Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0176/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч Д.Ганзориг даргалж  шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                         Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                           Г.Мөнхболд,

Шүүгдэгч                                                   Т.О нарыг оролцуулан

      Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.О-д холбогдох 2039.._  дугаартай эрүүгийн хэргийг  хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Т.О  нь 2020 оны 01 дүгээр 26-27-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр 3 дугаар баг, Тогоотын нуур гэх газарт байрлах өвөлжөөний гаднаас иргэн Г.О-н “Хаужэ” маркийн улсын дугааргүй хятад мотоцикл, 20 литер А-80 бензин, Хятад улсад үйлдвэрлэсэн гар утас, эсгий гутал, хөвөнтэй дээл, хүрэм, үнэгний арьсан малгай, бээлий зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад нийт 2.460.200 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.О  нь 2020 оны 01 дүгээр 26-27-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр 3 дугаар баг, Тогоотын нуур гэх газарт байрлах өвөлжөөний гаднаас иргэн Г.О-н “Хаужэ” маркийн мотоцикль, 20 литр бензин, гар утас, эсгий гутал, хөвөнтэй дээл, хүрэм, үнэгний арьсан малгай, бээлий зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад нийт 2.460.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.О-н 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр өгсөн: “...Хөрөнгийн үнэлгээчдийн гаргасан дүгнэлттай санал нийлж байна...манай туслах малчинаар ирсэн залуугаас өөр хүн байгаагүй...гомдол, саналтай байна алдсан эд зүйлээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/

 

Иргэний нэхэмжлэгч Д.А-ын 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Манай хадам аавын гадаа ногоон нүдтэй үнэгний арьсан лоузан малгайтай, эсгий гуталтай, ногоон хүрэмтэй залуу байсан нэрийг нь асуухад Г.О гэсэн Дорнод аймгийн Сэргэлэн сумынх гэж хэлж байсан санагдаж байна. Таны иргэний үнэмлэх байна уу гэхэд гэртээ үлдээсэн байна. Унаж яваа мотоциклоо зарна шүү гэхэд нь хэдээр зарах вэ гэхэд 250.000 төгрөгөөр зарна гэхээр нь ахад нь 200.000 төгрөг л байна даа....гээд тэгээд л 200.000 төгрөгөөр авч байсан...хулгайн мотоцикль гэж мэдээгүй...200.000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/

 

Гэрчээр Г.О-н 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өгсөн”... 2020 оны 01 дүгээр сарын 26-ны орой манай нөхөр Гонгор өвс авах гээд сумын төвд ирээд өвс ачилцах хүн олдохгүй байна гээд 01 дүгээр сарын 27-нд 18 цагийн үед хөдөө гэрлүүгээ буцахад Т.О гэх хүн байхгүй манай “Хаужэ” гэх маркийн улсын дугааргүй мотоцикль, 20 литр бензин. багаж буюу хөтлөгч араа гинж мэт зүйл байсан өөр андройд гар утас, манай нөхрийн эсгий гутал, хөвөнтэй дээл, хүрэм, малгай, бээлий зэрэг зүйлс алга болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 тал/

 

Гэрч Г.Х-н 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өгсөн”...би 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймаг Баян-Овоо сум Сүмбэр 3 дугаар баг тогоотод байрлах өвөлжөөний гэрээсээ гараад адуунд явж байхдаа хүргэн дүү Гонгорынхоор очтол Т.О гэх шар царайтай ногоон нүдтэй залуу туслах малчнаар нь ирсэн гээд байж байсан. Тэгээд маргааш нь буюу 01 дүгээр сарын 27-ны орой манай туслах малчин мотоцикл унаад явчихжээ гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/

 

Гэрч Х.Гонгорын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн”... 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө Баян-Овоо суманд ирээд оройдоо Сүмбэр 3 дугаар багт байрлах өвөлжөөнд байрлах гэр лүүгээ Т.О- гэх хүнтэй хамт явсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө Баян-Овоо сумын төв Жавхлант 4 дүгээр баг руу явж өвс авах гэж яваад өдөртөө буцах гэсэн ачилцах хүн олдохгүй болохоор нь сумын төвд байрлах гэртээ хоноод маргааш орой нь сүмбэр 3 дугаар баг тогоотын баруун дор байрлах өвөлжөө рүүгээ очиход манай мотоцикл, 20 литр А-80 бензин, хөтлөгч араа, андройд гар утас, хөвөнтэй дээл, хүрэм, үнэгэн малгай, эсгийн гутал, зэрэг эд зүйл алга болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/

Эд хөрөнгийн үнэлгээний 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №70 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Эд хөрөнгийн үнэлгээний 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №103 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-41 тал/

Хохирогч Г.О-д таньж олуулах ажиллагаа явуулахад“...Тийм ээ энэ хүн мөн байна манайд туслах малчнаар ирсэн хүн мөн байна, бас манай нөхрийн хувцсыг өмссөн байна...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 тал/

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15 тал/

Яллагдагч Т.О-н 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: ”...Би Гонгорын гэрээс дээрх эд зүйлсийг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.О-д 2.460.200 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Д.А-д 200.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд “Хаужэ” маркийн мотоциклийг хохирогчид хүлээлгэж өгсөн байх тул бусад хохирлыг шүүгдэгч Д.Т.О-с гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгуулах нь зүйтэй байна. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүнд ял оногдууоахдаа Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.О-н нь Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 5 сар 12 хоногийн хорих ялаас 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 02 жил 01 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.О-г бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 5 сар 12 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 01 сар 28 хоногийн ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялын нийт хэмжээг 3 /гурав/ жил 01 /нэг/ сар 28 /хорин найм/ хоногийн хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-д оногдуулсан 3 жил 01 сар 28 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.О-ийн цагдан хоригдсон 39 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-с 460.200 төгрөгийг гаргуулж хохирогч Г.О-д,  200.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.А-д тус тус олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ