Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 815

 

 

 

 

 

 

 

 

 

 

И.Малчинхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/00497 дугаар шийдвэртэй, И.Малчинхүүгийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Бүрэнтөгсөд холбогдох,

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3 535 540 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Насандэлгэр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Эм Ар И Эм ХХК-ийн харьяа Монзууч үл хөдлөх хөрөнгийн агентлагаар дамжуулан иргэн М.Бүрэнтөгстэй хийсэн 151124 тоот орон сууц хөлслөх гэрээгээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол 4 дүгээр байрны 4 тоот байрыг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 750 000 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний хугацаа дуусахад бид амаар тохирч хугацааг 3 сараар сунгасан.

М.Бүрэнтөгс гэрээний 1.9-д заасан хуваарийн дагуу эхний 3 сарын төлбөрийг хугацаанд нь төлсөн боловч дараагийн 3 сарын төлбөрийг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлөх үүргээ биелүүлэлгүй янз бүрийн тайлбар хэлж хугацаа хэтрүүлэн үүргээ зөрчиж, орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөлгүй ашигласаар байсан. Гэрээний дагуу 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөх ёстой байтал өгөлгүй, түлхүүрийг авч явсан, удаа дараа шаардсаар байсан. Ингээд арга буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс орон сууцыг өөр иргэнд хөлслүүлсэн болно.

Бидний хооронд байгуулагдсан гэрээний 3.3-т Хөлслөгч орон сууц болон эд хөрөнгийг хүлээлгэн өгөх, хугацааг хэтрүүлсэн бол хөлслөгч нь хожимдуулсан хугацаанд ногдох түрээсийн төлбөрийг хөлслүүлэгчид нөхөн төлнө гэж заасны дагуу М.Бүрэнтөгсийн хэтрүүлсэн хоногийг 45 хоногоор тооцож байна.

М.Бүрэнтөгс нь гэрээний хугацаанд миний өмчлөлийн эд хөрөнгийг эвдэж, ердийн элэгдлээс илүү муутган, хохирол учруулсан. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.1-т Хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах, мөн хуулийн 289.1.4-т Хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх гэж заасныг тус тус зөрчиж, сууцанд тэжээвэр нохой авчирч бохирдуулан, чанар байдлыг дордуулсан, хүлээлгэн өгсөн тавилга хэрэгслийг эвдэлж, гэмтээн иргэн миний эд хөрөнгөд ноцтой хохирол учруулаад байна.

Миний бие хөлслөгчийн шууд буруутай үйлдлийн улмаас эд хөрөнгөд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий Итгэлт Эстимэйт ХХК-иар үнэлүүлснээр 1 261 130 төгрөгөөр хохирол тогтоогдсон. Мөн том өрөөний цонх хагалсан тул 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр цонхыг солиулж 90 000 төгрөгийн зардал гарсан.

М.Бүрэнтөгс нь орон сууц хөлслөх хугацаанд гарсан ашиглалтын зардлуудыг төлж барагдуулаагүй ба гэрээний 2.2.1-т Хөлслөгч нь СӨХ, байрны дулаан, утас, интернет болон бусад төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн бүтэн төлөх үүрэгтэй гэж заасан боловч  Univision IPTV-ийн төлбөр 60 275 төгрөг, цахилгааны төлбөр 13 606 төгрөг, ашиглалтын төлбөр 85 452 төгрөг, нийт 159 330 төгрөгийн төлбөр огт төлөлгүй орон сууцыг орхиж явсан тул эдгээрийг би төлж барагдуулсан юм.

Тэрээр орон сууцанд засвар хийх зорилгоор хүлээлгэн өгсөн мөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй. Анх орон сууцанд нүүж орохдоо бага хэмжээний засвар хийх шаардлагатай байгаа тул засварын ажлын хөлсийг хувааж төлье гэсэн хүсэлт тавьсныг миний бие хүлээн авч, 50 хувь буюу 600 000 төгрөгийг түүнд шилжүүлсэн. Ингээд энэ талаар мэдээлэл өгөх, засвар хийж дуусахад надад мэдэгдэж танилцуулахаар тохиролцсон ч зардал болон засварын ажлын үр дүнг надад огт танилцуулаагүй.

Улмаар 2016 оны 10 дугаар сард аргагүйн эрхэнд орон сууцаа бусдад хөлслүүлэхээр очих үедээ засвар дутуу, ямар ч үр дүнгүй болсныг мэдсэн. Ингээд утсаар удаа дараа мэдэгдэхэд өөреө хүлээн зөвшөөрч төлбөрийг буцааж төлнө гэсэн. Иймд гэрээний төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн алданги 300 000 төгрөг, эд хөрөнгө эвдэж гэмтээсний хохирол 1 351 130 төгрөг, орон сууц хүлээлгэн өгөлгүй ашигласан хугацааны түрээсийн төлбөр 1 125 000 төгрөг, ашиглалтын төлбөр 159 330 төгрөг, байрны засварын төлбөрт авсан 600 000 төгрөг, нийт 3 535 460 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие И.Малчинхүүтэй тохиролцон 2016 оны 5 дугаар сарын 15-наас 2016 оны 8 дугаар сарын 15 хүртэл хугацаанд орон сууцыг үргэлжлүүлэн хөлслөн суусан. Үүнээс өмнөх 2015 оны 11 дүгээр сарын 15-наас 2016 оны 5 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд элдэв асуудал гаргаагүй. Үндэсэндээ 2015 оны 11 дүгээр сарын 15-наас 2016 оны 8 дугаар сарын 15 хүртэл хугацааны төлбөр бүгдийг төлөгдсөн. Хуучны орон сууц тул засвар хийх хүсэлт тавьсан. Зөвшөөрсний дагуу засварт 720 000 төгрөг, ажлын хөлсөнд 600 000 төгрөг төлж хийлгэсэн.

Орон сууцыг хугацаанд нь өгсөн учир хүлээлгэж өгөөгүй хугацааны түрээсийн төлбөр 1 125 000 төгрөг, эд хөрөнгө эвдэж гэмтээсэн гэх 1 351 130 төгрөгийг зөвшөөрөхгүй. Тавилга эд зүйлс бүгд хуучирсан байсан. Тодорхой эвдрэлүүд анх байсныг анзаараагүй. Байрны засвар үр дүнтэй болсон учир засварын 600 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, үүнийг буцааж төлнө гэж хэлээгүй. Орон сууц ашиглалтын үлдэгдэл төлбөр гэх 159 330 төгрөгийг төлөхгүй. И.Малчинхүү байраа хүлээж авсан байтлаа аваагүй гэж төлбөр нэхэмжилж байна.

Би байрны мөнгийг төлөөд түлхүүрийг 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өгсөн. Гал тогооны тавцан хагарсан байна гэж байсан. Цонх дотор талаасаа биш, гадна талаасаа хагарсан. Ялаа шумуулны торыг цонх угааж байгаад авчихсан. Надаас нэхэж байгаа 12 нэр төрлийн зүйлээс цонхны тор, гал тогооны 3 тавцан, 2 сандал, модон хаалга, зурагтны тавиур, гадна хаалганы дулаалга зэргийн төлбөрийг зөвшөөрнө. Төлбөрийг хувааж засвар хийе гэж тохирсон. Таазанд замаск эмульс хийсэн, обой гранез сольсон. 710 000 төгрөгийн материал орсон, 650 000 төгрөг ажлын хөлс гэж өгсөн. 2 сар нохой байлгасан учир хаалганд нохойны үүсгэсэн зураас байгаа. Мөн юнивишны 159 330 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй, 2015 оны 8, 9 дүгээр сарын байрны мөнгийг төлөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Бүрэнтөгсөөс 661 917 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Малчинхүүд олгож, нэхэмжлэлээс 2 873 543 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 20 436 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Малчинхүүд олгож шийдвэрлэжээ

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх “Орон сууцыг талууд 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хөлслөхөөр тохиролцсон нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба үргэлжүүлж сунгаагүй байх тул 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хөлс гаргуулах үндэслэлгүй. Хариуцагч 2016 оны 8 дугаар сарын 20-нд байрны мөнгийг төлж, түлхүүрийг хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь буруу. Хариуцагч 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан орон сууцны 2 ширхэг түлхүүрийн зөвхөн 1 ширхэгийг хүлээлгэн өгсөн ба эвдэлж гэмтээсэн эд хогшилоо бүрэн засч, гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөхдөө үлдсэн 1 түлхүүрийг өгөхөөр тохиролцсон.

Гэвч энэ үүргээ огт биелүүлээгүй, түлхүүрийг хүлээлгэн өгөөгүй. Үүнийг шүүх хуралдаанд хангалттай тайлбарласан атал анхаарч үзэлгүй, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр орон сууцыг хүлээн авсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гэрээний 3.3-т зааснаар хариуцагч орон сууцыг хүлээлгэн өгөлгүй хугацаа хэтрүүлсэн 45 хоногийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байтал шүүх талуудын тайлбар, нөхцөл байдалд бодит дүгнэлт хийлгүй хугацаа хэтрүүлсэн 40 хоногийн түрээсийн төлбөрийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг зөрчин хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан болон гэрээний хавсралт эд хөрөнгө хүлээлцэх актыг зохих ёсоор үнэлээгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрийн эд хөрөнгөд хохирол учруулсан талаарх нэхэмжлэлийн үндэслэл болж буй үнэлгээний тайлан, эд хөрөнгө хүлээлцсэн актыг нотлох баримтын шаардлага ханган өгсөн байхад үнэлэлгүй, зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэж шийдвэр гаргасан нь буруу байна.

Түүнчлэн хариуцагч эд хөрөнгө эвдэж, хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулах тухай шүүх хуралдаанд тайлбарласаар байтал зөвшөөрсөн үнийн дүнгээс нь багасгаж шийдвэр гаргасан. Шүүх хуралдаанд хариуцагч гэрээний дагуу хүлээн авсан эд хөрөнгийг эвдэж, ердийн элэгдлээс илүү муутган хохирол учруулсан гэдгээ хүлээж 1 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч тайлбар хийсэн нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсаар атал зөвхөн 398 000 төгрөгийг хангасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, гэрээний дагуу хүлээн авсан эд хөрөнгийг эвдэж гэмтээсний улмаас учирсан хохирол 953 130 төгрөг, орон сууцыг хүлээлгэн өгөлгүй ашигласан хугацааны түрээсийн төлбөр 1 000 000 төгрөг, нийт 1 953 130 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шүүхийн шийдвэрт агуулгын хувьд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

 

Нэхэмжлэгч И.Малчинхүү нь хариуцагч М.Бүрэнтөгсөд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3 535 540 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч зарим төлбөр буюу эд хөрөнгийн чанар байдал муудсан байх боломжтой гэх агуулгаар 1 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн Мон Зууч агентлагаар зуучлуулан орон сууц хөлслөх гэрээ байгуулж, хөлслүүлэгч И.Малчинхүүгийн хувьд өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 4 тоот, 29 м.кв, тавилга бүхий 2 өрөө орон сууцыг сарын 750 000 төгрөгөөр, 6 сарын хугацаанд иргэн М.Бүрэнтөгсөд хөлслүүлэх, хөлслөгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөх, хугацааг цаашид сунгах нөхцөл тохиролцсон байна. /хх 8-9/

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, уг харилцаанд оролцогчдын хүлээх үүрэг, хариуцлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Нэхэмжлэгч И.Малчинхүү нь хөлслүүлэгчийн хувьд дээрх гэрээний үүргийн биелэлтийг хөлслөгчөөс шаардах эрхтэй бөгөөд хариуцагчийг 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны төлбөр төлөх хуваарьт хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр алдангид 300 000 төгрөг, тавилга эд хөрөнгийг эвдэж гэмтээсний хохиролд 1 351 130 төгрөг, орон сууцыг хүлээлгэн өгөөгүй ашигласан хугацааны төлбөр 1 125 000 төгрөг, энэ хугацааны ашиглалтын төлбөр 159 330 төгрөг, байрны засвар хийлгэхээр өгсөн 600 000 төгрөг зэргийг шаарджээ.

 

Шүүх хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж, зохигчид гэрээнд заасны дагуу хөлслөх хугацааг 3 сараар сунгаснаар хариуцагч 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгч И.Малчинхүүд хүлээлгэн өгсөн боловч тохиролцсон хугацаанаас 5 хоног хэтэрсэн, гэрээт хугацааны 9 сарын төлбөрт 6 750 000 төгрөг төлсөн, барьцааны 750 000 төгрөг нь төлбөрт тооцогдсон талаар болон эд хөрөнгийн чанар байдалд хохирол учирсан, түүнд тогтоосон үнэлгээ зэрэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 661 917 төгрөгийн шаардлагыг хангаж, 2 873 543 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Гэвч хариуцагч М.Бүрэнтөгс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээр шаардсан үнийн дүнгээс 1 000 000 төгрөг төлж болно гэсэн тайлбарт үндэслэн түүний зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасантай нийцнэ гэж үзлээ

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч И.Малчинхүүгийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/00497 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “661 917” гэснийг “1 000 000” гэж, “2 873 543” гэснийг “2 535 460” гэж,

2 дахь заалтын “20 436” гэснийг “28 850” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолох, энэхүү үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргахад саад болохгүй дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

                                                                                                Т.ТУЯА