Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 833

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

            Шүүгдэгч: Г.Ч- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг Г.Ч-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005024331319 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Ч-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Ч- нь 2020 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Б-ын эзэмшлийн А-51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, улмаар уг гар утасны Хаан банкны программыг ашиглан өөрийн эзэмшлийн ... дугаарын данс руу 1.080.000 төгрөгийг шилжүүлэн авч буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч нийт 1.930.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Ч- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ч.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нутгийн ах Лувсандоржийн гэрт нь очиж ганц юм хувааж уучихаад оройн 23 цагийн үед гэр рүүгээ харих гээд гарсан. Тахилтын ойролцоо тойрог хэсгээс гараа өргөөд таксинд суугаад хадмындаа очиж хонох санаатай байсан ба нилээн согтсон байсан учраас би болсон зүйлээ яг нарийн сайн санахгүй байна. Ямарч байсан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 6-127 тоот хашаанд хүргүүлэх гээд явсан. Таксинд суухад 18-20 орчим насны хүүхэд жолоо барьчихсан явж байсан. Тэгээд Өргөөгийн арын Энхболдын замаар өгсөөд төмөр гүүр гараад таксинаас буусан ба төлбөрөө яаж төлсөнөө санахгүй байна. Нэг мэдэхэд машинаас буучихсан байсан ба миний гар утас байхгүй болсон байсан. Тэр үедээ хадмын гэрт орж амраад маргааш өглөө нь виза картныхаа үлдэгдлийг нь шалгахад 200.000 төгрөг үлдээгээд миний данснаас 1.080.000 төгрөг ... дугаарын данс руу шилжүүлсэн байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-н 7/,

Яллагдагчаар Г.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр ах замдаа унтаж сэрээд яваад байсан ба нилээн согтчихсон байсан. Замаараа 5 шарын урд талын автобусны буудал дээр байх ТҮЦ-ээс тэр ах тамхи авсан ба утсаараа мөнгө шилжүүлэх гээд чадахгүй байсан. Тэгээд би ардаас нь ороод тухайн ахаар Хаан банкны програмын нэр, нууц үгийг заалгаад дэлгүүрт 4.500 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тэр үед нөгөө ах замдаа гар утсаа хажуудаа ил тавьчихаад унтаад  байсан. Тэгээд 25 дугаар эмийн сангаар дээшээ өгсөж байхдаа гар утсыг нь хойд суудал дээрээс аваад харсан чинь гар утас нь кодгүй байсан. Тэгээд Хаан банкны программ руу нь нэвтэрч ороод өөрийн ... тоот данс руу 1.080.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 25 дугаар эмийн сангаар дээшээ өгсөөд Чингүнжавын хөшөөний наахан талд буулгасан ба 16 км гарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хохирогч Ч.Б-ын депозит дансны хуулга /хх-н 4-5/, шүүгдэгч Г.Ч-ийн депозит дансны хуулга /хх-н 23/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 24-26/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 41, 44-53/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 54/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 55/, хохирогчийн хүсэлт /хх-н 58/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.Ч- нь 2020 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Б-ын эзэмшлийн А-51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, улмаар уг гар утасны Хаан банкны программыг ашиглан өөрийн эзэмшлийн ... дугаарын данс руу 1.080.000 төгрөгийг шилжүүлэн авч буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч нийт 1.930.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ч.Б-ын: “...Өргөөгийн арын Энхболдын замаар өгсөөд төмөр гүүр гараад таксинаас буусан ба төлбөрөө яаж төлсөнөө санахгүй байна. Нэг мэдэхэд машинаас буучихсан байсан ба миний гар утас байхгүй болсон байсан. Тэр үедээ хадмын гэрт орж амраад маргааш өглөө нь виза картныхаа үлдэгдлийг нь шалгахад 200.000 төгрөг үлдээгээд миний данснаас 1.080.000 төгрөг ... дугаарын данс руу шилжүүлсэн байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-н 7/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Ч-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Ч- нь хохирогчийг гар утсыг авч, улмаар түүний данснаас 1.080.000 төгрөг шилжүүлсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь шүүгдэгчээс гар утас болон мөнгөө буцаан авсан гомдол саналгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 58/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Ч-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Ч- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 6 сар хорих ял оногдуулах ялын санал гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Ч-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч Г.Ч-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Г.Ч-т ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Ч-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-ийг хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Ч-т оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР