| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 128/2018/0683/З |
| Дугаар | 683 |
| Огноо | 2018-11-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 683
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “БОАЖС ад” холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 тоот тушаалын “Н*******” ХХК нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Н ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.С , итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь 2011 онд Б******* дүүргийн Б*******анд байрлах 1.5 га хэмжээтэй газрыг “Аялал жуулчлал”-ын зориулалтаар ашиглах тухай хүсэлтийг Б******* уулын д******* цаазат газрын захиргаа болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд зохих журмаар гаргасны дагуу БОНХАЖС ын 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А-98 дугаар тушаалаар уг газрыг ашиглуулахаар 5 жилийн хугацаагаар манай компанид 2011/21 дугаар тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгосон билээ.
Уг шийдвэрийн дагуу Б******* уулын д******* цаазат газрын хамгаалалтын захиргаа, Б******* дүүргийн Засаг даргатай “Улсын тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г 5 жилийн хугацаатай байгуулан, тусгай хамаалаттай нутгийн удирдлагын газар батлуулж гэрээ хүчин төгөлдөр болсон. Гэрээ байгуулахаас өмнө тухайн газартаа “Байгаль орчны сөрөг нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэж аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна.
Манай зүгээс төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гадна дотны олон хөрөнгө оруулагчидтай уулзаж хөрөнгө оруулалтын асуудлыг үндсэнд нь шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлэн газрын зохих тэмдэгтийн хураамжууд, газрын төлбөр, байгаль орчны нөхөн сэргээлтэд зориулсан төлбөрүүдийг бүрэн төлж, 2018 оны шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсээр байгаа.
Манай компани нь “Газар ашиглалтын, хамгаалалтын байдлын тайлан”-г Б******* уулын д******* цаазат газрын захиргаанд хүргүүлсэнд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 07-дугаар албан тоотоор Б******* уулын д******* цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилтийг дүгнэхэд “... газар дээрээ өндөржилтийн зураг хийгдсэн, газрын төлбөр тооцоогүй, Байгалийн унаган төрхийг хадгалах, Б******* уулын хамгаалалтыг сайжруулах, нөхөн сэргээх ажилд тогтмол идэвхтэй оролцсон байна” гэж газар ашиглагч нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж байгааг баталсан бөгөөд газар ашиглах гэрчилгээ болон гурвалсан гэрээг сунгасан билээ.
Дээр нөхцөл байдлуудаар Улаанбаатар хот, Б******* дүүргийн Б*******анд байрлах 1.5 га хэмжээтэй газрыг ашиглагч манай компаниас “Улсын тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, өнөөдрийг хүртэл гэрээ болон тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, түүнтэй холбоотой хууль, дүрэм, журмаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Б******* уулын д******* цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 802 дугаар албан тоотод “... БОАЖС ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар ...Усны нөөцийг бохирдож хомстохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан д******* цаазат газрын нийтлэг горимыг зөрчиж буй нэр бүхий иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсан болно” гэсэн нөхцөл байдлуудаар танай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна. Хуулийн байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн.
Манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “тухайн тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасантай нийцээгүй шийдвэр болсон байна.
Мөн тус захиргааны акт нь процессын хувьд илт алдаатай акт байна. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн актын улмаас эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг захиргааны акт гаргах ажиллагаанд татан оролцуулах үүрэгтэй. Гэтэл манай компанид энэ талаар мэдэгдээгүй. Хэрэв бидэнд энэ талаар мэдэгдсэн бол бид Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдлээд, захиргааны байгууллагатай хамтран ажиллаад, хэрэгжүүлэх гэж байгаа төсөл, хөтөлбөрөө өгөөд, асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх боломжтой байсан. Мөн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны акт гаргах үндэслэл шаардлага байгаа эсэхийг тогтоох үүрэгтэй. Мөн маргаан бүхий захиргааны актад “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг зөрчсөн дараах аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг хавсралтад заасан ёсоор дуусгавар болгосугай” гэсэн байгаа. Гэхдээ манай компани тухайн захиргааны актын үндэслэлд дурдсан хориглосон үйл ажиллагааг явуулаагүй бөгөөд манай компанийн газар ашиглах эрхийг цуцлах бодит үндэслэл, шаардлага байгаагүй. Манай компани тухайн газар дээр ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлээгүй байгаа. Хэрэв манай компанийн хэрэгжүүлэх гэж байгаа төсөл хууль тогтоомж зөрчих гэж байсан бол манай компанид “Энэ төслөө зогсоогоод, өөр төсөл хэрэгжүүл” гээд хамтран ажиллах боломжтой байсан.
Манай компанийн зарим газар нь энгийн хамгаалалтын бүсэд орж болохоор байгаа. Энгийн хамгаалалтын бүсэд хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглахыг хориглодог. Манай компанийн хэрэгжүүлэх гэж байсан төсөл ч энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчихөөргүй байсан. Энэ мэтээр манай компанийн явуулсан үйл ажиллагаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Усны тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчөөгүй. Мөн манай компани газартаа 100.000.000 төгрөг орчим зардал гаргачихсан байгаа. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус акт гаргаж, манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан нь илт хууль бус байна.
Манай компани Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй. Хэрэв хариуцагчаас урьдчилан шийдвэрлэх зорилгоор захиргааны акт гаргасан бол арай өөр үндэслэлээр гарч болох байсан байх. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тухайн нөхцөл байдлыг бүрэн гүйцэт үнэлэлгүйгээр алдаатай захиргааны акт гаргачихсан байна. “Тусгай зөвшөөрлийг сунгахдаа хууль зөрчиж сунгасан” гэж байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй. Мөн Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах эрх олгодог.
Иймд БОАЖС ын 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын манай комданид холбогдох хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н*******” ХХК-нд д******* цаазат Б******* уулын Б*******анд байрлах 1.5 га газрыг тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “аялаг, зөвшөөрөл бүхий хүн түр буудлах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”-ыг гэж заасны дагуу хязгаарлалтын бүсэд зөвхөн дээрх орон байрыг барьж ашиглахыг зөвшөөрсөн эрхийг 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/98 дугаар сайдын тушаалаар олгосон.
Эрх олгосон гэдэг утгаар хууль зөрчиж, д******* цаазат хамгаалалтын газар, энгийн болон онцгой бүсийн заалт, газар ухах, байгаль орчны төлөв байдлыг өөрчлөх эрхтэй гэж ярих нь буруу. БОАЖС ын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт “... аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж заасан. Түүнээс биш тухайн газарт барилга байгууламж, аялал жуулчлалын газар баригдах ёсгүй. Үүнийг зөрчиж эрх бүхий албан тушаалтнууд нь газар ашиглах эрх олгосон байна. Шинэ сайд үүнийг давхар цэгцлэх, зөрчил гараагүй байсан ч цаашид гарах магадлалтай гэж үзэн урьдчилан сэргийлэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцалсан. Мөн Газрын тухай хуулийн 39, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2 дахь заалт, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэг заасны дагуу усны нөөцийг бохирдож хомстохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, байгаль орчны төлөв байдал, унаган төрхийг алдагдуулах эрсдэлтэй гэсэн үндэслэлээр БОАЖС ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
Сонсох ажиллагааг Б******* уулын д******* цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас хийсэн байгаа. Нэхэмжлэгч компанийн газар нь голын энгийн болон хамгаалалтын бүсэд орсон. Энэ нь үзлэгийн явцад харагдсан. Мөн нэхэмжлэгч компанид 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгоод, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр сунгасан байна. Манай зүгээс тус сунгалтыг хүчингүй сунгалт гэж үзэж байна. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасны дагуу эрх олгосон сайдын тушаалаар газар ашиглах эрхийг сунгах ёстой. Гэвч нэхэмжлэгч компанийн газрыг Газрын дарга сунгасан байна. Тэгэхээр үүнээс хойших бүх ажиллагаа хүчингүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү”гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н ” ХХК нь “БОАЖС ын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын “Н ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
БОНХАЖС ын 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А-198 дугаар тушаалаар “Н ” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Б******* уулын д******* цаазат газар Б******* нэртэй газарт 1.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байна[1].
Улмаар Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг 2011 оны 6 дугаар сарын 20-ний өдөр олгосон байх бөгөөд гэрчилгээний хугацааг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай сунгажээ[2].
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сайдын тушаалгүй гэрчилгээний хугацааг тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б******* сунгасан гэх тайлбарыг шүүх хуралдаанд өгч байх боловч түүний буруутай үйлдлийг тогтоосон шийдвэр байхгүйн дээр захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааг нэхэмжлэгчид нялзаах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн БОАЖС 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаараа “Н ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгасныг хүлээн зөвшөөрч, эрхийг цуцалсан гэж үзэхээр байна.
Б******* уулын д******* цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Монгол улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаар тушаалын хэрэгжилт, Усны нөөцийн хомсдол үүсэхээс сэргийлэх, голын бургас сүйтгэх, уулын өндөр налуу газарт байгалийн унаган төрх алдагдуулах эрсдэл бүхий иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсний дотор “Н ” ХХК-д ашиглуулсан газар хамаарч байна[3].
БОАЖС ын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэг, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг үндэслэн Усны нөөцийг бохирдож хомстохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх... д******* цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчихөөр байна гэж “Н ” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ[4].
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.”Д******* цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.” гэж заажээ.
Маргаан бүхий газрын үзлэгийн баримтаар болон хариуцагчаас гарган ирүүлсэн зургаас үзвэл “Н*******” ХХК-д ашиглуулсан газар нь голын үндсэн хэсгээс 141 м зайтай, голын татам орсон байгаа нь БОНХАЖС , Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын Хоёрын 2.3.2 гол мөрөн, горхи, булаг шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж, 2.6.1 усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд гэснийг зөрчсөн байна.
Нийтийн захиргааны байгууллага болох БОАЖС нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; 4.2.8 хууль ёсны итгэлийг хамгаалах[5] зарчмыг баримталж ажиллаагүй, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.4 захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх эрхээр “Н ” ХХК-ийг хангалгүйгээр шийдвэр гаргасан процессын алдааг зөвтгөх боломжгүй.
Тодруулбал, Захиргааны ерөнхий хууль нь 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: 5.1.11 төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага гэсэн байна. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2.Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. 24.4 Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 25 дугаар зүйлийн 25.1 Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: 25.1.2. оролцогчийг сонсох тайлбар гаргуулах, ...25.1.7 оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах, 26 дугаар зүйлийн 26.1 Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно., 27 дугаар зүйлийн 27.2 Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ...” зэргээр заажээ.
Түүнчлэн захиргааны байгууллагаас тухайн газрыг хууль, дүрмийг зөрчөөгүй гэж үзэн нэхэмжлэгчид анх 2011 онд тушаал гарган олгож, гэрээгээ байгуулж, газрын төлбөрийг олон жилээр төлүүлсэн /39,884,000.00 төгрөг/, Б******* уулын д******* цаазат хамгаалалтын захиргаанаас 2018 оны 1 дүгээр сард БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэст “Н*******” ХХК-ийн аялал жуулчлалын зориулалтаар ашигладаг төсөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхийг дэмжиж саналыг хүргүүлэв”[6], 2018 оны 2 дугаар сард “Тус компаний төслийн шийдэл, технологитой танилцаж зарчмын саналаа тусгуулсан тул тайланг хурлаар хэлэлцүүлэхэд татгалзах зүйлгүй болно” гэсэн хариуг өгсөн атлаа 2018 оны 4 дүгээр сард газар ашиглах эрхийг цуцлах санал хүргүүлж байгаа нь ойлгомжгүй, хууль ёсны итгэлийг хамгаалах хуулийн зарчим зөрчигдөхөд хүрчээ.
Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдээс сайдаас газар ашиглах эрхийг цуцлах тушаал гарахаас өмнө тухайн газар дээр хэрэгжүүлэх төслөө өөрчлөн усны онцгой болон энгийн хамгаалалтын бүсээс гадна байхаар шинэ төсөл боловсруулсан байсан гэж материалыг[7] шүүхэд гарган өгч байх тул БОАЖС нэхэмжлэгчийн гаргаж өгөх тайлбар, нотлох баримт, шинээр хийгдсэн төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон байгаль орчны менежментийн төслийг үндэслэн дээр дурдсан хуулийн заалтын дагуу сонсох ажиллагааг хийсний үндсэн дээр хууль, журамдаа нийцүүлэн дахин захиргааны акт гаргах нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 4 дугаар сарын 6-ны өдрийн 432 тоот албан бичгээр[8] мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч уг албан бичигт[9] “ ...Иймд д******* цаазат газрын Багатэнгэрийн аманд ашиглахаар авсан 1.5 га газрын эрхийг цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна” гэснээс үзвэл сонсох ажиллагааны мэдэгдэл биш, харин цуцлах болсныг мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч 2018 оны 5 дүгээр сарын 14-ний өдөр авчээ[10].
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн захиргааны байгууллага сонсох ажиллагааг хийгээгүй гэсэн тайлбар үндэслэлтэй, шүүх захиргааны байгууллагын процессын алдааг зөвтгөх боломжгүйн дээр нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн БОАЖС ын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын “Н ” ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ
[1] Хавтаст хэргийн 67-69-р хуудас
[2] Хавтаст хэргийн
[3] Хавтаст хэргийн 70-78-р хуудас
[4] Хавтаст хэргийн 80-83-р хуудас
[5] Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно.
[6] Хавтаст хэргийн 97 хуудас
[7] Хавтаст хэргийн 70-73 –р хуудас
[8] Хавтаст хэргийн 99 –р хуудас
[9] Хавтаст хэргийн 99-р хуудас
[10] Хавтаст хэргийн 107–р хуудас