| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 128/2018/0363/З |
| Дугаар | 667 |
| Огноо | 2018-10-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 667
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М ” ХХК,
Хариуцагч: БОАЖС ,
Нэхэмжлэлийн шаардлага: БОАЖС ын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “М ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д , Н.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сайханзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БОАЖС 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А-129 дугаартай тушаалаараа Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутагт орших Б******* ******* Д******* газрын *******ийн аманд 2 га газрын ашиглах эрхийг “М ” ХХК-д олгон, 2016/145 дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон болно.
Гэвч БОАЖС 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр А/76 дугаартай тушаал гарган “М ” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, тус компанийн хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглах ашиг сонирхлыг зөрчөөд байна.
“М ” ХХК нь газар ашиглах эрх авснаас хойш Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулж байгаагүй тул газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл байгаагүй гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны албан тушаалтан шийдвэр гаргахдаа тухайн захиргааны актын үндэслэлийг дурдах үүрэгтэй.. Уг тушаалын хавсралтын тайлбар хэсэгт дурдсан тухайн газрыг ашиглах эрхийг үл хөдлөх эд хөрөнгө байхгүй гэсэн үндэслэлээр цуцалсан гэж ойлгосон.
Хариуцагч тал Б******* ******* д******* газрын хамгаалалтын захиргааны албан бичиг, огноо, дугааргүй байсан гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан гэж тайлбарладаг.
БОАЖС ын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт “М ” ХХК-тай холбоотой хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбартаа тусгасан үндэслэлүүд байхгүй. Газрын төлбөр төлөөгүй, гурвалсан гэрээ байгуулаагүй гэж тайлбарладаг ч гэрээ байгуулсны дараа газрын төлбөр төлөх үүрэг үүснэ. Гэрээг байгуулах процесс явагдаж байна. Гурвалсан гэрээг байгуулахтай холбоотойгоор нэмэлт материалыг хэрэгт өгсөн бөгөөд гэрээг байгуулахаас өмнө улсын тэмдэгтийн хураамжид 10 000 000 төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тушааж гэрчилгээ авсан. Гэрчилгээгээ аваад Б******* ******* д******* газрын хамгаалалтын захиргаанд хандахад гурвалсан гэрээг байгуулахтай холбоотойгоор 1 000 000 төгрөгийг төл гэснийг бид мөн төлсөн. Үүний дараагаар Баянзүрх дүүгийн Засаг даргатай гэрээ байгуулахаар хандахад би Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч учир гэрээнд гарын үсэг зурахгүй гэсэн.
Газрын тухай хуульд зааснаар 2 жилийн хугацаанд ашиглах, захиран зарцуулах, зориулалтын дагуу ашиглах шаардлагатай байдаг. Гэтэл энэ хугацаа тоологдож эхлэх үед шүүхийн маргаан эхэлсэн байсан тул 2 жилийн хугацаа өнгөрөөгүй гэж үзэж байна.
БОАЖС ын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалыг гаргахдаа өмнөх тушаал хууль бус тушаал байсан гэж үзэн тушаал гаргасан, эсвэл “М*******” ХХК-ийг газар ашиглах эрхийг дуусгавар болсгосон эсэх нь тодорхойгүй байна.
Мөн далий газар байсан учраас газар ашиглах эрхийг цуцалсан гэдэг. Магадгүй маргаан бүхий газар далий байгаа нь давуу тал байж болно. Газрыг хэрхэн ашиглах нь тухайн компанийн шийдвэрлэх асуудал.
“М ” ХХК эзэмшиж буй газар дээрээ “Cabel car” төслийг хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд энэ нь уулан дээрээс тросс татан аюулгүйн бүс, малгай, бэхэлгээ зэргийг өмсөн уулан дээрээс нисэх үйлчилгээ юм. Нэг удаагийн үсрэлтийг 20000-30000 төгрөг байхаар тооцоолж байгаа.
2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 301 дугаар албан бичиг “М ” ХХК-нд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шуудангаар ирсэн. Албан ёсоор энэ шууданг авснаар бид газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг мэдсэн. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй.
Иймд БОАЖС ын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаартай тушаалын “Монголиан пропетис эйженси” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д , Н.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн Нэгдүгээр бүлгийн 1 дүгээр зүйл байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүнийг унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдох харилцааг Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн зохицуулна гэж заасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа газар нутгийг зохицуулалтаас нь өөрөөр “М ” ХХК-нд олгосон тушаал нь өөрөө хууль зөрчсөн учраас Д******* газрын байгалийн төлөв байдлыг өөрчлөх гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан.
“М ” ХХК нь БОНХАЖС -ын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн тушаалаар газар ашиглах эрх олж авсан боловч гурвалсан гэрээ байгуулаагүй, газрын төлбөр төлөөгүй, тухайн газарт ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө байхгүй, аялал жуулчлал явуулах эрхгүй байгаа. Газар ашиглах эрхийг олж авснаас хойш 3 сарын дотор гэрээ байгуулах үүрэгтэй. Гэтэл одоо болтол гурвалсан гэрээ байгуулаагүй. Өнөөдрийг хүртэл гурвалсан гэрээ байгуулаагүй байгаа нь нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаа юм. Баянзүрх дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь гарын үсэг зурахгүй байгаа гэж тайлбарладаг ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын дарга гэрээг батлах үүрэгтэй. Гэтэл баталсан талаарх баримт хэрэгт мөн авагдаагүй.
Анх тушаал гаргах үндэслэл болсон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дах хэсэгт заасан хамгаалалтын захиргааны саналыг авах ёстой байдаг. Нотлох баримтаар хамгаалалтын захиргааны санал нь ямар нэгэн гомдол саналгүй. Мөн тухайн компанийн хүсэлт гаргасан албан бичигт он, сар, дугаар байхгүй. Мөн байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ байхгүй. Анхнаасаа газар ашиглах эрх олж авсан нь хууль бус гэж үзэж байна. Тухайн газарт ямар ч эрх зүйн үр дагавар бий болоогүй.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийн ашиглан хүргүүлж болно гэж заасан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яам аж ахуйн нэгжүүдийг нэг бүрчлэн дурддаггүй. Учир нь олон компаниуд байдаг.
2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 301 дугаар албан бичгээр сонсох ажиллагааг явуулсан гэж үзэж байна. Гэтэл шуудангаар 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр албан бичгийг хүлээж авсан гэж байна. Манай байгууллагаас маргаан бүхий акт гарахаас 2 хоногийн өмнө албан бичгийг гаргасан. Хэдний өдөр шуудангаар явуулсныг мэдэхгүй.
Иймд “М ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М ” ХХК нь “БОАЖС ын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “М ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
БОНХАЖС -ын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/129 дугаар тушаалаар “М ” ХХК-д Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Б******* ******* д******* газар Баган тэнгэрийн ам нэртэй газарт 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэжээ[1].
Улмаар 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүрэг, Б******* ******* д******* газар, *******ийн аманд 2.0 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах гэрчилгээг олгосон байна.
Б******* ******* д******* газрын хамгаалалтын захиргаанаас Монгол улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаар тушаалын хэрэгжилт, Усны нөөцийн хомсдол үүсэхээс сэргийлэх, голын бургас сүйтгэх, ******* өндөр налуу газарт байгалийн унаган төрх алдагдуулах эрсдэл бүхий иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэний дотор “М ” ХХК-д ашиглуулсан газар хамаарч байна[2].
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд дээрх судалгааг үндэслэн БОАЖС ын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэг, ... –ийг баримтлан “..уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан д******* газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж байна гэж “М ” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ[3].
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.”Д******* газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.” гэж заажээ.
Анх “М ” ХХК нь Жуулчны баазын зориулалтаар төслөө яаманд өгч байсан[4] байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас явцын дунд боловруулсан гэж шүүхэд өгсөн “Politico club house” төслийн материалаас үзвэл “Sky cable car”-ийн тусламжтайгаар машин зогсоолоос клуб руу, клубээс Богд хан ******* орой дээр гарч, байгалийн үзэсгэлэн, Улаанбаатар хотыг харах, ******* дээрээс тросс татан аюулгүйн бүс, малгай өмсөж, бэхэлгээтэйгээр уулан дээрээс нисэх үйлчилгээг иргэдэд үзүүлэхээр тус байгууламжийг төлөвлөжээ[5].
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг төсөл нь заавал уулан дээр хэрэгжих боломжтой учир уулыг оруулан газар ашиглах хүсэлт анх гаргасан бөгөөд хэрэв биднийг дуудаж уулзсан бол энэ нөхцөл байдлаа тайлбарлах байсан гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
Хэрэгт шүүхээс үзлэг хийж авсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “М ” ХХК-ийн ашиглаж байсан газрын талаар сонсох ажиллагааг хийгээгүй, зөвхөн цуцлах болсныг мэдэгдсэн мэдэгдлийг хүргүүлжээ.
Тодруулбал, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 301 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч уг албан бичигт[6] “ ...Иймд д******* газрын Зайсангийн аманд ашиглахаар авсан 2.01 га газрын эрхийг цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна” гэснээс үзвэл сонсох ажиллагааны мэдэгдэл биш, харин цуцлах болсныг мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авчээ[7].
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2.Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. 24.4 Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 25 дугаар зүйлийн 25.1 Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: 25.1.2. оролцогчийг сонсох тайлбар гаргуулах, ...25.1.7 оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах, 26 дугаар зүйлийн 26.1 Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно., 27 дугаар зүйлийн 27.2 Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ...” гэж заажээ.
Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзвэл БОАЖС нэхэмжлэгчийн гаргаж өгөх тайлбар, нотлох баримт, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон байгаль орчны менежментийн төслийг үндэслэн дээр дурдсан хуулийн заалтын дагуу сонсох ажиллагааг хийсний үндсэн дээр дахин захиргааны акт гаргах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн захиргааны байгууллага сонсох ажиллагааг хийгээгүй гэсэн тайлбар үндэслэлтэй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 “Захигааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.6 “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиодолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8 “хууль ёсны итгэлийг хамгаалах”-д заасан зарчмыг захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй байна.
Иймд шүүх захиргааны байгууллагын процессын алдааг зөвтгөх боломжгүйн дээр нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн БОАЖС ын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “М ” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.6, 4.2.8, 15 дугаар зүйлийн 15.1.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.2, 25.1.7, 26 дугаар зүйлийн 26.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан БОАЖС ын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “М ” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаа тоологдохыг мэдэгдсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шинэ акт гаргаагүй бол БОАЖС ын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “М ” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ
[1] Хавтаст хэргийн 51-52-р хуудас
[2] Хавтаст хэргийн 46-48-р хуудас
[3] Хавтаст хэргийн 65-67-р хуудас
[4] Хавтаст хэргийн 55-63-р хуудас
[5] Материалын 14-р хуудас
[6] Хавтаст хэргийн 95-р хуудас
[7] Хавтаст хэргийн –р хуудас