Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 852

 

  2020        09          23                                      2020/ШЦТ/852

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сарантуяа;

улсын яллагч: С.Болорзул; 

шүүгдэгч: Э.Ж /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин, оператор мэргэжилтэй, “Бумба-Алмаз” XXК-д нормчин-ачигчаар ажилладаг, ам бүл 8, эцэг, эх, 2 эгч, аx, 2 дүүгийн хамт  урьд:

-Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дах хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаар шүүгчийн захирамжаар 01 жил 07 сар 13 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

-Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 629 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлснийг Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар 30 хоногийн хорих ялаар сольсон, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Э.Ж

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Э.Ж нь 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүрэг 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим иргэн Н.Довчинг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ж мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Э.Жийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4-8/, хохирогч Н.Довчингийн мэдүүлэг /хх-ийн 14-15, 25-27, 28-29/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8450 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36/, эд зүйл, баримт бичиг, ...бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 441-42/, Э.Жийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 43-74/, Н.Довчингийн хүсэлт /хх-ийн 75/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Ж нь 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүрэг 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим иргэн Н.Довчинг “мөнгө зээлсэнгүй” хэмээн дургүйцэж, өдөж хоргоон түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

   хохирогч Н.Довчингийн  /хх-ийн 14-15, 25-29/: “...2020 оны 7 дугаар сарын 19-ний 18 цагийн үед Сүxбаатар дүүргийн 12 дугаар хороо, 9 дүгээр дэлгүүрийн автобусны буудлын эсрэг талд байрлах “Дун-И-Да” гантиг чулууны үйлдвэрт байхад зүс таних Э.Ж гэх залуу орж ирэхдээ согтуу байсан. Надаас 10.000 төгрөг зээлчих гэхээр нь “чадахгүй” гэхэд гараад явсан. Би араас нь гараад машиндаа суухад машины урд зогсоод, намайг явуулахгүй түгжрэл үүсгээд байхаар нь 9 дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр машинаа тавьчхаад машинаасаа буугаад Э.Ж дээр очиход намайг энгэрээс заамдаж аваад цохиж эхэлсэн. Тэгээд би салаад цагдаагийн байгууллага дуудсан. Миний биеийн цээжний зүүн хэсэгт хөлөөрөө 3 удаа дэвсэж, баруун нүдний дээр 2 удаа цохисон. Эрүүний зүүн хэсэг рүү тохой хэсгээрээ 1 удаа цохисон... “ гэх мэдүүлгээр,

 

     Н.Довчингийн биед “тархи доргилт, баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовxинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн 2-р хавирганы цууралт, цээжинд цус хуралт“ бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8450 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 35-36/,

 

              Э.Жийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 4-8/: “...би 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 2 лааз пиво уучхаад Н.Довчин гэх залуугийн ажил дээр нь чулуу буулгаад ...Ууганаа, Очироо, Довчин нараас 10.000 төгрөг байвал өгөөч гэхэд бүгд “байхгүй” гэхээр нь “Ууганаа аxаа та ингэж явах хүн биш шүү дээ, олон сайхан дүү нартай байж” гэж хэлэхэд цаанаас нь Н.Довчин гэх залуу “тэгээд яах гээд байгаа юм бэ” гэхээр нь “яах ч үгүй” гэж хэлээд гарсан. Н.Довчин машинаа асаагаад хөдлөх гэхээр нь урдуур нь гарах гэхэд “чи миний машины урд зогсдог хэн бэ” гэж хэлээд бид хоёр маргалдаад Н.Довчин гэх залуугийн нүүр орчим нь гараараа хоёр удаа цохисон. Бид хоёр зууралдаад газар унахаар нь би нэг удаа дэвсэж, босож ирэхээр нь нэг удаа тохойлдсон...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

              Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Э.Жийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Н.Довчингийн “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...“ гэсэн байр суурь хавтаст хэргийн 75 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Э.Жийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж нийт 7 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 105.000 төгрөгийг эдлэх ялаас хассугай.

 

5. Шүүгдэгч Э.Ж нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Жид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж сулласугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Жид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ