Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 2-р багт оршин суух, Цогт овогт Галсангийн Отгонсүрэн /ЗП61120305/-ийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.Отгонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Отгонсүрэн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 онд төрсөн, 55 настай. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1977 оны 6 сараас  эхлэн малчин, саальчнаар ажилласан. Өндөр насны тэтгэвэрт орохоор материал бүрдүүлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр 10, 11 сар тогтоолгосон. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг дутуу бичсэн учир хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт ажилласан жилд тооцогдохгүй болоод байна.

Иймд цуг ажилласан хүмүүсийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, бат илэрхийлэл зэргийг үндэслэн 1981 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Отгонсүрэн нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

  1. Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 39 дугаар тодорхойлолтод: ‘’Тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 1 сараас 1990 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай Галсангийн Отгонсүрэнд холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно’’ гэжээ. /хэргийн 8-р хуудас/
  2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 08/69 дугаартай лавлагаагаар: ‘’Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл нь 1991 оны 03 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 02 сарын 19-нд ‘’Хөгжил’’ хувьцаат компани, 1996 оны 04 сарын 18-нд ‘’Далайн хөгжил’’ хоршоо болон өөрчлөгдсөн болно’’ гэжээ.
  3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс Г.Отгонсүрэнд  /нэр засвартай/ 1981 оны 04 сарын 25-нд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ‘’1981 оны 1-12 сар, 1982 оны 1-12 сар, 1983 оны 1-12 сар, 1984 оны 1-12 сар, 1985 оны 1-12 сар, 1985 оны 1-12 сар, 1986 оны 1-12 сар, 1987 оны 1-12 сар, 1988 оны 1-12 сар, 1989 оны 1-12 сар, 1990 оны 1-12 сар’’-ын цалингийн бичилт хийгдэжээ. /хэргийн 3-6-р хуудас/
  4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1977 оны 06 сарын 25-ны өдөр олгосон №03 дугаартай Нэгдлийн гишүүний үнэмлэхийн хуулбар /хэргийн 7-р хуудас/
  5. Дундговь аймгийн ХЗЭ-ийн хорооноос 1979 оны 10 сарын 15-ны өдөр Г.Отгонд олгосон №117630 тоот бат илэрхийлэх: ‘’1980 оны 1-6 сарын татвар’’-ын бичилт хийгдэжээ.
  6. Гэрч Ц.Ичинхоров, Н.Гансүх, Г.Сугир нарын мэдүүлэг зэрэг болно.

 

Хүсэлт гаргагч Г.Отгонсүрэнг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 39 дугаар тодорхойлолтоор нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Г.Отгонсүрэнг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг хэргийн 3-6-р хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 7-р хуудсанд авагдсан нэгдлийн гишүүний үнэмлэх, бат илэрхийлэхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэг авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цогт овогт Галсангийн Отгонсүрэнг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхийн зардалд төлсөн 10700 /арван мянга долоон зуу/ төгрөгийг буцаан олгохгүйг дурдсугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР