Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 827

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Г.Онон,

Шүүгдэгч: Э.У-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Э.У-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005020561252 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Э.У- нь 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойруу 75 дугаар гудамж 1 дүгээр байранд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх дуудлагын дагуу очсон Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Хэв журмын тасгийн жолооч цагдаа Б.Х-ын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж толгойн тус газарт нь цохиж эсэргүүцсэн,

мөн Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Хэв журмын тасгийн жолооч цагдаа Б.Х-ын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн толгойн тус газар нь Айфон 6 Эс плас маркийн гар утсаар цохиж эрүүл мэндэд нь хуйханд нь шарх, баруун хацрын шонтонд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.У- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Б.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “…2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр би ээлжийн ажилтай Бугат-115 чиглэл буюу Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Б.О-ын хамтаар үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Бугат 10-аас 13 цаг 48 минутанд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, БҮК-ийн байранд О- гэх хүнээс нөхөр намайг согтуу зодоод байна гэсэн дуудлага мэдээллийг өгсөн. Үүний дагуу уг дуудлагыг очиж шалгахад О- гэх эмэгтэй, согтуу зөрчил гаргасан гэх нөхөр М- нар нь хоёулаа согтуу гэртээ хэвтэж байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна, юу болсон талаар асуухад О- нь “би согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн учир нөхөртэйгээ маргалдсан” гэж байсан. Нөхөр нь нилээн согтсон байдалтай байхаар нь М-ыг эрүүлжүүлэх байр руу хүргэж өгөхөөр аваад гарах үед хажуу айлынх нь юмуу нэг залуу гаднаас орж ирээд М-ыг өгч явуулахгүй гээд урдуур дайраад эсвэл М-ын хувцаснаас зуураад саад учруулаад байхаар нь М-ыг гэрт нь үлдээгээд уг залууг хоёр талаас нь сугадаж гараад машин руугаа суулгах гэтэл 20-22 орчим насны эрэгтэй “пиздакуудаа та нар болиочээ, та нараас айна гэж бодоо юу зүгээр байгаарай” гээд чанга орилоод байсан. Тухайн үед уг залуугийн эхнэр нь гэх хүн ирээд “уучлаарай ахаа би нөхрөө гэр рүүгээ ороод унтуулъя битгий авч яваач дахиж ийм асуудал гаргахгүй” гээд гуйгаад байхаар нь эхнэрт нь өгөөд явуулсан. Харин буцаж М-ын гэр рүү ороод М-ыг аваад гарах үед 20-22 насны залуу дахиж “пиздакуудаа та нар хэн юм бэ” гээд чанга, чанга орилоод байхаар нь “чи чимээгүй бай даа” гэхэд “би угаасаа чанга орилдог юм” гээд байсан. М-ыг машиндаа суулгаад уг залууг бичиг баримтаа шалгуул гээд дуудахад та нар шиг юмнуудад бичиг баримтаа шалгуулахгүй, чадахгүй гээд байхаар нь чи машинд суу хэлтэс дээр аваачиж байгаад чиний хэн болохыг тогтооно гээд машиндаа суулгах гэтэл чадахгүй, суухгүй гээд надтай ноцолдоод, зууралдаад байсан. Ингээд би гарыг нь барьж аваад өчиж байх үед эхнэр нь гэх хүн ирээд Айфон 6 маркийн гар утсаар миний толгойн орой хэсэг рүү 3-4 удаа цохисон. Ингээд нөхрийг нь Отгонбаатарын хамтаар гавлаж машиндаа суулгах үед эхнэр нь ирээд миний толгой руу дахиж цохих гээд дайраад байхаар нь гарыг нь бариад болиулсан. Ингээд толгойгоо хартал миний толгойноос цус гарч байсан. ...Уг хүнд хуулийн дагуу зохих арга хэмжээг нь авч өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

        Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “…ингээд буцаж очоод М-ыг аваад гарах үед 20-22 орчим насны залуу “та нар хэн юм бэ пиздакуудаа” гэж орилоод байсан. Тухайн үед би М-ыг машиндаа суулгаад харин жолооч цагдаа Х- уг залуу дээр очоод бичиг баримтаа шалгуул гэж дуудахад “та нар шиг юмнуудад бичиг баримтаа шалгуулахгүй, чадахгүй” гээд байсан. Ингээд Х- “чи машинд суу яагаад чанга орилоод байгаа юм, яагаад цагдаагийн албан хаагчдад саад учруулаад байгаа юм чи, овог нэрээ хэлэхгүй бол хэлтэс дээрээ очиж байгаад хэн болохыг чинь тогтооно” гэж хэлэхэд чадахгүй, суухгүй гээд байхаар нь Х- уг залуугийн гарыг өчих үед эхнэр нь ирээд Х-ын толгой орой хэсэг рүү Айфон маркийн утсаар удаа дараа цохиод Х-ын толгойноос цус гарсан. Ингээд би очоод уг залууг Х-ын хамт гавлаж машиндаа суулгах үед эхнэр нь дахиж ирээд Х-ыг цохих гээд байхаар нь гарыг нь бариад болиулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/,

       Гэрч О.М-ын мөрдөн байцаалтад өгсөн “..ингээд намайг регистрийн дугаараа хэл гэхээр нь би хэлэхгүй гэхэд эсэргүүцлээ гээд намайг гавлах гэж гарнаас барьж өчсөн. Энэ үед эхнэр Ууганцэцэг гарч ирээд цагдаагийн алба хаагч нарыг болиулах гэж оролдсон бөгөөд би ч гараа гавлуулахгүй гээд гараа татаж эсэргүүцэл үзүүлсэн. ...тэгэхээр нь би за болъё, зүгээр өөрөө гавлуулъя гээд гавлуулаад сууж байхдаа эмэгтэй жирэмсэн хүнийг битгий оролд, зүгээр надтай төрийн хувцсаа тайлж байгаад нэг нэгээрээ эр хүн шиг зодолдчих гэж хэлсэн. Та нарын мөрдөөд байдаг хууль дүрэм чинь хаана байна гэх байдлаар давтаж олон удаа тэр хавиар орилж хашгирч байсан. Тэгээд би машинд сууж байхдаа хартал намхан нуруутай цагдаагийн алба хаагчийн толгойноос нь цус гарчихсан байсан. Хагалуулсан юм уу, маажуулсан юм уу би мэдэхгүй байна... би цохиж зодож гэмтэл учруулсан зүйл байхгүй.. зүв зүгээр байсан намайг саатуулж авч явах гэхээр нь эр нөхрөө явуулахгүй гээд гар утсаараа цохичихсон юм байна лээ. Нөхрөө явуулахгүй гэсэн үүднээс ийм үйлдэл хийсэн байх” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/,

Шинжээчийн 6481 тоот дүгнэлтэд: “...Б.Х-т хуйханд шарх, баруун хацрын шонтонд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-н 33/,

Яллагдагч Э.У-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...ингээд би та авч явах хүнээ авч яваарай гэж хэлээд О.М-ыг тавихгүй байхаар нь өөрийн барьж буй Айфон 6 Эс плас маркийн гар утсаараа Х- гэх цагдаагийн толгойн орой буюу дух хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Тухайн үед нөхөр О.М-ыг машиндаа суулгахаар нь дургүй хүрээд Х- гэх цагдааг дахиад цохих гэтэл миний гарыг бариад түлхсэн. Тухайн үед Х- гэх цагдаагийн толгойноос цус гарсан. Би цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, эрх чөлөөнд халдаж, биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ бол миний буруу, би удахгүй төрнө, ээж болно, надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 11/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 14, 44, 46-47/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 36/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Э.У- нь 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Үйлдвэрийн тойруу 75 дугаар гудамж 1 дүгээр байранд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх дуудлагын дагуу очсон Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Хэв журмын тасгийн жолооч цагдаа Б.Х-ын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж толгойн тус газарт нь цохиж эсэргүүцсэн,

мөн Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Хэв журмын тасгийн жолооч цагдаа Б.Х-ын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн толгойн тус газар нь Айфон 6 Эс плас маркийн утсаар цохиж эрүүл мэндэд нь хуйханд нь шарх, баруун хацрын шонтонд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Х-ын: “…Ингээд би гарыг нь барьж аваад өчиж байх үед эхнэр нь гэх хүн ирээд Айфон 6 маркын гар утсаар миний толгойн орой хэсэг рүү 3-4 удаа цохисон. Ингээд нөхрийг нь Отгонбаатарын хамтаар гавлаж машиндаа суулгах үед эхнэр нь ирээд миний толгой руу дахиж цохих гээд дайраад байхаар нь гарыг нь бариад болиулсан. Ингээд толгойгоо хартал миний толгойноос цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/, гэрч Б.О-ын: “…Х- уг залуугийн гарыг өчих үед эхнэр нь ирээд Х-ын толгой орой хэсэг рүү Айфон маркийн утсаар удаа дараа цохиод Х-ын толгойноос цус гарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/, гэрч О.М-ын: “..би машинд сууж байхдаа хартал намхан нуруутай цагдаагийн алба хаагчийн толгойноос нь цус гарчихсан байсан. Хагалуулсан юм уу, маажуулсан юм уу би мэдэхгүй байна... би цохиж зодож гэмтэл учруулсан зүйл байхгүй.. зүв зүгээр байсан намайг саатуулж авч явах гэхээр нь эр нөхрөө явуулахгүй гээд гар утсаараа цохичихсон юм байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/, шинжээчийн 6481 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.У-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.У- нь хохирогч Б.Х-ыг албан үүргээ биелүүлж байхад нь буюу нөхрийг нь авч явах гэлээ гэх шалтгаанаар эсэргүүцэж, хүч хэрэглэсэн, улмаар толгойн тус газар нь гар утсаараа цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.У-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.У- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, нэмж нэгтгэх, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч нь 5 сартай жирэмсэн тул шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэсэн дүгнэлт тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэх зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ...жирэмсэн эмэгтэй ...хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина” гэж хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Э.У- нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүний хувийн байдал буюу 5 сартай жирэмсэн байгааг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг iphone 6 plus маркийн гар утсыг шүүгдэгч Э.У-т буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.У-ийг “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн”,

- “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ийг 6 сар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар  хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсугай.
  3. Шүүгдэгч Э.У- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.У-т шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг iphone 6 plus маркийн гар утсыг шүүгдэгч Э.У-т буцаан олгосугай.
  6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР