Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2022/0294

 

 

                                                        “М” ТӨХК-ийн гомдолтой

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа,

Давж заалдах гомдол гаргасан: Татварын улсын байцаагч Э.Б, Н.Б, Ц.Т нар,

Гомдол гаргагч: “М” ТӨХК,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа, Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Б, Н.Б нар,

Гомдлын шаардлага: “Татварын ерөнхий газрын харьяа, Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Б, Н.Б нарын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0300331 дүгээр шийтгэлээр “М” ТӨХК-д оногдуулсан захиргааны актын төлбөрийг хэмжээг 5,903,745,487.78 төгрөгөөр багасгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 205 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, Л.Г, хариуцагч Э.Б, Н.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.У

Хэргийн индекс: 128/2021/0881/З.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “М” ТӨХК нь Татварын ерөнхий газрын харьяа, Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Б, Н.Б нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын харьяа, Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Б, Н.Б нарын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0300331 дүгээр шийтгэлээр “М” ТӨХК-д оногдуулсан захиргааны актын төлбөрийг хэмжээг 5,903,745,487.78 төгрөгөөр багасгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 205 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.4.2, 7 дугаар зүйлийн 7.2-т тус тус заасныг баримтлан “М” ТӨХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын харьяа, Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Б, Н.Б нарын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0300331 дүгээр шийтгэлийн хуудсаар “М” ТӨХК-д оногдуулсан захиргааны актын төлбөрийг хэмжээг 5,903,745,487.78 төгрөгөөр багасгаж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Татварын улсын байцаагч Э.Б, Н.Б, Ц.Т нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчиж хууль тогтоомжид нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан. Маргааны тухайд “М” ТӨХК нь агаарын хөлгийн парк шинэчлэлтийн хүрээнд эхний ээлжид нэг ширхэг “Боинг 767-300ЕК” загварын агаарын хөлгийг 2013 оны 5 дугаар сард хүлээн авахад шаардлагатай үлдэгдэл санхүүжилтийг шийдэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 137 дугаар тогтоол гарч Монгол Улсын Хөгжлийн банкнаас 3 сарын хугацаанд буцаан төлөгдөх нөхцөлтэй жилийн 9.5 хувийн хүүтэй 78,5 сая ам.долларын гүүрэн зээл олгогдсон. Засгийн газрын тогтоолд заасанчлан Хөгжлийн банкны зээлийг 8 сарын хугацаанд буюу 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор буцаан төлөх үүргийг манай компани хүлээсэн. Энэхүү гүүрэн зээлийг Америкийн Нэгдсэн Улсын “Экзим” банк Засгийн газрын баталгаатай, хөрөнгө барьцаалсан санхүүжилт (“sovereign guaranteed and asset-based aircraft financing”) авах ажлын хүрээнд “Агаарын хөлгийн санхүүжилтийн тухай” Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 137 дугаар тогтоол, 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 383 дугаар тогтоолууд гарсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Boing компаниас худалдан авч буй “Боинг 767 300ER” загварын нэг ширхэг агаарын хөлгийн 122,000,000 ам.долларын санхүүжилтийн 115,000,000 хүртэлх ам.доллартой тэнцэх хэсгийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөнөөс санхүүжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 319 дүгээр тогтоолоор “М” ТӨХК-д 122 сая хүртэл ам.долларын Засгийн газрын баталгааг гаргахаар шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Баталгаа гаргагчийн үүрэг гүйцэтгэж түүнийг төлөөлж буй Монгол Улсын Сангийн яам нь бие даасан этгээдийн хувиар бус итгэмжлэгдсэн этгээд (Security Trustee)-ийн хувиар оролцож буй Веллс Фарго Банк Нортвест, Нэшнл Ассосиэйшн (“Wells Fargo Bank Northwest, National Association) ДБ Трастийз (Гонконг) Лимитед компанитай Баталгаа гаргах гэрээг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болон 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үзэглэж Сангийн яам энэхүү хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Агаарын хөлгийн санхүүжилтийн баталгааны гэрээг байгуулсан байдаг. Монгол Улсын Засгийн газрын баталгаанд үндэслэн Америкийн Нэгдсэн Улсын Экзим банк нь Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын агент, өөрийн бүрэн эрх бүхий баталгааг Монгол Улс болон Үндэсний агаарын тээвэрлэгч “М” ТӨХК-ийн “Боинг 767-300ER” агаарын хөлгийн урт хугацаатай зээлийг санхүүжүүлэхээр сонгогдсон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд болох Прайвет Экспорт Фандинг Корпорэйшн (“PEFCO”) болон “Ай Энжи Капитал” ХХК (ING Capital LLC)-д тус тус гаргахаар шийдвэрлэн, тус агаарын хөлгийн зээлийн гэрээний үүргийг биелүүлэх амлалт өгснөөр холбогдох гэрээ хэлцлүүд ам.долларын санхүүжилт авсан байдаг. Өнөөдрийн байдлаар дээр дурдсан зээлийн гэрээнүүдийн дагуу үндсэн болон хүүгийн төлбөрийг “М” ТӨХК нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 137 дугаар тогтоолоор “... санхүүжүүлэх ... агаарын хөлгийн санхүүжилтийг Америкийн Нэгдсэн Улсын Экзим банкны урт хугацаат зээлээр “М” ТӨХК нь үйл ажиллагааны орлогоос төлөхөөр гэрээ байгуулахыг ...” гэсний дагуу агаарын хөлгийн зээл, түүний хүүг “М” ТӨХК-ийн үйл ажиллагааны орлогоос төлж байгаа нь санхүүгийн баримтууд болон татварын тайлангаар нотлогдож байна. Нөгөө талаас дээрх гэрээний баталгаа гаргагчаар үүрэг хүлээсэн Сангийн яам нь уг гэрээний биелэлтийг хангуулах чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөл байдал үүсээгүй байна. Дараах байдлаар шүүхийн шийдвэр нь хууль тогтоомжийг зөрчсөн, үндэслэл бүхий шийдвэр болоогүй гэж үзэж байна.

3.2. Татварын ерөнхий хууль /2008 онд батлагдсан/-ийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй”, 3 дугаар зүйлийн 3.2-т “Дор дурдсанаас бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна” гэж заасан. Дээрх зохицуулалтаас үзвэл “М” ТӨХК-тай холбогдох зээлийн гэрээнүүд болон зээлийн гэрээнд баталгаа гаргасан Сангийн яамны тохиролцоо нь хууль тогтоомжид заасны дагуу олон улсын гэрээний нөхцөлийг хангахгүй байх тул татварын хууль тогтоомжид заасны дагуу татварын харилцаа буюу татвар ногдуулах, төлөх, чөлөөлөх, хөнгөлөх заалтыг удирдлага болгоно гэж татварын улсын байцаагчид шийдвэрлэсэн нь дээр дурдсан Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгтэй нийцэж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 137 тоот тогтоолоор “Америкийн Нэгдсэн Улсын Боинг компаниас Boeng 737-300ER/ улсын бүртгэл JU-1021/ загварын онгоц худалдан авах санхүүжилтийг Америкийн Нэгдсэн Улсын “ЕХІМ” банкны урт хугацаат зээлээр санхүүжүүлэхээр Америкийн Нэгдсэн Улсын “ЕXIM” банктай хэлцэл хийх, “М” ТӨХК-ийн үйл ажиллагааны орлогоос төлөхөөр гэрээ байгуулахыг Зам, тээврийн сайд болон “М” ТӨХК-д даалгасан, мөн Төрийн өмчийн хорооны 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 223 дугаар тогтоолын дагуу “М” ТӨХК-ийг төлөөлөх “Эм Эн Жи Лийзинг” /MNG Leasing LLC/ компанийг Америкийн Нэгдсэн Улсын Дэлавэр мужид байгуулсан ба уг компаниараа дамжуулан Америкийн Нэгдсэн Улсын ING Capital, Private Export Funding Corporationn, Бүгд Найрамдах Сингапур улсад байрлах Deutsche Bank зэрэг банк санхүүгийн байгууллагуудтай зээлийн гэрээ, MNG Leasing LLC компанитай түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд дээрх гэрээний дагуу үндсэн зээл буюу Америкийн Нэгдсэн Улсын Экспорт-Импорт банкны баталгаатайгаар PEFCO Private Funding Corporation/-ooc 77,451,941.47 ам.доллар, дэд зээл буюу арилжааны зээлийг ING Capital LLC-ээс 23,963,637.89 ам доллар, Сингапурын хөрөнгийн зах зээлд өрийн бичиг гаргах замаар Deutsche Bank-aac 20,000,000.0 ам.долларын зээл авч, уг зээлийн хүүд төлсөн санхүүгийн болон татварын тайланд зардлаар хүлээн зөвшөөрч бүртгэсэн 2014 онд 8,719,181,205.8 төгрөг, 2015 онд 9,347,032,231.8 төгрөг, 2016 онд 9,722,523,696.3 төгрөг, 2017 онд 10,341,279,890.00 төгрөгийн зээлийн хүү /түрээсийн буюу хүүгийн төлбөр/-ийн төлбөрийг Америкийн Нэгдсэн Улсын ING Capital, Private Export Funding Corporationn, Бүгд Найрамдах Сингапур улсад байрлах Deutsche Bank зэрэг банк санхүүгийн байгууллагууд руу шилжүүлэхдээ албан татварыг ногдуулж суутгаагүй нь Аж ахуйн нэгжийн орлогын татварын тухай хууль /2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан/-ийн 17 дугаар албан зүйлийн 17.2.9-д “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод 20 хувиар ... б/хүүгийн болон батлан даалт гаргасны төлбөр, ... в/эрхийн шимтгэлийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого ... түрээсийн төлбөр ... Монгол Улсаас эх үүсвэртэйгээр шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлого”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Энэ хуулийн 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, .. төсөвт шилжүүлнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “Суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг” гэж заасныг зөрчсөн гэж татварын хариуцлага ногдуулсан нь хууль тогтоомжид бүрэн нийцэж байна.

3.3. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6 дахь хэсэгт “Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... “М” ТӨХК болон Монгол Улсын Засгийн газар түүнийг төлөөлж Сангийн яам гэрээ байгуулсан, гэрээ байгуулахдаа татвар суутган тооцохгүй нөхцөлөөр байгуулсан, энэхүү гэрээ байгуулахтай холбоотой хууль зүйн үндэслэлийг Монгол Улсын Хууль зүйн яам дүгнэлт гаргасан, хүүгийн орлогод татвар суутган тооцоогүй нь зөрчил гэж буруутгаж шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй”, 7 дахь хэсэгт “Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “ “Суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг хэлнэ”, 5 дугаар зүйлийн 5.4-д “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид дараахь аж ахуйн нэгж хамаарна”, 5.4.2-т “Энэ хуулийн 5.4.1-д зааснаас бусад хэлбэрээр Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж, 7 дугаар зүйлийн 7.2-т “Энэ хуулийн 5.4-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод албан татвар ногдоно”, 7.3-д “Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно”, 7.3.1-д “Үйл ажиллагааны орлого”, 7.3.2-т “Хөрөнгийн орлого” гэж тус тус хуульчилсан” гэжээ.

3.4. “М” ТӨХК-ийн зээлийн гэрээнд Баталгааны гэрээ байгуулсан Сангийн яамны Баталгааны гэрээ түүнчлэн дээрх гэрээ байгуулахтай холбоотой хууль зүйн үндэслэлд Монгол Улсын Хууль зүйн яам дүгнэлт гаргахдаа хуулиар ногдуулах татварын харилцааг зөрчиж дүгнэлт гаргасан нь татварын хууль тогтоомжоос илт давуу байдал бий болгох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хууль /2008 онд батлагдсан/-ийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй”, 3 дугаар зүйлийн 3.2-т “Дор дурдсанаас бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна гэж заасантай зөрчилдөж байна. Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасанчлан татвараас чөлөөлөх эрхийг хуулиар олгоогүй байхад татварын хууль тогтоомжид зааснаас өөрөөр аливаа татварын харилцааг зохицуулах боломжгүй.

3.5. Шүүхээс дээр дурдсанаар үндэслэл болгож буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн заалт болох 4.1.6-д “Суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг хэлнэ”, 5.4.2-т “Энэ хуулийн 5.4.1-д зааснаас бусад хэлбэрээр ахуйн нэгж” гэж заасныг Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж гэж заасныг үндэслэл болгосон атлаа ямар ч хууль тогтоомжийн “М” ТӨХК нь дээрх 3 компанид төлбөрийг шилжүүлэхдээ татварыг суутган тооцоогүйг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэсэн заалттай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэг талаас татвар ногдуулах заалтыг үндэслэсэн боловч нөгөө талаас ямар ч хуулийн үндэслэлгүйгээр “М” ТӨХК-ийг төлбөр шилжүүлэхдээ татварыг суутган тооцохгүй гэсэн нь ойлгомжгүй байна.

3.6. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 12-т “Мөн Хууль зүйн сайдын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/4612 дугаар албан бичигт “... Үнэт цаас гаргагч эсхүл Баталгаа гаргагчийн төлөх үндсэн төлбөр, эсхүл өрийн бичгийн дагуу төлөх эсхүл төлбөл зохих хүү нь Монгол Улсын орлогын татварт хамаарахгүй болно” гэсэн байх тул холбогдох гэрээний заалтыг биелүүлж, Засгийн газраас татварыг төлбөр дээр нэмж шилжүүлээгүй байхад суутгал хийгээгүй “МИАТ” ТӨҮГ-ын үйлдэл хууль зөрчөөгүй байна.” гэснийг дараах байдлаар эс зөвшөөрч байна. Хууль зүйн сайдын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/4612 дугаар албан бичигт “ ... Үнэт цаас гаргагч эсхүл Баталгаа гаргагчийн төлөх үндсэн төлбөр, эсхүл өрийн бичгийн дагуу төлөх эсхүл төлбөл зохих хүү нь Монгол Улсын орлогын татварт хамаарахгүй болно” гэсэн нь Засгийн газар буюу Сангийн яамнаас Баталгааны гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх үед үүсэх харилцаа бөгөөд харин “М” ТӨХК-ийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу зээлийн хүүгийн төлбөрөөс татвар суутган төлөх үүргээ биелүүлэхэд хамааралгүй.

3.7. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.4.2, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “М” ТӨХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Б, Н.Б нарын гаргасан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0300331 дүгээр шийтгэлийн хуудсаар “М” ТӨХК-д оногдуулсан захиргааны актын төлбөрийн хэмжээг 5,903,745,487.78 төгрөгөөр багасгасугай” гэж шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэсэнтэй нийцэхгүй байна. Учир нь татварын улсын байцаагчид “М” ТӨХК-ийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан/-ийн 17 17.2.9-д “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод 20 хувиар ... б/ хүүгийн болон батлан даалт гаргасны төлбөр, ... в/эрхийн шимтгэлийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого, ... түрээсийн төлбөр ... Монгол Улсаас эх үүсвэртэйгээр шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлого”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Энэ хуулийн 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “Суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг” гэж заасныг зөрчсөн гэж хариуцлага ногдуулсан байхад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.4.2, 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, шүүхээс шийдвэрийн Тогтоох хэсгээрээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн татвар ногдуулах, суутган төлөх заалтуудыг үндэслэсэн атлаа “М” ТӨХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, татварын улсын байцаагч Э.Б, Н.Б нарын гаргасан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0300331 дүгээр шийтгэлийн хуудсаар “М” ТӨХК-д оногдуулсан захиргааны актын төлбөрийн хэмжээг 5,903,745,487.78 төгрөгөөр багасгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 205 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Гомдол гаргагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

          Гомдол гаргагч “М” ТӨХК нь татварын улсын байцаагч нарт  холбогдуулан  “...татварын улсын байцаагч нарын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 210300331 дүгээр шийтгэлийн хуудсаар “М” ТӨХК-д оногдуулсан захиргааны актын төлбөрийн хэмжээг  5,903,745,487.78 төгрөгөөр багасгуулах” гомдлын  шаардлага гаргасныг хариуцагч нараас эс зөвшөөрч “... “М” ТӨХК-ийн шилжүүлсэн зээлийн хүүгийн төлбөрт хуулийн дагуу төлбөр ногдуулна” гэж маргажээ.  

Нэг. Анхан шатны шүүх захиргааны маргаантай хэргийг шийдвэрлэхдээ Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

1.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтад ““Суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг хэлнэ”, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид дараахь аж ахуйн нэгж хамаарна”, 5.4.2 дахь заалтад “Энэ хуулийн 5.4.1-д зааснаас бусад хэлбэрээр Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж”, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.4-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод албан татвар ногдоно.”, 7.3 дахь хэсэгт “Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно”, 7.3.1 дэх заалтад “Үйл ажиллагааны орлого”, 7.3.2 дахь заалтад “Хөрөнгийн орлого” гэсэн зохицуулалтаас  үзэхэд гомдол гаргагч “М” ТӨХК нь зээлдүүлэгч Америк Нэгдсэн Улсын Private Export Funding Corporation, ING Capital LLC, Сингапур улсын ING BANK зэрэг гадаадын хуулийн этгээдүүдийн Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод татвар суутгагч байх бөгөөд олсон тул татвар төлөгч мөн байна. 

Гэтэл анхан шатны шүүхээс  “Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  ...хүүгийн  орлогод татвар суутган тооцоогүй нь зөрчил гэж буруутгаж шийтгэл  ногдуулж байгаа нь үндэслэлгүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэлт хийж, дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

1. 2. Гомдол гаргагч “М” ТӨХК-ийн зээлдүүлэгч нарт төлсөн зээлийн хүү нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 12 дугаар зүйлийн  12.1-д “Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 12.1.7-д “Зээлийн хүү” гэж зааснаар гомдол гаргагчийн хувьд татвар ногдох орлогоос хасагдаж тооцогдсон байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

Харин  зээлдүүлэгч нар болох гадаадын хуулийн этгээдүүдийн хувьд “М” ТӨХК-иас төлсөн зээлийн  хүү нь дээр дурдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/ 5, 7 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон учраас татвар ногдох бөгөөд гомдол гаргагч “М” ТӨХК нь Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д “...шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006/-ийн 17 дугаар зүйлийн 17.2.9-д “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод 20 хувиар...”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Энэ хуулийн 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ... төсөвт шилжүүлнэ” гэж заасны дагуу суутгагчийн хувьд татварыг суутган төсөвт шилжүүлэх үүрэг хүлээсэн байна.

 Хоёр. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчжээ. 

2.1. Хавтас хэрэгт Монголын Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яам болон ДБ Трастийз /Гонконг/ Лимитед компанийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Батлан даалтын гэрээ”, /1-р хх-40-47 тал/, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Монгол Улсын Сангийн яам /батлан даагч/ болон  Веллс Фарго банк Норфвест, Үндэсний ассоциаци /итгэмжлэгдсэн төлөөлөгч/,  хооронд байгуулсан “Баталгааны гэрээ”, /1-р хх-48-57 тал/, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Захиалгын гэрээ” /1-р хх-107,108 тал/ зэрэг баримтууд авагдсан байх бөгөөд шүүх уг  гэрээнүүдийн холбогдох буюу татвар, суутгагч төлбөр гэсэн зохицуулалтуудыг баримтлан дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангах үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь зээлийг цаг тухайд нь төлөхтэй холбогдуулан гаргасан талуудын тохиролцоо болох “батлан даалтын гэрээ”, “Баталгааны гэрээ”, Захиалгын гэрээ” нь  Монгол Улсын Татварын хууль тогтоомжоор ногдох татварыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

2.2. Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй”, 3 дугаар зүйлийн 3.2-т “Дор дурдсанаас бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна” гэж заажээ.

Үүнээс үзвэл  татвараас чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулахаар байна.

Гэтэл “М” ТӨХК-ийн гадаадын хуулийн этгээдүүдээс авах зээлтэй  холбогдуулан гаргасан Монгол Улсын Сангийн яамнаас гадаадын хуулийн этгээдтэй байгуулсан батлан даалт болон баталгааны гэрээ,  Монгол Улсын Хууль зүйн яамны 2013  оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/4612 дугаар албан бичгээр өгсөн хууль зүйн дүгнэлт зэргийг үндэслэн гомдол гаргагч татвараас чөлөөлөгдөнө гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.  

2.3. Үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг зохицуулсан Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийг баримтлан анхан шатны шүүхээс  “...дээрх гэрээнээс үзвэл Монгол Улсын Засгийн газар нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.3, 231.1.5 дахь заалтад заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох баталгаа, батлан даалт гаргасан болохоос бонд гаргаагүй энэ талаар гаргасан хариуцагчийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасанд хамаарахгүй” гэх  үндэслэл зөв байна” гэж Сангийн яамны баталгаа,  батлан даалтын талаар  үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа “...Хууль зүйн сайдын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/4612 дугаар албан бичгийг үндэслэн  “М” ТӨХК -ийн үйлдэл хууль зөрчөөгүй байна” гэж дээр дурдсан Сангийн яамны баталгаа, батлан даалтыг дүгнэсэн дүгнэлттэйгээ зөрчилдсөн дүгнэлт хийсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Албан татвар төлөгчийн дараах орлогыг албан татвараас чөлөөлнө”, 18.1.1-д “Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын болон Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичгийн /бонд/ хүү”  гэж заасантай нийцэхгүй байна.  

2.4. Хэрэгт авагдсан баримтуудаар гомдол гаргагч “М” ТӨХК нь гадаадын хуулийн этгээдүүдэд зээлийн хүүгийн төлбөр төлсөн байх бөгөөд Монгол Улсын Засгийн газраас гаргасан бонд өрийн бичгийн дагуу “хүү” төлөөгүй болох нь  тогтоогдож байна.

Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл зөрчилд холбогдогч “М” ТӨХК-иас  Америк Нэгдсэн Улсын Private Export Funding Corporation, ING  Capital LLC, Сингапур улсын  Deutsche  Вапк зэрэг гадаадын хуулийн этгээд рүү зээлийн хүүгийн төлбөрт   2014-2017 онуудад 38,130,017,023.90 төгрөгийг шилжүүлэхдээ албан татварыг  суутгаагүй  зөрчилд нөхөн татвар 5,050,044,025 төгрөг, торгууль 512,220,877.29 төгрөг, алданги 341,480,584.89 төгрөг, нийт 5,903,745,487.78  төгрөгийг  төлүүлэхээр   татварын улсын байцаагч Э.Б, Н.Б нар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0300331 дүгээр шийтгэлийн хуудсаар хариуцлага ногдуулсан нь  хууль тогтоомжид нийцэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр гаргасан хариуцагч татварын улсын байцаагч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 205 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.6, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 17 дугаар зүйлийн 17.2.9, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “М” ТӨХК-ийн “Татварын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0300331 дүгээр шийтгэлийн хуудсаар “М” ТӨХК-д оногдуулсан захиргааны актын төлбөрийн хэмжээг 5,903,745,487.78 төгрөгөөр багасгуулах”  гомдлын  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч татварын байцаагч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

 

 

             ШҮҮГЧ                                                                    С.МӨНХЖАРГАЛ

 

 

             ШҮҮГЧ                                                                    Т.ЭНХМАА