| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0137/э |
| Дугаар | 185 |
| Огноо | 2020-07-23 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 185
2020/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Бичинхүү
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүгдэгч: Л.Д, А.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зовогт Л Д, Б овогт А Бнарт холбогдох 1912006980015 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Цсуманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, А аймгийн Э сумын .. дүгээр багийн Бн .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар сарын 1-т зааснаар 450 нэгжээр торгох ял, мөн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар, 1 хоногийн хугацаагаар баривчлах ял, мөн шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 250,000 төгрөгийг хурааж, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт А Б/РД: ../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А. аймгийн Ц. суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, А.аймгийн Э. сумын .. дугаар баг, Т хорооллын .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Зовогт Л Д /РД: ../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.Д, А.Бнар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой А аймгийн Бсумын Дбагийн нутаг дэвсгэр Л гэх газраас иргэн О.Г 1 тооны үхрийг хулгайлж, 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1912006980015 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Г мэдүүлсэн: ...2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой 17 цагийн үед манай дүү Л мотоциклиор үхрээ хураах гэж яваад 4 тооны үхэр дутсан байна гээд эргээд ирсэн. Тэгээд Л бид хоёр морь унаад дутсан 4 үхрээ хайхаар гэрийнхээ баруун хойд зүгт үхэр бэлчдэг газраар явж байтал Эрэг мод гэдэг хэсэг модтой газраас гэрэлгүй тээврийн хэрэгсэл гараад зугтсан. Л бид хоёр тэр машины араас мориор хөөгөөд гүйцэхгүй болохоор нь замдаа Д гэх айлаас мотоцикль гуйж унаад араас хөөсөн. Бид хоёр тэр машины араас ойртож очоод улсын дугаарыг нь хартал 80-45 АРХ гэсэн дугаартай мөнгөлөг саарал өнгийн суудлын тэрэг байсныг нь харсан. Тэгээд тэр машиныг гүйцэхгүй байсан учир хөөхөө больсон. Манай үхрээс миний хоёр үхэр, Б ахын хоёр тооны үхэр нийт 4 тооны үхэр алдагдсан. Манай хоёр үхрийн зүс нь зовхи цаган улаан зүсмийн монголын сувай үнээ, мөн зовхи цагаан улаан зүсмийн монголын хязаалан гунж байсан. Б ахын 2 үхэр нэг нь соёолон шар, нөгөөдөх нь сувай үнээ байсан. Манай 2 үхэр зүүн чих нь зүрх, баруун чих нь араасаа хөндлөн имтэй. Б ахын хоёр үхэр 2 чих нь араасаа хөндлөн имтэй байсан. Миний зовхи цагаан улаан зүсмийн хязаалан гунж нь шулагдсан. Бусад гурван үхэр нь маргааш нь үхэр шулагдсан газрын ойролцоо модноос амьд олдсон. Хязаалан насны монголын гунжийг 1 сая төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна. Манайх өмнө олон үхэр алдаж байсан тэр болгоныг энэ хулгайч нар авсан гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Г дахин мэдүүлсэн: ...Тухайн үед манай дүү Л үхэртээ явж ирээд 3 тооны үхэр дутуу байна гэсэн. Тэгээд дүү бид 2 үхрээ хайгаад морьтой явж байгаад үхрээ дахин бүртгэж 4 тооны үхэр байхгүй болж таарсан. Гэхдээ шулагдсан 1 тооны үхэр Батцэнгэл сумын Дэл багийн Луузангийн эрээн мод гэх газар байсан. Харин олдохгүй байсан 3 тооны үхэр Дэл багийн Улаан цохионы давааны араас 2019 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө олсон. Шулагдсан үхрээс 1 км орчим зайтай байсан. Миний шулагдсан 1 тооны үхрээс хамаарахгүй өөр газар сүргээсээ тусдаа бэлчиж явсан байсан. Ямар нэгэн эзэнгүй хашаа хороо байгаагүй. Тухайн газар очиход 18 цаг өнгөрч байсан санагдаж байна. Харанхуй болж байсан. Харин үхрийн мах нь хөрөөгүй халуунаараа цуслаад удаагүй халуун байсан. Хэргийн газар ямар нэгэн үлдээсэн зүйл байгаагүй. Тэгээд би цагдаа дуудаж зургийг нь авахуулаад дараа нь өвчиж янзлаад Архангай аймгийн махны захад зарсан. 1 кг махыг 4200 төгрөгөөр үнэлж 180 кг махыг зарсан бөгөөд нийт 756.000 төгрөг болсон. Би одоо үнэлгээгээр гарсан 800 мянган төгрөгийг нэхэмжилж байна. Өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бмэдүүлсэн: ...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 07 цагийн үед манай үхэр Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн нутаг Луузан гэх газар гэрийн гаднаас бүрэн бэлчээрт гарсан. Манай үхэр гэрийнхээ баруун хойд зүгт Эрэг мод, Бяцхан гэх газраар бэлчээрт гардаг. Орой 17 цагийн үед манай хүү Л үхрээ хураахаар яваад 19 цагийн үед 4 үхэр дутуу байна гээд бэлчээр дээрээс над руу утсаар ярьсан. Би хүүхдээ мориор явж хай гэж хэлсэн. Тэгээд манай 2 хүүхэд мориор 3 үхрээ хайхаар явж байтал 20 цагийн үед Эрэг мод орчмоос гэрэлгүй машин модон дотроос гараад зугтаачихлаа, араас нь хөөгөөд гүйцсэнгүй, машины дугаар нь 80-45 АРХ улсын дугаартай мөнгөлөг өнгийн суудлын машин байсан гэж над руу утсаар ярьсан. Би аймгийн төвд явж байсан учир Цагдаагийн газар дээр очиж дуудлага өгсөн бөгөөд Цагдаагийн газраас зам дээр шалгалт хийгээд 21 цаг 30 минутын үед 80-45 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг саатуулсан байсан. Манай хүүхэд машин байсан газар очиж үзэхэд манай баз О.Г зовхи цагаан, улаан зүсмийн монголын сувай үнээг нядлаад гэдсийг нь гаргаад хаясан байсан. Бусад 3 үхэр нь олдоогүй байж байгаад маргааш өглөө нь үхэр шулагдсан газраас баруун тийш 1 км орчим зайтай Улаанцохио гэх газар модны хаяанд байхад нь олж авсан. Өглөө нь олж авсан гурван үхэр нь соёолон насны улаан зүсмийн шар, зовхи цагаан улаан зүсмийн нас нийлсэн сувай үнээ, улаан зүсмийн нас нийлсэн сувай үнээ байсан. Соёолон шар нь нэг хөл нь бага зэрэг доголсон байсан. Соёолон шар, улаан зүсмийн сувай үнээ нь миний үхэр байсан. Нөгөө 2 сувай үнээ нь Г үхэр байсан. Би тус 4 үхрийн соёолон шарыг нь 1.200.000 төгрөгөөр, сувай үнээгээ нэгийг нь 1.000.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Нийт 4 үхрийн үнэлгээ нь 4.200.000 төгрөг болж байна. Би маш их гомдолтой байна. Би өмнө нь олон адуу, үхрээ хулгайд алдаж байсан. Эдгээр хүмүүс өмнө нь миний үхрийг хулгай хийсэн гэж үзэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Л.Дгийн гэрчээр мэдүүлсэн: ...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 15 цагийн үед би А.Б хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн нутаг руу миний “Тоуоtа Ipsum” маркийн 80-45 АРХ улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслээр явсан. А.Бхүргэн ахындаа очих ажилтай хамт явья гэж намайг гуйгаад бид хоёр хамт явсан. Бид хоёр замдаа 3 шил архи хувааж уугаад согтоод очих ёстой айлдаа очилгүй Дэл багийн нутаг Луузан гэх газар явж байгаад хэсэг үхэр таарахаар нь тэр үхрүүдийг бид хоёр мод руу шахаж байгаад А.Ббугуйл шидээд нэг үхэр барьж аваад бид хоёр нөгөө үхрээ барьж авсан газраа унагааж байгаад Бнугаслаад би цусалсан. Тэгээд үхрээ гэдсийг нь гаргаад байж байтал хоёр морьтой хүн бид хоёрыг чиглээд ирж байхаар нь нядалж байсан үхрээ хаячихаад машиндаа суугаад зугтсан. Тэр хоёр морьтой хүн араас хөөгөөд байсан. Би машинаа жолоодоод Архангай аймгийн Цэнхэр сумын төв рүү зугтаад сумын төв орчихоод буцаад аймгийн төв рүү явсан. Цэнхэр сумын төвд автобусны зогсоол дээр Ч.Н гэх залуу аймаг орох гээд зам тосоод зогсож байхаар нь түүнийг аваад аймгийн төв рүү явсан. Гэтэл замд цагдаа зогсоогоод бид гурвыг саатуулсан. А.Бүхэр хулгайлах санааг анх гаргасан. Бид хоёр үхрээ барьж авахдаа миний машин дотор байсан цагаан өнгийн мяндсан бугуйлаар үхрээ бугуйлдаж барьж авсан. Үхэр нядлахад ашигласан бугуйл, хутгаа би машиндаа хийсэн. Одоо машин дотор байгаа. Миний хулгайлсан үхэр улаан хүрэн зүсмийн монголын сувай үнээ байсан. Би тэр үхрийн имийг нь анзаарч хараагүй. Тэр үхэр хэн гэдэг айлын үхэр байсныг мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Лн мэдүүлсэн: ...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн үед би Архангай аймгийн Батцэнгэл сумын Ар далт гэх газар руу мотоцикльтой үхрээ хураахаар явсан. Тэр өдрийн өглөө нь манай үхэр бүрэн бэлчээрт гарсан. Би үхэр дээрээ очоод бүртгэж үзтэл 3 тооны үхэр дутуу байсан. Би үхрээ бөөгнүүлж гэр рүүгээ ойртуулчихаад ойролцоо газраар хайгаад олоогүй. Тэгээд би гэртээ хариад ахдаа үхэр дутуу байгаа талаар хэлээд Г ах бид хоёр морь унаад үхрээ хайхаар явсан. Г ах бид хоёр гэрээс баруун тийш Эрэг мод гэх газар руу явж байтал модны захад цагаан өнгийн зүйл харагдаад байхаар нь дөхөөд очтол цагаан саарал өнгийн машин зогсож байсан. Тэгтэл тэр машины жолоочийн талын хаалга, арын тээшний хаалга хоёр хамт хаагдаад тэр машин хөдлөөд явсан. Тухайн үед бүрэнхий болоод холын бараа тасарч ойрын зүйл харагдах төдий болж байсан бөгөөд багцаагаар 19 цаг болж байсан. Тэр машин байрнаасаа зүүн зүгт хөдлөөд гэрлээ асаалгүй 1 км орчим яваад гэрлээ асаагаад Архангай аймгийн зүгт явсан. Г ах бид хоёр тэр машины араас мориороо хөөгөөд гүйцээгүй учир замдаа Дорждагва гэх айлаас мотоциклийг нь гуйж унаад нөгөө машины араас хөөсөн боловч гүйцээгүй. Г ах бид хоёр тэр машины араас хөөхдөө дугаарыг нь хартал 80-45 АРХ гэсэн дугаартай суудлын машин байсан. Тэр машиныг гүйцээгүй учир Цагдаагийн газар дуудлага өгсөн. Г ах бид хоёр машин зогсож байсан газар нь цагдаа ирэх үед хамт очсон. Тэр газар очтол Г ахын хөмсөг цагаан улаан гунжийг нугаслаад, арьсыг нь өвчилгүй 4 шийрийг нь таслаад, гэдсийг нь гаргачихсан байсан. Г ах бид хоёр зогсож байсан машинтай ойртож очих үед хоёр хүн машинд сууж байгаа харагдсан. Өөр хүн харагдаагүй. Тэр хоёр хүнийг хэн гэдгийг нь би таниагүй. Эхлээд үхрээ хураах үед Б ахын 3 тооны үхэр байхгүй байсан. Намайг 3 үхрээ хайгаад явж байх хойгуур хураасан үхэр дотроос Г ахын гунжийг барьж аваад нядалж байхад нь Г ах бид хоёр таарсан юм байна лээ. Маргааш өглөө нь 3 үхрээ Г ахын гунж шулагдсан газраас баруун хойд зүгт модны захад байхад нь олж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эмэдүүлсэн: ...Би Л.Дг 2012 оноос хойш мэдэх бөгөөд эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тамир хороололд амьдардаг. Тодорхой эрхэлсэн ажилгүй, бага насны 2 хүүхдээ хараад гэртээ байдаг хүн байгаа юм. Найз нөхөдтэйгээ нийлсэн үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг. Гэхдээ ямар нэгэн буруу зан байхгүй, даруухан үг цөөхөнтэй, хүний үгэнд оромтгой дуулгавартай залуу байгаа юм. Д нь урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг хийж байгаагүй. Цэргийн алба хаасан сайн залуу байгаа юм. Дгийн эхнэр Цнь Архангай аймгийн авто тээврийн газар үйлчлэгч ажилтай, өөрөө тодорхой хэмжээний малтай, зуны цагт самар жимсэнд явж, малаа маллаад амьдардаг хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Цмэдүүлсэн: ...Би Л.Дг 2005 оноос хойш мэднэ. Бид хоёр 2005 онд танилцаад 2007 онд албан ёсоор гэр бүл болоод хуримаа хийсэн. Одоо манай хамгийн том охин 14 настай, дараагийн хүү 13 настай, дараагийн охин 6 настай, хамгийн бага охин 1 настай. Манай нөхөр хүүхдээ хараад гэртээ байдаг. Би Архангай аймгийн “Авто тээврийн газар”-т үйлчлэгч ажилтай. Манай нөхөр тамхи хэрэглэдэг, хааяа архи уудаг, гэхдээ ямар нэгэн буруу зан ааш байхгүй. Манай нөхөр урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж байгаагүй, хүнд тусархаг, даруухан зантай хүн байгаа юм. Манайх хонь, ямаа нийлээд 100 гаруй, 16 орчим үхэр, 27 орчим тооны адуутай. Би яг нарийн тоог нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.З мэдүүлсэн: ...Миний хүү А.Бнь 1986 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд миний 4 дэх хүү болж мэндэлсэн. Тэрээр багаасаа мал маллаж, сургуульд суугаагүй, боловсролгүй, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган суманд амьдарч байгаад 2016 онд эхнэрээсээ салаад эхнэр Батцэцэг нь 2 хүүхдээ аваад Дархан-Уул аймагт амьдрахаар явсан. А.Бодоо надтай хамт амьдарч байгаа. Миний хүү архи, тамхи хэрэглэдэг ч гэсэн архи уусан үедээ ямар нэгэн буруу зан байхгүй, эрүүл үедээ дуу цөөтэй, даруухан залуу байгаа юм. Миний хүү Бнь урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан ч одоо засарч байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Л.Дгийн мэдүүлсэн: ...Би прокурорын тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Намайг гэртээ байж байтал манай найз А.Б2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ирээд Батцэнгэл сумын Дэл багт байдаг хүргэн ахынд очоод ирмээр байна гэж гуйхаар нь би зөвшөөрөөд өөрийнхөө Тоёото Ипсум маркийн 80-45 АРХ улсын дугаартай машинаар А.Б хамт 14 цаг өнгөрч байхад гарсан бөгөөд замдаа дэлгүүрээс 0.5 литрийн “Хараа” нэртэй архи 3 шилийг аваад замдаа хувааж уугаад явсаар байгаад Цагаан толгой гэх газар ирээд А.Бах руугаа утсаар залгаад утас нь холбогдохгүй байна гээд буцаад Архангай аймгийн төв рүү явж байтал хэсэг модтой газар 20 гаруй тооны монголын үхэр байхаар нь А.Бзогсож бай, нэг үхэр бариад авъя гэсэн. Тэгээд би зогсоод А.Бмашинаас бууж өврөөсөө цагаан өнгийн мяндсан бугуйл гаргаж ирээд нэг үхэр бугуйлдаад барьж аваад гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирээд нугаслаад унагаасан. Би машинаасаа буугаад очтол намайг цусалчих гээд хутгаа өгөхөөр нь би цуслаад өвчүүг нь хадаад гэдсийг нь гаргаж байтал А.Б2 морьтой хүн ирж байна, зугатаагаарай гэж хэлсэн. Тэгээд А.Ббид хоёр хийж байсан зүйлээ орхиод машиндаа суугаад Архангай аймаг явах засмал зам руу зугтаагаад Цэнхэр сумын төв рүү ороод буцаад аймаг руу эргээд явж байтал танил залуу болох Ч.Н /хоч Дамбаа/ автобусны зогсоол дээр гар өргөөд зогсож байхаар нь Ч.Ныг суулгаад Цагаан хаалга өнгөрөөд аймаг руу орж байтал замын цагдаа улаан модоор дохихоор нь зогсолгүй өнгөрөөд явахад араас цагдаа нар машинтай ирээд намайг зогсоогоод шалгасан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор А.Б хамт хулгай хийсэн нь миний буруу. Өөр үхэр барьж авсан зүйл байхгүй. А.Бл нэг үхэр барьж авсан. Би А.Б 2006 оны үед найз нөхдөөрөө дамжуулан танилцаж байсан. Хулгай хийх санааг А.Бгаргасан бөгөөд бугуйл, хутга хоёр А.Бд өөрт нь байсан. Би анзаарч хараагүй. Хулгайлсан үхэр ямар имтэй байсан талаар мэдэхгүй. Улаан хүрэн зүстэй цагаан хөмсөгтэй сувай үнээ байсан. Хохирлыг одоогоор барагдуулаагүй байгаа. Удахгүй хохирлоо барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 58-61 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Б мэдүүлсэн: ...Яллагдагчаар татсан тогтоол миний үйлдэлтэй тохирч байна. Би 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Л.Дтой Архангай аймгийн төвд таараад Бор толгойн үзүүрт 1 шил архи хувааж уугаад машин чинь бензинтэй юу гэж асуухад байгаа гэхээр нь Батцэнгэл суманд манай хүргэн Гантөмөрийн гэрт очих ажил байна, яваад ирэх үү гэж гуйгаад бид хоёр явахаар болоод замдаа 2 шил 0.75 литрийн архи дэлгүүрээс аваад 16 цагийн үед явсан. Замдаа Донгийн даваан дээр гараад хүргэний утас руу залгах гэхэд цаасан дээр бичсэн дугаараа хаясан байсан. Тэгээд авсан архиа бид хоёр хувааж уугаад буцаад Архангай аймгийн төвд явж байх замд Луузан гэх газар хэсэг үхэр таарахаар нь би машин дотор байсан бугуйл аваад нэг үхэр бугуйлдаад бариад авсан чинь Д машинаасаа бууж ирээд миний барьж авсан үхрийг цуслаад өвчүүг нь яраад гэдсийг гаргах гэж байтал 2 морьтой хүн ирж байхаар нь машинд суугаад Д машин бариад зугатааж яваад Цэнхэр сумын төв рүү орж ирээд байж байтал Н автобусны зогсоол дээр аймаг орох гэсэн юм гээд зогсож байхаар нь Ныг суулгаад аймгийн төв рүү явж байгаад Цагаан хаалган дээр цагдаад баригдсан. Хутга нь минийх, бугуйл нь машин дотор байсан. Дгийнх байх. Д энд үхэр байна гэхээр нь би машинаас буугаад архины халуунд бариад авсан. Тухайн үед хэрэглэсэн бугуйл, хутга хаана байгааг Д мэдэж байгаа байх би мэдэхгүй байна. Би бугуйлыг машинд хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 165-168 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06, 11 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10 хуу/
“Хас” үнэлгээ ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 285 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34 хуу/
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өдрийн 09 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 142 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 71-72, 147 хуу/
Автомашин техникийн үнэлгээ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой А аймгийн Б сумын Д багийн нутаг дэвсгэр Л гэх газраас иргэн О.Г 1 тооны үхэр хулгайд алдагдаж 800.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Д, А.Бнар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Л.Д, А.Бнар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой А аймгийн Бсумын Дбагийн нутаг дэвсгэр Л гэх газраас иргэн О.Г 1 тооны үхрийг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Г мэдүүлсэн “2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой 17 цагийн үед манай дүү Л мотоциклиор үхрээ хураах гэж яваад 4 тооны үхэр дутсан байна гээд эргээд ирсэн. Тэгээд Л бид хоёр морь унаад дутсан 4 үхрээ хайхаар гэрийнхээ баруун хойд зүгт үхэр бэлчдэг газраар явж байтал Эрэг мод гэдэг хэсэг модтой газраас гэрэлгүй тээврийн хэрэгсэл гараад зугтсан. Л бид хоёр тэр машины араас нь мориор хөөгөөд гүйцэхгүй болохоор нь замдаа Д гэх айлаас мотоцикль гуйж унаад араас хөөсөн. Бид хоёр тэр машины араас ойртож очоод улсын дугаарыг нь хартал 80-45 АРХ гэсэн дугаартай мөнгөлөг саарал өнгийн суудлын тэрэг байсныг нь харсан. Тэгээд тэр машиныг гүйцэхгүй байсан учир хөөхөө больсон” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 19-20/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бгийн мэдүүлсэн “Орой 17 цагийн үед манай хүү Л үхрээ хураахаар яваад 19 цагийн үед 4 үхэр дутуу байна гээд бэлчээр дээрээс над руу утсаар ярьсан. Би хүүхдээ мориор явж хай гэж хэлсэн. Тэгээд манай 2 хүүхэд мориор 3 үхрээ хайхаар явж байтал 20 цагийн үед Эрэг мод орчмоос гэрэлгүй машин модон дотроос гараад зугтчихлаа, араас нь хөөгөөд гүйцсэнгүй, машины дугаар нь 80-45 АРХ улсын дугаартай мөнгөлөг өнгийн суудлын машин байсан гэж над руу утсаар ярьсан. Би аймгийн төвд явж байсан учир Цагдаагийн газар дээр очиж дуудлага өгсөн бөгөөд Цагдаагийн газраас зам дээр шалгалт хийгээд 21 цаг 30 минутын үед 80-45 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг саатуулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Лн мэдүүлсэн “2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн үед би Архангай аймгийн Батцэнгэл сумын Ар далт гэх газар руу мотоцикльтой үхрээ хураахаар явсан. Тэр өдрийн өглөө нь манай үхэр бүрэн бэлчээрт гарсан. Би үхэр дээрээ очоод бүртгэж үзтэл 3 тооны үхэр дутуу байсан. Би үхрээ бөөгнүүлж гэр рүүгээ ойртуулчихаад ойролцоо газраар хайгаад олоогүй. Тэгээд би гэртээ хариад ахдаа үхэр дутуу байгаа талаар хэлээд Г ах бид хоёр морь унаад үхрээ хайхаар явсан. Г ах бид хоёр гэрээс баруун тийш Эрэг мод гэх газар руу явж байтал модны захад цагаан өнгийн зүйл харагдаад байхаар нь дөхөөд очтол цагаан саарал өнгийн машин зогсож байсан. Тэгтэл тэр машины жолоочийн талын хаалга, арын тээшний хаалга хоёр хамт хаагдаад тэр машин хөдлөөд явсан. Тухайн цаг үед бүрэнхий болоод холын бараа тасарч ойрын зүйл харагдах төдий болж байсан бөгөөд багцаагаар 19 цаг болж байсан. Тэр машин байрнаасаа зүүн зүгт хөдлөөд гэрлээ асаалгүй 1 км орчим яваад гэрлээ асаагаад Архангай аймгийн зүгт явсан. Г ах бид хоёр тэр машины араас мориороо хөөгөөд гүйцээгүй учир замдаа Дорждагва гэх айлаас мотоциклийг нь гуйж унаад нөгөө машины араас хөөсөн боловч гүйцээгүй. Г ах бид хоёр тэр машины араас хөөхдөө дугаарыг нь хартал 80-45 АРХ гэсэн дугаартай суудлын машин байсан. Тэр машиныг гүйцээгүй учир Цагдаагийн газар дуудлага өгсөн. Г ах бид хоёр машин зогсож байсан газар нь цагдаа ирэх үед хамт очсон. Тэр газар очтол Г ахын хөмсөг цагаан улаан гунжийг нугаслаад, арьсыг нь өвчилгүй 4 шийрийг нь таслаад, гэдсийг нь гаргачихсан байсан. Г ах бид хоёр зогсож байсан машинтай ойртож очих үед хоёр хүн машинд сууж байгаа нь харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
мөрдөн байцаалтын шатанд Л.Дгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Намайг гэртээ байж байтал манай найз А.Б2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ирээд Батцэнгэл сумын Дэл багт байдаг хүргэн ахынд очоод ирмээр байна гэж гуйхаар нь би зөвшөөрөөд өөрийнхөө Тоёото Ипсум маркийн 80-45 АРХ улсын дугаартай машинаар А.Б хамт 14 цаг өнгөрч байхад гарсан бөгөөд замдаа дэлгүүрээс 0.5 литрийн “Хараа” нэртэй архи 3 шилийг аваад хувааж уугаад явсаар байгаад Цагаан толгой гэх газар ирээд А.Бах руугаа утсаар залгаад утас нь холбогдохгүй байна гээд буцаад Архангай аймгийн төв рүү явж байтал хэсэг модтой газар 20 гаруй тооны монголын үхэр байхаар нь А.Бзогсож бай, нэг үхэр бариад авъя гэсэн. Тэгээд би зогсоод А.Бмашинаас бууж өврөөсөө цагаан өнгийн мяндсан бугуйл гаргаж ирээд нэг үхэр бугуйлдаад барьж аваад гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирээд нугаслаад унагаасан. Би машинаасаа буугаад очтол намайг цусалчих гээд хутгаа өгөхөөр нь би цуслаад өвчүүг нь хадаад, гэдсийг нь гаргаж байтал А.Б2 морьтой хүн ирж байна, зугатаагаарай гэж хэлсэн. Тэгээд А.Ббид хоёр хийж байсан зүйлээ орхиод машиндаа суугаад Архангай аймаг явах засмал зам руу зугтаагаад Цэнхэр сумын төв рүү ороод буцаад аймаг руу эргээд явж байтал танил залуу болох Ч.Н /хоч Дамбаа/ автобусны зогсоол дээр гар өргөөд зогсож байхаар нь би Ч.Ныг суулгаад Цагаан хаалга өнгөрөөд аймаг руу орж байтал замын цагдаа улаан модоор дохихоор нь зогсолгүй өнгөрөөд явахад араас цагдаа нар машинтай ирээд намайг зогсоогоод шалгасан. Улаан хүрэн зүсмийн цагаан хөмсөгтэй сувай үнээ байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-61/,
мөрдөн байцаалтын шатанд А.Б яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэ “Яллагдагчаар татсан тогтоол миний үйлдэлтэй тохирч байна. Би 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Л.Дтой Архангай аймгийн төвд таараад Бор толгойн үзүүрт 1 шил архи хувааж уугаад машин чинь бензинтэй юу гэж асуухад байгаа гэхээр нь Батцэнгэл суманд манай хүргэн Гантөмөрийн гэрт очих ажил байна, яваад ирэх үү гэж гуйгаад бид хоёр явахаар болоод замдаа 2 шил 0.75 литрийн архи дэлгүүрээс аваад 16 цагийн үед явсан. Замдаа Донгийн даваан дээр гараад хүргэний утас руу залгах гэхэд цаасан дээр бичсэн дугаараа хаясан байсан. Тэгээд авсан архиа бид хоёр хувааж уугаад буцаад Архангай аймгийн төвд явж байх замд Луузан гэх газар хэсэг үхэр таарахаар нь би машин дотор байсан бугуйл аваад нэг үхэр бугуйлдаад бариад авсан чинь Д машинаасаа бууж ирээд миний барьж авсан үхрийг цуслаад өвчүүг нь яраад гэдсийг гаргах гэж байтал 2 морьтой хүн ирж байхаар нь машинд суугаад Д машин бариад зугатааж яваад Цэнхэр сумын төв рүү орж ирээд байж байтал Н автобусны зогсоол дээр аймаг орох гэсэн юм гээд зогсож байхаар нь Ныг суулгаад аймгийн төв рүү явж байгаад Цагаан хаалган дээр цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 165-168/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт А Б, Зовогт Л Д нарыг бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Б, Л.Д нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж тэдгээрт ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Л.Д, А.Бнар нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх үед 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Д, А.Бнар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Д, А.Бнарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч Л.Дгийн эзэмшлийн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Тоёота Ипсум маркийн 80-45 АРХ улсын дугаартай автомашин буюу түүний үнэ 2 сая төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мяндсан олс 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А Б, Зовогт Л Д нарыг бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Л.Дд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Батттулгыг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Л.Дгийн тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч А.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Д, А.Бнарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч Л.Дгийн эзэмшлийн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Тоёота Ипсум маркийн 80-45 АРХ улсын дугаартай автомашин буюу түүний үнэ 2 сая төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мяндсан олс 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
10. Шүүгдэгч А.Б, Л.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч А.Б, Л.Д нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Б, Л.Д нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ