Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 000015

 

 

П.Б, Д.Т нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                                           Хэргийн индекс 142/2017/0417/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

            Шүүх хуралдаанд: 

                        Прокурор                                          Л.Оюунтуяа

                        Шүүгдэгч                                           П.Б, Д.Т

                        Шүүгдэгч нарын өмгөөлөгч          С.Батмөнх-Очир

                        Хохирогчийн өмгөөлөгч               Х.Оюунбат

                        Нарийн бичгийн дарга                 Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолтой П.Б, Д.Т нарт холбогдох, 1725000000215 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Дархан-уул  аймгийн Шарын гол суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, металлургийн инженер мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Засвар механикийн заводад мастер ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ө овгийн П-ийн Б,

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ  хангамжийн мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр суманд амьдардаг, эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,  Б овгийн Д-ийн Т.

Шүүгдэгч П.Б, Д.Т нар бүлэглэн, 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лофт” баарны гадаа Ц.Хийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ө овгийн Пийн Б, Б овгийн Д-ийн Т нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч П.Б, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5.д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тус тус 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б, Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий СД-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч П.Б, Д.Т нараас тус бүр 260,850 төгрөг гаргуулан Ц.Х-д олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Х-н нэхэмжлэлээс 5,865,197 төгрөгний хэсгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг  дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх нь хохирогч Ц.Х-д учирсан хохирлоос цалин хөлс болон түрээсийн төлбөр, ариутгал сувилагч, ариутгал цахилгаан болох 5.865.197 төгрөгийг шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээ дурдахдаа тухай эмнэлэг ажилласан эсэхэд дүгнэлт хийсэн. Гэтэл тус эмнэлэг нь ажилласан эсэхээс үл хамаарч хохирогч Ц.Х нь сувилагч, ариутгал, түрээсийн төлбөр нийгмийн даатгал, цахилгааны төлбөрийг хохирогч төлөхөөр хүлээсэн түрээсийн гэрээний үүргийг анхаарч үзсэнгүй ба нэхэмжилж буй гэм хохирол нь Иргэний хуулийн 505-р зүйлийн 505.1 заасны дагуу эрүүл мэндэд гэм хохирол учирснаас олох ёстой байсан орлогоо дутуу олж, түрээсийн гэрээний үүргийн дагуу хохирол хүлээж, 1 сарын түрээсийн болон бусад төлбөрт орсныг нэхэмжилж байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

Хохирогч Ц.Х нь гэмтлийн улмаас шүдний эмчийн ажлыг шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд хийгээгүй ба 2 нүдний гэмтэл нь тухайн ажлыг хийх боломжгүй болгосон. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээсэн хохирлын зарим хэсгийг төлсөн байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулсан тухай анхан шатны шүүх шийтгэх тогтоолд тусгасан. Учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлж болох зохицуулалтыг хуульд заасан боловч шүүгдэгч нар нь хохирлын хэр хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй мэтгэлцсэн ба торгуулийн ялыг оногдуулахдаа хохирлын зарим хэсгийг төлсөн байдлыг харгалзсан нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн байна. Шүүгдэгч зарим хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх үндэслэл болохгүй.

Д.Т нь өөрийн гэм бурууг хүлээгээгүй, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийг буруутай гэж үзсэн ба хохирогч Ц.Хийг ямар ч шалтгаангүй зодож гэмтэл учруулсан, түүнчлэн эрхэлсэн тодорхой ажилгүй гэж хувийн байдлын талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн байхад түүнд торгуулийн ялыг оногдуулсан нь ял шийтгэл хариуцлагыг зөв хэрэглэсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4.д  ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгуулийн ялыг... тогтоож болно гэх заалтыг анхаарч үзэлгүй шийтгэх тогтоол гаргасан гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай 6.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 09 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохирол болох 5.865.197 төгрөгийг П.Б, Д.Т нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Оюунтуяа дүгнэлтдээ:

Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг тогтоогдсон, шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан..., хохирогч нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхтэй бөгөөд анхан шатны шүүх энэ талаар тодорхой заасан ..., шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Б, Д.Т нар нь 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лофт” бааранд архи ууж согтуурсан үедээ мөн тэнд найз нарын хамт архи ууж байсан Ц.Хтэй маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.

Үүний улмаас хохирогч Ц.Х-н биед баруун зүүн ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, зовхинд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун дээд зовхи, хүзүү, цээжинд зулгаралт бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний 14518 дугаар дүгнэлт, “Орбита” нүдний эмнэлэгт эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 39 дугаартай нэмэлт дүгнэлтээр, / хх-ийн22, 30-р хуудас/ мөн дээрх үйл баримт нь “Лофт” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, камерын бичлэг, /хх-ийн 13-16-р хуудас/ CD болон тухайн үед хэргийн газар хамт байсан гэрч Ш.Шижирбат,  Н.Халиунаа, А.Билэгт, Э.Эрдэнэбаяр нарын өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.Б, Д.Т нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв, анхан шатны шүүх тэдэнд хуульд заасан ял оногдуулсан бөгөөд ял нь тэдний гэм бурууд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны үед хийвэл зохих ажиллагааг хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, шүүгдэгч нар болон гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авчээ.

Мөн шүүх хохирогч Ц.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 9,886,897 төгрөг нэхэмжилсэнээс үзлэг шинжилгээ, эмчилгээ болон эм тариа, замын зардал буюу нотлох баримтаар тогтоогдсон 4,021,700 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж үүнээс урьд нь шүүгдэгч нарын төлсөн 3,500,000 төгрөгийг хасаж, үлдэх 521,700 төгрөгийг шүүгдэгч нараас хуваан гаргуулахаар шийдвэрлээд харин түүний 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос хойш хэдий хүртэл өөрөө ажлаа хийгээгүй болох, эмнэлэг нь ажилласан эсэх сувилагч, ариутгалын талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, түрээсийн зардал хэдийгээс хэдий хугацааг хамарч байгаа зэрэг нь тодорхойгүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй учраас 5,865,197 төгрөгийн нэхэмжлэлийг  хэлэлцэхгүй орхиж, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг шийтгэх тогтоолд тодорхой зааж өгсөн байна.

Өөрөөр хэлбэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирлын асуудлыг шийдвэрлэжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан ...хохирогчийн нэхэмжилсэн цалин, хөлс болон түрээсийн төлбөр, ариутгал сувилагч, ариутгал, цахилгааны төлбөр болох 5.865.197 төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон тул гаргаж өгнө үү..., ... шүүгдэгч нар хохирлын зарим хэсгийг төлсөн байхад торгуулийн ял оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон гэдэг нь эргэлзээтэй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

                ШҮҮГЧИД                                                                            С.ЦЭЦЭГМАА

                                                                                                                        Ц.ТУЯА