Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2017/0692/З |
Дугаар | 536 |
Огноо | 2018-08-30 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 536
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Ц.Б
Хариуцагч: НДЕГД, СБДНДХ
Нэхэмжлэлийн шаардлага: “Ц.Б миний тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохыг НДЕГДд даалгах, дахин өөрчлөн тогтоох хүртэлх нийт хугацааны дутуу олгогдсон тэтгэврийн хохирлыг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, М.Алтанцэцэг, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Н.У, Э.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц овогтой Б миний бие 1997 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Д*******-Улаанбаатар гэсэн чиглэлд “Нисгэгч”-ийн ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа онгоц сүйрэлд орж, нуруу нугасны хүнд гэмтэл авсан. Тухайн үед би “М” ХК-д Ю-12 онгоцны дарга албан тушаалтай байсан. 1997 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Үйлдвэрлэлд гарсан ослын акт”-ын 14-т зааснаар үйлдвэрлэлийн осол болох нь тогтоогдсон.
Энэхүү ослын улмаас миний бие хөдөлмөрийн чадвараа 100 хувь /17 дугаар Магадлах Комиссын шийдвэр/ алдсан. Өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалт 100 хувь байгаа бөгөөд СБДНДХийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын ******* дугаар актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 100 хувиар, 24 сараар буюу 2017.03.30-2019.03.30-ныг хүртэл сунгаж шийдвэрлэсэн.
Хамгийн гол нь 1997 онд тэтгэврийг минь тогтоохдоо буруу хууль хэрэглэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар тэтгэврийг минь бодож, иргэн намайг хохироосон байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох актанд “Хөдөлмөрийн алдсан шалтгаан” гэдэгт “Үйлдвэрлэлийн осол” гэж тодорхойлогддог бөгөөд Ц.Б миний бие ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа энэхүү осолд өртөж, цэл залуугаараа бие эрхтэн, сэтгэл санаагаараа хохирсон билээ.
Үйлдвэрлэлийн ослын улмаас олгогдох тэтгэвэр тэтгэмжийг “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай” нарийвчилсан хуулиар зохицуулах журамтай бөгөөд тус хуулиар иргэн надад тэтгэвэр тогтоогдох ёстой байсан. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлд “Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох хуулиар зохицуулна” гэж заасан. Гэтэл Ц.Б миний тохиолдол нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоож олгохтой холбогдсон харилцаа байсаар атал Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай буруу хуулийг хэрэглэж, иргэн намайг хохироосон байна.
Ийнхүү буруу хууль хэрэглэснээрээ миний бие дараах үндэслэлүүдээр бодитойгоор хохирсон. Үүнд:
НДСОҮОМШӨТТТтХ-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу миний тэтгэврийг тогтоосон бол Ц.Б би “М” ХК-д ажиллаж байсан цалингаа хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээгээр буюу цалингаа 100 хувиар бодож тэтгэвэр авах байсан.
Гэтэл буруу хууль хэрэглэж, миний тэтгэврийг тогтоосноор тогтоолгох ёстой тэтгэврийн хэмжээнээс илт бага хэмжээний тэтгэврийг энэ хугацаанд авсан байхын сацуу энэхүү нийт хугацаанд авах ёстой байсан тэтгэвэр болон өнөөдрийг болтол авсан нийт тэтгэврийн зөрүү нь 59 435 653 /тавин есөн сая дөрвөн зуун гучин таван сая зургаан зуун тавин гурав/ төгрөг болж байна.
Иймд анхнаасаа буруу хууль хэрэглэж, тэтгэврийг маань буруу бодсон байх тул иргэн Ц.Б миний тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохыг Эрүүл, мэнд, НДЕГДд даалгаж, буруу тогтоосны хохиролд 59 435 653 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч СБДНДХээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц.Б нь 1997 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 40 тоот “Үйлдвэрлэлд гарсан ослын акт”-аар, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 1997 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт”-аар хөдөлмөрийн чадвараа 100 хувиар алдсанаа тогтоолгон тус хэлтэст хандаж Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн дагуу тахир дутуугийн тэтгэврийг тогтоолгосон байна.
Ц.Б нь нэхэмжлэлдээ 1997 онд тахир дутуугийн тэтгэврийг тогтоохдоо буруу хууль хэрэглэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар тэтгэврийг бодож иргэн намайг хохироосон гэжээ. Иргэн Ц.Бийн тахир дутуугийн тэтгэврийг хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-оор биш 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу М ХК-ийн тодорхойлсон 1992 оны 6 дугаар сараас 1997 оны 5 дугаар сарын цалинг үндэслэн “сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг” Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу тодорхойлж, хөдөлмөрийн чадвараа алдсан 100 хувиар нь тогтоон олгосон нь монгол улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж, хэрэгжүүлж байгаа хууль, тогтоол, журмын хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Мөн Ц.Бийн өмгөөлөгч Б.Бгийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн хүсэлтэнд “Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аян”-ы хүрээнд 2017 оны 03 дугаар сарын 15- ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандан өөрийн авч буй тэтгэврийн хэмжээгээ шалгуулсан. Гэтэл Ц.Бийн тэтгэврийг буруу бодож байсан нь тогтоогдсон гэсэн байна. Үүнд тайлбар гаргахад: Уг аяны хүрээнд тэтгэврээ шалгуулах хүсэлт гаргасан даатгуулагч иргэдийн хүсэлтийг тухай бүр шийдэж байсан бөгөөд иргэн Ц.Бийн хүсэлтэнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын болон тус хэлтсийн хороо хариуцсан тэтгэврийн байцаагч нар “таны тахир дутуугийн тэтгэврийг хуулийн хүрээнд тогтоосон байна” гэдгийг хэлж үүнийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 6/82, Сүхбаатар дүүргийн хүрээнд тогтоосон байна” гэдгийг хэлж үүнийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 6/82, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 386 тоот албан бичгээр уламжилсан.
Иймд Ц.Бийн анхнаасаа буруу хууль хэрэглэж, тэтгэврийг буруу бодсон байх тул иргэн Ц.Б миний тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохыг Эрүүл мэнд, НДЕГДд даалгаж, буруу тогтоосны хохиролд 59 435 653 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
Ц.Бийн тахир дутуугийн тэтгэврийг Засгийн газрын тогтоол болон тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийн дагуу тухай бүр нэмэгдлийг хийсэн бөгөөд 1997 оны 9 дүгээр сард тогтоолгосон 45595 төгрөгний тэтгэвэр нь өнөөдрийн байдлаар 850636 төгрөг болсон байна. Харин түүний “Зөрүүний бодолт хийсэн тооцоо”-г хэрхэн хийсэн нь ойлгомжгүй байх тул хариу тайлбар өгөх боломжгүй байна” гэжээ.
Хариуцагч НДЕГД шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Тус шуүхэд хянагдаж байгаа Ц.Бийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.
Ц.Б нь 1997 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нислэг үйлдэж байх үедээ онгоцны осолд орсон бөгөөд 1997 оны 06 дугаар сарын 17-ний өдөр “Үйлдвэрлэлийн осол” болох нь Үйлдвэрлэлд гарсан ослын актын 14-т зааснаар тогтоогджээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 1997 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 100 хувь гэж тогтоогдож СБДНДХээс тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон.
Нэхэмжлэгч Ц.Бийн тахир дутуугийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийг баримтлан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтыг баримтлан тогтоосон.
Ц.Б нь осолд орох үедээ Монголын иргэний агаарын тээврийн байгууллагад 13 жил 1 сар ажилласан байдаг бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтын дагуу М ХК-ийн тодорхойлсон 1992 оны 06 дугаар сараас 1997 оны 05 дугаар сарын цалинг үндэслэн “сарын дундаж хөдөлмөрийн хөлс”-ийг тооцон хөдөлмөрийн чадвараа 100 хувиар алдсан гэж тооцож олгосон нь хууль зүйн үндэслэлтэй юм” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Б 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрчилсөн нэхэмжлэлдээ: “Ц овогтой Б миний бие 1997 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Д*******-Улаанбаатар гэсэн чиглэлд “Нисгэгч”-ийн ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа онгоц сүйрэлд орж, нуруу нугасны хүнд гэмтэл авсан. Тухайн үед би “М” ХК-д Ю-12 онгоцны дарга албан тушаалтай байсан. 1997 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Үйлдвэрлэлд гарсан ослын акт”-ын 14-т зааснаар үйлдвэрлэлийн осол болох нь тогтоогдсон.
Энэхүү ослын улмаас миний бие хөдөлмөрийн чадвараа 100 хувь /17 дугаар Магадлах Комиссын шийдвэр/ алдсан. Өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалт 100 хувь байгаа бөгөөд СБДНДХийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын ******* дугаар актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 100 хувиар, 24 сараар буюу 2017.03.30-2019.03.30-ныг хүртэл сунгаж шийдвэрлэсэн.
Хамгийн гол нь 1997 онд тэтгэврийг минь тогтоохдоо буруу хууль хэрэглэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар тэтгэврийг минь бодож, иргэн намайг хохироосон байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох актанд “Хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан” гэдэгт “Үйлдвэрлэлийн осол” гэж тодорхойлогддог бөгөөд Ц.Б миний бие ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа энэхүү осолд өртөж, цэл залуугаараа бие эрхтэн, сэтгэл санаагаараа хохирсон билээ.
Үйлдвэрлэлийн ослын улмаас олгогдох тэтгэвэр тэтгэмжийг “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай” нарийвчилсан хуулиар зохицуулах журамтай бөгөөд тус хуулиар иргэн надад тэтгэвэр тогтоогдох ёстой.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү харилцаанд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийг хэрэглэх тал дээр талууд маргахгүй болсон бөгөөд хэрэглэх ёстой хуулийн заалтыг зөв хэрэглэж, тэтгэвэр тооцох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хууль тогтоомжийн дагуу зөв тогтоосон “Ш” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Шинжээчийн дүгнэлт”-ийг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн байдлаар дутуу олгогдсон тэтгэврийн зөрүүг тооцон үзвэл дараах тооцоолол гарч байна. Уг тооцоололд нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоосон Засгийн газрын 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолыг барьсан болно.
Учир нь НДСОҮОМШӨТТТтХ-ийн тэтгэвэр тооцох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг зохицуулсан хууль тогтоомж, хэм хэмжээ тогтоосон баримт бичиг байдаггүй бөгөөд хариуцагч талын тайлбарладаг шиг НДСОТТтХ-ийн 22 дугаар зүйлийн 22.1-ийг хэрэглэх ёстой гэсэн хатуу тогтоосон эрх зүйн үндэслэл болсон хууль тогтоомж байхгүй болно. Хамгийн гол нь НДСОҮОМШӨТТТтХ-ийн зорилго нь “та 1 сар ч бай, 1 жил ажилласан байх нь хамаарахгүйгээр ажлын байран дээрээ үйлдвэрлэлийн осолд өртсөн бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувиараа өөрийн авч байсан дундаж цалингаасаа тэтгэвэр, тэтгэмжээ тооцуулан авах зорилготой. 5 жилийн дундаж цалингаар дундаж цалин хөлсийг тооцох тухай хатуу зохицуулбал НДСОҮОМШӨТТТтХ-иар тэтгэвэр тэтгэмж бодож, тэтгэвэрт гарах хүн байхгүй болно. Учир нь 3 сар, 1 сар, 1 жил эсхүл 3 жил ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртвөл энэ хүн 5 жил ажиллаагүй юм чинь гээд НДСОҮОМШӨТТТтХ-иар тэтгэвэр тэтгэмж тогтоох боломжгүй нөхцөл үүснэ. Ажилласан хугацаа хамаарахгүйгээр тэтгэвэр тэтгэмжээ тогтоолгох зорилготой хуульд ажилласан жил нэн тэргүүний шаардлага болдог хуулийг заалтыг хэрэглэх нь үндэслэлгүй буюу хуулийн батлагдан гарах болсон зорилго, зорилтыг үгүйсгэсэн асуудал болно.
Мөн Нийгмийн Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “нийгмийн даатгалын төрөл тус бүр нь дараах мөнгөн хөрөнгийн бие даасан сантай байна” гэж заасан бөгөөд 9.1.1-д “тэтгэврийн даатгалын сан”, 9.1.4-д “үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл дээрх хоёр хуулийн дагуу тогтоогдож буй тэтгэврүүд нь тус, тусдаа бие даасан сантай, зохицуулагдах харилцаатай ойлголтууд болно. Хамгийн гол нь хариуцагчийн үндэслээд буй 5 жилийн дундаж цалин хөлсөөр НДСОҮОМШӨТТТтХ-ийн тэтгэвэр бодох дундаж цалинг тодорхойлно гэсэн хуулийн заалт, журам хаа ч байхгүй байгааг анхаарч үзнэ үү.
Мөн 2005 оны тэтгэвэр тооцох хувь хэмжээг буруу тогтоосон. Учир нь 2005 онд анх удаа миний бие ажил хөдөлмөр эрхлэхийг хүсч, өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээ багасгаж, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор хөдөлмөрийн чадвар алдалтын хувиа 69 хувь болгуулсан бөгөөд энэхүү 69 хувиар тэтгэврийг минь тооцох ёстой атал өөрсдөө дур мэдэн 60 хувиар тооцож, тэтгэврийг минь бүтэн 1 жил дутуу бодсон байдаг.
Иймд Ц.Б миний тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохыг Эрүүл мэнд, НДЕГДд даалгах, дахин өөрчлөн тогтоох хүртэлх нийт хугацааны дутуу олгогдсон тэтгэврийн хохирлыг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч СБДНДХээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулж бичгээр гаргасан тайлбартаа: “Иргэн Ц.Бийн “Анхнаасаа буруу хууль хэрэглэж, тэтгэврийг буруу бодсон” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаар 2017 оны 05 дугаар сараас Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр захиргааны хэрэг үүсгэн өнөөдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийг хэрэглэх тал дээр талууд маргахгүй болсон, мөн “Ш” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Шинжээчийн дүгнэлт”-ийг хэрэглэх ёстой хуулийн заалтыг зөв хэрэглэж, тэтгэвэр тооцох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хууль тогтоомжийн дагуу зөв тогтоосон гэсэн анхан шатны шүүхийн ямар ч шийдвэр гараагүй байгаа тул түүний Засгийн газрын 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 98 дугаар тогтоолыг барьж 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дутуу олгогдсон тэтгэврийн зөрүүг тооцоолсон гэсэн жагсаалтанд хууль тогтоомжийн хүрээнд хариу тайлбар өгөх боломжгүй ба талууд маргахгүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна
Иргэн Ц.Б нэхэмжлэлдээ “... НДСОҮОМШӨТТТ-ийн тэтгэвэр тооцох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг зохицуулсан хууль тогтоомж, хэм хэмжээ тогтоосон баримт бичиг байдаггүй...” гэсэнд хариу өгөхөд: Яг энэ харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлд “Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох бусад заалтаар зохицуулна” гэж хуульчилсан.
Иргэн Ц.Б нь М ХК-д 1984 оноос 1997 оны 09 дүгээр сар хүртэл 12 жил 11 сар тасралтгүй ажилласан байх тул түүний тахир дутуугийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д “даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана” гэж заасны дагуу М ХК-иас тодорхойлж ирүүлсэн 1992-1997 оны 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг Засгийн газрын 1997 оны 73 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрээр өсгөж тахир дутуугийн тэтгэврийг тогтоосон байна.
Мөн "... 1 сар ч бай 1 жил ажилласан ч байх нь хамаарахгүйгээр ажлын байран дээрээ үйлдвэрлэлийн осолд өртсөн бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувиараа өөрийн авч байсан дундаж цалингаас тэтгэвэр тэтгэмжээ тооцуулах зорилготой” гэснийг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид “хөдөлмөрийн хөлс” гэх/-оос хөдөлмөрийн чадвараа 10 хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “Даатгуулагч 5 жилээс доош хугацаанд шимтгэл төлсөн байх болзлоор тэтгэвэр тогтоолгох тохиолдолд тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлохдоо төлсөн шимтгэлээс нь тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг шимтгэл төлсөн нийт сарын тоонд хувааж бодно" гэж хуульчилсан ба иргэн Ц.Бийн тэтгэврийг өнөөдрийн дагаж мөрдөж, монгол улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд Ц.Бийн “миний тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохыг НДЕГДд даалгах, дахин өөрчлөн тогтоох хүртэлх нийт хугацааны дутуу олгогдсон тэтгэврийн хохирлыг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
Мөн иргэн Ц.Б нэхэмжлэлдээ 2005 онд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувь болгуулсныг 60 хувиар тооцож тэтгэврийг бүтэн нэг жил дутуу бодсон гэсний дагуу түүний тэтгэврийн хувийн хэрэгт байгаа 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт болон 1997 оны 10 дугаар сард ЭХМК-оос нээсэн №00018 дугаартай хувийн хэрэгт хийсэн бичилтээс хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон байна. Ц.Бийн зөвхөн өөрт нь байх ёстой Хяналтын картанд 69 хувиар сунгав гэсэн байна. Иймд тус хэлтэс болон ЭХМК-оос 60%-ийг 69% болгож 0 гэсэн тоонд засвар оруулсан гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах хүсэлтэй байгаа тул шинжээчийн дүгнэлт гарах хүртэл хугацаанд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтэй байна.
Иргэн Ц.Б нь шүүх хуралдаан товлогдсон өдрүүдэд шүүх хуралдааны танхимд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа төрийн албан хаагч ажилтнууд руу дайрч давшлах, сүрдүүлэх зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргаж байна. Нийгмийн даатгалын байгууллага түүний ажилтнууд нь тангараг өргөсөн төрийн албан хаагч, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хэрэгжилтэнд хяналт тавих хуулиар хүлээсэн үүрэгтэй ба “Төрийн албаны тухай хууль”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”, “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм”-д заасан нийтлэг үүрэг хэм хэмжээг чанд биелүүлэн, хуулийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэн явуулж байна” гэжээ.
Хариуцагч НДЕГДас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Ц.Б нэхэмжлэлдээ “...Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн тэтгэвэр тооцох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг зохицуулсан хууль тогтоомж, хэм хэмжээ тогтоосон баримт бичиг байдаггүй, “... Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх ёстой гэсэн хатуу тогтоосон эрх зүйн үндэслэл болсон хууль тогтоомж байхгүй болно" гэжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлд “Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох бусад заалтаар зохицуулна" гэж хуульчилсан.
Иргэн Ц.Б нь М ХК-д 1984 оноос 1997 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд нийтдээ 12 жил 11 сар тасралтгүй ажилласан байх тул түүний тахир дутуугийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 “даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол 5 жилийн хөдөлмөрийн хөлсний нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн сарын тоонд хуваана” гэсэн заалтыг үндэслэн М ХК-аас тодорхойлж ирүүлсэн 1992-1997 оны 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг Засгийн газрын 1997 оны 73 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрээр нэмэгдүүлж тахир дутуугийн тэтгэврийг тогтоосон байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийг үндэслэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгээр түүний 5 жилийн дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн иргэн Ц.Б нэхэмжлэлдээ 2005 онд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувь болгуулсныг 60 хувиар тооцож тэтгэврийг бүтэн нэг жил дутуу бодсон гэж үзжээ.
Иргэн Ц.Бийн тэтгэврийн хувийн хэрэгт байгаа 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт болон 1997 оны 10 дугаар сард Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос нээсэн №00018 дугаартай хувийн хэрэгт хийсэн бичилтээс хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон нь дээрх баримтуудаас тогтоогдож байна.
Иймд иргэн Ц.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч Ц.Б нь анх “Ц.Б миний тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохыг Эрүүл мэнд, НДЕГДд даалгуулах, буруу тогтоосны хохиролд 59,435,653 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Улмаар 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Ц.Б миний тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохыг НДЕГДд даалгах, дахин өөрчлөн тогтоох хүртэлх нийт хугацааны дутуу олгогдсон тэтгэврийн хохирлыг гаргуулах” гэж өөрчилсөн болно.
Тодруулбал нэхэмжлэгч нь миний тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу өөрчлөн тогтоох ёстой гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.Б нь ажил, үүргээ гүйцэтгэх явцдаа онгоцны осолд орсон байх бөгөөд уг осол нь үйлдвэрлэлийн осол болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог, уг үйл баримттай хэргийн оролцогч талууд маргаагүй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгал дараахь төрлөөс бүрдэнэ: 1/тэтгэврийн даатгал, 2/тэтгэмжийн даатгал, 3/эрүүл мэндийн даатгал, 4/үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, 5/ажилгүйдлийн даатгал” гэж заасан.
Мөн тус хуулийн 9 дүгээр зүйлд “Нийгмийн даатгалын төрөл тус бүр нь дараахь мөнгөн хөрөнгийн бие даасан сантай байна: 1/тэтгэврийн даатгалын сан, 2/тэтгэмжийн даатгалын сан, 3/эрүүл мэндийн даатгалын сан, 4/үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан, 5/ажилгүйдлийн даатгалын сан” гэж заасан байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “ Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгох, төлбөр өгөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байна.
Дээрх хуулиудын зохицуулалтаас үзэхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулсан даатгуулагчид тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан байна.
Харин Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулагчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгох, төлбөр өгөхтэй холбогдсон харилцааг тусгайлан зохицуулсан байна.
Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс үзэхэд энэ маргаанд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг хэрэглэсэн нь буруу бөгөөд харин Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийг хэрэглэх нь зүйтэй байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар бүлгээр тахир дутуугийн тэтгэвэртэй холбоотой харилцааг зохицуулсан хэдий ч уг хуулийн 3 дугаар бүлэг нь энэ маргаанд хамааралгүй юм.
Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар бүлгээр ердийн өвчин, тарилгын дараахь хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тахир дутуугийн тэтгэврийг хэрхэн тогтоолгох харилцааг зохицуулсан ба харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох асуудал тус хуульд хамааралгүй.
Үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэнд тахир дутуугийн тэтгэвэр хэрхэн тогтоох асуудлыг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиар тусгайлан, нарийвчлан зохицуулсан.
Хариуцагчид Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно”, 22.1.1-д “даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана” гэж заасны дагуу тэтгэврийг тогтоох ёстой гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид "Хөдөлмөрийн хөлс" гэх/-оос хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно” гэж заасан байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлд “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж,төлбөр тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна” гэж заасан байна.
Дээрх хуулийн 20 дугаар зүйлд зааснаас үзэхэд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиар зохицуулснаас бусад харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулахаар хуульчилсан ба харин тус хуулиар зохицуулсан харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулах ёсгүй юм.
Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос ... хувь хэмжээгээр тогтооно” гэж тодорхой зохицуулан заасан байх тул энэ маргаанд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг хэрэглэхгүй гэж шүүх үзлээ.
Илүү тодруулбал Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиар тахир дутуугийн тэтгэврийн хэмжээг хэрхэн тогтоохыг зохицуулаагүй нөхцөлд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх ёстой ба энэ тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр тэтгэврийн хэмжээг хэрхэн тогтоохыг зохицуулсан байх тул энэ маргаанд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэхгүй.
Дээр дурдсан Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос ... тогтооно” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн тахир дутуугийн тэтгэврийг тогтоохдоо сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр нь тооцож олгох нь зүйтэй байна.
Тодруулбал Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д даатгуулагчийн таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хувааж тооцсоны үндсэн дээр тахир дутуугийн тэтгэврийг тогтоохоор заагаагүй ба харин сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр нь тооцож тогтоохоор заасан байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Бийн тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тооцож, тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Дундаж цалин, хөлс тодорхойлох журмыг хаанаас батлахыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “... болон дундаж цалин хөлс тодорхойлох журмыг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “... холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тооцохоор заасан байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлд “... нийгмийн даатгалын байцаагч хууль дээдлэх, ... даатгуулагчийн... хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтална” гэж заасан.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ...эрх чөлөө,... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй” гэж заасан.
Иймд нэхэмжлэгч Ц.Бийн тахир дутуугийн тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д заасны дагуу нэхэмжлэгчийн сүүлийн 3 сар /1997 оны 03, 04, 05 дугаар сар/-ын дундаж цалин хөлсөөр тооцож, тогтоох нь дээрх хуулиудад заасан даатгуулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах, эрх чөлөөний зарчмуудад нийцнэ гэж шүүх үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ц.Бийн тэтгэврийг өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчдын үйлдэл хууль бус болохыг тогтоож, Ц.Бийн тэтгэврийг 1997 оны 03, 04, 05 дугаар сарын дундаж цалин хөлснөөс тооцож өөрчлөн тогтоож, олгохыг хариуцагчдад даалгаж, ийнхүү өөрчлөн тогтоож олгох хүртэлх хугацааны дутуу олгогдсон тэтгэврийг олгохыг хариуцагч НДЕГД болон СБДНДХт тус тус даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НДЕГДас 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг, СБДНДХээс 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.Б