Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2022/0020/З |
Дугаар | 221/МА2022/0316 |
Огноо | 2022-05-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2022/0316
“ХШ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “ХШ” ХХК-ийн төлөөлөгч Т.Г, гуравдагч этгээд Ц.М нар
Нэхэмжлэгч: “ХШ” ХХК ХХК
Хариуцагч: СЯ-ны ХАА-ны уаб Ц.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/09 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 210 дугаар шийдвэртэй
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Г, түүний өмгөөлөгч Б.А, хариуцагч Ц.Б, гуравдагч этгээд Ц.М нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш
Хэргийн индекс: 128/2022/0020/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “ХШ” ХХК-иас ““Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/09 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 210 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 521 дүгээр зүйлийн 521.2.1-д заасныг тус тус баримтлан “ХШ” ХХК-иас СЯ-ны ХАА-ны уаб Ц.Б-д холбогдуулан гаргасан “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/09 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22 ны өдрийн 0210 дугаартай шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. ...Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн удирдамжийн дагуу Шинжлэх ухаан, технологийн их сургуульд нэр бүхий 5 хүний дипломыг шалгуулахаар 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр улсын байцаагч албан бичгээр хандсан байх бөгөөд үүнд Ц.М-ийн талаар ямар нэг лавлагаа, мэдээлэл хүссэн зүйл байхгүй... Гэтэл хяналт шалгалтын ажлыг өөрөө бие даан хэрэгжүүлэхгүй, урьд авагдсан албан бичигт найдаж түүнийгээ үнэн зөв гэж тооцож дүгнэлтээ гаргасан нь алдаатай болсон. Хавтаст хэрэгт Ц.М-ийн дипломын талаар 5 өөр төрлийн хариутай албан бичиг, тодорхойлолт авагдсан байна. Үүнд:
1. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 41 дугаартай албан бичиг /ахлах мэргэжилтэн Ц.С гарын үсэг зурсан, сургалтын албаны тамгатай, диплом бүртгэлгүй/
2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11/271 тоот албан бичиг /диплом бүртгэлтэй байна, сурч байгаа гэсэн төлөвт байна, сургалтын байгууллагаас дахин нэмэлт лавлагаа авах шаардлагатай/
3. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тодорхойлолт /Дэд захирал Б.Б гарын үсэг зурсан, сургуулийн тамгатай, суралцаж байгаа гэсэн төлөвт байна./
4. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 1/1094 дугаартай албан бичиг /ахлах мэргэжилтэн Ц.С гарын үсэг зурсан, сургалтын албаны тамгатай/
5. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/1092 тоот албан бичиг /сургалтын байгууллагаас дахин нэмэлт лавлагаа авах шаардлагатай, хуурамч эсэхийг цагдаагийн байгууллага тогтооно/ Анхан шатны шүүх дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.4 дэх хэсэгт зааснаар улсын байцаагч хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах болон Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ын 4.2.3-т зааснаар улсын байцаагч хяналт шалгалтын ажилд холбогдох мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах саналаа улсын ерөнхий байцаагчид тавьж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд улсын байцаагч Ц.М-ийн дээд боловсролын диплом хуурамч эсэхийг Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас шалгаж тодруулах, эсхүл Шинжлэх ухааны технологийн их сургуулиас нэмж лавлаж тодруулах шаардлагатай байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд шийдвэрлэсэн гэсэн боловч гуравдагч этгээдийн тайлбар, хариуцагч талын зарим тайлбаруудад ямар нэг дүгнэлт хийгээгүй. Жишээлбэл: нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар улсын байцаагчийн хяналт шалгалтын ажилд гуравдагч этгээдээр Ц.М -ийг оролцуулаагүй, тайлбар, лавлагаа өгөх боломжоор хангаагүй гэж маргасан...
Сангийн яамны улсын ахлах байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн УБ/09 дугаартай дүгнэлтэд гуравдагч этгээд Ц.М-ийг ажилласан жилээ худал тодорхойлсон талаар огт дурьдаагүй атал шүүх улсын байцаагчийн дүгнэлт болон нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзалд байхгүй асуудлаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160.5 дахь хэсгийг зөрчсөн байна. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд үүнээс 3,5,5 дахь хэсэгт заасан хүсэлтүүдийг хангаагүй орхисон. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1, 32.3, 32.4 дэх хэсгүүдийг зөрчсөн байна. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтээр Ц.М-ийн диплом хуурамч болохыг тогтоосон бөгөөд хуурамч биш болохыг тогтоолгохоор шинжилгээ хүссэн хүсэлт нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой байсан гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521.2.1, Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөх журам"-ын 2.2, 2.4-т тус тус зааснаар худалдан авах ажиллагааны улсын байцаагч зөвхөн санал гаргах эрхтэй бөгөөд дээд боловсролын диплом хуурамч эсэхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын боловсролын асуудал хариуцсан байцаагч дүгнэлт гаргах эсхүл цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар шалгаж тогтоодог болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Гуравдагч этгээдээс гаргасан давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 0210 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Миний бие Ц.М нь Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр УБ/09 дугаартай дүгнэлт гаргасныг би мэдээгүй, надаас ямар нэг тайлбар аваагүйгээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн D201007186 дугаартай “Цахилгааны инженер" мэргэжлийн бакалаврын дипломыг хуурамч гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэж шаардлага гаргасан. Мөн шаардлагаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах", 13.3-д "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна." гэж тус тус заасныг үндэслэсэн. Гэтэл энэ талаар шүүхийн шийдвэрт тусгагдаагүй, шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр УБ/09 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
5. Хариуцагч гомдол гаргагч нарын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад нэхэмжлэгчийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:
2.1. Захиалагч нь тендерийн ерөнхий нөхцөлийн магадлах явцад илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж заасны дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хандаж, уг асуудлыг шалгаж, тогтоолгох учиртай.
2.2. Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны алба “Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан СБДХААА/202101007 дугаартай 1-8 дугаар хорооны гэрэлтүүлгийн толгой солих тендер шалгаруулалтад илт худал мэдээлэл ирүүлсэн” гэх үндэслэлээр 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар албан бичгээр[1] “ХШ” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Сангийн яаманд хүргүүлжээ.
2.3. Үүнтэй холбогдуулан Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төсвийн ерөнхийлөн захирагчид болон захиалагчдаас ирүүлсэн хүсэлт, мэдээллийн дагуу тендер шалгаруулалтад оролцогчид, гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллага нь худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн эсэх зэргийг шалгаж тогтоох зорилгоор “Хяналт шалгалт хийх тухай” УБ/04 дүгээр удирдамж, түүний хавсралтаар баталсан хяналт шалгалт хийх аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад “ХШ” ХХК багтжээ.
2.4. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3 (в)-д “Гэрээг хариуцан ажиллах ажилтан болон удирдах албан тушаалтны дадлага туршлагатайг нотлох баримт ирүүлэх: “Ерөнхий инженер, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан тендерт оролцогч байгууллагын үндсэн ажилтан байх шаардлагатай. Эдгээр ажилчид нь мэргэжлээрээ хүснэгтэд заасны дагуу ажилласан байх ба тухайн байгууллагад 1 жилээс доошгүй ажилласныг НД-7, НД-8 дугаар маягтын сүүлийн нэг жилийн баталгаажуулсан тайлан, ... лавлагаагаар нотолно. Үндсэн ажилтны сургууль төгссөн диплом, нийгмийн даатгалын дэвтэр, ... мэргэжлийн үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ. ...” гэж заажээ.
2.5. Нэхэмжлэгч “ХШ” ХХК тендерийн баримт бичгийн “Бусад мэргэжилтэй ажиллах хүчний мэдээлэл”-д санал болгон цахилгааны инженерээр 11 жил ажилласан Ц.М цахилгааны инженер мэргэжлийн D201007186 дугаартай дипломын эзэмшигч биш болох нь хэрэгт авагдсан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолт, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17/22 дугаар албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогджээ.
2.6. Үүнээс гадна хариуцагч албан тушаалтан Шинжлэх ухаан, технологийн их сургууль 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Ц.М-ийн D201007186 дугаар бакалаврын диплом төгсөгчдийн мэдээлэл төгсөгчдийн санд бүртгэлгүй” талаар 16/21 дүгээр албан бичгийг Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны газарт ирүүлсэнтэй холбогдуулан маргаан бүхий дүгнэлтийг гаргасан байна.
2.7. Эдгээрээс үзвэл нэхэмжлэгчийн “диплом хуурамч эсэхийг шалгах, нэмж тодруулаагүй”, гуравдагч этгээдийн “надаас ямар нэг тайлбар аваагүй” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй.
2.8. Хариуцагч СЯ-ны ХАА-ны уаб 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/09 дүгээр дүгнэлтээр “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн” болохыг тогтоож, “ХШ” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн нь хууль тогтоомж зөрчсөн, улмаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.
2.9. Түүнчлэн Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 7.4-д Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.1-д “Тендерт оролцогч ... илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон ... нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно”, 2.2-т “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэ журмын 2.1-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон бол тухай этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа холбогдох баримтын хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж заасан.
2.10. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2.1-д “энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах” гэж заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
2.11. Нэгэнт нэхэмжлэгч “ХШ” ХХК илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн” нь тогтоогдсон энэ тохиолдолд маргаан бүхий дүгнэлтээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцсэн байна.
2.12. Энэ талаар нэхэмжлэгчийн “дээд боловсролын диплом хуурамч эсэхийг мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч дүгнэлт гаргах, эсхүл цагдаагийн байгууллага шалгаж тогтоодог“ гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
3. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхилоо.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ХШ” ХХК, гуравдагч этгээд Ц.М-ийн давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 131 дэх тал