Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, Мандал 19-8 тоотод оршин суух, Боржигин овогт Пэлжээгийн Хандмаа /ЗЮ62020601/-ийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч П.Хандмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Хандмаа шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 оны 02 сарын 06-нд төрсөн, 55 нас хүрч байгаа, улсад 21 жил ажилласан юм. Үүнээс 1985-1991 онд Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажиллаж байгаад аж ахуйн нэгжийн өөрчлөлтөөр чөлөөлөхдөө Мандал хэрэглээний хоршооны даргын тушаалаар чөлөөлсөнөөр хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй болсон байна.

Иймээс Худалдаа бэлтгэлийн трестээс ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй учир тухайн үеийн баярын бичиг, Монголын үйлдвэрчний эвлэлийн батлах, ажилчидтай авахуулсан зураг, хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлэг зэргийг үндэслэн 1985 оны 09 сарын 01-нээс 1991 оны 10 сарын 16-ныг хүртэл улсад ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч П.Хандмаа нь Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1985 оны 09 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 16-ны  өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

  1. Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн техникумын захиргаагаас 1981 оны 09 сарын 01-ний өдөр Пэлжээгийн Хандмаад олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ‘’Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 04 сарын 10-ны өдрийн 56 тоот тушаалаар 2-р гуанзны кассаас чөлөөлж, 2-р дэлгүүрт худалдагчаар шилжүүлэн томилж ажиллуулав’’ гэж, ‘’МХХ-ны даргын 1991 оны 11 сарын 01-ний өдрийн 49-р тушаалаар Аж ахуйн нэгжийн зохион байгуулалт өөрчлөгдсөн тул тулга хоршооны мэдэлд шилжүүлэв’’ гэж, ’’Тулга хоршооны даргын 1991 оны 10 сарын 16-ны өдрийн 01 тоот тушаалаар Аж ахуйн нэгжийн зохион байгуулалтаар Тулга хоршоонд шилжиж ирсэн тул худалдагчаар ажиллуулав’’ ...гэсэн бичилтийг тус тус хийжээ. /хэргийн 4-р хуудас/
  2. Дундговь аймгийн Үйлдвэрчний Зөвлөлөөс 1983 оны 11 сарын 25-ны өдөр П.Хандмаад олгосон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбарт: ‘’1983 оны 10-12 сар, 1984 оны 1-12 сар, 1985 оны 1-12 сар, 1986 оны 1-12 сар, 1987 оны 1-12 сар, 1988 оны 1-12 сар’’ –ын цалин, татварын бичилт хийгдсэн. /хэргийн 5-6-р хуудас/
  3. Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаанд: ‘’Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трест нь 1991 оны 12 дугаар сард Тулга ББХХоршоо, 1994 оны 02 сард Ундрам ББХК нэр хэлбэрээ өөрчлөн 1991-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болохыг тодорхойлов’’ гэжээ.
  4. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 08/68 дугаартай лавлагаагаар: ‘’ Худалдаа нийтийн хоолны трест нь 1990 оны 08 сарын 13-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оны 12 дугаар сарын 26-нд Тулга ББХ хоршоо...болон үлй ажиллагаа явуулж байна’’ гэжээ.
  5. Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 53 дугаар тодорхойлолтод: ‘’Тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт Худалдаа бэлтгэлийн трестэд 1985 оны 09 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 16-ныг хүртэл худалдагчаар ажиллаж байсан тухай Пэлжээ овогтой Хандмаад холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно’’ гэжээ.
  6. Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 02 сарын 10-ны өдрийн 16 тоот 1989 оны ээлжийн амралтын хувиар батлах тухай тушаалын хуулбарт: ‘’Тус байгууллагын хэмжээний нийт ажилчин албан хаагчдын 1989 оны ээлжийн амралт эдлэх хувирыг хавсралтаар баталсугай’’ гэсэн бөгөөд тус тушаалын хавсралтад ‘’хүнсний 2 дэлгүүр Хандмаа 3 сараас 9 сар орон нутаг’’ гэжээ.
  7. Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 03 сарын 19-ний өдрийн А/4 тоот 1990 оны ээлжийн амралтын хувиар батлах тухай тушаалын хуулбарт: ‘’Тус байгууллагын хэмжээний нийт ажилчин албан хаагчдын 1990 оны ээлжийн амралт эдлэх хувирыг хавсралтаар баталсугай’’ гэсэн бөгөөд тус тушаалын хавсралтад ‘’хүнсний 2 дэлгүүр 3-рт Хандмаа 3 сар 15-наас 4 сарын 15-н’’ гэжээ
  8. Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 01 сарын 10-ны өдрийн А-1 тоот Халамжлан хүмүүжүүлэгчээр томилох тухай тушаалын хуулбарт: ‘’1.Доорхи хүмүүст халамжлан хүмүүжүүлэгч томилох 2-р дэлгүүрийн худалдагч...Ө.Гэрэлмаа халамжлан хүмүүжүүлэгч нь П.Хандмаа’’, ‘’2. Халамжлан хүмүүжүүлэгчээр томилогдсон хүмүүс нь өөрсдийн ажлын арга туршлагаас байнга зөвлөж ....илтгэх хуудсаар мэдээлж байх’’гэжээ
  9. Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 03 сарын 21-ний өдрийн А/5 тоот Ажлын эцсийн үр дүнгээр цалин олгох тухай тушаалын хуулбарт: ‘’ 1. Цэвэр орлогын 1000 төгрөгт ногдох үнэлгээгээр цалинжих тогтмол цалинтай захиргааны ба ИТА албан хаагчдыг 1-р хавсралтад зааснаар, 2. Цэг салбаруудын 1000 төгрөгт ногдох үнэлгээг 2-р хавсралтад зааснаар тус тус тооцож олгосугай’’ гэсэн бөгөөд тус тушаалын хавсралтад ‘’хүнс 2, 2-рт Хандмаа 270’’ гэжээ
  10.  Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 03 сарын 19-ний өдрийн А/4 тоот 1990 оны ээлжийн амралтын хувиар батлах тухай тушаалын хуулбарт: ‘’Тус байгууллагын хэмжээний нийт ажилчин албан хаагчдын 1990 оны ээлжийн амралт эдлэх хувиарыг хавсралтаар баталсугай’’ гэсэн бөгөөд тус тушаалын хавсралтад ‘’хүнсний 2 дэлгүүр 3-рт Хандмаа 3 сар 15-наас 4 сарын 15-н’’ гэжээ.
  11.  Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 05 сарын 30-ны өдрийн А/12 тоот  Тэтгэмж олгох тухай тушаалын хуулбарт: ‘’Тэтгэмж олгох хагас өнчин хүүхэдтэй хүмүүсийг 1-р хавсралтаар баталсугай’’ гэсэн бөгөөд тус тушаалын хавсралтын 4-рт Пэлжээгийн Хандмаа 150 төгрөг гэжээ.
  12.  Худалдаа бэлтгэлийн тресэтээс Хандмаад олгосон 1983 он, 1985 оны 06 сар, 1985 оны 12 сарын баярын бичиг, гэрэл зураг /хэргийн 14-18-р хуудас/
  13. Гэрч Ч.Оюундулам, Н.Эрдэнэбат, Б.Бадамсүрэн нарын мэдүүлэг зэрэг болно.

 

Хүсэлт гаргагч П.Хандмаа нь Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1985 оны 09 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 16-ны  өдрийг хүртэл хугацаанд худалдагчаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт бүрэн хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 53 дугаар тодорхойлолтоор нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч П.Хандмааг Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1985 оны 09 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 16-ны  өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг хэргийн 4-р хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 5, 6, 9-13-р хуудсанд авагдсан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, тушаалууд, 14-18-р хуудаснд авагдсан гэрэл зураг, баярын бичиг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэг авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Пэлжээгийн Хандмааг Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1985 оны 09 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 16-ны  өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР