Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 473

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “Хөтөл тэлмэн констракшн” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/01574 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хөтөл тэлмэн констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 91 443 117 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Одончимэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Өлзийцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-тай бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Манай компани гэрээний дагуу үүргээ хугацаанд нь бүрэн гүйцэтгэж бетон зуурмагийг хариуцагч компанид нийлүүлж дууссан.

Гэтэл хариуцагч нь бетон зуурмагийн үлдэгдэл үнэ болох 85 661 000 төгрөгийг манай компанид одоо болтол өгөөгүй байна. Иймд хариуцагчаас бетон зуурмагийн үнэ болох 85 661 000 төгрөг, гэрээний 4.2-т заасны дагуу алдангид 5 782 117 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 615 215 төгрөг, нийт 92 058 332 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-аас 85 661 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хөтөл тэлмэн констракшн” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 615 215 төгрөгийн 615 165 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-аас 586 255 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хөтөл тэлмэн констракшн” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад шүүх хуралдааны товыг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдсэн. Шүүх хуралдаан болох үед миний бие хальтирч унаад нуруугаа гэмтээсний улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй тул эмчийн магадалгааг хүргүүлсэн байсан. Гэтэл шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй талаар шийдвэрт тусгаж, шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Хөтөл тэлмэн констракшн” ХХК нь хариуцагч “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 91 443 117 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гардуулан өгч тайлбар гаргах хугацааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар 14 хоногоор тогтоожээ. Хариуцагч нь хуульд заасан хугацаанд тайлбар гаргаагүй тул анхан шатны шүүх хуралдааны товыг тогтоож, шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасныг зөрчөөгүй, зөв болжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд мэдэгдэж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч “Рафа” ХХК-ийн тамгатай эмнэлэгийн магадлагаа нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам”-д заасан шаардлагыг хангаагүй, Ерөнхий эмчийн гарын үсэггүй тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж дүгнэж, түүний оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлж шийдвэрлэсэн нь зөв юм.

 

            “Хөтөл тэлмэн констракшн” ХХК болон “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-ийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь бетон зуурмаг нийлүүлэх, хариуцагч нь үнийг төлөх үүргийг хүлээсэн тул, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинж нь хүү тооцох нөхцөл юм. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т зааснаар талууд хүү тохиролцсон байхыг шаардах бөгөөд энэ шаардлагыг тохиролцоогүй тохиолдолд уг харилцааг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзэхгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээгээр үнийг төлөх үүргийг хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үнэд 85 661 000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч тайлбар гаргаагүй тохиолдолд уг үйл баримтыг зөвшөөрсөн гэж үзэх тул нэхэмжлэлийн шаардлагыг 85 661 000 төгрөгийн хэмжээнд хангасан нь зөв байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4.2 дахь хэсэгт зааснаас үзвэл санхүүгийн баримтыг үндэслэн сар бүрийн 5-ны дотор өмнөх сарын тооцоог нийлэх, гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хугацаа зөрчсөн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн боловч хэдий хэмжээний барааг хэдийд хүлээлгэж өгснөөр шаардах эрх үүссэн, хугацаа хэтрүүлсэн эсэх талаар нэхэмжлэгч баримтаа гаргаагүй тул алдангийн шаардлагаа нотлоогүй гэж үзнэ. Дээрх үндэслэлээр тул анхан шатны шүүх холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үнийн дүнг заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг зөрчсөн гэж үзэх бөгөөд уг алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/01574 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-иас 85 661 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хөтөл тэлмэн констракшн” ХХК-д олгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлээс 5 782 117 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 586 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ш.ОЮУНХАНД

 

                        ШҮҮГЧИД                                              Г.ДАВААДОРЖ

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА