| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2017/0946/Э |
| Дугаар | 210 |
| Огноо | 2018-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 210
О.Нд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор С.Цэрэндорж,
шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 890 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Нд холбогдох эрүүгийн 1706027840333 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Гал боржигон овогт Оюунбазарын Н, 1983 оны 3 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөөний гудамж, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХИ/,
О.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “TRURE-L” хотхоны 720 дугаар байрны 2 давхарт иргэн С.Отай маргалдаж, зодолдсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: О.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Оюунбазарын Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Нг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Нд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7 ширхэг фото зургийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Н гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие С.О болон Г.Ган-Эрдэнэ нарт гүтгүүлж хийгээгүй хэргийн хариуцлагыг үүрч О гэдэг хүний биед хөнгөн гэмтэл учируулсан гэх хилс хэргээр ял авч хохироод байгаа билээ. Ган-Эрдэнэ нь миний хүүгийн төрсөн эцэг ба 2 жил гаруйн өмнө намайг “эхнэрээсээ салсан” гэж хуурч залилж надтай харилцаанд орж хүүхэдтэй болгож хувь заяагаар маань тоглосон этгээд бөгөөд эхнэрээсээ салаагүй, бас надтай танилцах үед эхнэр нь түр хугацаагаар Солонгост ажиллаж байсныг нь сүүлд олж мэдсэн билээ. Намайг өөрийг нь зодсон гэж гүтгэж яланд унагаад байгаа О гэгч нь нөхрөө хардаж сэрдэж надад өс хонзон санаж, утсаар, мессежээр байнга хэл амаар доромжилдог хүн юм.
Би Америк болон Хонг Конг улсад сүүлийн 8 жил амьдарч уул уурхай болон санхүүгийн компаниудад ажиллаж байгаад Хонг Конгийн үндэсний их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгсөөд мэргэжлээрээ ажиллахаар 2015 оны 8 дугаар сард монголд буцаж ирсэн. Энэ үеэр миний фэйсбүүк мессенжэр лүү үл таних залуу өөртэйгөө танилцаж болзохыг ятгаж өөрийгөө ганц бие, эхнэрээсээ салаад 6 сар болж байгаа, эхнэр нь өөр хүнтэй суугаад гадаадад амьдрахаар явсан, 2 хүүхэд нь өөр дээр нь байдаг гэж бичиж эхэлсэн. Мөн хувиараа бизнес хийдэг гэх мэт зүйлсийг ярьж үргэлжлүүлж ятгаж хэдэн өдөр дарааллаж уулзаж болзохыг гуйж гувшсан. Би хэлж бичсэн зүйлсд нь итгэж уулзахыг зөвшөөрсөн. Уулздаг болоод удалгүй дотно харилцаатай болсон ба бие биенийхээ гэрээр ирж очдог болсон. Энэ хүний гэрт ээжээс нь өөр эмэгтэй хүн амьдардаг ул мөр байгаагүй тул би бүр итгэсэн. ...Хий хардах, мөн хаа хамаагүй хүнтэй холбож хардаж сэрдэх байдлууд байнга гаргах болсон. “Би чамд ийм их хайртай болохоор ингэж хардах юмаа, чамайг хэзээ ч алдмааргүй байна” гэж байнга хэлдэг байсан. Гар хүрэх болгондоо араас нь өвдөг дээрээ сөхөрч сууж байгаад “дахиж хэзээ ч ингэхгүй” гэж ам тангараг өгч уучлахыг гуйж аргаддаг байсан. ...15 оны 11 дүгээр сард миний гар утсанд Солонгос улсын дугаараас дуудлага орж ирсэн ба нэг эмэгтэй “Ган-Эрдэнийг таних уу? Хоорондоо бичээд байгаа мессежнүүд чинь давхар надад ирээд байна” гэж над руу ярьсан. Тухайн үедээ балмагдаад “дугаар андуурсан байна” гэж хэлээд тасалсан. Тэр даруйд нь Ган-Эрдэнэ рүү залгаж хэлэхэд "Дахиж залгавал битгий яриарай, наадах чинь нөгөө салсан эхнэр байна, салчихаад одоо хүртэл хардаад байдаг юм" гэж хэлсэн. Уг хэргийн гэрч Ган-Эрдэнэ нь гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүйн тулд олон юм бөөрөнхийлж ярьж мөн намайг эхнэртэй нь харилцан зодолдсон гэж худал мэдүүлэг өгсөн. Надтай зодоон хийх гэж дайрч давшилж байхад нь л болиулах гэж хэдхэн секунд л зууралдсан. Мэдүүлэгтээ өгсөн бүх зүйлүүдийг логикоор бодоход ч болох боломжгүй байсан, яагаад гэвэл Ган-Эрдэнэ яг хажууд байсан шууд л дундуур орж зууралдааныг дор нь л болиулсан. Намайг “цагдаа дуудна” гээд гар утсаа халааснаасаа гаргаж ирэхийг болиулах гэж Ган-Эрдэнэ 2 гарнаас зуурсан үед өөрөө над руу дайрч үсдэж, өшиглөж танхайрсан. Би 34 нас хүртлээ сүүлийн 2 гаруй жилийн дотор үзээгүй юмаа үзэж, стрессдэж үзээгүйгээрээ стрессдэж, хүнд гомдож үзээгүйгээрээ гомдож үнэхээр их зовж байна. Надад энэ хүний гэрт очиж бухимдаж шаардлага тавих хангалттай шалтгаанууд байсан. Гэхдээ би Отай муудалцах ямар ч санаа байгаагүй. Энэ хүнд санасан өс хонзон ч байхгүй. Яг үнэндээ надтай адилхан л Ган-Эрдэнэд хууртагдаж 2 хүүхдийг нь гаргасан, одоо ч гэсэн энэ хүнд тамлагдаж амьдардаг ч 2 хүүхдээ бодоод шүдээ зууж амьдардаг эмэгтэй. Яг адилхан “эрүү үүсгэ” гэж хэлэхгүй гэж байцаагчдаа хэлж байсан. Харин намайг өөрийг нь зодсон гэж гүтгээд байна гэж удаа, дараа хэлж байсан. Хууль цагдаагийн газрыг шударгаар шийдэх байх, ганцхан намайг буруутгана гэж бодоогүй, дээрээс нь хуулийн мэдлэггүй мөн цаг тухайд нь хуульч, өмгөөлөгчийн туслалцаа аваагүй, мөн тэг ингэ гээд хэлээд өгөх ухаантай хүн ч хажууд байгаагүй хэргийг тартагт нь тулгасан нь миний өөрийн буруу ч бас байгаагаа ухаарч байгаа билээ. Мөн миний бие урьд өмнө нь хүн амьтантай хэрүүл тэмцэл хийж байгаагүй, дээрээс нь эмэгтэй хүн эх хүний хувьд хүн гэмтээсэн гэж гүтгүүлж авсан ялны хар толбыг насаараа үүрч явна гэдэг үнэхээр шударга бус гомдмоор байна.
Ган-Эрдэнэ, О хоёрыг намайг гүтгэсэн, бас Ог тухайн үед өөрөө намайг үсдэж өшиглөж танхайрсан хуулийн хариуцлагыг нь тооцуулж өг гэж гомдол гаргаж болох ч, энэ бүхнээс үнэхээр ядарч стрессдэж бас Ог адилхан эх хүнийх нь хувьд, Ган-Эрдэнийг хүүхдийн маань эцгийн хувьд уучилж ийм гомдол гаргахгүй гэж шийдсэн.
Харин шударга шүүхээс энэ асуудлын ул суурь, тухайн өдрийн болсон асууудлууд дээр уг хоёр хүний мэдүүлгүүд нь зөрүүтэй, гарсан гэх хөнгөн гэмтлүүдтэй уялдаа холбоогүй, мөн хэргийн мөрдөлт хэт нэг талыг барьсан шударга бусаар тэгш эрх зөрчигдөж явагдсан зэргийг харгалзан үзэж энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч О.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Муудалцсаны дараа орой нь над руу ярихдаа “чамайг гэрт ирснээс болж бид хоёр хоорондоо муудалцаад зодолдсон” гэж ярьсан. Би тэр гэмтлийг хоорондоо муудалцсанаас болж учирсан байх магадлалтай гэж бодож байна. Миний учруулсан гэх гэмтэл үүсэх боломж байгаагүй. Шүүхийн дүгнэлт ерөнхий гарсан гэж үзэж байна. Асуудлыг бүх талаас нарийн авч үзэх ёстой байсан. Ялихгүй зүйлээс болоод эрүүгийн хэрэгт холбогдсонд гомдолтой байна...” гэв.
Шүүгдэгч О.Нгийн өмгөөлөгч О.Чулуунчимэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Чулуунчимэг миний бие О.Нгийн өмгөөлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 890 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаж байна.
Шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгчийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулсан. Харамсалтай нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12265 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Огийн биед “эрүү, хүзүү, цээжинд цус хуралт, зулгаралт, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдлоо гэсэн байдаг. Гэтэл гэрч Г.Ган-Эрдэнэ нь анх цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлэг өгөхдөө /хх-ийн 21-23/ “...2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 17 цаг өнгөрч байхад гэртээ байж байхад хонх дуугарч Н орж ирсэн. 30 минут болсон. ...Зөрж гарах гэсэн. ...Надад дууслаа гэсэн ...Тэгээд хоорондоо үг хаялцаад маргалдаж бие биенээ заамдаад бие биеэ 1 алгадсан. ...Тэгээд би хоёуланг нь салгасан...” гэх мэдүүлэг, мөн хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн “Н намайг хэл амаар доромжилж дайраад миний хүзүүг маажиж, над руу дайраад шатны дээд хэсэгт гарчихаад миний зүүн ташаа хэсэг рүү өшиглөөд нулимаад байсан.” гэх мэдүүлгээс харахад миний үйлчлүүлэгч хохирогчтой маргаад хацар луу нь нэг алгадсан, бас заамдсан, өшиглөсөн байх нь. Яагаад гэвэл энэ хэргийг болох үед байсан цор ганц гэрч ингэж анх мэдүүлж байхаас гадна хохирогч хүзүүгээ маажуулсан, өшиглүүлсэн гэжээ.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заахдаа “Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэлзүйн шинж илрээгүй, зулгаралт, цус хуралт үүсээгүй үед гэмтлийн зэрэг тогтоохгүй“ гэжээ. Хохирогчийн хүзүү, цээжинд Н нь хүрэх боломжгүй гэдэг нь хохирогч С.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “...6 цаг өнгөрсөн байсан учир би том хүүгээ цэцэрлэгээс нь авах болоод би хувцасаа өмсөөд гарсан“ гэх мэдүүлгээс гадуур хувцастай байсан нь нотлогдоно. Энэ бүхнээс харахад хохирогчид миний үйлчлүүлэгч нэг удаа хүзүү рүү нь маажсан, ташаа руу нь өшиглөсөн үйлдэлдээ л буруутай байхад шүүх түүний цохиогүй хэсэгт гарсан гэмтлийн зэргээр буруутгасан. Дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байхад үүнийг хэрэглээгүй, иймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Нг цагаатгаж өгнө үү...” гэв.
Прокурор С.Цэрэндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хуралдааны явцад тухайн оролцогч нараас гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж, урьдчилсан хэлэлцүүлэг хийгдсэний дараа гэм буруугийн хурал зарлагдсан. 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр буюу С.Огийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлтэй холбогдсон асуудал яригдаж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд Г.Ган-Эрдэнийг оролцуулсан. Тухайн нөхцөл байдал болсон үеэс шууд Шүүх эмнэлэг явсан нөхцөл байдлыг шүүх хуралдааны явцад тодруулж асуусан. О.Н нөхөр Г.Ган-Эрдэнийн үйлдлээс болж С.Огийн биед хөнгөн хохирол учирсан гэсэн асуудал яригдсан. Энэ нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Ийм учраас тухайн нөхцөл байдалтай холбогдуулан хохирогчийн мэдүүлэг, Г.Ган-Эрдэнийн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн дүгнэлт зэргийг шүүх дүгнэж үзээд С.Огийн биед хөнгөн хохирол учруулсан нь үндэслэлтэй гэсэн байдлаар 500 нэгжээр буюу түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр заасан. Өмгөөлөгчийн тайлбарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт гэж байгаа. Өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй зүйл заалтыг гомдолдоо бичсэн байна. Шинжээчийн дүгнэлтэд гэмтлийг 2 хүн зодсон гэж анхнаасаа яригдаагүй. Гэмтлийг ялгаж гаргасан зүйл байхгүй. Тухайн гэмтлийг тухайн нөхцөл байдал дээр очиж шинжээчийг томилж, шинжээчид үзүүлсэн. Энэ нөхцөл байдлыг шүүх дүгнээд О.Нгийн үйлдлээс С.Огийн биед хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
О.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “TRURE-L” хотхоны 720 дугаар байрны 2 давхарт иргэн С.Отай маргалдаж, зодолдсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч С.Огийн: “...2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр манай гэрт намайг Солонгос улсад байхад манай нөхөртөө дотно харьцаанд орсон байсан Н гэх хүүхэн ирээд нөхөртэй уулзсан. Энэ үед би хүүхдээ цэцэрлэгээс авах болчихоод гарахдаа нөхрийгөө “чи гэртээ ороо” гэж хэлээд Нд хандаж “чи ахиж манай гэрт битгий ирээрэй, ахин ийм үйлдэл битгий гаргаарай” гэж хэлтэл Н намайг хэл амаар доромжилж дайраад миний хүзүүг маажиж, надруу дайраад шатны дээд хэсэгт гарчихаад миний зүүн ташаа хэсэг рүү өшиглөөд, нулимаад байсан. Миний хувьд Нг нэг удаа үсэдсэн. Энэ үед нөхөр Ган-Эрдэнэ голоор орж ирээд хаагаад салгасан...” /хх-ийн 18-19/,
гэрч Г.Ган-Эрдэнийн: “...Н бид хоёр уулзаад зогсож байхад О гэрээс гарч ирээд намайг “гэртээ ор”, Нг “чи яв” гэж хэлсэн. Энэ үед Н “бид 2 хүүхдийнхээ талаар ярьж байна, чи өөрөө яв” гэж хэлээд энэ 2 маргалдаж эхэлсэн. Улмаар 2 талаасаа барилцаж аваад харилцан үсдэлцэж, бие биенийгээ харилцан алгадаж нэг нэгийгээ мөн харилцан өшиглөлцсөн. Энэ 2 барилцаж аваад удаагүй байхад би дундуур нь ороод салгасан. Намайг салгах үед Н болон О нар хоёулаа гар утаснуудаа гаргаж ирээд л цагдаа дуудсан. Нгийн биед гэмтэл шарх байсан эсэхийг би анзаарч хараагүй. Учир нь тухайн хэрүүл маргаан болж сандарсан байсан. Огийн хувьд ч мөн би анзаарч хараагүй. Тухайн үед бид гурав цагдаа дээр ирэхэд Н, О нар өргөдөл өгч байцаалт өгөөд Шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол аваад явсан...” /хх-ийн 51-52/,
гэрч Б.Тамирын: “...Тухайн үед Огийн биеийн ил гарсан хэсэг буюу нүүр аманд нь ямар нэгэн гэмтэл байгаагүй. О өөрөө “намайг Н ингэж маажсан” гээд цээжээ сөхөж харуулахад маажигдсан шинээр үүссэн шархтай байсан. Би Ог байцааж дуусаад Нг байцаахад Н “...О гэрээсээ гарч ирээд намайг “чи зайлаач” гэж хэлэхэд Ган-Эрдэнэ эхнэрийгээ оруулаад намайг дагуулаад орц руу гарсан. Би Ган-Эрдэнэтэй 30 орчим минут юм яриад сууж байхад О гарч ирээд шатны хаалгыг онгойлгоод “чи ор” гэж хэлээд намайг “чи яах гэж ирсэн янхан бэ” гэж харааж орилсон. Тэгэхээр нь би “уучлаарай, танай нөхрийн араас гүйж ирээгүй, хүүхэдтэй байж хариуцлагаа хүлээ гэж хэлж байна. Чамд хамаагүй чи цаашаа ор” гэж хэлэхэд О над дээр ирээд миний толгойн баруун дээд хэсэгт гараараа цохихоор нь би Отай хэрэлдэхэд Ган-Эрдэнэ голоор орж ирээд салгасан. О миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь би тавиулах гээд гарыг нь түлхсэн. Тэгэхэд Ган-Эрдэнэ эхнэрийгээ салгаад аваад явахаар нь би цагдаа дуудах гэтэл Ган-Эрдэнэ миний гар утсыг булааж аваад, миний 2 гараас бариад намайг доош суулгасан. Энэ үед О дахин над дээр ирээд үснээс зулгаахад Ган-Эрдэнэ гарнаас нь татаж байгаад тавиулсан..." гэж мэдүүлсэн. Тухайн үед Нгийн зүүн гарын ядам хуруу нь маажуулсан, бас хацар нь маажуулсан, мөн духан дээр нь маажсан байсан. Мөн Н миний үснээс зулгаасан гээд үснээсээ гараараа татахад унаж байсан. Өөрөө хэлэхдээ “миний толгой өвдөөд байна, мөн зүүн ташаа, гуя хэсгээр хөндүүрлээд байна” гэхээр нь би тухайн эмэгтэй хүний биед үзлэг хийхэд ижил хүйсний үзлэг хийх эрх бүхий албан тушаалтан байхгүй байсан учир өөрийг нь 00 -ын өрөө орж үзчихээд ирээ гэхэд өөрөө 00-ын өрөө орж ирчихээд, “зүүн гуя болон зүүн ташаа хөхөрсөн байна” гэж хэлж байсан. Би Н болон О нарт аль алинд нь шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол үйлдэж өгөөд явуулсан...” /хх-ийн 53-54/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...С.Огийн биед эрүү, хүзүү, цээжинд цус хуралт, зулгаралт, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн...” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болохыг тогтоосон шинжээчийн 12265 тоот дүгнэлт /хх-ийн 12/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Н “...Миний бие С.О болон Г.Ган-Эрдэнэ нарт гүтгүүлж хийгээгүй хэргийн хариуцлагыг үүрч О гэдэг хүний биед хөнгөн гэмтэл учируулсан гэх хилс хэргээр ял авч байна. ...хэргийн мөрдөлт хэт нэг талыг барьсан шударга бусаар тэгш эрх зөрчигдөж явагдсан. ...тэр гэмтлийг С.О, Г.Ган-Эрдэнэ нар хоорондоо муудалцсанаас болж учирсан байх магадлалтай, ...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг “...миний үйлчлүүлэгч нэг удаа хүзүү рүү нь маажсан, ташаа руу нь өшиглөсөн үйлдэлдээ л буруутай байхад шүүх түүний цохиогүй хэсэгт гарсан гэмтлийн зэргээр буруутгасан. ...тогтоолыг хүчингүй болгож, О.Нг цагаатгаж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Учир нь, хэрэг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гарсан бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч цагдаагийн дэслэгч Б.Тамир 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч С.Огийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-ийн 26/ баталж, хохирогч тухайн өдрөө Шүүх эмнэлэгт очсон байх ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12265 тоот дүгнэлт /хх-ийн 27/ хавтаст хэрэгт авагджээ.
Иймээс хохирогч С.Огийн биед Г.Ган-Эрдэнэ гэмтэл учруулсан гэх тайлбар цаг хугацааны хувьд няцаагдаж байна. Нөгөөтэйгүүр С.О, Г.Ган-Эрдэнэ нар маргалдаж, зодолдсоны улмаас хохирогчид гэмтэл учирсан гэх баримт хэрэгт алга.
Түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан нөхцөл байдлууд дээр дурдсан хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, мэдүүлгүүдээр үгүйсгэж байна. Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч О.Н нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
Шүүгдэгч О.Нгийн гэм бурууг нотолсон хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Нд оногдуулсан ял шийтгэл нь тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт зөв дүгнэлт хийсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах учиртай.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь уг хуульд нийцсэн, шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байна.
О.Нгийн тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд өөрийнхөө биед хохирол учирсан хэмээн гаргаж өгсөн 7 ширхэг фото зурагт /хх-ийн 63-67/ шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн ялгагдах, зүйлчлэх асуудлыг шийдвэрлэхэд хүний эрүүл мэндэд учирсан хохиролд тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтийг заавал гаргуулах шаардлагатай бөгөөд шүүх хэргийн бусад нөхцөл байдлуудтай харьцуулан хууль зүйн дүгнэлт хийдэг ба О.Нд учирсан гэмтлийн талаар дүгнэлт гараагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: