсан учраас сайн тоолж өгөөгүй юм. Тэгээд мөнгө тоолоод өг гээд байхаар нь багцаагаар мөнгийг нь хараад 300.000 /гурван зуун мянга/ гаруй төгрөг байна гэж өөрөө бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/,

Гэрч Б.Оийн өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн орчимд намайг Хангай сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Буянравжих” дэлгүүрт худалдагчаар зогсож байхад манай сумын иргэн М гэж залуу ганцаараа орж ирсэн байх. Уг залуу орж ирээд 7500 төгрөгийн үнэтэй 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво аваад мөнгөө өгөөд гараад явсан. Өөр юм аваагүй, дахиж орж ирээгүй. Мөнгөө өгөхдөө 20,000 төгрөг өгсөн. Би хариултыг нь буцаагаад өгсөн. Мод хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй байна. Надад 20,000 төгрөг өгснийг нь авсан. Мод түрүүвч харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/,

Гэрч Н.Мын өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр А.Нынд очиж 10.000 /арван мянга/ төгрөг зээлчих гэж А.Наас гуйгаад автал мөнгөний оронд галын түлээ хагалж өг гэхээр тэгье гээд модыг нь хагалж өгсөн. Тэгээд би сумын төвд байдаг М гэдэг хүний дэлгүүрээс авсан 10.000 /арван мянган/ төгрөгөөрөө 2.5 литрийн савтай сэрүүн нэртэй 1 пиво авч уусан. Тэр пивыг А.Нтай хувааж уусан. Тэгсэн удалгүй А.Н сумын төвийн урагшаа Нарийн гэдэг нэртэй газар явна, эхнэр, хүүхэд тэнд байгаа гээд явсан. Тэгэхээр нь би нутгийн таньдаг А гэдэг айлд өдөр нь байж байгаад орой харанхуй болж байхад гэрээс нь гарч яваад А.Нынд очиж байшингийн урд цонхыг гараараа хагалж ороод хойд өрөөнд нь байсан түрүүвчтэй мөнгийн аваад буцаж хагалсан цонхоороо гараад сумын төвд байдаг эзэнгүй хашаанд очиж хоноод дэлгүүр онгойхоор нь Я.Б гэдэг хүний дэлгүүрээс 2.5 литрийн савтай сэрүүн гэдэг нэртэй пиво авч А гэдэг хүний гэрт орж уугаад байж байтал А чамд 20.000 төгрөг байна уу гэсэн. Тэгэхээр нь би өгсөн, өөр юм болоогүй. Бусад мөнгө нь улаан түрүүвчийн хамт дээлний өвөртөө хийгээд хадгалаад байж байсан. А.Н надад 10.000 /арван мянган/ төгрөг авч өгөөд буцаагаад хойд шүүгээндээ аваачиж хийсэн учраас би мөнгийг хаана байгааг мэдсэн юм. Би зөвхөн 280.000 /хоёр зуун наян мянган/ төгрөгийг түрүүвчний хамт авсан, өөр эд зүйл аваагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/,

Гэрч Н.Мын дахин өгсөн: “...Би А.Нын байшингийн хойд өрөөнд байсан улаан түрүүвчтэй 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг авсан. Тухайн үед надад мөнгө байгаагүй. Надад зөвхөн 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг байсан. Тэр мөнгийг С.Ад өгч тоолуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/,

Гэрч Д.Цгийн өгсөн: “...Би Н овогтой Мтой нэг нутгийн хүмүүс учраас сайн танина, гэхдээ 2020 онд бид уулзаагүй. Би Н.Мод өр, авлага байхгүй бөгөөд тэрээр надаас мөнгө зээлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/, 

Н.Мын яллагдагчаар өгсөн: “...Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг ярьсан. Архи авч уух гээд мөнгөгүй байсан учраас мөнгөний хэрэг гараад хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 хуу/,

Гэрч Н.Мийн өгсөн: “...Н.М нь миний төрсөн дүү байгаа юм. Миний дүү Н.М нь ганц бие амьдардаг, гэр орноосоо гараад байдаггүй. Даруу төлөв зантай, тусархаг, үг дуу цөөтэй, хүнтэй ярих чадвар муутай хүн байгаа юм. Тэрээр хааяа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн явж байдаг, малд байнга явдаг болохоор тэр болгон хэрэглээд байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуу/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-07 хуу/,

Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10 хуу/,

Хохирогч А.Нын эзэмшлийн байшингийн хагарсан цонхны болон хулгайд алдагдсан улаан өнгийн түрүүвчний зах зээлийн үнэлгээг тогтоосон Мэргэшсэн үнэлгээчин А.Б 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 174 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40 хуу/,

Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3/39 дугаартай тодорхойлолт /хх-ийн 56 хуу/,

Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2/185 дугаартай тодорхойлолт /хх-ийн 56 хуу/,

Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1315 дугаартай албан бичгээр ирүүлсэн Л овогт Нн М /РД:/-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59-60 хуу/, 

Н.Мын 2019 оны эцсээр тоолуулсан мал тооллогын талаарх Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61 хуу/,

Н.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх лавлагаа /хх-ийн 62 хуу/,

Хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 66-67 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Мод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.М нь 2020 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутаг, Түмэнсант хорооллын 03-11 тоотод суух хохирогч А.Нын гэрт нэвтэрч улаан түрийвчтэй 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг хулгайлан, түүнд 305.000 /гурван зуун таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.      

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Н.М үйлдсэн болох нь:

Хохирогч А.Нын өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 20-ны шөнийн 01 цагийн үед гэртээ иртэл манай байшингийн урд цонхыг хагалаад, хулгай орж унтлагын өрөөнд эхнэрийн гоо сайханы шүүгээнд байсан улаан өнгийн түрүүвчтэй бэлэн мөнгө алга болсон байсан. Өөр эд зүйл зүгээр байсан. Тэгээд сумын цагдаад дуудлага өгсөн. Миний хулгайд алдсан түрүүвчинд бэлнээр 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг байсан. Уг түрүүвчний содон шинж тэмдэг нь улаан өнгөтэй хажуу талдаа жижиг оосортой, онгойдог хэсэгтээ бөөрөнхий хээ угалзтай, түрүүвч дотор талд бэлнээр 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 хуу/, гэрч Г.Сгийн өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 20-ны шөнө гэртээ иртэл манай байшингийн урд цонхыг хагалсан байсан. Тэгэхээр нь нөхөр бид 2 гэртээ ороод эд зүйлээ харчихаад, хойд өрөөний гоо сайханы ширээн дотор байсан улаан түрүүвчтэй мөнгөө хартал байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Түрүүвчинд бэлнээр 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг байсан. Манай гэрт хамгийн сүүлд Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багт байдаг Н овогтой М орж ирээд манай нөхрөөс 10.000 /арван мянга/ төгрөг өгөөч гэж гуйгаад, аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 хуу/, гэрч Г.Сгийн дахин өгсөн: Би нөхрийн хамт хөдөөнөөс иртэл манай гэрт хулгай орсон байсан болохоор нөхөр А.Наас Н.Мод мөнгө авч өгөхдөө хаанаас авч өгсөн юм гэж асуухад А.Н хойд өрөөнд байсан шүүгээнээс авч өгсөн, тухайн үед Н.М хараад зогсож байсан гэж байсан. Миний цалин буугаад би цалингаасаа 290.000 /хоёр зуун ерэн мянга/ төгрөг хадгалуулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/, гэрч Г.Гын өгсөн: “...та А.Нынд орсон уу, хамгийн сүүлд хэзээ очсон бэ гэтэл би 2020 оны 05 дугаар сарын 20-ны орой харанхуй болж байхад очсон гэж хэлсэн. Тэгэхээр нь түрүүвчтэй мөнгө авсан талаар асуусан чинь улаан түрүүвч гаргаж ирсэн. Тэгээд дотор нь байсан мөнгө хаана байна гэсэн чинь дотор талын өмднийхөө халааснаас гаргаж ирээд би байшинд орсон гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрөөс хэдэн төгрөг байгаа талаар асуутал 216,081 төгрөг гаргаж ирсэн. М надад хэлэхдээ цохны шилийг гараараа цохисон чинь хагарсан, тэгээд би орсон гэсэн. Тухайн үед Н.М ганцаараа согтуу явж байсан ба улаан арьсан түрүүвч, бэлнээр 216,081 төгрөг байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/, гэрч С.Агийн өгсөн: “...Тоолж байхад гурван зуу гаруй мянган төгрөг байсан. Тэгээд би 20.000 /хорин мянга/ төгрөг зээлээч гэтэл надад 20.000 /хорин мянга/ төгрөг авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/, гэрч С.Агийн дахин өгсөн: “...Багцаагаар 300.000 /гурван зуун мянга/ гаруй төгрөг байна гэж бодсон. Тухайн үед 20.000 /хорин мянга/ дэвсгэрт нилээд олон харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/, гэрч Б.Оийн өгсөн: “...М гэж залуу ганцаараа орж ирсэн байх. Уг залуу орж ирээд 7500 төгрөгийн үнэтэй 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво аваад мөнгөө өгөөд гараад явсан. Өөр юм аваагүй, дахиж орж ирээгүй. Мөнгөө өгөхдөө 20,000 төгрөг өгсөн. Би хариултыг нь буцаагаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/, Н.Мын яллагдагчаар өгсөн: “...Архи авч уух гээд мөнгөгүй байсан учраас мөнгөний хэрэг гараад хулгайн гэмт хэрэг үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 хуу/, Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-07 хуу/, Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10 хуу/, Хохирогч А.Нын эзэмшлийн байшингийн хагарсан цонхны болон хулгайд алдагдсан улаан өнгийн түрүүвчний зах зээлийн үнэлгээг тогтоосон Мэргэшсэн үнэлгээчин А.Б 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 174 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40 хуу/, Хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 66-67 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Мөрдөн байцаалтын явцад алдагдсан түрүүвч болон цонхны хагарсан шилний үнэлгээг шинжээч томилж  дүгнэлт гаргуулан тогтоолгоход түрүүвчний үнийг 20.000 /хорин мянга/, цонхны шилний үнэлгээг 5.000 /таван мянга/ төгрөгөөр тус тус үнэлжээ. 

Шүүгдэгч Н.М нь хохирогч А.Нын эзэмшлийн гэрт хууль бусаар нэвтрэхдээ байшингийн цонхыг хагалж, улаан түрийвчтэй 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг хулгайлан, түүнд нийт 305.000 /гурван зуун таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.   

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. 

Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэн байхыг ойлгох бөгөөд нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгох бөгөөд хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх буюу гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг. 

Иймд шүүгдэгч Н.М нь хохирогч А.Нын байшинд нэвтрэхдээ цонхны шилийг хагалж, түрүүвчтэй мөнгө буюу эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, өөрт нь мэдэгдэлгүйгээр буюу нууцаар мөнгийг нь авч, захиран зарцуулахдаа энэ үйлдлээ өөрөө ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Мын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүдэгч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, шүүгдэгч Н.Мод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 74-75 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Нт 305.000 /гурван зуун таван мянга/ төгрөгийн хохирол төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч А.Н нь “...Би гомдолтой байна. Алдсан мөнгө, түрүүвчээ олж авмаар байна...” гэж мэдүүлсэн байх боловч /хх-ийн 13-16 хуу/, тус аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “хохирлоо барагдуулсан тул гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн байх тул /хх-ийн 71 хуу/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Н.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мод 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мод авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л овогт Нн Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мод оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан ш ийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8,  1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.А