Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/2017/00016/И |
Дугаар | 47 |
Огноо | 2017-01-19 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1957 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багт оршин суух Боржигон овгийн Жавзмаагийн Бат-Өлзийгийн /РД:АА57011515/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Бат-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Бат-Өлзий шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Аймгийн төрийн архиваас ажилласан жилээ шүүлгэх гээд хүсэлт гаргасан ч нотлох баримт байхгүй Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангийн баримт шилжигдэж ирээгүй байна. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа энэ дэвтрийн бичилтээр 1980 оны 08-р сарын 04-ний өдрөөс 1987 оны 05-р сарын 23-ны өдөр хүртэл Архангай аймгийн Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээнд төмөрчи, галч, манаачаар, 1987 оны 06 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ж.Бат-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Ж.Бат-Өлзий миний бие тэтгэвэрт гарах нас болсон учир холбогдох баримтуудаа бүрдүүлж шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Би 1980 оны 08 сарын 04-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд төмөрчнөөр анх ажилд орсон. Тухайн үед Ахуй үйлчилгээний төмрийн тасаг, гутлын тасаг нэг байсан учир гутал хийдэг мөн төмөрчнөөр ажиллаж байсан. Мөн галч, манаачаар ажиллаж байсан. Тэгээд 1987 онд галалгааны хугацаа дуусч ажлаас чөлөөлөгдсөн. Дараа нь 1987 оны 06 сарын 01-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажилд орж, 1994 оныг хүртэл ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр 1987 онд ажлаас гарахад олдсон. 1980 онд ажилд орсон тушаал нь халагдахад хамт бичигдсэн бичилтийн зөрчилтэй учир шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг Архангай аймгийн Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд 1980 оны 08 сарын 04-ний өдрөөс 1987 оны 05 сарын 23-ны өдрийг хүртэл төмөрчин, манаач, галчаар, Архангай аймгийн Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар 1987 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Бат-Өлзий нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд төмөрчин, манаач, галчаар 1980 оны 08 сарын 04-ний өдрөөс 1987 оны 05 сарын 23-ны өдрийг хүртэл, Архангай аймгийн Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар 1987 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Жавзмаа овогтой Бат-Өлзийг 1980 оны 8-р сарын 4-ний өдрөөс эхлэн Төмөр засварчнаар авч ажиллуулсугай гэсэн “Ажилд авах тухай” Архангай аймгийн Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвийн 1980 оны 08 сарын 04-ний өдрийн 79 тоот тушаал,
2. Гэрч Ц.Энхтүвшингийн: “Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид галч, манаачаар 1985 оноос 1992 он хүртэл ажилласан. Намайг Архангай аймгийн Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид галч, манаачаар ажиллаж байхад миний ажиллаж байсан Худалдаа бэлтгэлийн ангид Ж.Бат-Өлзий нь 1987 оноос галч, манаачаар ажиллаж эхэлсэн бөгөөд уг ажлаа намайг Худалдаа бэлтгэлийн ангиас 1992 онд гарах үед хийж л байсан. Тэрнээс хойш Ж.Бат-Өлзий нь Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангийг Дуулга компани болох хүртэл галч, манаачаар ажилласныг би мэднэ” гэх мэдүүлэг,
3. Гэрч А.Пүрэвийн: “Ж.Бат-Өлзий нь 1987 онд миний тушаалаар Архангай аймгийн Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажилд орж, 1994 оны 10 сарын 27-ны өдөр хүртэл буюу Худалдаа бэлтгэлийн ангийг Дуулга компани болон өөрчлөгдөхөд Дуулга компанид мөн манаачаар ажилласан. Би 1982 оны 10 сарын 14-ний өдрөөс 1995 сарын 03 сарын 25-ны өдөр хүртэл Архангай аймгийн Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар ажилласан. Архангай аймгийн Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн анги нь 1992 оны 11 сард хувьчлагдаж Дуулга компани нэртэй болж байсан. Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид Бат-Өлзий гэдэг нэртэй нэг хүн тэр үед ажилладаг байсан нь Ж.Бат-Өлзий юм” гэх мэдүүлэг,
4. Гэрч Л.Оюунгэрэлийн: “Би 1979 оноос 1990 он хүртэл Архангай аймгийн Батцэнгэл сумын ахуй үйлчилгээнд гуталчнаар ажилладаг байхад Ж.Бат-Өлзий нь 1980 оноос 1987 оны хооронд тус ахуй үйлчилгээнд зуух, яндан, дөрвөлж хийж, мөн манаачаар ажилладаг байсан. Ж.Бат-Өлзий нь 1987 оноос Архангай аймгийн Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажилд орж, уг ажлаа Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангийг хувьчлагдах хүртэл хийсэн. Би Ж.Бат-Өлзийтэй айл саахалт байдаг байсан учир би түүний ажиллаж байсан талаар сайн мэднэ” гэх мэдүүлэг,
5. Гэрч Т.Ганцэцэгийн: “Би Архангай аймгийн Батцэнгэл сумын ахуйн үйлчилгээнд 1978 оноос 1991 он хүртэл, Өрнөх хоршоонд 1991 оноос 1995 он хүртэл оёдолчноор ажиллаж байх хугацаанд Ж.Бат-Өлзий нь 1980 оноос тус ахуй үйлчилгээнд төмөрчнөөр ажилд орж, уг ажлаа 1987 он хүртэл хийсэн. Ахуй үйлчилгээнээс гарангуут удаагүй 1987 оноос Ж.Бат-Өлзий нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар орж ажилласан. Худалдаа бэлтгэлийн ангид хэдий хугацаанд ажилласныг сайн мэдэхгүй байна. Би Ж.Бат-Өлзийг хамт нэг бригадад ажиллаж байсан, найз нөхөд байсан учраас түүний ахуй үйлчилгээнд ажиллаж байсан талаар, мөн ахуй үйлчилгээнээс гараад тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажилд орж байсныг сайн мэднэ. Ж.Бат-Өлзий Батцэнгэл сумаас өөр газар шилжиж байгаагүй. Би ч Батцэнгэл сумаас шилжиж байгаагүй” гэх мэдүүлэг,
6. Гэрч У.Сарангэрэлийн: “Намайг 1983 оны 10 сард Архангай аймгийн Батцэнгэл сумын ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилд ороход Ж.Бат-Өлзий нь тус ахуй үйлчилгээнд төмөрчнөөр ажилладаг байсан. Ж.Бат-Өлзий уг ажлаа хийж байгаад ажлаасаа 1987 онд гараад тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажилд орсон. Би Ж.Бат-Өлзийтэй хамт ажилладаг байсан болохоор түүнийг 1983 оноос эхлэн 1987 онд өөр ажилд орох хүртлээ Батцэнгэл сумын ахуй үйлчилгээнд төмөрчин, гуталчнаар ажилласныг мэднэ” гэх мэдүүлэг,
7. 1978 оны 12 сарын 25-ны өдөр Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор авч ажилуулав, Ахуй үйлчилгээний төвийн даргын 1978 оны 12 сарын 27-ны өдрийн 42 тоот тушаалаар; 1991 оны 12 сарын 30-ны өдөр Ахуй үйлчилгээний төв нь хувьчлагдсан учир үүрэгт ажлаас нь чөлөөлөв, Ахуй үйлчилгээний төвийн даргын 1991 оны 12 сарын 30-ны өдрийн 52 тоот тушаалаар … гэсэн бичилт бүхий гэрч Т.Ганцэцэгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
8. ... 1982 оны 10 сарын 14-ний өдөр Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар томилов, Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1982 оны 60 тоот тушаалаар, 1995 оны 01 сарын 01-ний өдөр нийгмийн даатгалыгн 567160 номертой дэвтэр олгов гэсэн бичилт бүхий гэрч А.Пүрэвийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
9. 1983 оны 10 сарын 10-ны өдөр Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор авч ажиллуулав, Ахуй үйлчилгээний төвийн даргын 1983 оны 10 сарын 29-ний өдрийн 85-р тушаалаар; 1989 оны 11 сарын 20-ны өдөр гэр бүлээрээ Сэлэнгэ Зүүнбүрэнгийн сангийн аж ахуйд шилжсан учир оёдолчноос чөлөөлж Зүүнбүрэнгийн сангийн аж ахуйн нийтийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний төвийн мэдэлд шилжүүлэв, Архангай аймгийн Батцэнгэл сумын нийтийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1989 оны 10-р сарын 28-ны өдрийн 88-р тушаалаар гэсэн билт бүхий гэрч У.Сарангэрэлийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
10. 1980 оны 08 сарын 04-ний өдөр Ахуй үйлчилгээний төвд төмөрчнөөр авч ажиллуулав, Ахуй үйлчилгээний төвийн 1980 оны 08-р сарын 01-ний өдрийн 79-р тушаалаар; 1987 оны 05 сарын 23-ны өдөр галлагааны хугацаа дууссан учир ажлаас чөлөөлөв, Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвийн 1987 оны 05-р сарын 18-ны өдрийн 59-р тушаалаар; 1987 оны 06 сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр Худалдаа бэлтгэлийн ангийн манаачаар авч ажиллуулав, Худалдаа бэлтгэлийн ангийн 1987 оны 06-р сарын 01-ний өдрийн 23 тоот тушаалаар; 1994 оны 10 сарын 21-ний өдөр өөрийн хүсэлтээр манаачийн үүрэгт ажлаас чөлөөлөв, Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1994 оны 10-р сарын 21-ний өдрийн 41 тоот тушаалаар гэсэн бичилт бүхий Ж.Бат-Өлзийгийн 185051 тоот хөдөлмөрийн дэвтэр,
11. Тус архивын сан хөмрөгт Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангийн материал шилжигдэж ирээгүй тул Жавзмаагийн Бат-Өлзийд лавлагаа гаргах боломжгүй гэсэн Архангай аймгийн архивын тасгийн 2016 оны 12 сарын 22-ны өдрийн 578 тоот тодорхойлолт,
12. Тус архивын сан хөмрөгт Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний материал шилжигдэж ирээгүй тул Жавзмаагийн Бат-Өлзийд лавлагаа гаргах боломжгүй гэсэн Архангай аймгийн архивын тасгийн 2017 оны 01 сарын 18-ны өдрийн 39 тоот тодорхойлолт,
13. Хоршооны ажилчин албан хаагчдын 1990 оны 10 сарын 23-ны өдрийн хурлын протокольд: ... Бат-Өлзий сүүлийн үед хэт дураараа авирлаж, эсэргүүцэж манааг 24 цагаар хийж байна. Иймэрхүү сахилгагүй хүнтэй тэмцэж ажиллах болно ... гэжээ.
14. Хэрэглээний хоршооны ажилчин албан хаагчдын 1991 оны 06 сарын 06-ны өдрийн хурлын протокольд: Хурал таслагчидын нэрсийн жагсаалтанд Бат-Өлзий гэжээ.
15. Ажилчин албан хаагчдын 1992 оны 02 сарын 10-ны өдрийн хурлын протокольд: Контор галлахгүй, хог ачихгүй байгаа доорх нөхөд хариуцлага бүрэн хүлээхээ мэдэхгүй. Яагаад өөриймсэг үнэнч сэтгэл гаргахгүй байна вэ? Үүнд: ... Бат-Өлзий гэжээ,
16. Компанийн гишүүд ажилчин албан хаагчдын 1994 оны 06 сарын 07-ны өдрийн хурлын протокольд:Сумын 70 жилийн ойн өмнө төлөвлөгөөнд заасны дагуу доорх үүргийг ойрын хугацаанд гүйцэтгэх үүргийг зарим ажилчин албан хаагчдад өгөх. Үүнд: Дээд хашааг тойрон шохоодох 6/7-6/10 манаач Бат-Өлзий ... гэжээ.
Шүүх хүсэлт гаргагч Ж.Бат-Өлзийгийн хүсэлтээр түүнтэй Архангай аймгийн Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид хамт ажиллаж байсан Ц.Энхтүвшин, А.Пүрэв, Архангай аймгийн Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд хамт ажиллаж байсан Л.Оюунгэрэл, Т.Ганцэцэг, У.Сарангэрэл нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Хэрэгт эх хувиараа авагдсан Аххангай аймгийн Батцэнгэл сумын ахуй үйлчилгээний төвийн даргын тушаал, гэрч А.Пүрэв, Т.Ганцэцэг, У.Сарангэрэл нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1990 оны 10 сарын 23-ны өдрийн хурлын протоколь зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Мөн Ж.Бат-Өлзийгийн хөдөлмөрийн дэвтэрт түүний Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд төмөрчнөөр авч ажилуулсан, ажлаас чөлөөлсөн, Архангай аймгийн Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар авч ажилуулсан, ажлаас чөлөөлсөн талаарх бичилтэд тухайн байгууллагын тамга дарагдсан, түүний шүүхэд эх хувиар нь өгсөн Архангай аймгийн Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд ажилд орсон тушаал хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй тохирдог тул уг хөдөлмөрийн дэвтрийг хүсэлт гаргагчийн ажиллаж байсныг нотолсон баримт гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ж.Бат-Өлзийгийн Архангай аймгийн Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд төмөрчин, манаач, галчаар 1980 оны 08 сарын 04-ний өдрөөс 1987 оны 05 сарын 23-ны өдрийг хүртэл ажиллаж байсан нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвийн 1980 оны 08 сарын 04-ний өдрийн 79 тоот тушаал, гэрч Л.Оюунгэрэл, Т.Ганцэцэг, У.Сарангэрэл нарын мэдүүлэг, Ж.Бат-Өлзийгийн 185051 тоот хөдөлмөрийн дэвтрээр, Архангай аймгийн Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар 1987 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь 1990 оны 10 сарын 23-ны өдрийн хурлын протоколь, гэрч Ц.Энхтүвшин, А.Пүрэв нарын мэдүүлэг, Ж.Бат-Өлзийгийн 185051 тоот хөдөлмөрийн дэвтэр, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Хүсэлт гаргагч Ж.Бат-Өлзийгийн Архангай аймгийн Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд төмөрчнөөр 1980 оны 08 сарын 04-ний өдрөөс ажиллаж эхэлсэн нь Жавзмаа овогтой Бат-Өлзийг 1980 оны 8-р сарын 4-ний өдрөөс эхлэн Төмөр засварчнаар авч ажиллуулсугай гэсэн “Ажилд авах тухай” Архангай аймгийн Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвийн 1980 оны 08 сарын 04-ний өдрийн 79 тоот тушаалаар тогтоогддог.
Хэрэгт хүсэлт гаргагчийн Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвөөс ажлаас гарсан, мөн Архангай аймгийн Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй боловч хүсэлт гаргагчийн “би Архангай аймгийн Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд 1980 оны 08 сарын 04-ний өдрөөс 1987 оны 05 сарын 23-ны өдрийг хүртэл төмөрчин, манаач, галчаар, Архангай аймгийн Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар 1987 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан” гэх тайлбар, 1990 оны 10 сарын 23-ны өдрийн хурлын протоколь, гэрч Ц.Энхтүвшин, А.Пүрэв, Л.Оюунгэрэл, Т.Ганцэцэг, У.Сарангэрэл нарын мэдүүлгийг үндэслэн Ж.Бат-Өлзийг Архангай аймгийн Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд төмөрчин, манаач, галчаар 1987 оны 05 сарын 23-ны өдрийг хүртэл, Архангай аймгийн Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар 1987 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.
Иймд Ж.Бат-Өлзийгийн “Архангай аймгийн Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд төмөрчин, манаач, галчаар 1980 оны 08 сарын 04-ний өдрөөс 1987 оны 05 сарын 23-ны өдрийг хүртэл, Архангай аймгийн Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар 1987 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох” хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Ж.Бат-Өлзий нь Хэрэглээний хоршоо болон компанид ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргаагүй тул Хэрэглээний хоршооны ажилчин албан хаагчдын 1991 оны 06 сарын 06-ны өдрийн, 1992 оны 02 сарын 10-ны өдрийн хурлын протоколь, компанийн гишүүд ажилчин албан хаагчдын 1994 оны 06 сарын 07-ны өдрийн хурлын протоколийг түүний нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримт гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Жавзмаагийн Бат-Өлзийгийн Архангай аймгийн Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд төмөрчин, манаач, галчаар 1980 оны 08 сарын 04-ний өдрөөс 1987 оны 05 сарын 23-ны өдрийг хүртэл, Архангай аймгийн Батцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар 1987 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА