| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2016/00383/И |
| Дугаар | 00044 |
| Огноо | 2017-01-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 00044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Хэрлэн, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Шарын голын 95 тоотод оршин суух Боржигон овогт Жаргалбаярын Мөнхцацралаас гаргасан
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум 9 дүгээр баг Партизаны 17 тоотод оршин суух Боржигон овогт Нэргүйн Оюунд холбогдох гэм хорын хохирол 3884400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Ж.Мөнхцацрал, хариуцагч Н.Оюун, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, иргэдийн төлөөлөгч Ц.Алтантуяа, нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Ж.Мөнхцацрал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би нөхөр Э.Болд-Эрдэний хамт тус сумын 9 дүгээр баг Партизаны гудамж 16 тоотод байрлах 619,4 мкв бүхий ногооны талбайтай хашааг түрээслэн 4980 ширхэг байцааны үрсэлгээг суулгасан юм. Гэтэл тус багийн Партизаны гудамж 17 тоотод оршин суудаг Н.Оюун гуайн 4 тооны үхэр нь шөнийн хашаатай байх цагаараа голын хашааг эвдэн орж уг тарьсан байцааг маань бүгдийг нь сүйтгэн идсэн. 1 ширхэг байцааны толгойн жин 0,8 кг -1 кг байх ба нийт авах ургац 3884,8 кг болно. Эртний ургацын байцаа байсан учир ургалтаас шалтгаалан 1 кг нь 1000 төгрөгөөр худалдана гэж тооцоход 3884000 төгрөгийн хохирол учраад байна. Бид анх 02 сарын 15-наас айлаас бууц аваад үрсэлгээгээ хийсэн.Бүтэн 2 сар гаран ажлаа хаян байж арчилгаа хийсэн. Тэгээд дүү маань нэг айлын хашаа байгаа. Та тэнд байцаагаа тарих уу. Цэвэрлэх шаардлагатай хашаа байсан гэж хэлсэн. Тэгэхэд нь би тэгье, цэвэрлээд байцаагаа таръя. Өгдөг мөнгө төгрөгийг нь ч гэсэн өгнө гээд уг хашаанд үрсэлгээгээ тарьсан. Нийт 4980 ширхэг үрсэлгээ суулгасан. Тэгээд үрсэлгээгээ суулгаж байхад Н.Оюун эгч харж л байсан. тэнд нэг хүүхэдтэй эгч байдаг юм. Манай хашааг харж байхаар тохиролцсон юм. Манай хашаа, Н.Оюун эгчийн эгчийн хашааны хоорондох хашаа нь эвдэрсэн байсан. Бид хашаанд байсан эгчид энэ хашааг янзлаарай гэж хэлсэн. 3 дахь усалгаан дээрээ уг хашааг янзлахгүй бол болохгүй нь гээд би хүргэн ах, хүүхэдтэйгээ 3-лаа ирж янзалсан. Манай нөхрийг хашаагаа янзалж байхад хүртэл Н.Оюун эгчийн хүүхдүүд төмрийн хогон дээрээс төмөр ачиж байсан гэсэн. Биднийг хашаагаа янзалж байсныг Оюун мэдсэн. Тэгээд хажуу айлын хүмүүс нь харж байсан юм чинь арай ч унагачихгүй байлгүй гээд сайн гэгч нь боож баглаад явсан. Тэгтэл маргааш нь нөгөө хашаанд маань байсан айлын хүүхэд гүйн ирж үхэр орж ирээд байцаануудыг чинь идчихлээ гэсэн.Тэгээд яваад очтол бүгдийг нь талхлагдаад идсэн байсан. Бид Н.Оюун эгчийг хашгираад дуудаад байхад арай гэж гэрээсээ гарч ирсэн. Танай үхэр идчихлээ. Арай ч дээ гэхэд миний үхэр идсэн гэдгийг та нар яаж мэддэг юм бэ. Миний үхэр хаана байна гэхэд нь энэ эгч хөөгөөд гаргасан байна гэсэн. Тэгтэл наад хүүхнийг чинь би танихгүй гэхээр би хэлдэг газарт нь хэлье гээд цагдаа дээр очсон. Тухайн үед миний уур ч хүрсэн байсан. Цагдаа бид хоёрыг битгий хэрэлдээд бай гээд Оюун эгчийг гэрт нь оруулаад надаас болсон явдлыг асуусан. Тэгтэл энэ эгч миний үхрийг хөөгөөд гагасан байна. Үхэр төлж өгөөрэй гэсэн. Би тэгэхэд нь хэлсэн. Миний бүтэн жилийн хөдөлмөр шүү. Та битгий ингэ гэхэд өөдөөс хашгираад загнаад байхаар нь би ерөөсөө л цагдаагаар явъя гэсэн. Тэр үед засаг даргын захирамж гарсан байсан. Шөнийн 21 цагаас өглөөнийн 8 цаг хүртэл айлын мал хашаандаа байх ёстой гэсэн захирамж гарсан. Тэгээд би цагдаад материалаа бүрдүүлж өгсөн. Тэгэхэд энэ хүн чинь ирж уулзсан. Тэгээд хэргийг прокурор луу шилжсэн. Эрүү үүсэх хэрэг биш байна. Тэгэхдээ та энийг сайн уншаад багийн дарга Дорждэрэм рүү шилжүүллээ гэсэн. Тэгээд Дорждэрэм рүү уулзахад нөгөө хүн чинь намайг ерөөсөө хавьтуулахгүй байна. Та өөр газраар шийдүүл гэсэн. Тэгээд би буцаж прокурор дээр ирсэн. Тэгэхэд та шүүхэд хандаж болно гээд шүүхэд материалаа өгсөн.Иймд иргэн Н.Оюунаас хохиролын 3884400 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Оюун шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .....Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь: 2016 оны 05 сарын 01-ний өглөө намайг үхрээ саачихаад гэртээ ороод байж байтал хашааны гадаа хүн дуудахаар нь гартал 1 танихгүй хүүхэн 2 залуутай хамт ирчихсэн, танай үхэр миний тариалсан байцааг идчихсэн байна гэхээр нь манай үхэр хаана байна, яахаараа танай байцааг иддэг юм бэ гэхэд үхрийг чинь хаана байгааг мэдэхгүй, цагдаад хэлнэ гээд яваад өгсөн. Би үхрээ урагшаа бэлчсэн байхад нь олж хашаандаа оруулсан. Тэр даруйдаа цагдаа, захиргаанаас ХАА-н мэргэжилтэн, газрын даамал нарыг дуудаж хохирол, төлбөр тогтооно гээд бөөн юм болцгоосон. Намайг цагдаа гэртээ ороод хүлээж бай гэхээр нь гэртээ орсон. Болсон асуудлыг дурьдахад ийм байна. Иймд: Манай үхэр Мөнхцацралын байцаа тарьсан хашаанд орж үрсэлгээг идэж, сүйтгэснийг би хараагүй, цагдаа болон акт тогтоосон албан тушаалтнууд ч хараагүй, зөвхөн Мөнхцацрал гэх хүүхэнл танай 4 үхэр орсон гэж хэлдэг, иймээс манай 4 үхэр орсон юм уу эсвэл тэр хавийн 40 үхэр орсон юм уу гэдгийг мэдэхгүй байна. Ж.Мөнхцарал хэдэн ширхэг байцааны үрсэлгээ тарьсныг мэдэхгүй, 4980 ширхэг гэдэг нь түүний хэлсэн тоо юм. Би акт тогтоохоор ирсэн ХАА-н мэргэжилтэн Болормаад үрсэлгээг нь тоолооч гэж шаардахад Мөнхцацрал ургахгүй юмыг тоолоод яах юм гээд тоолуулаагүй. 1 кг байцааг 1000 төгрөгөөр борлуулна гэж хийсвэрээр үнэ тогтоож хохирол тооцсон. Гэтэл энэ жил эрт ургацын байцаа өмнөх жилүүдийнх шигээ борлогдоогүй, 1 кг байцааны бөөний үнэ 500 орчим байсан ба сүүлдээ шуудай нь (40 кг) 5000-7000 төгрөгөөр зарагдсныг ногоо борлуулдаг хүмүүс бүгд мэдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд Ж.Мөнхцацрал нь цагдаа, прокурор, засаг захиргааны түшмэлүүд, багийн Засаг дарга зэрэг албан тушаалтнуудаар хүч далайлган хохирол, төлбөр төлүүлэхээр шахуулж байсан. Иймд нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ.... Энэ Сэлэнгэ аймгийн засаг даргын 2014 оны иргэдийн төллөөлөгчдийн хурлаар батлагдсан журам байна. Үүний дагуу асуудлаа шийдсэн бололтой. Энэ журам бол нэлээн сайн хууль зүйн үндэслэлтэй юм билээ. Гэвч журмын дагуу акт тогтоогдоогүй. Жишээ нь: журмын 3.2-т хохирлыг сумын комисс тогтооно гэсэн байна. Үүнд 2013 оны 05 сарын 12-гы өдрийн 170 дугаар захирамж байна. Албан ёсны комисс байхыг заасан байна. Энэ комисст зөвхөн Болормаа, газрын даамал 2 л байна. Бүрэн комисс ажиллаагүй. Ядаж 10 хүний бүрэлдэхүүнээс 3 хүний бүрэлдэхүүн оролцох хэрэгтэй. Тэгэхээр бүрэлдэхүүнгүй комисс акт тогтоосон байна. мөн журмын 3.2.4-т заасан тариалагчаас гадна тэжээвэр амьтдын эздийг байлцуулан актыг тогтоох ёстой гэсэн байна. Мэдээж хаана гомдлоо гаргах нь нэхэмжлэгчийн эрх байдаг бол хариуцагчид ч бас эрх байдаг юм шүү. Н.Оюуныг акт тогтоохдоо байлцуулаагүй. Гарын үсэг байхгүй байгаа нь үүгээр нотлогдож байна. Ж.Мөнхцацрал ярьж байна. Жил шахам ажилласан гэдэг. Ойлгож байна. Гэхдээ энэ актыг тогтоосон комиссын ажлаас болоод өнөөдрийн энэ асуудал хурцдаж байна. Уучлаарай та үнэхээр хохирсон байлаа ч энэ акт бол хуульд нийцэхгүй байна. Энийг зөв ойлгоно биз. Журмын 4.3-т тодорхой заасан байна. Иргэн хаана гомдлоо гаргах нь иргэний эрх. Харин хууль дүрмийн дагуу ажиллах нь цагдаагийн байгууллагын үүрэг. Гэмт хэрэг гарсан аятай хэргийн газрын үзлэг хийх нь зүй зохисгүй гэж бодож байна. Цагдаа прокуророор явах хэрэг ерөөсөө биш. Мөнхцацрал ямар үхэртэйг мэдэхгүй гэлээ. Мэдэх ч боломжгүй. яагаад гэвэл хараагүй юм чинь. Хэрэгт үрсэлгээний зураг байгаа. Энийг нэлээн сайтар харахыг эрхэм шүүгчдэд хүсье. Нэг навч л байна. Наадах чинь байцаа биш. Үрсэлгээ. Би хөдөө аж ахуйн мэргэжилтэн биш. Энэ ямар үе шатандаа байгааг нарийн тогтоох хэрэгтэй. Тэгэхэд зүгээр нэг навчийг кг-р тооцоод бодсон байна. 3400000 төгрөг гэдэг чинь тоглоом биш. Ийм байдлаар энэ мэргэжилтэнгүүд асуудалд хандаж байна. Энийг хатуу хэлье. Акт нотлогдохгүй гэдэг нь үүгээр харагдаж байна. Энэ бүх үндэслэлүүдээр иргэн Н.Оюунаас 3884400 төгрөг нэхэмжилж байгаа нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Иймд хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Ж.Мөнхцацрал нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Партизаны гудамжны 16 тоот хашааг түрээслэн 619,4мкв талбайд 4980 ширхэг байцааны үрсэлгээ суулгацыг хажуу хашаа буюу партизаны 17 тоотод оршин суух иргэн Н.Оюуны үхэр орж үрсэлгээг идэж сүйтгэснээс учирсан хохирол 3884400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Мөнхцацрал нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Партизаны гудамжны 16 тоот хашааг түрээслэн 619,4 мкв талбайд 4980 ширхэг байцааны үрсэлгээ суулгаж тариалалт хийсэн ба 2016 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө уг суулгацыг хажуу хашаа буюу партизаны 17 тоотод оршин суух иргэн Н.Оюуны 4 тооны үхэр орж үрсэлгээг идэж сүйтгэсэн талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг эрх бүхий албан тушаалтан шалгасан байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газар Прокурорын тогтоол 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №111-т: .... Партизаны 17 тоотод оршин иргэн Н.Оюуны үхэр 2016 оны 04 дүгээр сарын 30-аас 2016 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө орж Ж.Мөнхцацралын тарьсан 4500 ширхэг байцааны үрсэлгээг идэж, сүйтгэсэн асуудал гарчээ.
Материалд хавсаргагдсан Н.Оюун, Ш.Эрдэнэчимэг, Ж.Мөнхжаргал нараас асууж авсан тайлбар, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр Н.Оюун нь үхрээ зориулалтын хашаанд хашаагүйгээс Ж.Мөнхцацралын хашаанд тарьсан байцааны 4500 ширхэг үрсэлгээг идэж, сүйтгэсэн нь нотлогдож байна.
Гэвч Н.Оюуны үхрээ зориулалтын хашаанд хашаагүйгээс үхэр нь Ж.Мөнхжаргалын тарьсан байцааны үрсэлгээг идэж сүйтгэсэн нь “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжгүй, Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 тоот тогтоолоор батлагдсан "Малчид, Тариаланчдын үйл ажиллагааны зохицлыг хангах журам”-аар зохицуулагдах захиргааны зөрчилд хамаарч байх тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. /хх-ийн 4-р хуудас/
2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн талбайд учруулсан хохирол тооцсон актанд: ... Тус талбайд 55-60 хоногтой Голландын Аdema сортын эрт ургацын байцааны үрсэлгээ нь ил талбайд тариалснаас хойш бүрэн боловсорч бүтээгдэхүүнт болцонд 06 дугаар сарын 25-ны дотор ургац хураан авдаг.
Нийт тарьсан 4980 ширхэг үрслэгээс ургах чадвартай үлдсэн 124 ширхэгийг хасахад 4856 буюу нийт тарьсан үрсэлгээний 97.5 хувь нь малын хөлд талхлагдаж идэж гэмтээсэн байна.
2015 оны байдлаар 06 дугаар сарын 25-нд борлуулалтанд гарах ил талбайд ургуулсан байцааны 1 кг-ийн зах зээлийн борлуулалтын ханш 1800 төгрөг байсан байна. Иймд байгаль цаг уурын онцлог болон ургамал ургалтын хугацааны арчилгаа бусад шалтгааныг үндэслэн 1 кг байцааг 1000 төгрөгөөр борлуулна гэж үзэхэд нийт учирсан хохиролыг үнэлбэл 3884,8 кг * 1000 төг =3884400 төгрөг юм.
Талбайд хохирол учруулсан малын эзэн Баян-Арцат 9 дүгээр багийн иргэн Нэргүй овогтой Оюун таныг “Малчид, тариаланчдын үйл ажиллагааны зохицлыг хангах журам” -ын 5.8 дахь заалтын дагуу учруулсан хохирлоо 5 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдье . /хх-ийн 5-р хуудас/
2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Сэлэнгэ аймаг Мандал сумын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн талбайн хохирол тогтоох үеийн тэмдэглэлд: ....Партизаны гудамж 16 тоот хашааны ногооны талбайг түрээслэн тарьсан 619.4 м.кв талбайд эрт ургацын байцааг 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний шилжих шөнө партизаны гудамж 17 тоотод оршин суух Нэргүй овогтой Оюуны 4 толгой үхэр хашаа руу орж тариалсан үрсэлгээг идэж хохирол учруулсаныг ХАА-н тасгийн мэргэжилтэн Т.Болормаа, Газрын даамал Б.Булганхангай, ахлах дэслэгч Т.Батзаяа нар газар дээр нь очиж танилцлаа.
Уг байдалтай танилцахад хашаа түрээслэгч Э.Болор-Эрдэнэ, Цацрал, Малын эзэн Н.Оюун, хашааны эзэн н.Эрдэнэчимэг нарыг байлцууллаа.
Уг талбайд иргэн Э.Болор-Эрдэнэ нь 4980 ширхэг Голланд үрээр ургуулсан эрт ургацын байцааны үрсэлгээг 3 хоногийн өмнө буюу 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тариалсан байна. /хх-ийн 6-р хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Т.Батзаяа 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 9 дүгээр багийн иргэн Н.Оюунаас асууж авсан тайлбарт: ...2016 оны 05 дугаар сарын 01-ний өглөө 09 цаг өнгөрч байхад манай хашааны хаалгыг хүн нүдээд байхаар нь босоод очиход хоёр гурван хүүхэн ирчихсэн “ Партизаны гудамж 16 тоотод 4000 ширхэг үрсэлгээ суулгасан байсан чин танай мал ороод талхалсан байна, цагдаад очиж төлүүлнэ” гэж хэлээд хашгираад байхаар нь би гэртээ ороод хашаандаа хашсан 4 үхрээ үзэхэд байхгүй болохоор нь хувцасаа өмсөөд үхрээ гудамжаар хайж байгаад гудамжны урд үзүүрээс олж ирсэн юм. /хх-ийн 22-23-р хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Т.Батзаяа 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 9 дүгээр багийн иргэн Ш.Эрдэнэчимэгээс асууж авсан тайлбарт: ...2016 оны 04 дүгээр сарын 30-ны орой Болдоо үхэр мал орхичихож магадгүй гээд урд хашааны шон сольж засч янзалж байсан. Ингээд 2016 оны 05 дугаар сарын 01-ний өглөө 07 цаг өнгөрч байхад би бие засах гээд гэрээсээ гарсан чинь ногооны талбай дээр 4 үхэр орчихсон байцааны үрсэлгээг идээд дуусч байхаар нь би үхрийн эзэн Партизаны гудамж 17 тоотод амьдардаг эгчийг дуудаад гарч ирэхгүй болохоор нь тэдний дөрвөн үхрийг нь хашааныхаа хаалгаар гаргаад гудамжинд орхисон юм.
Оюун гуайн дөрвөн үхэр орж ирж байцааны үрсэлгээ идсэн гэж хэллээ, тэдгээр дөрвөн үхэр хашааруу яаж орсон байх вэ? Хүний санаатай үйлдлийн улмаас дөрвөн үхэр орсон байж болох уу? .......Тэр дөрвөн үхэр өөрсдөө хашааг эвдээд орж ирээд байцааны үрсэлгээ идсэн байхаа. Хүн оруулна гэж байхгүй байх. /хх-ийн 24-р хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Т.Батзаяа 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 7 дугаар багийн иргэн Ж.Мөнхжаргалаас асууж авсан тайлбарт: ... 2016 оны 04 дүгээр сарын 30-ны орой ирж урд хашааны хоёр шон сольж засчихаад явсан. 2016 оны 05 дугаар сарын 01-ний өглөө 09 цаг 15 минутанд Партизаны гудамж 16 тоотод оршин суудаг манай гэрт гүйж ирээд “Урд талын айлын 4 үхэр орж ирээд байцааны үрсэлгээг бүгдийг нь идчихлээ” гэж хэлэхээр нь очоод харахад урд талын хашааг эвдэж үхэр ороод бүх үрсэлгэг маань үхэр идчихсэн байна, тэгээд би цагдаагийн байгууллагад хэлж мэдэгдсэн юм.
Миний суулгасан 4980 ширхэг байцааны үрсэлгээнээс маань 69 ширхэг байцааны үрсэлгээ бүтэн үлджээ, би учирсан хохирлоо бүтэн болчихсон байцаагаар тооцож бодно, учир нь надад дахиж байцаа тарих үрсэлгээ ч байхгүй байна, би байцааны үрсэлгээгээ 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үр цацаж суулгаад яг жоохон хүүхэд шиг арчилж байж үрсэлгээ болгож авсан юм./хх-ийн 25-р хуудас/ гэсэн тайлбар болон эд зүйлийн үнэлгээ тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн бусад баримтуудаар Н.Оюуны үхэр нь Ж.Мөнхцацралын тарьсан байцааны үрсэлгээг идэж сүйтгэсэн нь тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй тул Шүүхэд хандан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй гэжээ, хэрэгт авагдсан баримтууд тарьцыг суулгаж, тариалалт хийсэн, болон үхэр идэж тарьц устсан байдлыг харуулсан фото зураг,/хх-9-10/, хашааны эвдрэл болон үхрийн зургууд /хх-28/, талбайд учруулсан хохирол тооцсон акт /хх-5/, хохирол тогтоосон тэмдэглэл /хх-6/, Партизаны 16 тоот хашааны байршлыг харуулсан зураг /хх-7-8/, газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-26-27/, иргэний гомдлын дагуу Цагдаагийн мөрдөн байцаагчийн иргэдээс авсан тайлбар, тэмдэглэл /хх-23-25/, нэхэмжлэгчээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэг зэргээр Иргэн Н.Оюун нь үхрээ уяж, тогтоох ямар нэг үйлдэл хийгээгүй сул чөлөөтэй байлгаснаас иргэн Ж.Мөнхцацралын тарьсан байцааны 4980 ширхэг үсэлгээнээс 4917 ширхэг суулгацыг идэж сүйтгэсэн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдсон, гэрийн тэжээвэр амьтны үйлдлээс учирсан гэм хорын хохиролыг үхрийн эзэмшигч Н.Оюунаас гаргах үндэслэлтэй гэж үзлээ. Хариуцагч тал гэм хорын хохиролыг хариуцах үндэслэлгүй гэсэн тайлбарыг өгч байгаа боловч гэм буруугүй гэдгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба гэрийн тэжээвэр амьтнаас /үхэр/ гэнэтийн аюул гарах магадлалтай байдаг тул амьтдын эзэмшигч буюу өмчлөгч уях, сул чөлөөтэй байлгахгүй, бусдад аюултай нөхцөл байдал үүсгэхээс сэргийлэх үүрэгтэй, хэрэв энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс учирсан хариуцлагыг хүлээх хуулийн үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч нь учирсан хохиролоо ургац ургаж гүйцсэн биологийн болцоор, зах зээлд борлуулах үнээр буюу нэг ширхэг байцааг 1000 төгрөгөөр тооцон үнэлсэн нь үндэслэлгүй тул тухайн үеийн ханш 1 ширхэг суулгацын үнэ 100 төгрөгөөр тооцон 4980 ширхэг суулгацаас 36 ширхэг суулгац үлдснийг хасч тооцон 4917х100 төгрөгөөр тооцон бүгд 491700 төгрөгийг хариуцагч Н.Оюунаас гаргах, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3392700 төгрөгний шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох, Иймд хариуцагч Н.Оюунаас бусдын эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 491700 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч Ж.Мөнхцацралд олгох, нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 15401 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч Ж.Мөнхцацралд олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Ж.Мөнхцацрал нь байцаа тарьсан ажлын хөлс, арчилаа усалгаа болон бусад зардлаа нэхэмжилсэн ба түүнийг тооцсон нотолсон баримт шүүхэд гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Нэргүй овогтой Оюунаас бусдын эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 491700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жаргалбаяр овогтой Мөнхцацралд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3392700 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 77100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Оюунаас улсын тэмдэгтийн хураамжинд 15401 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч Ж.Мөнхцацралд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.4-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.ХЭРЛЭН
Ж.ЭРДЭНЭБАТ