Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 764

 

 

 

 

 

 

   2020        09          21                                   2020/ШЦТ/764

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Ц.Майбаяр,

  шүүгдэгч Д.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Монгол овгийн Д. Б холбогдох эрүүгийн 2011000000852 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол овогт Д.Б, 1981 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Булган гүрэн” ХХК-ний Гүрэн Монгол хүргэлтийн ресторанд жолооч ажилтай,  ам бүл 2, хамтран амьдрагчийн  хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 42-900 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УЕ81020753.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.Б нь архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 42 дугаар гудамжны 900 тоотод хамтран амьдрагч Д.Батцэцэгийг хардалтын улмаас нүүр, толгойн тус газар нь цохиж, үснээс нь зулгаан эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт, баруун шуунд зулгаралт гэмтэп бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Д.Батцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 42-900 тоотод гэртээ хамтран амьдрагч Б байтал 19 цагийн үед манай хүргэн дүү хөдөөнөөс ирээд манайд ирсэн. Тэгээд нэг шил Соёрхол гэх нэртэй 0,75л савлагаатай архи авч ирсэн байсан. Тэгээд тэр архийг бид гурав хоол, унд хийж идээд уусан. Орой 22 цагийн үед дүү маань яваад өгсөн. Б бид хоёр орондоо ороод унтаад өгсөн. 2020 оны 8 дугаар сарын 20-ны үүрээр 04 цагийн үед унтаж байтал Б гэнэт хаагуур яваад ирэв гээд миний баруун нүд рүү цохиод авсан. Тэгээд миний үснээс зулгаагаад толгой руу цохиод байсан тэгээд намайг хараагаад байсан би тэгэхээр нь гарч зугтаагаад хажуу айлын хаалга цохитол онгойлгож өгөөгүй. Тэгээд надаас машины түлхүүр нэхэхээр нь би өгөөгүй юм. Тэгтэл машины цонх хагалаад дотроос нь бичиг баримт аваад яваад өгсөн. Бид хоёр 2019 оны өвлөөс хамт амьдарч байгаа. Өмнө нь намайг зодож дарамталж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх 12-13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 9581 дугаартай дүгнэлтэд: “...Д.Батцэцэг-н биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салсад цус хуралт, тархи доргилт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 19-20/,

Шүүгдэгч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэхдээ: “... 2020 оны 08 дугаар сарын 19-ны орой 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 42-900 тоот гэртээ эхнэр Батцэцэгтэй хамт байтал эхнэрийн хамаатан гэх залуу хөдөөнөөс ирсэн гээд манайд ирсэн тэгээд нэг шил 0,75л савлагаатай Соёрхол гэх нэртэй архитай ирсэн байсан болохоор тэрийг нь хувааж уугаад дахиж 0,75л савлагаатай Хараа гэх нэртэй архи худалдаж аваад гурвуулаа уусан тэгээд би тасарчихсан байсан. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өглөө үүрээр сэртэл эхнэр хамт унтаж байсан нөгөө хамаатны дүү нь байхгүй явчихсан байсан. Тэгээд эхнэрийгээ хартал хүнтэй унтсан юм шиг санагдаад байхаар нь миний уур хүрээд гараараа эхнэрийн баруун нүд рүү нэг удаа цохиод, толгой руу 2-3 удаа цохчхоод гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 26/,

Дансны хуулга /хх 36-44/,

Эд хөрөнгийн лавлагаа /хх 33/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 31/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 34/, ажлын газрын тодорхойлолт /хх 35/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 264 дүгээр тогтоол /хх 53/, шүүгдэгч Д.Б гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 75/, хохирогч Д.Батцэцэгийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 50/ баримт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дүгээр хороо Сургуулийн 42-900 тоотод хамтран амьдрагч Д.Батцэцэгийг хардалтын улмаас нүүр толгойн тус газар нь цохиж, үснээс нь зулгаан эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт, баруун шуунд зулгаралт гэмттэл”  бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Батцэцэгийн “...2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 42-900 тоотод гэртээ хамтран амьдрагч Б байтал 19 цагийн үед манай хүргэн дүү хөдөөнөөс ирээд манайд ирсэн. Тэгээд нэг шил Соёрхол гэх нэртэй 0,75л савлагаатай авч ирсэн байсан. Тэгээд тэр архийг бид гурав хоол, унд хийж идээд уусан. Орой 22 цагийн үед дүү маань яваад өгсөн. Б бид хоёр орондоо ороод унтаад өгсөн. 2020 оны 08 дугаар сарын 20-ны үүрээр 04 цагийн үед унтаж байтал Б гэнэт хаагуур яваад ирэв гээд миний баруун нүд рүү цохиод авсан. Тэгээд миний үснээс зулгаагаад толгой руу цохиод байсан тэгээд намайг хараагаад байсан би тэгэхээр нь гарч зугтаагаад хажуу айлын хаалга цохитол онгойлгож өгөөгүй. Тэгээд надаас машины түлхүүр нэхэхээр нь би өгөөгүй юм. Тэгтэл машины цонх хагалаад дотроос нь бичиг баримт аваад яваад өгсөн. Бид хоёр 2019 оны өвлөөс хамт амьдарч байгаа. Өмнө нь намайг зодож дарамталж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх 12-13/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 9581 дугаартай “..Д.Батцэцэг-н биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салсад цус хуралт, тархи доргилт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 19-20/, Дансны хуулга /хх 36-44/, Эд хөрөнгийн лавлагаа /хх 33/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Д.Батцэцэг нь “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Д.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Иймд шүүх шүүгдэгч Д.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН