Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, 7 дугаар хэсэг, 64-35 тоотод оршин суух, тэтгэвэрт байдаг, Хар овогт Цэрэнсономын Эрхэмбаярын  /РД: ЕЮ59020207/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 3 дугаар хэсэг, 34-1 тоотод оршин суух Боржигин овогт Очирбатын Тунгалагт /РД: НИ70062607/ холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,000,000 төгрөг, зээлийн хүү 3,929,100 төгрөг, нийт 11,929,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч Ц.Эрхэмбаяр, харуицагчийн төлөөлөгч Э.Батбаяр нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Эрхэмбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2016 оны 06 сарын 08-нд  Замын-Үүд суманд оршин суух,  Очирбатын Тунгалагт 25,000,000 төгрөгийг  2016 оны 12 сарын 31-нийг дуустал  сарын 2,1 хувийн хүүтэйгээр  зээлийн гэрээ байгуулсан боловч  одоог болтол бүрэн төлж  барагдуулаагүй байна. 2016 оны 01 сарын 20-нд 17,000,000 төгрөгийг дансанд  шилжүүлсэн байсан учир  үлдэгдлийг авахаар очиход  би боломжоороо  төлсөн шүү, мөнгө алга, тэрч байтугай хүүг төлөхгүй гэж хэлсэн.  Энэ зээлийн гэрээг байгуулсанаас хойш  Тунгалаг нь 70,000,000 төгрөг, 90,000,000 төгрөгийн зээлийг ХХБанкнаас  авсан байсан ч зээлийн хажуугаар бага багаар  цувуулан  төлнө гэсэн. Иймээс би үлдэгдэл 8,500,000 төгрөг, зээлийн хүү 3,929,100 төгрөг, нийт 11,929,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Тунгалаг шүүхэд гаргасан татгалзал тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна.  Учир нь Тунгалаг миний өмчлөлийн Ү-0714001648 тоот үл хөдлөх  хөрөнгийн гэрчилгээтэй, Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 29 дүгээр байрны 21 мкв талбайтай  орон сууцыг  Ц.Эрхэмбаяр нь 2016 оны 06 сард 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиолцож, төлбөрийг бэлнээр  өгсөн. Ингээд  түүний нэр дээр шилжүүлэх үед  Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 29 дүгээр байрны орших газар нь  дахин төлөвлөлтөд орж тухайн хуучин  байрны оронд шинэ  байр баригдана нэг мөсөн  шинэ байр орохоор Эрхэмбаяр нь  нэр дээрээ шилжүүлж авахаар болсон. Ц.Эрхэмбаяр бид сайн найз нөхдийн харилцаатай байсан болохоор  тухайн үедээ худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй юм. Миний хувьд байрны төлбөрөө авсан, Эрхэмбаярын нэр дээр  байраа хүлээлгэж өгөхөөр  тохиролцсон. Ингээд ярилцаж тохироод  байж байтал  2016 оны 06 сарын 14-нд Эрхэмээ залгаж нотариат дээр очиж гэрээ хийе, худалдах худалдан авах гэрээ  хийж байгаа гээд намайг төөрөлдүүлж болзол бүхий зээлийн гэрээ  хийсэн байсан.  Энэ нь ямар  нэгэн байдлаар хүндрэл учруулахгүй санаа зовох зүйлгүй гэж хэлж байсан. Миний хувьд   Эрхэмбаярт орон сууцаа  зарсан, Эрхэмбаяр надаас худалдаж авахаар тохирсон.  Энэ 2016 оны 06 сарын 14-ний өдрийн  гэрээ өөр гэрээг халхавчлах зорилгоор  хийсэн, гэрээ хэлцэл  тул хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Харин миний зүгээс  худалдах худалдан авах гэрээ хийсэн тул гэрээнээсээ буцаж байгаа бол авсан өгсөнөө буцааж өгөх зарчмаар 25,000,000 төгрөгөөс 17,000,000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 8,000,000 төгрөгийг өгөх үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагаас 3,929,100 төгөргийг хасч өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Эрхэмбаяр  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2016 оны 03 сарын эхээр сумын захиргаан дээр очиход захиргаанаас хойш байрлах орон сууцнуудыг дахин төлөвлөлтөнд оруулах гэж байгаа талаар Түмэнжаргал дарга хэлсэн юм. Энэ үед Тунгалаг тэнд байрлалтай 29 дүгээр байрны 1 тоотын 21 мкв орон сууцыг зарна гэсэн тэгээд би наад байрыг чинь сонирхож байна шүү гэж хэлчихээд дараа нь уулзахад яг одоо авна гэвэл 25,000,000 төгрөгт зарлаа, дахин төлөвлөлтөнд орсон дараа авна гэвэл мкв-ыг нь 1,000,000 төгрөгөөр зарна гэсэн. Ингээд би 25,000,000 төгрөгийг нь тухайн үедээ өгөөд, харин дахин төлөвлөлтөнд орсон байрнаас  түүний 53 мкв байрыг авахаар тохиролцож, эхний ээлжинд 2016 оны 3 сарын эхэн үеэс эхлээд 6 сар хүртэл нийтдээ 4,800,000 төгрөгийг Тунгалагт бэлнээр өгсөн. Тэгтэл 6 сарын эхээр надруу утасдаад та үлдэх 20,000,000 төгрөгөө надад өгчих, уг байр 2016 оны 12 сарын 31 гэхэд ямар ч байсан ашиглалтанд орох юм байна гэсэн бөгөөд би тухайн үед одоо сууриа тавиагүй юм чинь яг орох болов уу даа гэхэд орно гэж хэлсэн. Ингээд би хүүгээрээ цалингийн зээл авахуулж 2016 оны 06 сарын 08-ны өдөр Тунгалагийн Худалдаа хөгжлийн банкны данс руу нь 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Тунгалаг өөрөө та өөртөө баримт авч үлдсэн нь дээр банкаар шилжүүл гэж хэлсэн юм. Үүнээс хойш Тунгалаг над руу утасдаад хоёулаа мөнгө өгч авалцсан талаар гэрээ хийе, ер нь юм баримттай нь дээр шүү дээ гээд бид хамт нотариат орсон юм. Ингээд ямар гэрээ хийх талаараа ярилцсан, байр худалдах гэрээ хийе гэхээр суурь нь ч тавигдаагүй учраас болохгүй юм байна гээд 25,000,000 төгрөгийг 2016 оны 06 сарын 08-ны өдрөөс эхлээд 2016 оны 12 сарын 30 гэхэд төлж дуусгана, төлөөгүй бол би мөнгөө хүүтэй нь хамт авахаар гэрээ хийсэн. Хүүг нь хэдээр гэх юм бэ гэж асуухад 2,1 гээд хийчихгүй юу гэж Тунгалаг хэлсэн. Миний хувьд ийм гэрээ хийх талаар анх санаачлагүй, мэдэх ч үгүй байсан. Өөрөө л гэрээ хийе гээд хийсэн. Тэгээд барилгын суурь ч тавигдаагүй өвөл болсон, анхнаасаа барилгын суурь тавигдаад барилгын ажил эхлэхгүй бол би мөнгөө 2016 оны 12 сарын 30 гэхэд бүгдийг буцааж авна шүү гэж Тунгалагт хэлж байсан юм. Гэтэл би гэрээний хугацаа дуусахад мөнгөө өгөх байх гээд хүлээгээд өгөөгүй. Тэгтэл 1 сарын 20-нд 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн мөнгөө хүүгийн хамт авъя гэхэд өгч чадахгүй гэсэн тул шүүхэд хандсан.Би нийтдээ 24,800,000 төгрөг Тунгалагт өгсөн. Гэрээн дээр яагаад 25,000,000 гэж бичигдсэнийг мэдэхгүй байна, анзаараагүй байна. Одоо үлдэгдэл 7,800,000 л байгаа юм байна. Одоо гэрээ ёсоор үндсэн зээлийн үлдэгдэл 8,000,000 төгрөг, 2016 оны 06 сарын 08-наас 12 сарын 30-ны өдрийг хүртэл хүү 3,675,000 төгрөг, 12 сарын 31-нээс 2017 оны 01 сарын 30 хүртэл  хүү 135,520 төгрөг /энэ хүүг үлдсэн 8,000,000 төгрөгт тооцсон гэж тайлбарлав/ нийт 11,810,520 төгрөг гаргуулж өгнө үү, 118580 төгрөгийг илүү тооцсон тул татгалзаж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Э.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тунгалаг нь өөрийн өмчлөлийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 29 дүгээр байрны 1 тоотын 21 мкв орон сууцыг Эрхэмбаярт  25,000,000 төгрөгөөр худалдсан байдаг юм. Эрхэмбаяр нь бодит байдлаар байрны үнэд нийтдээ 24,800,000 төгрөг Тунгалагт хүлээлгэн өгсөн. Эрхэмбаяр нь болзол бүхий зээлийн гэрээг үндэслэж зээлийн үлдэгдэл, зээлийн хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Тунгалаг ийм үр дагавартай гэрээ хийж байгаа талаар мэдээгүй байдаг юм.  Уг гэрээ нь худалдах, худалдан авах гэрээг халхавчилж хийсэн гэрээ байдаг тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд зээлийн хүү нэхэмжилж байгааг төлөх үндслэлгүй, харин байрны үнээс 17,000,000 төгрөг буцаан төлсөн, одоо  үлдэгдэл 7,800,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Эрхэмбаяр нь хариуцагч О.Тунгалагт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 11,929,100 төгрөг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад зээлийн үлдэгдэл 8,000,000 төгрөг, 2016 оны 06 сарын 08-наас 12 сарын 30-ны өдрийг хүртэл хүү 3,675,000 төгрөг, 12 сарын 31-нээс 2017 оны 01 сарын 30 хүртэл  хүү 135,520 төгрөг /энэ хүүг үлдсэн 8,000,000 төгрөгт тооцсон гэж тайлбарлав/ нийт 11,810,520 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаас илүү тооцсон 118,580 төгрөгөөс татгалзсан болно.

Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээг халхавчилж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул орон сууцны үлдэгдэл 7,800,000 төгрөгийг төлнө, хүүг төлөхгүй гэж маргаж байгаа болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндслэл нь :

Нэхэмжлэгч Ц.Эрхэмбаяр нь хариуцагч О.Тунгалагийн өмчлөлийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 29 дүгээр байрны 1 тоотын 21 мкв орон сууцыг дахин төлөвлөлтөнд орсоны дараа авах нөхцөлтэйгээр түүний үнэд 24,800,000 төгрөгийг 2016 оны 03 сараас 2016 оны 06 сарын 08 хүртэл хугацаанд төлсөн байна.

Талууд анх худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч тохирсон ёсоор орон сууцны үнийг шилжүүлсэн хэдий боловч тодорхой цаг хугацааны дараа хэлэлцэн, тохиролцож гэрээний нөхцлийг өөрчлөн, 2016 оны 06 сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Ц.Эрхэмбаяр нь хариуцагч О.Тунгалагт 25,000,000 төгрөгийг 2016 оны 06 сарын 08-ны өдрөөс 2016 оны 12 сарын 30-ныг хүртэл зээлүүлэх, Тунгалаг нь тогтоосон хугацаанд зээлсэн мөнгийг эргүүлэн  төлөх, хэрэв мөнгийг  заасан хугацаанд төлөөгүй  тохиолдолд  сарын 2,1 хувийн хүү тооцож, үндсэн мөнгө дээр нэмж төлөх, гэрээний үүргийн гүйцэтгэлийг өөр хэлбэрээр буюу О.Тунгалагийн  өмчлөлд бүртгэлтэй, Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 29 дүгээр байрны 1 тоот хаягт байрлах байрыг 53 мкв бүхий дахин төлөвлөлтөнд орсон  орон сууцыг хүлээлгэн өгөх зэрэг гэрээний гол нөхцлийг тодорхойлон зээлийн гэрээ байгуулсан байна.

Хариуцагч тал нь энэхүү гэрээ нь худалдах, худалдан авах гэрээг халхавчилж хийсэн тул хүчин төгөлдөл бус хэлцэл гэж маргаж байгаа боловч 2016 оны 06 сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнээс үзэхэд аль нэг гэрээг халхавчилсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин зохигчид нь дахин төлөвлөлтөнд орох орон сууцын ажил цаг хугацаандаа эхлэхгүй, ашиглалтанд орохгүй тохиолдолд үүрэг солигдох талаар тохиролцож хийсэн гэрээ болох нь зохигчдын тайлбар болон 2016 оны 06 сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болохоор заасан байх ба талууд хүсэл зоригоо илэрхийлэн 2016 оны 06 сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан нь өмнөх үүрэг дуусгавар болсон гэж үзнэ. Түүнчлэн гэрээ байгуулах үед гэрээний талууд хэн аль гэрээний гол нөхцөлөөс татгалзаагүй, өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлсэн байгаа зэргээс үзэхэд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т  хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал  түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасантай нийцэж байна. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжгүй юм.

Иймд  нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүрэг буюу үндсэн зээл, зээлийн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Уг гэрээний 2.2-т гэрээний гол нөхцлийн талаар, 3.1-т  талуудын эрх, үүргийг заасан байх ба гэрээнд зээлсэн мөнгө, зээлийн хүү, зээлийн гэрээний хугацаа зэргийг тодорхой тусгажээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад хариуцагч О.Тунгалагт нийт 24,800,000 төгрөг төлсөн, уг мөнгөнөөс 17,000,000 төгрөгийг хүлээн авсан, одоо 7,800,000 төгрөг үлдсэн гэж  тайлбарладаг атлаа зээлийн үлдэгдэл 8,000,000 гэж нэхэмжилж, мөн зээл төлөгдөөгүй үеийг 2016 оны 06 сарын 08-ний өдрөөс 2017 оны 01 сарын 30-ний өдрийг хүртэл хугацаа гэж тодорхойлж нийт хүү 3,810,520 төгрөг гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Гэрээний 3.1-т “ зээлдэгч зээлсэн мөнгийг бүхэлд нь хүүгийн хамт төлнө, гэхдээ ямар ч тохиолдолд мөнгийг гэрээгээр тохиролцсон хугацаанд 2016 оны 12 сарын 30-ны өдөр бүрэн төлж дуусгасан байна “ гэж, гэрээний 2.2-т “...Тунгалаг нь тогтоосон хугацаанд зээлсэн мөнгийг эргүүлэн төлөх, хэрэв мөнгийг  заасан хугацаанд төлөөгүй  тохиолдолд  сарын 2,1 хувийн хүү тооцож, үндсэн мөнгө дээр нэмж төлөх...” гэж тус тус заасан  байна. Дээрхээс үзэхэд хариуцагч нь зээлсэн мөнгөө 2016 оны 12 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах үүргийг хүлээсэн байх ба тэрээр тухайн хугацаанд төлөөгүй бол сарын 2,1 хувийн хүү төлнө гэж тохиролцсон болох нь тогтоогдож байна.

Иймд хариуцагчаас зээлийн үлдэгдэл 7,800,000 төгрөг, зээлийн хүүд 2016 оны 12 сарын 31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл өгөх өдөр хүртэл хугацааны хүү 436,800 төгрөг /24,800,000 төгрөгийг нэг сарын хүү 520,800 төгрөг болох ба 2016 оны 12 сарын 31-ний өдрөөс 2017 оны 01 сарын 26-ний өдрийг хүртэл нийт 26 хоног, 520,800/26=16800х26 хоног=436,800/ нийт 8,236,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эрхэмбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 3,573,720 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ц.Эрхэмбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаас илүү тооцсон 118,580 төгрөгөөс татгалзсаныг батлах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Очирбатын Тунгалагаас /РД: НИ70062607/ үндсэн зээл 7,800,000 төгрөг, зээлийн хүүд 436,800 төгрөг, нийт 8,236,800 төгрөгийг  /РД: НИ70062607/ гаргуулж нэхэмжлэгч Цэрэнсономын Эрхэмбаярт /РД: ЕЮ59020207/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 3,573,720 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Ц.Эрхэмбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаас 118,580 төгрөгөөс татгалзсаныг баталсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 205816 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,739 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Эрхэмбаярт олгосугай.

4. Хариуцагч О.Тунгалаг нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД