Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 824

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Н.Мөнхбат,

            Шүүгдэгч: Ж.А- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.А-эд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005000001300 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.А-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Ж.А- нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саммит” зочид буудлын үүдний цонхны тавцан дээр байсан хохирогч Ц.О-ын “Рэдми Нөүт 8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 442.260 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.А- шүүх хуралдаанд: “...Би тухайн үед хохирогчийн утсыг авч ломбарданд тавьсан нь үнэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Ц.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 27, 28-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн хойд талд байдаг Саммит зочид буудалд 24 цагаар ажиллаад өдөр 13 цагийн үед ээлж хүлээлцээд тек нь дээр манай менежер, гарах ээлж ирчихсэн бид 3 байхад гаднаас 25 орчим настай, туранхай биетэй, хар бараан царайтай, хар хөх өнгийн майктай, цагаан саарал өнгийн бэлтгэлийн өмдтэй эрэгтэй хүн орж ирээд өрөө авья гэсэн. Тэгээд би ээлж хүлээлцэхээр дээш гарахдаа өөрийн гар утсыг цэнэглэгчинд залгаад үлдээгээд гарсан. Тэгээд эргээд ороод ирэхэд миний гар утас байхгүй, залгахад утас холбогдохгүй, камер шүүхэд манайхаас өрөө авахаар асууж байсан эрэгтэй утсыг маань аваад гарч байгаа нь бичигдсэн байсан... уг залуу манай буудалд Ж- овогтой А- гэх нэрээр бүртгүүлсэн байсан. Түүний 91350211 дугаарын утсаар холбогдож гар утас авсан тухай нь хэлэхэд эгчээ миний буруу гээд эргүүлж өгнө гэсэн боловч өгөөгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 35-36/,

Гэрч В.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн орчимд 3890 гэсэн дугаартай барьцаат зээлийн гэрээнд Ж- овогтой А- гэх хүн 250.000 төгрөгийн барьцаанд Ми нөүт 8 маркийн гар утас 7 хоногийн хугацаатай 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаатай тавьж зээлийн гэрээ байгуулж байсан. ...манай ломбардны 7 дугаар сарын 28-ны өдрийн бичлэгт хар хувцастай, бор царайтай Отгонбаярын ирэхдээ харуулж байсан зурагтай адилхан эрэгтэй хүн байсан. ...би хохирлын 265.000 төгрөг хүлээн авсан. Гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 41-43/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...хар өнгийн майктай эрэгтэй текний хаалгыг онгойлгож оров. Дотогш орохдоо эрэгтэй гартаа ямар нэгэн эд зүйл бариагүй байв. Хар өнгийн майктай эрэгтэй доош тонгойж байв. ...хар өнгийн майктай эрэгтэй хүн баруун талын гартаа улаан хүрэн өнгийн эд зүйл барьж гарч байв. Хар өнгийн майктай эрэгтэй баруун гартаа улаан өнгийн гар утас мэт эд зүйл бариад гадагш гарч байв” гэсэн тэмдэглэл /хх-н 18-22/, 

Яллагдагчаар Ж.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна... мөнгөний хэрэг байсан учраас буудлын текин дээр байсан “Редми Нөүт-8” маркийн гар утсыг хулгайлаад аваад гараад явсан юм... Би тухайн үед ганцаараа байсан. ...бусдын эд зүйлийг хулгайлсанаа хүлээн зөвшөөрч гэмшиж гэм буруугаа ойлгож байна” гэсэн мэдүүлэг /хх-н 63-64/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, хохирогчийн өргөдөл /хх-н 2/, барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-н 3/,  эд зүйлийн үнэлгээ /хх-н 51-52/, эд  зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 31-32/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 71-72/, хохирогчийн хүсэлт /хх-н 74/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ж.А- нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саммит” зочид буудлын үүдний цонхны тавцан дээр байсан хохирогч Ц.О-ын “Рэдми Нөүт 8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 442.260 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.О-ын: “...Тэгээд би дээш гарч ээлж хүлээлцэхээр дээш гарахдаа өөрийн гар утсыг цэнэглэгчинд залгаад үлдээгээд гарсан. Тэгээд эргээд ороод ирэхэд миний гар утас байхгүй, залгахад утас холбогдохгүй, камер шүүхэд манайхаас өрөө авахаар асууж байсан эрэгтэй утсыг маань аваад гарч байгаа нь бичигдсэн байсан... уг залуу манай буудалд Ж- овогтой А- гэх нэрээ бүртгүүлсэн байсан. Түүний 91350211 дугаарын утсаар холбогдож гар утас авсан тухай нь хэлэхэд эгчээ миний буруу гээд эргүүлж өгнө гэсэн боловч өгөөгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 35-36/, гэрч В.Ө-ын: “...Ж- овогтой А- гэх хүн 250.000 төгрөгийн барьцаанд Ми нөүт 8 маркийн гар утас 7 хоногийн хугацаатай 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаатай тавьж зээлийн гэрээ байгуулж байсан. ...манай ломбардны 7 дугаар сарын 28-ны өдрийн бичлэгт Отгонбаярын ирэхдээ харуулж байсан зурагтай адилхан эрэгтэй хүн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 41-43/, камерын бичлэгт үзлэг хийсэн /хх-н 18-22/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.А- нь хохирогчийн текэн дээр тавьсан байсан гар утсыг хулгайлан 442.260 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь шүүгдэгчээс гар утсаа буцаан авсан гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ж.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.А- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил хорих ял оногдуулах ялын санал гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ж.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч Ж.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Ж.А-эд ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, 1 ширхэг плаш зэргийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Ж- А-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-ийг хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.А-эд оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, 1 ширхэг плаш зэргийг хэрэгт хавсаргасугай.
  6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А-эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР