Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 180/2020/0194/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                         Ж.Мөнхчимэг,

Улсын яллагч                                                       Г.Мөнхболд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                  Б.Ариунаа,

Хохирогчийн өмгөөлөгч                                       Д.Чинзориг,

Иргэний нэхэмжлэгч                                           Д.Баатарцогт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      Г.Бадамгэрэл,

Шүүгдэгч                                                               Ц.Э  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э-т холбогдох эрүүгийн 1939... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  Ц.Э  нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар баг, хөдөө хэсэг “Зөөлөн” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 09-71 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын  замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангилалын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлийг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Лхагвасүрэнгийн жолоодож явсан 67-44 УУН улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж зам тээврийн осол гарган 67-44 УУН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ч.Нансалын амь нас хохирч, иргэн М.Баярмагнайн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, .Г.Энхцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Д.Баатарцогтын “Тоёота ‘’ESTIMA” маркийн тээврийн хэрэгсэлд 4.705.000 төгрөгийн хохирол, “Гялс төгрөг” хадгаламж зээлийн хоршооны эзэмшлийн “DAEWOO” REZZO маркийн тээврийн хэрэгсэлд 4.705.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Ц.Э  нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар баг хөдөө хэсэг “Зөөлөн” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 09-71 ХЭА улсын дугаартай Daewoo Rezzo маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын  замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангилалын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй,эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлийг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчидог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Лхагвасүрэнгийн жолоодож явсан 67-44 УУН улсын дугаартай Toyota Estima тээврийн хэрэгслийг мөргөж иргэн Ч.Нансалын амь насыг хохироож, иргэн М.Баярмагнайн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 67-44 УУН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ажил явдалд оролцоод буцах замдаа Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж ээж Ч.Нансал маань нас барсан хэрэг гарсан. Тухайн үед  09-71 ХЭҮ дугаартай автомашин урсгал сөрж орж ирээд манай өөдөөс мөргөж зам тээврийн осол гарсан. Манай 67-44 УУН автомашиныг нөхрийн ах Д.Лхагвасүрэн жолоодож явсан, харин жолоочийн хажуугийн суудалд аав М.Баярмагнай арын суудалд манай эгч Г.Энхцэцэг зээ хүүгийн хамт,  аав Баярмагнайгийн арын суудалд  талийгаач ээж Ч.Нансал, хамгийн арын суудал дээр нь би хүү Тэнгисийн хамт сууж явсан ...манай ээжийн бие хаа тийм муу байгаагүй ингэж нас барсан явдалд гомдолтой байна  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26  тал/,

 

Хохирогч М.Баярмагнайн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд манай хүргэний аав нь нас бараад оршуулгын ажил явдалд оролцоод буцаад Улаанбаатар хот руу явж байсан юм. Тухайн үед манай эмгэн Ч.Нансал манай хүргэний хамаатны эмэгтэй болох Энхцэцэг, манай охин Ариунаа, зээ хүү Тэнгис бид нар нэг машинд сууж машиныг манай хүргэний хамаатны хүн болох Лхагвасүрэн гэх залуу жолоодож явсан. Бид нар 67-44 улсын дугаартай истима маркийн машинаар Жаргалтхаан сум өнгөрөөд төв засмал замаар явж байсан. Тухайн үед би жолоочийн эсрэг талд манай нөгөө хэд машины хойд хэсэгт сууцгааж явсан.Тэгсэн чинь Замын эсрэг урсгалаас нэг бор сааралдуу өнгийн яг ямар машин байсныг сайн мэдэхгүй байна. Нэг машин маш хурдтай урсгал сөрж гараад ирсэн.Тэгээд би жолоочдоо наад чинь ямар хурдтай гарч ирж байна. Машинаа цааш дар гэж хэлтэл яах ийхийн зуургүй тухайн машин ирээд манай машины урдаас мөргөсөн. Манай машиныг мөргөсөн машин хурдтай явж байсан. Тэгээд юу болсонийг мэдэхгүй би хэсэг зуур ухаан алдсан байсан ... Миний нурууны хоёр сэртэн яс хугаралтай мөн зүүн талын олон хавирганы  хугаралтай, уушиг дотуур цус алдсан гэсэн оноштойгоор өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байгаа ...би маш гомдолтой байна бид нар зүв зүгээр дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцож явах үед тухайн машин урсгал сөрж гарж ирээд манай машиныг мөргөсөн. Энэ ослын улмаас манай эхнэр нас барж, би өөрөө эрүүл мэндээрээ ноцтой хохироод явж байна.. миний биеийн байдал муу хол явж чадахгүй учраас энэ хэрэгт өөрийнхөө охин Ариунааг өөрийгөө төлөөлүүлэн оролцуулах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28  тал/,

 

 Иргэний нэхэмжлэгч Д.Баатарцогтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...ээжийн төрсөн дүү нагац ах Д.Лхагвасүрэн нь манай эхнэр, хүүхэд, хадам аав, ээжийг Өмнөдэлгэр сумаас Улаанбаатар хот хүргэж өгөхөөр жолоодож явсан. Тэднийг Хэнтий аймгийн Жаргалтхаан сум өнгөрөөд явж байхад өөдөөс нь явсан тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирээд мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас машинд сууж явсан хадам ээж нас барсан, мөн хадам аав  Баярмагнай, жолоодож явсан Лхагвасүрэн ах, Энхцэцэг гээд манай эгч нар хүнд, хөнгөн гэмтсэн.... 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дугааргүй орж ирсэн машиныг 8 сая төгрөгөөр анх худалдан авч байсан. Дээрх машинаа авсан үнээр нь 8 сая төгрөгөөр нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Бүдхоролын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Банзрагч овогтой Эрдэнэбаатар нь 1 сая төгрөгний зээлийн барьцаанд тавьсан юм. Тээврийн хэрэгсэлийг барьцаанд тавих үед гэрчилгээ Б.Эрдэнэбаатарын нэр дээр байсан бөгөөд зээл олгоод манай байгуулгын нэр дээр шилжүүлсэн юм. Одоо манай байгуулгад үлдсэн 918.878 төгрөгийг сар болгоны 5-ны өдөр төлөх хүүгийн хамт нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/

 

Гэрч Д.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд буяны ажилд оролцоод өнөөдөр 15 цагийн үед Улаанбаатар хот руу явсан юм. Шороон замаас төв замтай нийлээд явж байтал өөдөөс ногоон өнгийн жижиг машин зам голлоод яваад байхаар нь би яагаад ингэж яваад байгаа юм болдоо гээд замаа чөлөөлөх гээд явж байтал нөгөө ногоон машин урсгал сөрөөд урдаас ирж мөргөлдсөн. Харин миний унаж явсан машин 1-2 удаа замыг хажуу руу эргээд 4-н дугуйн дээрээ тогтсон байсан. Харин машинд сууж явсан дүү Баатарцогтын хадам ээж гэх настай эмэгтэй газарт хэвтэж байсан ...103 яаралтай тусламж дуудсаныг мэдэхгүй эмнэлэг ирсэн харин эмч хадам ээжийг нас барсан талаар хэлсан... би 40-50 метр цагийн хурдтай явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

 

Гэрч Г.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ажил явдалд оролцоод Улаанбаатар хот руу буцаж явсан би улсын дугаарын санахгүй байна. Саарал өнгийн “stima” маркийн автомашинд жолооны ар талд зээ хүүгээ тэврээд сууж явсан Замдаа 5-6 минут болсон байх, бид өсгүүр газар удаан явж байсан би  жолоочийн ард сууж яваад зам руу хараад явж байтал эсрэг урсгалаас 1 машин ирж байгаа нь харагдсан тэр машин нилээн хурдтай дайвалзаад явж байсан. Манай машины жолооч хурдаа хасаад замаа тавиж өгөх гэж байгаа юм шиг сандараад далбилзаад байх шиг байсан.  Тэгтэл жолоочийн эсрэг талаас урдаас мөргөх шиг болсон тэгээд бидний сууж явсан машин 2 удаа өнхөрч байхыг би мэдсэн тэгээд 4 дугуйн дээрээ зогссон. Тэгтэл ард талын суудал дээр зорчиж явсан талийгаач цонхоор шидэгдээд гарсан байсан. Энэ үед нас барсан хүний охин нь түргэн дуудаач гээд уйлаад байсан. Удалгүй түргэн ирж бидэнд анхан тусламж үзүүлсэн. Миний биед баруун гарын бугалга, тохойн орчмоор зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж эмч хэлсэн ..” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/

 

Гэрч Б.Ариунаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би машин мөргөлдөх үеийг хараагүй манай машины урд талын суудал дээр сууж явсан манай аав Баярмагнай хурдтай ирээд мөргөчихлөө гэж байсан. Мөн машин бариж явсан жолооч маань урдаас нь хурдтай явж байсан машиныг хараад замаас гарж зогсох үйлдэл хийх гэж байх үед ирээд мөргөчихлөө гэж ярисан... 67-44 УНН улсын дугаартай истима маркийн авто машинд сууж явсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 тал/

 

Гэрч Г.Гандуламын  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....Би тэр өдөр Сүхбаатар аймгаас Улаанбаатар орхоор “тоёото приус” 20 маркийн мөнгөлөг өнгийн  3028 УНЯ улсын дугаартай автомашинтай явсан юм .Ингээд Хэнтий аймгийн Жаргалтхаан сум дөхөж явтал миний урд явж байсан ногоон өнгийн жижиг тэрэг өөдөөс нь ирж явсан мөнгөлөг өнгөтэй Естима маркийн машиныг урсгал сөрж очоод мөргөчихсөн асуудал гарсан юм. Тухайн үед би 99287219 дугаарын утсаар түргэн тусламжийн 103 утас руу залгаж дуудлага өгсөн юм. 103-аас Жаргалтхаан сумын эмнэлэгийн дугаарыг өгөхөөр нь би дугаарааар нь залгаж дуудлага өгсөн... Миний урд явж байгаад гэнэт л замын эсрэг урсгал руу яваад орчихсон .... гэх мэдүүлэг / хх-ийн 58 тал/

 

Гэрч Б.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай эхнэр тэр өдөр зам тээврийн осол гаргасан асуудлыг мэдэж байгаа, харин эхнэр маань бие муутай даралт ихэсдэг тухайн үед  даралт нь ихсээд ухаан балартсан байж магадгүй гэж би ойлгосон ...осол гарахаас өмнө Улаанбаатарт эмчилгээ хийлгэхээр явж байсан юм. Эхнэр маань 2019 оны 02 дугаар сард ажил дээрээ шатан дээрээс унаад баруун хөлөө хугалсан юм. Ингээд эмнэлэгт үзүүлэх гээд Улаанбаатарт явж байгаад Хэнтий аймагт яаралтай ир ажил гарсан гээд дуудахаар нь Улаанбаатараас Хэнтий аймаг орхоор яаруу гарч яваад ийм асуудал орсон юм... гэх мэдүүлэг /хх-ийн 60 тал/

 

Гэрч Г.Болдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би  2019 оны 04 дүгээр сарын 26 ны өглөө ажил цуглахад түүнрүү залгахад та санаа зоволтгүй би ажил тарахааас өмнө очно гэж хэлэхээр нь би төрийн сангийнхантай холбогдоорой гэж хэлсэн өөр дахин залгасан асуудал байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 62 хуудас/

 

Гэрчээр Ц.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу өдөр 13 цаг өнгөрч байхад хөдөлсөн юм. Манай ЗДТГ-ын дарга 17 цагаас өмнө дансанд байгаа байгууллгын захиалсан мөнгийг гаргаж өг гэхээр нь би Улаанбаатар эмнэлэгээр эмчилгээ хийлгэж байгаад орхиод Хэнтий аймаг руу хөдөлсөн юм. Ингээд замдаа Жаргалтхаан дөхөж яваад гэнэт нүд харанхуй оргиод л явчихсан. Тэгээд хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Сэрсэн чинь гар хөндүүрлээд машиныхаа жолооны хүрдэнд хавчуулагдсан байсан. Өөр юу ч санахгүй байна...” гэх мэдүүлэг  /хх-ийн 47-48 тал /

 

Хэнтий аймгийн замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн:

 1. 09-71 ХЭА улсын дугаартай  “REZZO VI” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцсон Цэрэнхандын Ц.Э  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллалын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлийг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тэврийн хэрэгсэл жолоодох”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2.Цэрэнханд овогтой Ц.Э  /СЕ67120802/ нь “В” ангиллын №666118 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхтэй байснаа 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ЗТХ-ийн 7.3.1-д заасан зөрчил гаргаж цагдаагийн дэслэгч Э.Будсүрэнд 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байна...   гэх дүгнэлт /хх-ийн 83-84 тал/,

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 20–ны өдрийн 40 дугаар шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн:

1. Талийгаачийн цогцост гавлын суурь ясны үйрч бяцарсан хугарал, дух ясны цууралт, нүдний ухархайн гадна дээд ханын цөмөрсөн хугарал, баруун уушигны эдийн няцралт, урагдал, цээжний зүүн талын 1,2,3,4,5,6,7,8,9,10,12–р хавиргануудын шууд хугарал, сээр нурууны 3 дугаар нугалам болон  хүзүүний 6,7-р нугаламуудын их биеийн хугарал, нугасны бүрэн бус тасралт, толгой хуйхны хэсэг болон баруун чамархай булчингйин цус хуралт, духны баруун дээд хэсэг, духны дунд хэсгүүдийн гүн зулгарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, зүүн хөмсөгний дунд дотор хэсгийн хамарсан гүн язарсан шарх, доод уруулын зүүн хэсгийн язарсан шарх, духны баруун, зүүн хэсэг, зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн нүдний доод хэсэг, зүүн хацарын төвгөр хэсэг, зүүн шанаа хэсэг, зүүн гарын сарвууны ар дээд хэсгүүүдийн зулгаралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт бүхий гэмтэлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гавлын суурь үйрч бяцарсан хугарал, зүүн нүдний ухархайн гадна дээд ханын цөмөрсөн хугарал, баруун уушигны эдийн няцрал, урагдал цээжний зүүн талын 1,2,3,4,5,6,7,8,9,10,12 –р хавирганууд шууд хугарал, сээр нурууны 3-р нугаламын болон хүзүүний 6,7-р нугаламуудын их биеийн хугарал, нугасны бүрэн бус тасрал бүхий гэмтэлүүд нь учрах үедээ амь насанд  аюултай тул хүнд зэргийн, бусад гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

4. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй.

5. Талийгаачийн шинжилгээгээр үхэлд нөлөөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй.

6. Талийгаач  нь дээрх гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ... гэх дүгнэлт /хх-ийн 70-71 тал /

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 796 дугаартай:

1.М.Баярмагнайн биед  цээжний хөндий дэх шингэн хуралтанд /1000 мл/ бүсэлхий нурууны 3-р нугалмын 2 талын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 11-р хавирга, зүүн 9,11 дүгээр хавирганы далд хугарал, зүүн хавирганы нумаар зүс заслын  шарх, сугны арын шугамаар шарх, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12–т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна .... гэх  дүгнэлт /хх-ийн 96-97 тал/ 

 

Шүүгдэгч Ц.Э ийн шүүх хуралдаанд гаргасан хохирол төлөхийг илэрхийлсэн баримтад: “...Цэрэнхандын Ц.Э  би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугара зүйлийн 3 т зааснаар гэмт  хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байна. Шүүгдэгч Ц.Э  би хохирогч талд нийт 6.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд ...иргэний нэхэмжлэгч Д.Баатарцогтын нэхэмжилж буй 5.000.000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаад 6.000.000 төгрөгийг бэлэн өгсөн тул 9.413.805 төгөргийг 1 жилийн хугацаанд өгнө...” гэсэн баримт.

 

Жолоочийн согтуурах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 147 тал /

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн  бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-11 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас иргэн Ч.Нансалмаагийн амь нас хохирсон, иргэн М.Баярмагнайгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаа нь амь хохирогчийн оршуулгын зардал, бусад хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой гэм хорын хохиролд нийт 15.413.805 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ц.Э  нь амь хохирогчийн оршуулгын зардалд 6.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаад өгсөн талаар шүүх хуралдаан дээр шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар мэдүүлсэн ба  үлдэх 9.413.805 /есөн сая дөрвөн зуун арван гурав найман зуун тав/ төгрөгийг болон иргэний нэхэмжлэгч Д.Баатарцогтод 5.000.000 /таван сая/ төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж бичгээр баталгаажуулсан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний тохиролцсоных нь дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Харин хохирогч М.Баярмагнайгийн хувиараа хөдөлмөр эрхлээд олох байсан боломжит орлого буюу 6.500.000 төгрөгийн нэхэмжлэл нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ талаарх нотлох баримтаа бүрэн бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан зарим хохирлоо нөхөн төлсөн, зарим хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Э-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Э-т энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Э нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Монгол улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар Ц.Э ийн тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э ээс амь хохирогчийн оршуулгын зардал, бусад хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой гэм хорын хохиролд 9.413.805 /есөн сая дөрвөн зуун арван гурван мянга найман зуун тав/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаад, 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Баатарцогтод тус тус олгож, хохирол, нэхэмжлэлээс үлдэх 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн Ц.Э-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөө 6б-11 тоотод байрлах Ү-1817004252 тоот улсын бүртгэлтэй 64 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 31 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Э т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.ГАНЗОРИГ