| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0183/Э |
| Дугаар | 145 |
| Огноо | 2020-07-10 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0183/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч Д.Ганзориг даргалж шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Г.Мөнхболд,
Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г-д холбогдох 2039... дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах Тулга констракшин ХХК-ийн барьж байгаа орон сууцны барилга дотор иргэн Х.О-тай марган улмаар түүн рүү чулуулаг зүйл шийдэж толгойн хэсэгт онож улмаар Х.О-н эрүүл мэндэд хүзүүний зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Г нь 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах Тулга констракшин ХХК-ийн барьж байгаа орон сууцны барилга дотор иргэн Х.О-тай маргалдаж чулуулаг зүйл шийдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч Х.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би Улаанбаатар хотод байхдаа танил Отгоотой уулзсан. Отгоо Хэнтий аймгийн төвд өрлөгийн ажил хийнэ. Цуг явах хүн байвал авч явна гэхээр нь би хамт туслахаар чинь явъя гээд хамт Хэнтий аймаг руу явах болсон... ингээд бид нар 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хэрлэн сумын 3 дугаар багт Тулга констракшины барьж байгаа барилга дээр ирсэн. Ингээд бид нарыг ирэхэл С.Г , Чинзоо гэдэг хүмүүс ажиллаж байсан. Тэгээд ирснээсээ хойш орон сууцны барилга дээр нэг давхрын өрлөгийн ажлыг хийж дуусгасан. Ингээд бид нар ажлаа хийж байх үед 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа гарсан. Тухайн өдөр С.Г ах, Отгоо, Төгсөө, Алагаа, Эрка бид нар нэг давхрын дээврийн хучилт хийж байсан юм. Тэр өглөө бид таваас өөр хүн ойрхон байгаагүй. Бид нар ажлаа хийж эхлэхэд надаас бусад нь дээшээ хоёр давхар руу ажиллахаар гарсан. Би нэг давхарт шавар зуурч зуурсан шаварныхаа талыг нь дээшээ Отгоод өгч байсан. ... тэгээд би үлдсэн шавраа дээш нь гаргаж өгөх санаатай байж байтал С.Г ах “чи өдөржингөө шавартай байсан биздээ” гэж уурласан. Би кран ашиглаж шавар зөөх гэж байсан юм. Тэгээд С.Г ах уурласан. Тэгэхэд Отгоо нь С.Г ахад хандан “ бид нар өдөржин дагуулж тагтны апалкны тулаасууд хийлгэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд С.Г ах хоёр давхарт гараад намайг төмпөнд шавар хийж өгөх гэж байтал “пизда минь чиний байгаа газар краны сум яаж хүрдэг юм” гэж уурласан. Тэгэхээр нь би та юундаа уурлаад байгаа юм бэ гэсэн чинь над руу хоёр тоосго дээрээс шидэхээр нь би бултаад оногдоогүй. Тэгээд дахиад нэг тоосго шидэхэд нь би бултаж чадалгүй оногдсон. Тэр тоосго миний толгойг оносон. Тухайн үед би толгойдоо цагаан өнгийн, цэнхэр лентээр эмжээрлэсэн каск өмсөж байсан. тэр тоосго миний толгойг онох үед арагшаа дагзаараа хучилтын хавтан дээр унасан. Ингээд намайг унасны дараа миний дагзны ар хэсэгт хөндүүр болсон. Тэр тоосго толгой онох үедээ миний зүүн чихний дэлбээнд хүрч, дэлбэнгээс цус гарсан. Тэр үед хэсэг манарсан байсан. Ингээд би дээшээ гарч С.Г ахад яаж байгаа юм гэж уурласан. Тэр үед компанийн маань Цогтбаатар гэх хүн ирээд “боль боль оршин суугчид харж байгаа” гэхээр нь би хэрүүл маргаан хийхээ больсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/
2. Гэрч Ш.Цогтбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 23-ны үдээс хойш барилгын блокоо шалгаад явж байтал манай ажилтан Гансүх 1 давхрын хучилт хийж байснаа гартаа тоосго бариад доошоо зөөлхөн хаяад байх шиг харагдсан. Би дотроо ажлаа хийж байгаа юм байх гэж бодоод ойртоод очтол доор нэг давхраас манай дээшээ хучилтын хавтан руу манайд гэрээгээр ажиллаж байсан Х.О нь “хөгшин төгцөг” гэж амандаа үглээд гарч ирснээ гартаа тоосго бариад Гансүх рүү шидэх гэхээр нь би гараас нь бариад тоосгыг нь гараас нь унагасан. Тэгээд Гансүх, Х.О хоёрыг хоорондоо маргах шинжтэй болохоор нь би больцгоо... гээд болиулсан. Ингээд маргааш нь Х.О хүзүүндээ лент наачихсан явж байсан. Тэгээд Гансүхтэй муудсанаас хойш 2 хоногийн дараа хот руу явсан. Тухайн үед Х.О-н аль чихийг нь санахгүй байна нэг чихнийх нь ар хэсэгт бага зэрэг шалбарсан харагдсан шиг санагдаж байна. Өөр бол ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тэр хоёр ажил дээрээсээ болж маргалдсан гэсэн. Гансүх Октябрийг удаан байна гэсэн юм гэсэн. Тэрнээс болж тэр хоёр үл ойлголцсон гэсэн. Гансүх өөрөө үг дуу цөөтэй, Х.О чих хатуу, нилээн чанга ярьж байж л сонсдог юм байна лээ. Х.О болохоор Гансүх ах миний дээрээс тоосго шидэж намайг оносон гэж байсан... нэг давхрын дотор талд Х.О шавар зөөж байсан юм байна лээ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 тал/
3. Шүүгдэгч С.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн:”... би 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт орон сууцны барилга барьж байгаа Тулга констракшин ХХК-ний барилгын ажил дээр ажиллаж байсан юм. Тухайн өдөр надтай хамт Отгонбаяр, Х.О , Эрдэнэбаяр, Алагаа нар орон сууцны өрлөг хийж байсан. Тухайн үед Х.О нэг давхар дотор, доороос шавар гаргаж өгч байсан. Би Отгонбаяр, Эрдэнэбаяр, Алагаа нарын хамт нэг давхрын дээд талд, арматур боож байсан юм.Энэ үед 18 цаг өнгөрч байсан байх. Тэгээд Октябрийг шавар зөөхдөө удаад байхаар нь би чи хурдан зөөгөөч шавар хатлаа гэж хэлсэн чинь, Х.О солиор гээд урдаас хэдэрлээд байхаар нь би бид хоёр дээр доороос хоорондоо маргалдсан юм.Ингээд миний уур хүрээд барилга дээр байсан. Хатсан шавраас аваад 2,3 удаа Октярь руу шидсэн чинь сүүлийн шавар нь Х.О-н толгойг оносон.Тэр үед Х.О шавраас бултах гэж байхдаа шаварт оногдож унасан.Тэгээд босож ирээд чамайг ална гээд хоёр давхарт гараад ирсэн. Тэгээд бид хоёр хоорондоо барьцалдаад авсан чинь, хажуугаас Отгонбаяр, мөн барилга хариуцсан Цогтоо хоёр салгасан.Ингээд хэрүүл маргаан дууссан.Ингээд маргааш өглөө нь Х.О тай уулзаад өчигдөр арай дэндүүлчихлээ, ахыгаа уучлаарай гэсэн. Тэгэхэд Октярь зүгээр зүгээр Гансүх ахаа гэж байсан.Ингээд хэд хоногийн дараа Х.О хот руу яваад өгсөн байсан.Тэгээд би 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот руу ээжийн бие муу байсан болохоор яваад өгсөн.Би Х.О-г цагдаад гомдол гаргасан гэдгийг мэдээгүй, оргож зугтсан асуудал байхгүй. Тухайн үед Х.О тухайн үед хүзүү хэсэгтээ бага зэрэг зулгарсан гэмтэлтэй байсан. Тухайн үед мөн толгойдоо каск өмссөн байсан.Би өөрийн гэмт бурууг хүлээн зөвшөөрч байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 тал /
4. Шүүх шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №300 дугаартай шинжээчийн:
“1. Х.О-н биед хүзүүний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн хэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-24 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч С.Г-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Х.О нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 16, 59 тал/ гэсэн тул шүүгдэгч С.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-г 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Г-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ