Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2022/0285

 

  

В.Ц-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

           

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн төлөөлөгч А.Ар,

Нэхэмжлэгч: В.Ц,

Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: “Х.Н-ын оршуулгын тэтгэмжийг олгохгүй байгаа Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, оршуулгын тэтгэмж олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”,

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 4 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 109/2021/0057/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч В.Ц нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Х.Н-ын оршуулгын тэтгэмжийг олгохгүй байгаа Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, оршуулгын тэтгэмж олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-аар маргасан байна.

2.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 4 дүгээр шийдвэрээр:

“Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч В.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х.Наранбаатарын оршуулгын тэтгэмжийг олгохгүй байгаа Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, оршуулгын тэтгэмж олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн төлөөлөгч А.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нар барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно” гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч В.Ц-ийн нөхөр Х.Н нь Цэргийн албан хаагчаар албан үүрэг гүйцэтгэх хугацаандаа зөвхөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж ажилласан. Мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд шимтгэл төлдөггүй тул нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрх үүсэхгүй.

3.2.Х.Н нь “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу цэргийн өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байсан болно. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан болзол нөхцөлийг хангаагүй бөгөөд уг хуулийн 20 дугаар зүйлийн 3-д зааснаар оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгох боломжгүй байсан. Цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай асуудал нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагдаж тэтгэвэр тэтгэмжийн асуудал нь шийдэгддэг. Нийгмийн даатгалын байгууллага нь Цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай асуудлыг гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэдэг болно. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д “Цэргийн алба хаагч, түүнчлэн дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн нас барахад түүний оршуулгад зориулан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмж олгоно” гэж заасан байна. Иймд тухайн иргэн нь Цэргийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул оршуулгын тэтгэмж олгогдохгүй байгаа болно.

3.3.Хуулиар зохицуулагдаагүй байгаа асуудлыг Цэргийн алба хаагч цэргийн алба хаах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл цалин хөлснөөс төлдөггүй эрх зүйн зохицуулалттай холбоотойгоор цэргийн алба хаагч цэргийн тэтгэвэр тогтоолгоход Ахмад настны тухай хуульд заасан насан хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд түүнд оршуулгын зардал олгогддоггүй байгаа хуулийн хийдэл байгааг засаж, тус хуулийн төслөөр цэргийн тэтгэвэр авагч эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд ар гэрт нь оршуулгын зардлыг төрөөс хариуцан олгож байх эрх зүйн зохицуулалтыг шинээр нэмж оруулах тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.

3.4.Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүх Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагдах иргэний асуудлыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч В.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 4 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэв. Үүнд:

1.Нэхэмжлэгч В.Цээс “Х.Н-ын оршуулгын тэтгэмжийг олгохгүй байгаа Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, оршуулгын тэтгэмж олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргажээ.

2.Нэхэмжлэгчээс “миний хань Х.Н нь ... төрийн алба хааж, нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлж байсан тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан оршуулгын тэтгэмж авах эрхтэй, 60 нас хүрээгүй ч хуульд заасан болзол шаардлагыг хангасны үндсэн дээр нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгож авч байсан, нийгмийн даатгалын шимтгэл огт төлөгдөөгүй хүн ч нийгмийн халамжаас тэтгэмж авч байхад бүх насаа төр, ард түмний амар тайван аюулгүй байдлын төлөө зориулсан хүн бусад хүмүүсээс ялгаварлан гадуурхагдаж байгаад гомдолтой байна, төрийн үйлчилгээний машинаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа гарч байсан, хариуцагчийн оршуулгын тэтгэмж олгохоос татгалзаж байгаа нь хууль бус” гэж маргадаг.

3.Харин хариуцагчаас “цэргийн албан хаагч нь зөвхөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг, нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд шимтгэл төлж байгаагүй тул нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж авах эрхгүй,  Нийгмийн даатгалын байгууллага нь цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай асуудлыг гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэдэг, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар цэргийн алба хаагчаар ажиллаж байгаа, түүнчлэн дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн нас барахад түүний оршуулгад зориулан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмж олгохоор заасан, нэхэмжлэгчийн нөхрийн хувьд цэргийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул оршуулгын тэтгэмж олгогдохгүй, энэ асуудлыг хуулиар зохицуулаагүй,  цэргийн алба хаагч цэргийн тэтгэвэр тогтоолгоход Ахмад настны тухай хуульд заасан насанд хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд түүнд оршуулгын зардал олгогддоггүй” гэж маргажээ.

4.Хэрэгт авагдсан баримтуудаас[1] үзэхэд нэхэмжлэгчийн нөхөр Х.Н нь Архангай аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа цолтойгоор ажиллаж байсан, цагдаагийн албанд буюу цэргийн алба хаагчаар 27 жил, 1 сар, 1 хоног ажилласан, тэрээр 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон, 2021 оны 11 дүгээр 12-ны өдөр 45 насандаа нас барсан гэдэг нь тус тус тогтоогдож байна.

5.Мөн нэхэмжлэгч В.Ц-ээс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст “оршуулгын тэтгэмж олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг[2] гаргасны дагуу тус хэлтсийн 5135208104 тоот данснаас В.Ц-ийн 5556079222 тоот дансанд оршуулгын тэтгэмж 1,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн[3], гэвч  нэхэмжлэгч В.Ц-ийн 5556079222 тоот данснаас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 5135208104 тоот дансанд 1,000,000.00 төгрөгийг буцаан шилжүүлсэн, хариуцагчаас оршуулгын тэтгэмжийг олгохоос татгалзсан гэдэг нь хэрэгт авагдсан Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дансны хуулга, хариуцагчийн тайлбар[4] зэргээр нотлогдож байна.

 

6.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5-д “өндөр наслах.... хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж заасан иргэний үндсэн эрхийн харилцааг Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон эдгээр хуульд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоор зохицуулдаг.

 

7. Нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ юм.[5]

8.Нийгмийн даатгалын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийгмийн даатгал нь дараах хэлбэртэй. Үүнд: албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах. 

Харин Нийгмийн даатгалын тухай хуулийн  3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгал дараахь төрлөөс бүрдэнэ: тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал;ажилгүйдлийн даатгал.

Харин "даатгуулагч" гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг хэлэхээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн дахь хэсгийн 3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч нь нийгмийн даатгалд албан журмаар даатгуулдаг. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д зааснаар зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, цагдаагийн офицер, ахлагч нь төрийн жинхэнэ буюу тусгай албан хаагч юм.

     

9.Цэрэг, цагдаагийн офицер, ахлагч нь төрийн албан хаагч хэдий ч тэдгээрийн тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрөөр заасан. Тодруулбал цэрэг, цагдаагийн офицер, ахлагч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан албан журмын даатгалд хамрагддаггүй төрийн албан хаагч буюу Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн1-д заасан даатгуулагч биш байна.

 

10.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд   цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөр санхүүжүүлэх талаар заасан ба цэргийн албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөр санхүүжүүлэх талаар заагаагүй.

 

Нэгэнт цэрэг, цагдаагийн офицер, ахлагч болох төрийн албан хаагч нь нийгмийн даатгал /тэтгэмжийн даатгал/-ын албан журмын даатгалд хамрагддаггүй, төрөөс тэдгээрийн нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлдэггүй учир цэргийн офицер, ахлагчийн авах  тэтгэвэр, тэтгэмжийн харилцаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар бус  Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагдана.

 

Тодруулбал нийгмийн даатгалын төрөлд хамаарах тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ З6 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагчид Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсэх бөгөөд төлж байгаагүй бол үүсэхгүй.

 

11.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т Цэргийн тэтгэмж дор дурдсан төрөлтэй байхаар заажээ. Үүнд: хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, нас барагчийн ар гэрт олгох тэтгэмж, нэг удаагийн тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж.

 

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  “Нас барагчийн ар гэрт олгох тэтгэмж” гэсэн 20 дугаар зүйлд цэргийн алба хаагч, түүнчлэн дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн нас барахад түүний оршуулгад зориулан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмж олгох заасан байх ба цэрэг алба хаасны тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд нас барагчийн ар гэрт тэтгэмж олгох талаар заагаагүй байна. Нэгэнт энэ төрлийн тэтгэмж олгох талаар хуульд заагаагүй учир түүнтэй холбоотой санхүүжилтийг улсын төсвөөс олгохгүй.

 

12.Нийгмийн даатгалын тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зохицуулалтад хамаарах тэтгэмжийн сангаас олгох тэтгэмж нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй этгээдэд тэтгэмж олгоход зориулагдаагүй харин нийгмийн даатгалын сангийн тэтгэмжийн санд шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэмж олгох зориулалттай хөрөнгө гэж үзэхээр байна.

13.Нэхэмжлэгчийн нөхөр Х.Н нь цэргийн алба хаагчаар буюу цагдаагийн алба хаагчаар ажиллаж байгаад Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу “цэргийн алба хаасны тэтгэвэр” тогтоолгосон байжээ.

Тиймээс нэхэмжлэгчийн нөхөр Х.Н нь тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 36-аас доошгүй сарын хугацаагаар төлж байгаагүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын сангаас “оршуулгын тэтгэмж” авах эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

14.Тодруулбал, Нийгмийн даатгалын тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нийгмийн даатгалын сангийн төрөлд хамаарах “тэтгэмжийн даатгалын сан”-д тэтгэмжийн шимтгэлийг нэхэмжлэгчийн нөхрийн ажил олгогч болон өөрөө төлж байгаагүй, мөн цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг нэхэмжлэгчийн нөхөр өөрөө гаргасан талаарх үйл баримт тогтоогдоогүй болно. Түүнчлэн нэхэмжлэгчийн нөхөр Х.Наранбаатар нь сайн дураар нийгмийн даатгалд хамрагдаж байсан талаарх үйл баримт тогтоогдсонгүй.

15.Иймд “өндөр насны тэтгэвэр” бус харин “цэргийн алба хаасны тэтгэвэр” тогтоолгон авч байсан бөгөөд “тэтгэмжийн даатгалын сан”-д тэтгэмжийн шимтгэлийг төлж байгаагүй нэхэмжлэгчийн нөхөр Х.Н-ыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан “оршуулгын тэтгэмж”-ийг авах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн нийгмийн даатгалын сангийн төрөлд хамаарах “тэтгэмжийн даатгалын сан”-гаас “оршуулгын тэтгэмж”-ийг нэхэмжлэгчид олгохоос татгалзсан үйлдлийг хуульд нийцээгүй, хариуцагчийг  нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах хуульд заасан үүргийг хэрэгжүүлээгүй, хуулийн хязгаарыг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

16.Нэхэмжлэгчийн нөхөр Х.Н нь цэргийн алба хаагчаар ажиллаж байх үедээ бус цагдаагийн  (цэргийн) албанаас чөлөөлөгдсөн, тэтгэврээ тогтоолгосны дараа нас барсан байх тул Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цэргийн алба хаагч нас барахад түүний оршуулгад зориулан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг авах боломжийг хуульд заагаагүй, энэхүү хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 17.Нийгмийн даатгалын тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэврийн болон тэтгэмжийн санд цэргийн алба хаагчийн шимтгэлийг төвлөрүүлэх үүргийг төр хариуцах талаар хуулийн зохицуулалт байхгүй, зөвхөн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэвэр болон тэтгэмжийн хувьд улсын төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тусгайлан заасан, мөн цэргийн алба хаагчийн хуулиар заасан тэтгэвэр, тэтгэмжийг гэрээний үндсэн дээр олгох болон нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах үүргийг хуулиар хүлээсэн нийгмийн даатгалын байгууллагыг анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан “тэтгэмжийг хуульд зааснаар дордуулалгүй олгох үүргийг төр (хуулиар чиг үүргийг тодорхойлсон байгууллага) хүлээнэ” гэсэн үндэслэлээр буруутгах, нийгмийн даатгалын тэтгэмжийн сангаас хариуцагч байгууллага “оршуулгын тэтгэмж”-ийг нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлгүй юм.

18.Иймээс анхан шатны шүүхийн “цэргийн (цагдаа)-гийн алба хаагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээс бусад төрлийн шимтгэлийг төр хариуцан төлдөг (холбогдох санд шилжүүлдэг) байсан тул холбогдох тэтгэмжийг хуульд зааснаар дордуулалгүй олгох үүргийг төр (хуулиар чиг үүргийг тодорхойлсон байгууллага) хүлээнэ,   Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэн Х.Наранбаатар нь 2021 оны 10, 11 сард өндөр насны тэтгэврийг бүтэн, нас барсны дараа сар болох 2021 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэврийг бүтэн авч байсан тул түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллага олгох нь зүйтэй” гэсэн дүгнэлт дээр дурдсан хуулиудад заасан агуулгад нийцээгүй байна.

19.Үүнээс гадна нэхэмжлэгчийн нөхөр Х.Н нь Ахмад настны тухай хуулийн үйлчлэлд хамаарах 60 насанд хүрээгүй, 45 настай байхдаа нас барсан тул энэхүү хуульд заасан нийгмийн халамжийн сангаас ахмад настны оршуулгын тэтгэмжийг авах үндэслэл бүрдээгүй, энэ талаарх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдлыг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

20.Дүгнэхэд, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй “оршуулгын тэтгэмж”-ийг олгох эрх зүйн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээний үйлчлэлийн хүрээнд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нийгмийн даатгалын сангийн төрөлд хамаарах тэтгэмжийн даатгалын санд тэтгэмжийн шимтгэлийг төлж байгаагүй эрэгтэй 60, эмэгтэй 55 насанд хүрээгүй цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон иргэн” нас барсан тохиолдолд нийгмийн даатгалын тэтгэмжийн сан, цэргийн тэтгэмж, ахмад настны халамжаас тус тус оршуулгын тэтгэмж авах эрх зүйн зохицуулалтгүй, хуулиар тусгайлан зохицуулаагүй байхад нийгмийн даатгалын байгууллагыг хуулийг хэрэгжүүлээгүй, хуулийн хүрээ хязгаарыг хэтрүүлсэн бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй юм.

21.Эдгээр үндэслэлээр хариуцагч нийгмийн даатгалын байгууллагын “нэхэмжлэгчийн нөхрийн оршуулгын тэтгэмжийг олгохоос татгалзсан үйлдэл” нь хуульд нийцээгүй бөгөөд уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн оршуулгын тэтгэмж авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 4 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож,  Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В.Ц-ээс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Х.Наранбаатарын оршуулгын тэтгэмжийг олгохгүй байгаа Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, оршуулгын тэтгэмж олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 3, 27, 35,

[2] Хэргийн 52 дахь тал

[3] Хэргийн 54 дэх тал

[4] Хэргийн 19, 53 дахь тал

[5] Нийгмийн даатгалын тухай хуулийн 3.1