Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2022/0297

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Д, Ч.З нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Н.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б

Нэхэмжлэгч: Н.Д, Ч.З нар

Хариуцагч: ГААЗД, ГААдУБХ

Нэхэмжлэлийн шаардлага: “ГААЗД-ын 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 307 тоот захирамж, 01262** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 00010303* дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 11

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ч.З, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгч Н.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч ГААЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, ГААдУБХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд Д.Э, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У

 Хэргийн индекс: 112/2021/0004/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Д, Ч.З нараас “ГААЗД-ын 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 307 тоот захирамж, 01262** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 00010303* дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” -аар маргасан байна.

2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Д, Ч.З нарын аймгийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 307 дугаартай захирамж, 01262** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 00010303* дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгон шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Н.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-аас гаргасан давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч маш их гомдолтой байна. Яагаад гэвэл:

1/. Д.Э-ийн 399 м.кв үл хөдлөхийн гэрчилгээ манай тэнд байгаагүй байхад улсын бүртгэл бүртгэж авсан нь хуурамч зохиомол юмаа. Гэтэл байшинг нураагаад 2 байшингийн хоорондын зайд тодоос тод нүдэнд нь харагдаж байхад ухсан нүхийг нь харж тодорхойлох нь зөв үү.

2/.414 м.кв газар эзэмших гэрээнд 12-4 тоот одоогийн жаргалант багийн нутаг 3-р баг 6 тоот гэж хойно нь бичсэн байгаа нь 414 м.кв байшин гэх зэрэг нь хорооллын байшинтай хашаан бичиг гэж ойлгохоор байна. Эдгээр нь шалгагдаагүй мөртлөө н.Д-аас очиж мэдүүлэг авах нь зөв үү. Нэг хүний талд үйлчилж байна уу. 3/. Газар харилцааны алба 189 м.кв газрын гэрчилгээ. Энэ нь юуг үндэслэж уг гэрчилгээ гарсан бэ? Яагаад захирамж хүртэл гаргах болов гэдэг нь ойлгомжгүй. 399 м.кв үл хөдлөх нь 189 м.кв газар дээр байсан юм уу. Энэ нь сунаж агшдаг зүйл юм уу гэх зэрэг нь тодорхойгүй байна.

“Ж Ц” гэдэг том хоршоо. Энэ хоршоог Ц Н байгуулаад Ц.Р, А.Н нартай хамт гэж байгаа. Энэ нь надад байшинг бэлэглээд, Д.Э т бас бэлэглээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд энэ хүнийг бид танихгүй. Хууль шүүх нь үнэн мөнийг олох. Мөн энэ 2 хүний эрх ашиг зөрчигдөөгүй гэх зэргээр ярих нь үнэнд нийцэх үү. Миний өргөтгөлийн байр Ч.З-ын байр унахад бэлэн байна. Д.Э-ийн хэдэн янзын бичиг баримт хэлэлцэж, бидний гаргасан гомдол, мөн миний оруулсан 2 гэрчийн мэдүүлэг зэргийг тодруулж бичээгүй байна. Хөгшин ядарсан тэтгэврийн хүмүүсийг арай дэндүү дээрэлхэж байна. Мөн миний байшинг энэ хүнд өгөөд явсан хүнийг би оллоо. Энэ хүн Д.Э-т ямарч бичиг баримт үйлдэж өгөөгүй зүгээр орхиод явсан гэдгээ хэлсэн. Хоршоолол надад байхгүй гэж хэлсэн. Мөн н.Н гэдэг хүн хөдөөний малчин дүү нь гэж байна. Тэгэхээр энэ зүйлийг Д.Э ямар хүнтэй нийлж энэ бүгдийг хийсэн гэдэг нь ойлгомжгүй байна. Миний 10 өрөө байр хэзээ ч дуудлага худалдаанд ороогүй, 170000 төгрөгөөр авсан. Би үүнийг Ц.Р-д өгч тушаалгасан. Д.Э нь байшинг буулгах зөвшөөрөл аваагүй. Мөн хэн янзын бичиг баримтаар хүний эзэмшлийг булаан аваад хохироох нь зөв үү. Н.Д гэдэг хүний малчин нэртэй хувиараар эрхлэх аж ахуйг шалгахгүй мөртлөө, татварын газарт байгаа зүйлийг асуухгүй. Тэгээд “Ж Ц” нэртэй хоршооноос сэргээх гэж бичиг бүрдүүлж авах нь зөв үү.  Ц.Р гэж хүнд бичиг баримт байхгүй гэж өөрөө хэлж байна. Энэ үнэнд нийцэх үү. Бид хоёрын ярианы бичлэг зэрэг нь надад байгаа. Ингээд Д.Э-ийн 399 м.кв үл хөдлөх, мөн 414  м.кв газар эзэмших гэрчилгээ, мөн 189 м.кв газрын гэрчилгээ зэргийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Гуравдагч этгээд Д.Э, Д.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч Б.О-аас давж заалдах гомдолтой холбогдуулан бичгээр гаргасан тайлбартаа: “Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 112/ШШ2022/0011 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0011 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан, хэргийн оролцогчийн ямар нэгэн эрх ашгийг зөрчөөгүй, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-ын гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.З, Н.Д нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй буюу нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь бодит байдал, хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5. Хариуцагч нараас гомдол гаргагч нарын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

                                                        ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 2. Нэхэмжлэгч Н.Д, Ч.З нараас ГААЗД, ГААУБХ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Д.Э т газар эзэмших эрх  шилжүүлсэн ГААЗД-ын 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 307 тоот захирамж,  01262** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 00010303* дугаартай гэрчилгээг  тус тус хүчингүй болгуулах” гэж, 

3. Нэхэмжлэгч Н.Д   нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... 1995 онд Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах 187 м.кв талбай бүхий газрыг ...Б.М-аас 170.000 төгрөгөөр авсан. ... миний  газрын үргэлжлэл үл хөдлөх хөрөнгө юм. ...миний өмчлөлийн 189,06 м.кв газар дээр ... газар эзэмших эрхийн… үл хөдлөх бүртгэлийн ... гэрчилгээ гаргаснаас болж ...миний үл хөдлөх хөрөнгө бусдын эзэмшилд орж эрх ашиг зөрчигдөж  байна  ... ” гэж,

Нэхэмжлэгч Ч.З нэхэмжлэлийн үндэслэлээ “... миний 2002 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн газар эзэмших гэрээгээр олгогдсон 1155 м.кв Х үйлчилгээний төвийн газрын кадастрын зургийг ашиглан миний эзэмшлийн газар дээр Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 307 дугаартай захирамж, 01262** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж  эрх ашгийг зөрчсөн”  гэж тус тус тодорхойлсон.

4.  Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

5.  Хэрэгт авагдсан баримтуудаар 1994 онд дуудлага худалдаагаар  Худалдаа бэлтгэлийн удирдах газрын конторын хойд талын хэсгийг “Ж Ц” хоршооны эзэн Ц.Р хувьчлан авч, улмаар уг үл хөдлөх эд хөрөнгөө хувийн өмчийн  “Ж Ц” хоршоо Ц.Р , А.Н, Ц.Н гэсэн /гурван хүний өмч/ нэр дээр “Есөн булаг сум А хороонд байршилтай, худалдаа-үйлчилгээний зориулалттай, 399 м.кв талбайтай, 8 өрөө барилгын хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгогдсон, улмаар 2003 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн бэлэглэлийн гэрээг үндэслэн өмчлөх эрхийн шилжилтийг  Д.Э , Д.З нарт  2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бүртгэж,  шинэ өмчлөгч нарт  0001030** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг  бүртгэлийн байгууллагаас олгохдоо  талуудын хэлцэл, мэдүүлэг холбогдох шаардагдах баримтуудыг үндэслэн бүртгэсэн   нь  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх" гэж заасныг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл дээрхи “Ж Ц” хоршооны “Есөн булаг сум А хороонд байршилтай, худалдаа-үйлчилгээний зориулалттай, 399 м.кв   талбайтай, 8 өрөө үл хөдлөх эд хөрөнгө нь гуравдагч этгээд Д.Э-т бэлэглэлийн гэрээгээр  шилжин ирж,  хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгөөс тусдаа  хамааралгүй, тэдгээрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхэд халдсан, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал  хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл,

а/ Нэхэмжлэгч Н.Д-д “Ж Ц” хоршооны эзэн Ц.Р-аас  2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 00138** дугаарын гэрчилгээтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв Харзат багт байршилтай гуталчин үйлчилгээний зориулалттай, 15 м.кв 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн  бэлэглэлийн гэрээгээр  өмчлөх эрхийг шилжүүлж, Н.Дд  2004 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн 051800037* дугаарт бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосон, үл хөдлөх  эд хөрөнгө нь Худалдаа бэлтгэлийн удирдах газрын хажуу зайг ашиглан баригдсан барилга байх бөгөөд Д.Э-ийн Ц.Р-аас хэлцлээр  шилжүүлж авсан  барилгын залгаа байсан байна. 

б/ Нэхэмжлэгч Ч.ЗХудалдаа бэлтгэлийн удирдах газрын конторын барилгыг иргэн Д.О-ээс худалдан авч,  хууль ёсны өмчлөгчөөр  Ч.З, С.Б нарын нэр Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын Х багийн “Х” үйлчилгээний төвд байршилтай үйлчилгээний зориулалттай 274,4 м.кв, 6 өрөөг  улсын бүртгэлд бүртгэсэн  барилга нь Д.Э-ийн барилгаас тусдаа байна.

в/ Д.Э-ийн үл хөдлөх эд хөрөнгө /одоо нураасан/ нь нэхэмжлэгч Н.Д-ийн  “гутал засвар”-ын барилга, Ч.З-ын “Х” үйлчилгээний барилгын дунд байрлаж байжээ.

Дээрх байдлаас дүгнэн үзвэл Говь-Алтай аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс гуравдагч этгээд Д.Э-ийн  өмчлөх эрхийг баталгаажуулж,  үл хөдлөх эд хөрөнгийн  эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол  зөрчигдөөгүй байх бөгөөд энэ талаар  анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

6. Маргаан бүхий газрын хувьд Говь-Алтай аймгийн Засаг дарга “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 307 тоот захирамжаар “ Иргэн Ц.Р-ын үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй 189,06 м.кв талбайтай газрыг эзэмших 01262** дугаартай эрхийн гэрчилгээ бүхий газрыг Д.Э-т  “шилжүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ,  газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан нь  Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэсэнтэй нийцсэн, газар эзэмших эрх гуравдагч этгээдэд хуулийн дагуу шилжиж ирсэн байна.

7. Дээрх засаг даргын захирамжийн улмаас нэхэмжлэгч Н.Д, Р.З нарын газар эзэмших эрхийг хөндсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

8. Тухайлбал нэхэмжлэгч Н.Д-д Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрх үүсээгүй байх ба нэхэмжлэгч Ч.З-ын хувьд ГААЗД-ын 2010 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 155 дугаар захирамжаар 274 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн газартай /барилгын сууриар нь/, 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 307 тоот захирамжаар   Д.Э-т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 189,06 м.кв газар  давхцалгүй байна.

9. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх гуравдагч этгээд Д.Э-т  нэхэмжлэгч Ч.З-оос өмнө  үүссэн, нэхэмжлэгч Ч.З-оос “... 2002 онд Хаш үйлчилгээний төвийн 1155 м.кв газрыг эзэмшиж байсан” гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар  тогтоогдохгүй байх тул  нэхэмжлэгч  Ч.З-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.

10. Газрын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу газрын улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаа өгөгдлүүд болох талбайн хэмжээ, хилийн шугам, түүний геодезийн зураглал, тэмдэглэлтийг тэмдэгшүүлсэн зураглал, хариуцагчийн тайлбар, шинжээчийн дүгнэлт шүүхээс газар дээр хийсэн үзлэгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын  эзэмшлийн газар хоорондоо давхцалгүй, хөрш залгаа байршилтай барилга,   газар болох нь тогтоогдсон, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн зохицуулалт зөрчигдөөгүй байна. 

Энэ талаарх анхан шатны шүүхийн  дүгнэлт  хууль зүйн үндэслэлтэй байна.

 

11. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтыг тал тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Л.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж  үзлээ. 

 

12. Харин гуравдагч этгээд  Д.Э-ийн  эзэмшил газар дээр байрлаж байгаа өөрийн өмчлөлийн барилгыг нурааж, газар ухсаны улмаас харилцан нөлөөлөл бүхий хөрш залгаа барилгын эрх хөндөгдсөн гэж үзвэл нэхэмжлэгч нар нь Иргэний хуульд  заасны дагуу шаардлага гаргах эрхтэй болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                                                                          

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА