Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 46

 


     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймаг дахь Монголбанкинд холбогдох 
582.277 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Мөнхзул, хариуцагчийн төлөөлөгч Л.Сугарбат, иргэдийн төлөөлөгч Б.Батцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
                                                             
                                                           ТОДОРХОЙЛОХ нь:
    
Нэхэмжлэгч Архангай аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 1996 онд Архангай аймаг дахь Ардын банк татан буугдахад манай төсвийн харилцах дансанд байсан үлдэгдлээс 582.277 төгрөгийг татан төвлөрүүлэлт нэрээр авч одоог хүртэл буцаж төлөгдөөгүй тайланд авлагаар бүртгэлтэй хориод жил болж байна. Ардын банкны эрх хүлээн авагчийн 1996 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 8 дугаартай албан бичгээр Ардын банкны харилцагчдын харилцах дансны 1996 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн үлдэгдлийн 20 хувийг Сэргээн босголт банкинд шилжүүлсэн бөгөөд 2000 оны 4 дүгээр сард Сэргээн босголт банкны дампуурлыг шүүхийн шийдвэрээр зарласан байдаг. Иймд тус хэлтсийн 582.227 төгрөгийн авлагыг барагдуулж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

    Хариуцагчийн төлөөлөгч М.Баттулга шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол банкны ерөнхийлөгчийн 1996 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 253 дугаар тушаалаар Ардын банкинд 1996 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс “Онцгой дэглэм” тогтоон эрх хүлээн авагч томилсон. Ардын банкны Эрх хүлээн авагчийн 1996 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 8 дугаартай албан бичгээр Ардын банкны харилцах данс эзэмшигч нарын харилцах дансны 1996 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн үлдэгдэлийн 20 хувийг Төрийн өмчит Хадгаламж банкинд үлдээх, 80 хувийг Төрийн өмчит Сэргээн босголтын банкинд шилжүүлэх үүрэг өгсөн. Тухайн үед Архангай аймагт Хадгаламж банк байхгүй байсан учир Архангай аймгийн Татварын хэлтсийн дансыг Сэргээн босголтын банкинд шилжүүлсэн байна. Монгол банкны Ерөнхийлөгчийн 1999 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 193 дугаартай тушаалаар Төрийн өмчит Сэргээн босголтын банкинд 1999 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн “Онцгой дэглэм”  тогтоон, эрх хүлээн авагч томилж, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2001 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 384 дүгээр тушаалаар Сэргээн босголт банкны актив, пассив хөрөнгийг Банкны өр барагдуулах газарт шилжүүлж дууссантай холбогдуулан тус банкны эрх хүлээн авах үйл ажиллагаа дуусгавар болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас авсан мэдээллээр банкны өр барагдуулах газар нь 2007 онд татан буугдаж эрх, үүрэг, хариуцлага нь мөн онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд шилжсэн байна. Иймд Ардын банк, Сэргээн босголтын банктай холбоотой төлбөрийг Монголбанк хариуцахгүй гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хэлтсийн 582.277 төгрөгийн авлага нь 1996 онд үүссэн авлага байгаа юм. “Ардын банк” татан буугдахад манай харилцах дансны үлдэгдлээс 20 хувийг нь татан төвлөрүүлж авсан байдаг. Энэхүү авлага нь 1996 оноос өнөөдрийг хүртэл 20 жилийн хугацаанд манай байгууллагын санхүүгийн тайланд бүртгэгдэж байна. Авлага барагдуулах талаар жил болгон Татварын ерөнхий газар болон Аудитын байгууллагаас шаардаж, миний ажлын үзүүлэлтэнд энэ нь мөн нөлөөлдөг. Уг мөнгийг хэн хариуцаж төлөх асуудлыг тодруулахаар хэд хэдэн газруудад манай байгууллага албан бичиг явуулсан. Тухайлбал Архангай аймаг дахь Монголбанк болон Сангийн яам руу албан бичиг явуулсан. Сангийн яамнаас “Манай байгууллага энэхүү авлагын талаар тодорхой мэдэхгүй байна. Архангай аймаг дахь Монголбанк хариуцах байх” гэж утсаар мэдэгдсэн учир 582.277 төгрөгийг Архангай аймаг дахь Монголбанкнаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Ардын банк”-ны эрх хүлээн авагчийг Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар томилдог. “Ардын банк” татан буугдсантай холбоотой, мөн тухайн банкны өр авлагатай холбоотой бичиг баримтууд Монголбанкинд хадгалагддаг эсэх нь тодорхойгүй байдаг юм. Байгууллагууд төрийн санд данстай байдагтай адилхан манай байгууллага “Ардын банк”-нд үйл ажиллагаатай холбоотой данстай байсан. Татварын орлогын данс биш. Байгууллагын үйл ажиллагааны данс байсан. Тэр данснаас “Ардын банк” татан буугдахдаа 20 хувийг нь татан төвлөрүүлнэ гэж авч үлдсэн байсан. Тэр мөнгө нь 582.277 төгрөг юм. “Сэргээн босголт” банк болон “Хадгаламж” банк татан буугдах үед тус банкнуудын эрх хүлээн авагчид Татварын байгууллага авлагын талаар нэхэмжлэл гаргаж байгаагүй. Мөн тухайн үед энэ талаар мэдэгдсэн баримт манай хэлтэст байдаггүй гэв. 

Хариуцагчийн төлөөлөгч Л.Сугарбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1996 онд “Ардын банк” татан буугдахад бид “Ардын банк”-ны суурин дээр төрийн өмчит “Сэргээн босголт” банкийг үүсгэн байгуулсан. “Сэргээн босголт” банк Монголбанкны Ерөнхийлөгчийн зарлигаар 2000 онд эрх хүлээн авагчийг томилж, 2001 онд эрх хүлээн авах үйл ажиллагаа дуусгавар болж, “Сэргээн босголт” банкны активт байсан хөрөнгүүд Банкны өр барагдуулах албанд шилжсэн. Ингээд “Сэргээн босголт” банктай холбоотой эрх, хариуцлага бүгд Банкны өр барагдуулах албанд шилжсэн. Банкнуудын эрх хүлээн авах ажиллагаа дуусгавар болсноор Монголбанкны холбогдох эрх, хариуцлага нь мөн дуусгавар болсон. 2007 онд Банкны өр барагдуулах алба татан буугдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн газрын өр барагдуулах газарт эрх нь шилжсэн гэсэн мэдээллийг авсан. “Сэргээн босголт” банк 2001 онд татан буугдснаар Монголбанкны түүнтэй холбоотой үйл ажиллагаа дуусгавар болсон. Иймд манай байгууллага уг хэрэгтэй ямар нэгэн хамааралгүй болно. Татан буугдаж байгаа банкинд авлагатай этгээдүүдийн талаар эрх хүлээн авагч мэдэх ёстой байдаг. Банкны тухай хуулийн 58 дугаар зүйлийн  58.3-т заасан эрх хүлээн авагч Монголбанкны шийдвэрийг дагаж мөрдөнө гэсэн нь банкны үйл ажиллагаатай холбоотой, эрх хүлээн авагчаас гаргасан тайлан зэргийг Монголбанк хянаад эрх хүлээн авагчийн гаргасан баримттай холбоотой шийдвэр гаргахыг хэлнэ. Банкнаас авлагатай этгээд банкинд холбогдуулан авлага авахаар нэхэмжлэл гаргах тохиолдолд шууд эрх хүлээн авагчид нэхэмжлэлээ гаргадаг. “Монголбанк” өөрийн хөрөнгөөр тухайн өр авлагыг барагдуулахгүй. Эрх хүлээн авагч “Сэргээн босголт” банкны актив байсан хөрөнгүүдийг бүгдийг нь хүлээгээд авчихсан учир “Сэргээн босголт” банкны бусдад зээлдүүлсэн өр, найдваргүй зээлийг төлүүлээд үүнээс орсон хөрөнгөөр харилцагч нарын харилцах дансны өглөгийг өгдөг. Авлагатай этгээд эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа Банкны тухай хуульд байхгүй. Бусад хуулиар хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг зохицуулах байх гэв. 

    Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Архангай аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Архангай аймаг дахь Монголбанкны салбарт холбогдуулан 582.277 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Татварын хэлтэс нь 1996 онд Архангай аймаг дахь Ардын банк дахь өөрийн байгууллагын төсвийн харилцах дансанд байсан үлдэгдэл 582.277 төгрөгийг Архангай аймгийн Монголбанкны салбараас нэхэмжилсэн. 
Хариуцагч Архангай аймгийн Монголбанкны салбар “Ардын банкны Эрх хүлээн авагчийн 1996 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 8 дугаартай албан бичгээр Ардын банкны харилцах данс эзэмшигч нарын харилцах дансны 1996 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн үлдэгдэлийн 20 хувийг Төрийн өмчит Хадгаламж банкинд үлдээх, 80 хувийг Төрийн өмчит Сэргээн босголтын банкинд шилжүүлэх үүрэг өгсөн. Архангай аймагт Хадгаламж банк байхгүй байсан учир Архангай аймгийн Татварын хэлтсийн дансыг Сэргээн босголт банкинд шилжүүлсэн байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2001 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 384 дүгээр тушаалаар Сэргээн босголт банкны актив, пассив хөрөнгийг Банкны өр барагдуулах газарт шилжүүлж дууссантай холбогдуулан тус банкны эрх хүлээн авах үйл ажиллагаа дуусгавар болгосон” гэж тайлбарлаж байна. 
1996 оны Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Монголбанк банкны эрх хүлээн авагчийг томилсноор банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжинэ” гэж, 43 дугаар зүйлийн 43.1, 43.10-д банкны эрх хүлээн авагч нь “банкны тодорхой үйл ажиллагааг үргэлжлүүлэх, зогсоох; банкны нэрийн өмнөөс Монголбанкнаас тогтоосон хэмжээг баримтлан төлбөр хийх” эрхийг хэрэгжүүлэхээр тус тус заажээ.
Монголбанк нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4-т зааснаар банкны үйл ажиллагаанд хяналт тавих үйл ажиллагаа эрхэлдэг, Ардын банк, Сэргээн босголт банк татан буугдах үед мөрдөж байсан Банкны тухай хуулийн /1996 оны/ 38 дугаар зүйлд Монголбанк нь банкны эрх хүлээн авагчийн томилох шийдвэр гаргахаар зохицуулсан ба шинэчилэн найруулсан Банкны тухай хуулийн /2010 оны/ 56 дугаар зүйлд заасан үндэслэлийн аль нэг бүрдсэн тохиолдолд Монголбанк эрх хүлээн авах арга хэмжээ авч банкны эрх хүлээн авагчийг томилохоор мөн хуулийн 58 дугаар зүйлд заажээ. 
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хуульд Монголбанк банкны эрх хүлээн авагчийг томилохоор заасан, харин Монголбанк банкны эрхийг өөрөө хүлээн авах зохицуулалт байхгүй ба Архангай аймаг дахь Монголбанкны салбар Ардын банкны эрх хүлээн авагч байсан гэдэг нь нотлогдохгүй байх тул Архангай аймаг дахь Монголбанкны салбарыг энэ хэргийн хариуцагч биш гэж үзлээ. 
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг үндэслэн Архангай аймаг дахь Монголбанкнаас 582.277 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Архангай аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Архангай аймаг дахь Монголбанкнаас 582.277 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Архангай аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Архангай аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

    3.  Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

              

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАЙГАЛМАА

                   ШҮҮГЧИД                                    Д.БЯМБАСҮРЭН

                                                                    Ч.ЖАРГАЛАН