Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 816

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Гансүхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/00069 дугаар шийдвэртэй, Э.Гансүхийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Баярсайханд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 157 648 575 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.Гансүх,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Даваахүү,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Солонгос улсын иргэн Нан Гео Хео-д 60 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлж, түүний эзэмшлийн 5 өрөө орон сууцыг барьцаалж, гэрээ байгуулсан. Дахин 2 гэрээг нийлүүлж, алданги тооцож нийт 335 422 500 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан. Үүнийг шүүх хангаж барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл уг байр зарагдахгүй байсан учир Ч.Баярсайхан нэр дээрээ шилжүүлсэн байдаг. Миний хувьд уг зээлд өөрийн оруулсан 90 000 000 төгрөгийг авч чадаагүй учир шүүхийн шийдвэрээр гарсан 335 442 500 төгрөгийн 47 хувь болох 157 648 575 төгрөгийг Ч.Баярсайханаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Ч.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

130 000 000 төгрөг н.Цэндмааг дагуулаад ирж надаас авсан, нэхэмжлэгч тал 70 000 000 төгрөг нь минийх, нэг бол 100 000 000 төгрөг минийх гэж ярьдаг. Зээл авч өгөх болгондоо Э.Гансүх 10 хувийг авдаг байсан, Сүүлд надад хэлээгүй 94 000 000 төгрөг өгсөн гэсэн. Сарын дараа н.Цэндмаа надад 10 000 000 төгрөгийн хүү өгсөн Э.Гансүх аваад надад өгөөгүй, мөн барьцаанд тавьсан тоног төхөөрөмжийг Э.Гансүх эгчийнхээ хашаанд тавьсан байдаг. Байрыг бол н.Цэндмаа бид хэд зарах гэж үзээд зарагдахгүй байхаар нь 135 000 000 төгрөгөөр зээл авсан, одоо би 35 000 000 төгрөг банкны хүү гэж төлсөн байгаа, хаа хамаагүй Э.Гансүх зуучилгааны хөлс гэж нийт 20 000 000 төгрөг, Цэндмаагийн өгсөн 10 000 000 төгрөг, 570 маркын машиныг зараад 80 000 000 төгрөг, нийт 110 000 000 орчим төгрөг авсан байгаа. Цагдаад байцаагдаж байхад Э.Гансүх ирдэггүй байсан. Уг байрнаас гадна зөндөө барьцаа байгаа, Би өөрөө Цэндмаа Гансүх 2-т 130 000 000 төгрөгийг бэлэн өгсөн, хоорондоо яаж өгөлцөж авсан талаар мэдэхгүй, гэрээ хийсний дараа мөнгө шилжүүлсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Баярсайханаас 157 648 575 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Гансүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 946 193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Солонгос улсын иргэн Нан Гео Хео-д 60 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден вилл хотхоны 1002 тоот 183,35 м.кв 5 өрөө орон сууцыг барьцаалсан. Дараа нь 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр дахин 130 000 000 төгрөгийг зээлсэн. Энэхүү 130 000 000 төгрөгийг зээлэхэд миний өөрийн мөнгө хүрэхгүй байсан тул Ч.Баярсайхантай хамтарч би 69 800 000 төгрөг, Ч.Баярсайхан 60 200 000 төгрөгийг тус тус гаргаж зээл болон барьцааны гэрээг зээлдэгчээр Нан Гео Хео-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэндмаа, зээлдүүлэгчээр Ч.Баярсайхан нар байгуулж гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн.

Дараа нь хариуцагч надад 40 000 000 төгрөгийг буцаан өгсөн тул уг зээлүүлсэн 130 000 000 төгрөгөнд миний 30 000 000 төгрөгийн авлага үлдсэн. Үүнд надад ногдох хүү, алдангийн авлага тооцогдоно. Гэтэл зээлдэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр авсан 60 000 000 төгрөг болон 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн гэрээгээр авсан 130 000 000 төгрөгийн аль ч эргэн төлөлтийг огт хийхгүй хугацаа хэтэрч, хоёр зээлийн гэрээний хүү алданги нийт 320 000 000 төгрөг болсон. Ингээд уг төлбөрийг зээлдэгчээс нэхэмжилж шүүхэд хандсан, зээлдэгч нэхэмжлэлийг зөвшөөрч эвлэрсэн ба төлбөртөө барьцаа орон сууцыг тооцож өгөхөөр тохиролцсож шүүгч захирамж гарган баталсан.

Гэтэл Ч.Баярсайхан орон сууцыг өмчлөлдөө аваад надад ногдох хувь эхний зээлийн 60 000 000 төгрөг, сүүлийн гэрээний надад ногдох 30 000 000 төгрөг, эдгээрийн хүү алдангид тооцогдох 67 648 575 төгрөг, нийт 157 648 575 төгрөгийг надад төлөөгүй. Шүүх бидний хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа мөн, эсхүл биш гэдгийг тодруулахаар оролдсон боловч энэ нь үндсээрээ буруу байснаас хэргийн үйл баримтад буруу, дутуу дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Учир нь бидний хооронд анхнаасаа зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, харин хамтарч өөр өөрсдийн мөнгөө нийлүүлж Нан Гео Хео-д зээлүүлэх мөнгийг бүрдүүлж түүнд зээлүүлснээр уг зээлийн гэрээнд тооцогдох хүүг ирээдүйд олох ашиг гэж үзэн Иргэний хуулийн 476-480 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаанд орсон юм. Мөн миний 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр Нам Гео Хео-д зээлүүлсэн 60 000 000 төгрөг, Ч.Баярсайханы нэрээр 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хийсэн зээлийн гэрээгээр зээлүүлсэн 130 000 000 төгрөгөөс миний хувь нийлүүлсэн 30 000 000 төгрөг болон ногдох хүүг би авах байтал Ч.Баярсайхан авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байхад шүүх огт анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл миний бодитоор оруулсан 90 000 000 төгрөг, түүний хүү, алдангийг бүгдийг Ч.Баярсайхан авсан.

Дээрх нөхцөл байдлууд хэрэгт авагдсан зээл болон барьцааны гэрээ, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Г.Гэрэлт-Одын цагдаагийн байгууллагад өгсөн тайлбар, гэрч Р.Цэндмаагийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах, эсхүл хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах дараах үндэслэл тогтоогдов.

 

Нэхэмжлэгч Э.Гансүх нь хариуцагч Ч.Баярсайханд холбогдуулан зээл, түүний хүү, алдангид нийт 157 648 575 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, уг шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа “хариуцагчтай хамтарч Солонгос улсын иргэн Нан Гео Хео, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэндмаа нарт 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр зээлүүлсэн 60 000 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ч.Баярсайханы нэрээр байгуулсан зээлийн гэрээний 130 000 000 төгрөгийн 30 000 000 төгрөгийг өөрөөс гаргасан учир 2 удаагийн зээлийн нийт 90 000 000 төгрөг, Баярсайханы 100 000 000 төгрөг, эдгээрт ногдох хүү алдангийн хамт 335 422 500 төгрөгийг барьцааны 5 өрөө орон сууцнаас нь гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн байтал уг барьцааны хөрөнгийг хариуцагч нэр дээр шилжүүлсэн тул надад шүүхийн шийдвэрээр ногдох төлбөр нь 157 422 500 төгрөг болох учир үүнийг нэхэмжилнэ” гэж тайлбарласан.

 

Шүүх “нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу шийдвэрлэсэн 335 422 500 төгрөгийн 47 хувь болох 157 648 575 төгрөгийг хариуцагч Ч.Баярсайханаас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна” гэж дүгнэсэн атлаа үүнийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Э.Гансүх нь Солонгос улсын иргэн Нам Гео Хео-той байгуулсан зээл, барьцааны гэрээ болон Ч.Баярсайхан, Р.Цэндмаа нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу өөрт ногдох мөнгөн хөрөнгө нэхэмжилж байгаа, эсхүл иргэн Г.Гэрэлт-Од, Р.Цэндмаа нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1830 дугаартай захирамжийг үндэслэн төлбөр шаардаж байгаа эсэх, хариуцагч нь нэхэмжлэгчийн зээлийн гэрээгээр оруулсан хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсантай холбоотой шаардлага гаргаж байгаагийн аль нь болохыг тодорхойлох боломжгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/00069 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 946 193 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ                                                                 

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Т.ТУЯА