Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 848

 

 

 

 

 

 

 

 

2020        09          22                                     2020/ШЦТ/848

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, 

улсын яллагч: Б.Батсайхан (томилолтоор);

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

шүүгдэгч: Э.Б, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эгчийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.Б

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Э.Б нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхоны орчимд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, нийт 18.0787 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “ ... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ар гэр, найз нөхөд, нийгэмд учруулсан хор хохирлоо бүрэн ойлгож байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй“ гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Э.Бийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 13/, гэрч С.Энхболдын мэдүүлэг /хх-ийн 16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 4339, 4341 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-20, 22-24/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 800 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-29/, Э.Бийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/, Э.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40-53/, шүүхийн хэлэлцүүлэгт Э.Бийн хувийн байдалтай холбоотой шинээр гаргаж өгсөн баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд, ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхоны орчимд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй нийт 18.0787 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, өөртөө хадгалсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

“...Шинжилгээнд ирүүлсэн “ургамал” мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-д багтдаг болно” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 4341 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 22-24/,

 

мөн хүрээлэнгийн “...шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Энхболд Батхишиг УИ00271218” гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 4339 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 18-19/,

 

Э.Бийн яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 34/ “ ...Би 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сүxбаатар дүүргийн 12 дугаар хороонд байрлах Хангайн 4 дүгээр гудамжинд харих гэж явж байгаад гялгар ууттай өвс гэх бодис олж авсан. Би өмнө нь интернэтээс зургийг нь харж байсан болохоор өвс гэж таньсан. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хашаандаа ганцаараа байж байхдаа сонингийн цаасанд ороож тамхи шиг татаж хэрэглэсэн. 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрээсээ гараад Хангай хотхоны тэнд явж байгаад цагдаа нарт баригдсан. Би уг өвс гэх бодисоо биедээ авч явж байгаад баригдсан, миний хувьд хэн нэгэн хүнээс мансууруулах бодис худалдаж авсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг болон хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 13/ мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн шээснээс илэрсэн болон цүнхнээс хураагдсан “ургамал мэт зүйл”-ээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээч тогтоосон, шүүгдэгч дээрх сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг өөрт хадгалсан, олж авсан болох нь хүний биед хийсэн үзлэгээр тогтоогдсон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Хувь хүний хувьд сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд шүүгдэгч Э.Б зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрт сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар байлгасан, олж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

            Ийнхүү шүүгдэгч Э.Бийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Бээс гаргуулах төлбөргүй, хураан авах хөрөнгө орлогогүйг дурьдаж байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Э.Б нь хүн амын эрүүл мэндийг өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний сэтгэхүйн хэвийн үйл ажиллагаа, удмын санд нөхөгдөшгүй хор хохирол учруулдаг, нийгмийн хор аюул ихтэй гэмт хэргийг үйлдсэн боловч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хагас өнчин өссөн, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, өсвөр насандаа сурлага, хүмүүжлийн хувьд тодорхой амжилт гаргаж байсан, цаашид өөрийн авъяас чадварын хүрээнд дарханы чиглэлээр суралцаж, ажиллах хүсэл эрмэлзэлтэй, хувь хүний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал, донтой болоогүй зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, ёс суртахуун, цаашид нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслахад чиглэж түүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх байдлаар цээрлүүлэх боломжтой гэж шүүх үзэв. 

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Э.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний доторх хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх буюу хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахын хор аюулын талаарх сургалт зохион байгуулж хийх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

 

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт 18.0787 грамм цэвэр жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           

            1. Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тодорхой ажил үүрэг гүйцэтгэх буюу хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахын хор аюулын талаарх сургалт зохион байгуулж хийх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

    

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт 18.0787 грамм цэвэр жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ