Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 58

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


    Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт орших Төрийн банкны Архангай салбарын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 22-15 тоотод оршин суух Б.Янжмаа, Ё.Минжин нарт холбогдох гэрээ дуусгавар болгох, гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 2,262,827.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
     ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Архангай салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Б.Янжмаа, Ё.Минжин нар нь 2016 оны 04-р сарын 30-ны өдрөөс эхлэн тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.2-р зүйлийг зөрчиж байна. Зээлдэгч Б.Янжмаа, Ё.Минжин нар нь зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж зээлийн гэрээний хэсэгчилсэн хугацааг зээл авснаас хойш удаа дараа зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, зээл төлөхөөс зайлсхийж байгаа тул зээлийн гэрээний 6.2.1, 6.2.3-т заасныг үндэслэн гэрээг дуусгавар болгож, Зээлийн гэрээний 6.3 дахь заалтыг үндэслэн үндсэн зээл болох 2,196,745.71 төгрөг, үндсэн зээлийн хүү 59,998.70 төгрөг, нэмэгдүүлсэн зээлийн хүү 582.75 төгрөг, нотариатын зардал болох 5,500 төгрөг, нийт 2,262,827.16 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчээр хангуулах гэжээ.

Хариуцагч Б.Янжмаа, Ё.Минжин нар шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Янжмаа нь анх 8.400.000  төгрөгийн зээл авч одоо 2.200.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон. Авсан зээлээ хугацаанд нь төлж барагдуулж байсан боловч 2016 оны 4 сараас эхлэн хийж байсан бизнесийн ажил нь гүйлгээ муутай болж зээл төлөх нь байтугай удаашралтай хугацаандаа төлж чадахгүй хугацаа хэтрүүлэн төлдөг болсон боловч өөрийнхөө нөөц бололцоогоор төлсөөр зээлийн үлдэгдэлийг ихээхэн багасгаж чадсан болно. Зээл төлөхийг удаа дараа шаардуулж байсан нь зээлдэгч бидний буруу боловч хүнийг бие махбодиор нь дайрч доромжлон түүнийгээ өөрийн албан тушаалын хэрэг мэт зүй зохисгүй зан гаргасан эдийн засагч Мөнхбаатарт олон хүүхэдтэй эх хүний хувьд бид хоёр туйлаас их гомдож байна. Бид хоёр банкнаас авсан зээлээ ямар ч байсан төлж барагдуулах нь үнэн болно. Авсан нь үнэн юм чинь төлөх нь үнэн байлгүй яахав. Төрийн банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээг дуусгавар болгож 2262817,16 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
 
ҮНДЭСЛЭХ нь:
Төрийн банк ХХК нь хариуцагч Б.Янжмаа, Ё.Минжин нарт холбогдуулан гэрээ дуусгавар болгох, гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 2,262,827.16 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Янжмаа, Ё.Минжин нар нь Төрийн банкны “гэрээ дуусгавар болгох, гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 2,262,827.16 төгрөг гаргуулах тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлжээ. 
Хариуцагч Б.Янжмаа, Ё.Минжин нар нь нэхэмжлэлийн үнийн дүнтэй маргаагүй нэхэмжлэлийн бүх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон


ЗАХИРАМЖЛАХ нь:
    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар гэрээ дуусгавар болгох, гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 2,262,827.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.Янжмаа, Ё.Минжин нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 51.156 төгрөгөөс 25.578 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Б.Янжмаа, Ё.Минжин нараас 25.578 төгрөг, орон нутгийн орлогоос 25.578 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Архангай салбарт олгосугай.
3. Хариуцагч нар захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.БАЙГАЛМАА