Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1966 онд төрсөн, Архангай аймгийн Булган сумын Тамир багт оршин суух Зая гэгээн овгийн  Ширнэнгийн Цэвэлмаагийн /РД:АЮ66042601/ хүсэлттэй 
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ш.Цэвэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
   ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Цэвэлмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Архангай аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт ус түгээгчээр 1984 оны 6 дугаар сарын 01-нээс 1986 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл ажиллаж байгаад тус аймгийн Цэцэрлэг хотын 8 жилийн 1-р сургуульд үйлчлэгчээр ажилд орсон. Тухайн үеийн ажиллаж байсан талаарх хөдөлмөрийн дэвтэр гарч ирээгүй. Аймгийн архивын газраас ажиллаж байсан талаарх баримтыг шүүлгэсэн. Иймд намайг Архангай аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт ус түгээгчээр 1984 оны 6 дугаар сарын 01-нээс 1986 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ш.Цэвэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Ш.Цэвэлмаа миний бие 1984 оны 06 сараас эхлэн Архангай аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт Цагаан давааны Халзан гэх газар байрлах ус түгээгүүрийн газарт ус түгээгчээр 1986 оныг хүртэл хугацаанд ажилласан. Нийтийн аж ахуй үйлчилгээнээс гараад  1-р найман жилийн сургуульд цэвэрлэгчээр ажилд орж 2005 оныг хүртэл ажилласан. Ахуй үйлчилгээнд ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр надад байхгүй. Би 4 хүүхэдтэй, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт орох гэсэн боловч 3 жил дутсан. Би 1986 оны 10 сарын 01-ний өдрөөс 8 жилийн 1 дүгээр сургуульд 1994 оныг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгосон. Архиваас материал шүүлгэхэд миний Архангай аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт ажиллаж байсан байдалтай холбоотой материал гарсан учир шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан. Иймд намайг 1984 оны 06 сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээнд ус түгээгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв. 
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Цэвэлмаа нь Архангай аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газар ус түгээгчээр 1984 оны 06 сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1.    Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. ... 1984 оны 7-р сарын 10, 11, 12, 13-нд ажиллах үйлчилгээний жолооч нарыг хавсралт 3-д зааснаар томилсугай. Хавсралтанд: усны салбараас Ш.Цэвэлмаа, түгээгч гэсэн “Хариуцлагатай дежур үйлчилгээний жолооч томилох тухай” Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1984 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 180 тоот тушаал,
1.2. Баяр наадмын үеэр ажиллах хариуцлагатай жижүүр, жолооч, үйлчилгээний жолооч, ажилчдыг хавсралт 1, 2, 3-р баталсугай. Хавсралт №3-т Цэвэр ус түгээгч худгийн моторчин ус түгээгч ердийн хөсөгчин усчин: 10/VII-13/VII ... Ш.Цэвэлмаа гэсэн “Хариуцлагатай жижүүр томилох тухай” Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 205 тоот тушаал,
2. Гэрч Н.Даваахүүгийн: “Би Архангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1980 оноос 1984 он хүртэл усны тэрэг барьж байгаад, 1984 оны 02 сараас автын механикаар 1990 он хүртэл ажилласан. Намайг Архангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт автын механикаар ажилладаг байхад Ш.Цэвэлмаа нь 1984 онд тус ахуйн үйлчилгээний газарт усан сангийн ус түгээгчээр ажилд анх орж байсан. Ш.Цэвэлмаа нь уг ажлаа 1986 он хүртэл хийгээд ажлаасаа гарсан. Архангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний грашид цэвэр усны салбар, хог тээвэр, сувагжуулалт /бохир зөөдөг/ нь нэг дор байрладаг байсан. Одоогоор Наран төвийн сууринд байрладаг байсан. Би Ш.Цэвэлмаатай нэг байгууллагад, нэг дор хамт ажиллаж байсан учир түүний Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт ажиллаж байсан талаар мэднэ. Харин Нийтийн аж ахуйн үйлчилгээний газраас гараад ямар ажил хийснийг мэдэхгүй” гэх мэдүүлэг,
3. Гэрч Д.Нямжанцангийн: “Би Архангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1982 оноос эхлэн тус нийтийн аж ахуйн үйлчилгээг Ундарга ХХК болон өөрчлөгдөх хүртэл усны тэргийн жолоочоор ажиллаж байгаад Ундарга ХХК-д усны тэргийн жолоочоор 2016 он хүртэл ажилласан. 2016 оноос одоог хүртэл Ундарга ХХК-д диспьеючерээр ажиллаж байна. Намайг Архангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт усны тэргийн жолоочоор ажилладаг байхад Ш.Цэвэлмаа нь 1984 оноос 1986 оны хооронд тус ахуйн үйлчилгээний газарт 1 дүгээр усанд санд /одоогийн 2 дугаар усан сан/ ус түгээгчээр ажилладаг байсан. Би Ш.Цэвэлмаатай нэг байгууллагад хамт ажиллаж байсан, мөн байнга л усан сангуудаар ус түгээдэг байсан учир Ш.Цэвэлмааг Архангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт ус түгээгчээр 1984 оноос 1986 онд ажиллаж байсныг мэднэ” гэх мэдүүлэг,
4. Ш.Цэвэлмаагийн Архангай аймгийн Цэцэрлэг хотын 8 жилийн 1-р сургуульд 1986 оны 10 сарын 10-ны өдрөөс 1993 оны 06 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчлэгчээр, Архангай аймгийн Цэцэрлэг хотын 3-р 10 жилийн дунд сургуульд 1993 оны 06 сарын 18-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосон Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 342 тоот шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг болно. 

Шүүх хүсэлт гаргагч Ш.Цэвэлмаагийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Н.Даваахүү, Д.Нямжанцан нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Мөн Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.  
 Хүсэлт гаргагч Ш.Цэвэлмаагийн Архангай аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газар ус түгээгчээр ажиллаж байсан нь Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1984 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 180 тоот, 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 205 тоот тушаал, гэрч Н.Даваахүү, Д.Нямжанцан нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна. 
Хэрэгт хүсэлт гаргагчийн ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй боловч хүсэлт гаргагчийн “би Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээнд ус түгээгчээр 1984 оны 06 сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан” гэх тайлбар, 1984 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 180 тоот тушаал, гэрч Н.Даваахүү, Д.Нямжанцан нарын “Ш.Цэвэлмаа нь 1984 оноос 1986 онд Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээнд ус түгээгчээр ажилласан” гэх мэдүүлэг зэргийг үндэслэн Ш.Цэвэлмааг Архангай аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газар ус түгээгчээр 1984 оны 06 сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.
Иймд Ш.Цэвэлмаагийн Архангай аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газар ус түгээгчээр 1984 оны 06 сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6-д зааснаар Зая гэгээн овгийн Ширнэнгийн Цэвэлмаагийн Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар ус түгээгчээр 1984 оны 06 сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
    
              

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА