| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0697/Э |
| Дугаар | 719 |
| Огноо | 2020-09-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 719
2020 09 02 2020/ШЦТ/719
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч Г.Т /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Мөөнүүрхэн овгийн Г.Тд холбогдох эрүүгийн 2011000000800 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Мөөнүүрхэн овгийн Г.Т, 1998 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Багануур дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, барилгын туслахын ажил хийдэг, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 1 дүгээр байрны 7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УЮ98112011.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Г.Т нь 2020 оны 7 дугаар сарын 17-18 нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Дунд буудлын автобусны буудал орчим хохирогч Б.Эрдэнэбаатартай дүү охин Г.Золжаргалыгаа өмөөрч маргалдан улмаар зүүн бугалга, нуруунд хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “зүүн бугалга, нуруунд шарх, баруун хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-6/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8641 дугаар дүгнэлтэд: “...Б.Эрдэнэбаатарын биед зүүн бугалга, нуруунд шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн, зулгаралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 45-46/,
Хохирогч Б.Эрдэнэбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний бие одоогоос 4 жилийн өмнө Золжаргал гэж эмэгтэйтэй танилцаж, 6 сар үерхээд салсан. 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хуучин найз охин Золжаргал над руу залгаад уулзъя гэсний дагуу Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Шинэ эцэс дээр уулзахад Золжаргал ахтайгаа, найз нартайгаа гарч ирээд намайг ална гээд байхаар нь би айгаад найз нараа дуудсан. Би Золжаргалын ах Т гар утсан дээр чинь юм харъя гээд зогсож байтал гэнэтхэн хажуу талд Золжаргал, Намуунбайгаль хоёр зодолдоод эхэлсэн. Тэгсэн Т гэнэтхэн зүүн талын мөр, зүүн талын хавирга хэсэг рүү хутгалаад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх 12-13/,
Гэрч С.Намуунбайгаль нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Золжаргал шууд намайг үстээд хөлөөрөө миний хөл рүү өшиглөөд байхаар нь би Золжаргалын нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, нүүрийг маажсан. Энэ үеэр Есөнтөмөр дундуур орж салгасан. Тэгээд бид хоёр больсон, цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Учир нь цаана Эрдэнэбаатар, Золжаргалын ахтай маргалдаад байх шиг байсан. Нэг мэдсэн цагдаа, түргэн болоод эхэлсэн. Эрдэнэбаатар нуруу, хавирга хэсэгтээ хутгалуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх 25-26/,
Гэрч О.Есөнтөмөр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Эрдэнэбаатар нь Золжаргалын ах Тэмүүжинтэй хоорондоо маргалдаад бие биенийгээ заамдалцаад байхаар нь би дундуур нь орж салгахад Т дотор талын энгэрийн халаасанд хутга харагдаж байсан ба гартаа бор шар өнгийн иштэй жижиг хутгатай байсан. Тэгээд Т гарт байсан хутгыг хаяулах гэж өмдний бүсээ тайлж, өмдний бүсээр хутга руу нь цохиж гараас хутгыг унагаах гэсэн чинь гэнэтхэн миний хажуугаар Т гүйгээд Эрдэнэбаатарын мөр, хавирга хутгалаад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх 27-28/,
Шүүгдэгч Г.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Эрдэнэбаатар найз нартайгаа гартаа мод, чулуу, өмдний бүс барьсан байсан. Тэгэхээр нь би айлгах гээд биедээ байсан хутга гарган гартаа барьсан. Тэгсэн чинь өөдөөс Эрдэнэбаатар дайрахаар нь нуруу хэсэгт нь 1 удаа, суга хэсэгт нь 1 удаа хутгалчихсан...” гэх мэдүүлэг /хх 60-61/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 69/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 64/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 65/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 244 дүгээр тогтоол /хх 77/, шүүгдэгч Г.Т гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 75/, хохирогч Б.Эрдэнэбаатарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 74/, хохирогч Б.Эрдэнбаатарын гаргаж өгсөн хохирлын баримт холбогдох /43-44/ баримт зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Г.Т нь 2020 оны 7 дугаар сарын 17-18 нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Дунд буудлын автобусны буудал орчим хохирогч Б.Эрдэнэбаатартай дүү охин Г.Золжаргалыгаа өмөөрч маргалдан улмаар зүүн бугалга, нуруунд нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “зүүн бугалга, нуруунд шарх, баруун хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-6/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8641 дугаар “...Б.Эрдэнэбаатарын биед зүүн бугалга, нуруунд шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн, зулгаралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 45-46/, хохирогч Б.Эрдэнэбаатарын “...Миний бие одоогоос 4 жилийн өмнө Золжаргал гэж эмэгтэйтэй танилцаж, 6 сар үерхээд салсан. 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хуучин найз охин Золжаргал над руу залгаад уулзъя гэсний дагуу Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Шинэ эцэс дээр уулзахад Золжаргал ахтайгаа, найз нартайгаа гарч ирээд намайг ална гээд байхаар нь би айгаад найз нараа дуудсан. Би Золжаргалын ах Т гар утсан дээр чинь юм харъя гээд зогсож байтал гэнэтхэн хажуу талд Золжаргал, Намуунбайгаль хоёр зодолдоод эхэлсэн. Тэгсэн Т гэнэтхэн зүүн талын мөр, зүүн талын хавирга хэсэг рүү хутгалаад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх 12-13/, гэрч С.Намуунбайгалийн “...Золжаргал шууд намайг үстээд хөлөөрөө миний хөл рүү өшиглөөд байхаар нь би Золжаргалын нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, нүүрийг маажсан. Энэ үеэр Есөнтөмөр дундуур орж салгасан. Тэгээд бид хоёр больсон, цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Учир нь цаана Эрдэнэбаатар, Золжаргалын ахтай маргалдаад байх шиг байсан. Нэг мэдсэн цагдаа, түргэн болоод эхэлсэн. Эрдэнэбаатар нуруу, хавирга хэсэгтээ хутгалуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх 25-26/, гэрч О.Есөнтөмөрийн “...Эрдэнэбаатар нь Золжаргалын ах Т хоорондоо маргалдаад бие биенийгээ заамдалцаад байхаар нь би дундуур нь орж салгахад Т дотор талын энгэрийн халаасанд хутга харагдаж байсан ба гартаа бор шар өнгийн иштэй жижиг хутгатай байсан. Тэгээд Т гарт байсан хутгыг хаяулах гэж өмдний бүсээ тайлж, өмдний бүсээр хутга руу нь цохиж гараас хутгыг унагаах гэсэн чинь гэнэтхэн миний хажуугаар Т гүйгээд Эрдэнэбаатарын мөр, хавирга хутгалаад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх 27-28/, шүүгдэгч Г.Т “...Эрдэнэбаатар найз нартайгаа гартаа мод, чулуу, өмдний бүс барьсан байсан. Тэгэхээр нь би айлгах гээд биедээ байсан хутга гарган гартаа барьсан. Тэгсэн чинь өөдөөс Эрдэнэбаатар дайрахаар нь нуруу хэсэгт нь 1 удаа, суга хэсэгт нь 1 удаа хутгалчихсан...” гэх мэдүүлэг /хх 60-61/, зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Эрдэнэбаатар нь “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Г.Т бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд шүүх шүүгдэгч Г.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Г.Т нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мөөнүүрхэн овгийн Г.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Г.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН