Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг, Айргийн 10-29  тоотод оршин суух, Булгууд овогт Майгын Чойдорж /ЗЮ57031079/-ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбасугар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Чойдорж шүүхэд гаргасан хүсэлтээ өөрчилсөн хүсэлтдээ: Миний бие 1957 оны 03 сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаант бригадын нутаг Хөвийн гурван бор толгой гэдэг газар малчин ард П.Майгын 4 дэх хүү болон мэндэлж улмаар 1973 он хүртэл эцэг, эхийн асрамжинд өсч хүмүүжин мал маллах ажилд туслан 19 нас хүрч хугацаат цэргийн албанд татагдан цэргийн албаа нэр төртэй хааж, 1976 онд цэргийн албанаас халагдаж 1979 оны 10 сарын 05-ны өдрөөс эхлэн Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрт ажилчнаар орж мужаан, жижүүр /грушик/, ачигч зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэн 1982 онд ажлаас чөлөөлөгдсөн. 1982 оноос 1985 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд мал маллаж, Улсын бэлтгэлийн мал тууварлах зэрэг ажил хийж байгаад 1985 оноос 1990 он хүртэл Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт уурын /7, 9/ зууханд галчаар, 1990 оноос 1993 он хүртэл Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт мөн галч /машинст/-аар, 1993 оноос 1997 он хүртэл хувиараа мал туух зэрэг ажлыг эрхэлсэн. Иймд 1979 оны 10 сарын 05-наас 1992 оны 11 сарын 30-ныг дуустал хугацаанд ажилласан жилийг хэрэгт авагдсан баримтыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбасугар: Миний ах Майга овогтой Чойдорж нь 1957 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн. 1976 он хүртэл эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад 1976 онд цэргийн алба хааж, 1979 онд цэргээс халагдаж ирсэн. Ингээд Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1979 оны 10 сарын 05-ны өдрөөс 1982 оны 10 сар хүртэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжид нэгдэлд 1982 оноос 1985 он хүртэл, Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар 1985 оноос 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, Дундговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1990 оноос 1992 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан юм. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, аймгийн архиваас зарим ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаал нь байхгүй байгаа тул ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.Чойдорж нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

 

  1. Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 03-ны өдрийн 02 дугаартай тодорхойлолтод: ‘’Тус архивын сан хөмрөгт .... 1973 оны 01-р сараас 1990 оны 01-р сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй тул Майга овогтой Чойдоржид холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна’’ гэжээ. 
  2. Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харъяа Дундговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 05 сарын 14-ний өдрийн 52 дугаар тушаалд: ‘’...Захиргааны орон тоон дээр нэмэгдэх хүмүүсийг хавсралт ...1, 7-р зуухны орон тоо ажиллуулах хүмүүсийг №4, ....Үйлдвэрийн даргын 1990 оны 5-р сарын 14-ний өдрийн 52 тоот тушаалын 4-р хавсралтын 11-р М.Чойдорж’’ гэжээ.
  3. Эрчим хүчний яамны харъяа Дундговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 10 сарын 30-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаалд: ‘’1. Уурын зуухны машинст М.Чойдоржийг 1992 оны 11-р сарын 01-ний өдрөөс эхлэн орон тооны цомхотголоор ажлаас нь чөлөөлсүгэй’’ гэжээ.
  4. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 08/12 дугаартай лавлагаагаар: ‘’Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл нь 1991 оны 03 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 02 сарын 19-нд ‘’Хөгжил’’ хувьцаат компани, 1996 оны 04 сарын 18-нд ‘’Далайн хөгжил’’ хоршоо болон өөрчлөгдсөн болно’’ гэжээ.
  5. БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яам Улсын бүртгэлийн мал тууварчдын хувийн хэргийн хувийн дугаар №4666 М.Чойдорж гэсэн дэвтэрт /1968 он/: ‘’1982, 1983, 1984, 1985, 1987 ’’-ны бичилтийг хийжээ.
  6. Дундговь аймгийн Архивын тасгийн 2013 оны 06 сарын 17-ны өдрийн 1467 дугаар лавлагаанд: ‘’Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1979 оны 10 сарын 01-ний өдрийн 82-р тушаалаар тус үйлдвэрт манаачаар Чойдоржийг 10 сарын 10-наас эхлэн томилсугай гэсэн байна. Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1981 оны 8 сарын 27-ны өдрийн 73-р тушаалаар мужаан Чойдоржийг 1981 оны 8 сарын 25-наас тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй гэснийг тус тус тодорхойлов’’ гэжээ.
  7. Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын шаардлагатай үед хүмүүс дайчлах тухай 1979 оны 10 сарын 3-ны өдрийн 79 дугаар тушаалын хуулбарт: ‘’Аймгийн онцгой комиссын 1/1639 тоот ёсоор цаг агаар  хүндэрсэн буюу шаардлагтай үед Мандал 1, 2, 3-р дохиогоор дайчилгаанд явах хүмүүсийг хавсралт ёсоор баталсугай’’ гэжээ.
  8. Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1979 оны 11 сарын 5-ны өдрийн 97 дугаар ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбарт: ‘’Үйлдвэрт мужаанаар ажиллуулж байсан Бандийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хүсэлтийн дагуу 11 сарын 5-наас эхлэн манаачаар томилж манаач байсан Чойдоржийг грушикээр ...томилсугай’’ гэжээ.
  9. Дундговь аймгийн Орон сууц ашиглалтын газраас М.Чойдоржийн цалингийн жагсаалтад: ‘’1987 оны 10-12 сар, 1988 оны 12-4, 10-р сар, 1989 оны 4-5, 9-12 сар, 1990 оны 1-3 сар’’-ын тодорхойлолт,
  10. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 08/110 дугаар лавлагаанд: ‘’Нийтийн ахуйн үйлчилгээний удирдах газар нь 1991 оны 12 сарын 23-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйлажиллагаа явуулж байсан болно’’ гэжээ.
  11. Монгол улсын Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 06 сарын 20-ны өдрийн №000003583 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд: ‘’Майгын Чойдорж БХЯ-ны сайдын 1976.06.30-ны өдрийн н/177 дугаар тушаалаар Дундговь аймгаас 1976 оны 07 сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан ардын армийн 123 дугаар ангид цэргийн алба хааж, мөн сайдын 1979.06.30-ны өдрийн 8/364 дүгээр тушаалаар 1979.07.15-ны өдөр 542310 дугаарын цэргийн батлахтай халагдсан’’ гэжээ.
  12. Гэрч Б.Баатарчулуун, Н.Долгорсүрэн, П.Цогтбаяр, С.Улаанхүү, Н.Өсөхбаяр, П.Оюунчимэг  нарын мэдүүлэг зэрэг болно.

 

Хүсэлт гаргагч М.Чойдорж нь Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1979 оны 10 сарын 05-ны өдрөөс 1982 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжид нэгдэлд 1982 оны 05 сарын 15-ны өдрөөс 1985 оны 10 сарын 14-ний өдрийн хүртэл, Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1987 оны 10 сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл, Дундговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1990 оны 05 сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаалууд бүрэн эхээрээ Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 02 дугаар тодорхойлолтоор нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Хүсэлт гаргагч М.Чойдоржийг  Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1979 оны 10 сарын 05-ны өдрөөс 1982 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсныг Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1979 оны 10 сарын 3-ны өдрийн 79 болон 97 дугаартай тушаал, БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яам Улсын бүртгэлийн мал тууварчдын хувийн хэргийн хувийн дугаар №4666 дугаартай дэвтэрт мал туусан хугацаа 1982 оны 05 сарын 15-ны өдөр эхэлсэн учир Мод боловсруулах үйлдвэрт 1982 оны 05 сарын 15-ны өдөр чөлөөлөгдснөөр тооцов.

 

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжид нэгдэлд 1982 оны 05 сарын 15-ны өдрөөс 1985 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан нь хэргийн 10-26-р хуудсанд авагдсан БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яам Улсын бүртгэлийн мал тууварчдын хувийн хэргийн хувийн №4666 дугаартай дэвтрийн бичилт нь гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байна.

Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар 1987 оны 10 сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан нь гэрчүүдийн ‘’...1987 оноос 1990 он хүртэл Дундговь аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт М.Чойдоржтой хамт ажиллаж байсан..’’ гэсэн мэдүүлэг, Дундговь аймгийн Орон сууц ашиглалтын газрын тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Мөн Дундговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1990 оны 05 сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг хэргийн 4-5-р хуудсанд авагдсан Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харъяа Дундговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 05 сарын 14-ний өдрийн 52 дугаар тушаал, Эрчим хүчний яамны харъяа Дундговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 10 сарын 30-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

 

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг нотлох баримтын хэмжээнд хангаж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Булгууд овогт Майгын Чойдоржийг  Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1979 оны 10 сарын 05-ны өдрөөс 1982 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил  нэгдэлд 1982 оны 05 сарын 15-ны өдрөөс 1985 оны 10 сарын 14-ний өдрийн хүртэл, Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1987 оны 10 сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл, Дундговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1990 оны 05 сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР